Бид шинэ дугаарынхаа зочноор бичил зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг анхлан санаачилж, гаднын зах зээлд амжилттай нэвтрүүлж яваа нэгэн эрхмийг урилаа.
Тэрээр компьютерийн техникийн инженер чиглэлээр бакалавр, МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг олон улсын эдийн засгийн харилцааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. “Оргил хотхон” ХХК-аас ажлын гараагаа эхэлж, улмаар “Номин Холдинг” ХХК-д ахлах менежерээр ажиллаж, хувийн бизнест хүч үзэхээр “Бичил Глобус” компанийг байгуулан, өнөөг хүртэл амжилттай өргөжүүлэн ажиллаж байна.
Байршил: Tвин Тауэр, Сүхбаатар дүүрэг
Эрхэлдэг ажил: “Бичил Глобус Групп” ХХК-ийн Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал
Хэрэглэдэг гар утас: Samsung Z Fold
Сошиал хуудсууд: Самдангийн Отгонбат
1. таны карьераас бид юу юуг мэдэх ёстой вэ?
Наймдугаар ангид байхдаа ажлын гараагаа эхэлж байлаа. Ахтайгаа хамт Эрдэнэтээс Улаанбаатар хүрэх вагонд мод ачаалан борлуулж, бизнесийн зах зухаас мэдэрч үзсэн.
ШУТИС-ийн Холбоо мэдээллийн сургуулийн хоёрдугаар дамжаанд байхдаа Нидерланд Улсын Волксунгийн Их сургуулийн хэлний бэлтгэлд суралцахаар анх хилийн дээс алхаж байлаа. Хичээлийнхээ хажуугаар аяга угаагч, цэцэрлэгчийн ажил хийхээс гадна цахилгаан бараа үйлдвэрлэгч Philips брэндэд цагийн ажил хийх боломж олдсон нь надад технологитой харьцах дөр суулгаад зогсохгүй бизнесийн ертөнцийг харах харааг минь ч тэлж өгсөн. Нидерланд дахь бизнесийн томоохон дэд бүтэц, хүчирхэг ажиллах хүч, дэвшилтэт үйлдвэрлэлийн цар хүрээн дунд гурван жил сурч, ажилласны эцэст хамгийн чухал нэг зүйлийг ойлгосон. Тэр нь, аливаа улс орны бизнес дотооддоо өргөжих бус дэлхийд өрсөлдөх амбицтай байх хэрэгтэй. Үүнд цаг хугацаа, орон зайг үл ажрагч техник технологи гээч зүйл гол хэрэглэгдэхүүн юм байна.
Эх орондоо эргэж ирснийхээ дараа хэсэг хугацаанд ажилласны эцэст хувийн бизнес эрхлэгчдийн бүтээлч, олон ургалч, чөлөөтэй ажилладаг арга барилд илүү татагдсан. Тиймдээ ч ахлах менежер болтлоо дэвшин ажиллаж байсан “Номин Холдинг” компаниасаа гарч, “Бичил Глобус” компанийг байгуулсан нь бичил зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний анхдагч санаачилга байсан юм. 2008 онд үүсгэн байгуулагдсан бизнес маань өдгөө 24 компаниас бүрдсэн групп болтлоо өргөжжээ.
Технологийн шийдлийг шингээсэн Монгол бизнесийг дэлхийд гаргах зорилгынхоо хүрээнд манай хамт олон 2017 онд АНУ-д салбараа нээсэн нь тун амжилттай болсон. Үүний дараа бид Азийн орнуудад судалгаа хийж, амьдралын хэв маяг, орлогын түвшин, шашин шүтлэг, ДНБ зэрэг үзүүлэлтээр монголчуудтай ойролцоо Филиппин улсыг сонгон, 2019 онд олон улсын хоёр дахь салбараа нээсэн. Одоогийн байдлаар бид Филиппинчүүдэд 112,000 зээл олгоод байна.
2. таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Өглөөг эрт эхлүүлдэг ч ойролцоогоор 13:00 хүртэл л ажилладаг. Товчхондоо, миний тал өдөр хурдасгасан шийдвэр гаргах үйл явц байдаг бол үлдсэн цагийг тархиа амраахад зарцуулдаг.
3. таны ажлын нөү-хау?
1. Өдөржин ажлын ширээнийхээ ард суухаас зайлсхийж, тодорхой цагт ажилдаа төвлөрөх дуртай. Удирдлагын түвшнээс харахад, бизнес бол шийдвэр гаргах үйл явц юм. Тэгвэл хэрхэн оновчтой шийдвэр гаргах вэ? Миний бодлоор амарсан тархинаас оновчтой шийдвэр гардаг. Тиймээс манай хамт олон тархиа амраахыг ихээхэн чухалчилж үздэг хэрэг. Мэдээж гарсан шийдвэрийг гүйцэтгэх сайн багтай байх хэрэгтэй. Тэдэнд ч мөн гэр бүлтэйгээ илүү их цагийг өнгөрөөж, тархиа амраах боломж олгох үүднээс орой ид түгжрэлийн үе эхлэхээс өмнө 16:00 гэхэд ажлаа дуусгаад тарцгаадаг.
2. Хүмүүсийн хүсэл сонирхол, түүнийг дагаад нийгэм маш хурдтай өөрчлөгдөж байгаа энэ цаг үед бизнесийн ертөнцөд тэсэж чадсан нь биш, өөрчлөгдсөн нь үлдэж чадна. Тиймээс манай хамт олны хувьд төлөвлөх, шийдвэр гаргах, гүйцэтгэх, алдаа гарвал дахин төлөвлөх гэх мэтээр бизнесийнхээ бүхий л үйл явцыг түргэн шуурхай өрнүүлэхийг зарчим болгодог.
3. Бизнесийн зах зээлийн тулгын гурван чулуу бол ажилтан, хэрэглэгч, шинэ санаа. Эдгээр нь харилцан шүтэлцээтэй байвал зохино. Тиймээс байгууллагын дотоод үйл ажиллагаандаа болон бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэхдээ “хүн төвтэй” бодлогыг баримталдаг. Хүний нөөц байгууллагын баялаг байдаг бол иргэн хүн эх орны баялаг байдаг.
4. ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?
Гар утасны Calendar-ийг тогтмол ашигладаг. Долоо хоног, сарын хугацаанд хийх ажлууд маань төлөвлөгдсөн байдаг бөгөөд тэдгээр нь эмх цэгцтэй, дэс дараатай байх нь өндөр бүтээмжтэй ажиллахын үндэс. Төлөвлөлтийн талаар яриа дэлгэснийх, ойрын төлөвлөгөөгөө өдөр тутамд харахаас гадна үргэлж алсын хараагаа тархиндаа зураглаж байвал тун зүгээр санагддаг.
5. цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Цаг хэмнэх гэдэг нь оновчтой шийдвэр гаргахтай салшгүй холбоотой гэж боддог. Нэг асуудалтай удаан зууралдах нь цаг алдахад хүргэдэг болохоор хэрэггүй ажлаасаа зоригтой салж сурахгүй бол, чухал ажлуудаа хойшлуулах шалтгаан болж байдаг юм шүү.
6. хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Том зургаар нь харсан ажлаа долоо хоног тутам, өдөр тутам хийх ажил болгон хуваана. Өнөөдөр хийж амжаагүй нь маргаашийн эхний ажил болон шилждэг.
7. эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?
Ууланд алхах, ном унших, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх, найзуудтайгаа уулзах зэргээр чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Эдгээрээс онцолбол, ууланд алхах үед бодлоо цэгцэлж, өөртэйгөө ярилцах боломж олддог.
8. үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл | ажил бий юу?
Хүүхэд багачууд руу чиглэсэн бодитой ажил хийхийг удаан бодож, төлөвлөж явсан маань тун удахгүй биеллээ олох гэж байна. Энэхүү ажил нь хүүхдийг ур чадвартай, зөв бие хүн болгон төлөвшүүлэх зорилготой хичээлээс гадуур хамрагдах хөтөлбөр бөгөөд одоогоор судалгааны түвшинд хэрэгжиж байна. Ер нь хүүхэд гэдэг нийгмийн хамгийн чухал бас хамгийн эмзэг хэсэг шүү дээ. Би зургаан жилийн өмнө ГССҮТ-ийн танил эмчтэйгээ ярилцаж суухдаа нэг хэцүүхэн зүйлийг сонссон юм. Түлэгдлийн төвд зориулалтын дуслын аппарат шаардлагатай байдаг ч улсын хэмжээнд хүрэлцээ муутай байдаг юм байна. Зарим тохиолдолд түлэгдэлтийн шалтгаанаар ирсэн хоёр хүүхдийн хэнд нь дуслын аппарат хэрэглэх вэ? гэдэг хүнд шийдвэрийг гаргах болдог гэнэ. Би үүнийг сонсоод түлэгдлийн төвд тодорхой тооны дуслын аппарат хувиасаа бэлэглэж байсан юм. Энэ хугацаанд илүү олон хүүхэд өвчин зовууриасаа салж чадсан болов уу гэж найддаг.
Харин салбартаа тэргүүлэгч залуу мэргэжилтнүүдийн ур чадварыг хөгжүүлж, туршлага хуримтлуулах боломж олгохын зэрэгцээ шинэ залуу захирлуудыг бий болгох тал дээр ихээхэн гар бие оролцдог.
Байгууллагын хувьд бид нийгмийн хариуцлагын хүрээнд цөөнгүй ажлыг санаачлан хэрэгжүүлсэн. Тухайлбал:
- Төв аймгийн Эрдэнэ сумд 23,000 мод тарьж, ургуулсан.
- Улаанбаатарын есөн байршилд дугуйн зогсоол байгуулсан.
- Жил бүрийн “Цусаа бэлэглэх өдөр”-т идэвхтэй оролцдог.
- Ерөнхий боловсролын таван сургуульд мэдээлэл технологийн иж бүрэн ангийг тохижуулж өгсөн ба техник төхөөрөмжийн засвар үйлчилгээг нь ч мөн бүрэн хариуцдаг.
9. хийж буй ажлын тань онцлог юу вэ? эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?
Аливаа орны эдийн засгийг мөнгө санхүү, тэр дундаа зээлийн үйлчилгээгүйгээр төсөөлөхийн аргагүй. Айл өрх, албан байгууллагад тулгамдаж буй санхүүгийн хүнд нөхцөл байдлыг сэргээж, амилуулдаг учраас банк бус санхүүгийн байгууллагыг нийгэмд эдийн засгийн цусыг түгээгч хэмээн хувьдаа тодорхойлдог.
10. та одоо юун дээр төвлөрч байгаа вэ?
Филиппин дэх бизнес маань тун удахгүй дараагийн алхмаа хийх гэж байна. Тус улсад бэлэн мөнгөний хэрэглээ маш өндөр. Үүний сацуу ард иргэдийн 70 гаруй хувь нь ухаалаг гар утас ашигладаг учраас бид төлбөр тооцоог цахимжуулах, технологийн дэд бүтийг сайжруулах тал дээр төвлөрч байна.
11. та өөрийгөө хэрхэн хөгжүүлж суралцдаг вэ?
Технологи, ном, хүмүүнлэгийн үйл хэрэг.
12. Санал болгох ном, кино, хөгжим?
Эцэг эх маань монгол хэл, уран зохиолын багш байсан учраас намайг бага байхад сонгодог уран зохиолд дурлуулж өсгөсөн юм. Үлгэрийн баатрууд, сонирхолтой үйл явдал, цаг үе, дүрүүдийг уншиж, төсөөлж өссөн маань хийсвэрлэн төсөөлөх чадварыг минь ихээхэн хөгжүүлсэн гэж боддог. Хүн зорьсон зүйлээ нүдэндээ харагдтал төсөөлвөөс түүндээ хүрэхийн төлөө илүү зоригтой алхаж чаддаг юм болов уу. Тиймээс эцэг эхчүүддээ хандаж хэлэхэд, хүүхдүүдээ багаас нь номтой нөхөрлүүлж, тэдний төсөөлөл, бүтээлч чадварыг хөгжүүлэхэд анхаараарай.
13. авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Зөв шүүмжлэл муу магтаалаас дээр гэдэг дээ. Миний хувьд магтаал, зөвлөмжөөс илүүтэй нүдээ олсон, ухаалаг шүүмжлэлд ач холбогдол өгдөг.
14. бусдад шидэх санаа
Хүн өөрийгөө голж байж сайжирдаг, харин өөртөө урам өгч байж сайжирснаа хүлээн зөвшөөрдөг. Чамайг чин сэтгэлээсээ дэмжиж, урам өгч, хурцлах цорын ганц найз бол чи өөрөө юм. Тиймээс амьдралын урт замд Робинзон Крузо шиг өөрийгөө түшиж амьдраарай.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр болно. Манай редакц залуу мэргэжилтнүүдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, сонгуулиа өгөх сэдлийг өдөөх зорилгоор Редакцын бодлогынхоо хүрээнд нэр дэвшигч, нам эвслүүдтэй хамтран ажиллаж байна.