"Би хэрхэн ажилладаг вэ" булангийнхаа энэ удаагийн дугаарт Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг урилаа. Манай улсын хувьд ихээхэн ач холбогдолтой газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт, мэдээллийн технологийн төв зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүд Энэтхэгийн тусламжтайгаар хэрэгжиж буй энэ үед түүнтэй ярилцахаар болсон нь бидний хувьд туйлын завшаантай хэрэг. Тус улсаас Монголд шинэ коронавирусийн эсрэг вакцин нийлүүлэхээр ажиллаж буй. Энэтхэг бол дэлхийн нийт вакцины 60 хувийг үйлдвэрлэгч орон билээ. Дипломат албаны 30 гаруй жилийн туршлагатай түүний ажлын арга барилтай танилцана уу.

Байршил: СБД, 7-р хороо, Бээжингийн гудамж, БНЭУ-ын ЭСЯ
Эрхэлдэг ажил: БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
Хэрэглэдэг гар утас: iPhone X
Хэрэглэдэг компьютер: Dell Inspiron
Сошиал хуудсууд: India in Mongolia (Facebook), India in Mongolia (Twitter)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би Шинэ Дели хотын уугуул. Делигийн их сургуулийг худалдааны чиглэлээр, Сушма Сваражийн нэрэмжит олон улсын харилцааны институтийг төрийн засаглалын чиглэлээр дүүргэсэн. Дипломат албанд элссэнийхээ дараа Гадаад яамны томилолтын дагуу Вьетнам руу хэлний сургалтад явсан юм. Вьетнам хэл амаргүй шүү. Дараа нь Кубын Гаванад томилогдсоноор испани хэл сурч авсан. Үүний дараа нутаг буцаад, Гадаад хэргийн яамны Дипломат ёслолын газарт ажиллаж, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайдын гадаад айлчлалыг зохион байгуулах, гаднын төр засгийн тэргүүнүүдийг хүлээн авах ажилд логистикийг нь хариуцан оролцох болсон. Энэ албыг хаших хугацаанд гаднын төр, засгийн 200 гаруй тэргүүнийг хүлээн авах ажлыг зохион байгуулсан юм байна. Мөн Тайланд, Канад, АНЭУ, Их Британид томилогдон ажиллаж байлаа. Энэтхэгүүд олноороо амьдардаг Торонто болон Дубай дахь консулын газарт нийгмийн халамж хариуцаж ажилласан. 2017 онд Лондоноос Энэтхэгт буцаж очоод ГХЯ-ны Хурал зөвлөгөөний газрыг удирдах болж, АСЕАН, Энэтхэг, Номхон далайн арлуудын хамтын ажиллагааны чуулган (FIPIC) тэргүүтэй олон улс, бүс нутгийн хурал зөвлөгөөнүүдийг зохион байгуулж байлаа. Харин 2019 оны хоёрдугаар сараас Монголд Элчин сайдын алба хашиж байна.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Ажил, гэр хамт байх амар. Яамны барилгын нэгдүгээр давхарт оффис, хоёрдугаар давхарт манай өргөө байрладаг юм. Би өглөөдөө ихэвчлэн 6.30 гэж сэрүүлэггүйгээр босдог. Юун түрүүнд гурван нохойгоо салхилуулна. Орж ирээд өдрийнхөө иог, бясалгалын нормыг гүйцээнэ дээ. Хэсэг хугацааг өөртэйгөө өнгөрөөсний хойно олон улсын мэдээ, мэдээллийг гүйлгэж уншина. Олон жилийн турш “Washington Post” сониныг голчилж уншсаар ирсэн. 9 цаг дөхүүлээд албан тасалгаандаа орж цахим шуудангаа шалгаад, монгол сонингуудыг уншдаг (өдөр бүр төдийд орчуулга нь ирдэг юм). 10 цагийн орчмоос хүмүүстэй утсаар ярих, уулзалдах ажил эхэлнэ. Элчин сайд учир олон арга хэмжээд оролцох шаардлага гардаг. Зочид урьж үд, оройн зоог барих нь ч олонтоо. Оройдоо зураг үзэх дуртай. BBC, EuroNews зэрэг мэдээний сувгууд, өөр бас бус олон хөтөлбөр үзнэ. Тэгээд 10.30-11.00 цагийн хооронд унтахаар хэвтдэг. Оройдоо ч өглөөний адил хэсэг ганцаараа байж бясалгадаг дадалтай.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Энэ бол маш их хөдөлмөр, тууштай байдал, тэвчээр хатуужил шаарддаг мэргэжил. Бусдыг ойлгож дэмждэг, эерэг сэтгэлгээтэй, хашир хянамгай, эргэлзэнгүй, шинжээч гээд л хүний тал талын шинж чанарыг гаргаж ажиллах хэрэгтэй болдог. Улсаа төлөөлж байгаа хүний хувьд зорилгодоо хүрэх, санал бодлоо хүргэх, хоёр улсынхаа нөхөрлөлийг батжуулахын төлөө ятган сэнхрүүлэх чадвартай байх шаардлагатай. Дипломатч хүн чинь талуудыг тохиролцоонд хүргэх ёстой шүү дээ. Яг ийм гээд хэлчих арга барил үгүй. Гэхдээ нөгөө хүн, талынхаа үзэл бодол, эрх ашиг, хэрэгцээг хүндэлж ойлгож чадвал заавал амжилтад хүрнэ гэж би хувьдаа итгэдэг юм. Гагц өөрийгөө бодолгүй, хүнд сайхан сэтгэлээр хандахыг чухалчилдаг. Ер нь бусдыг сайн сонс гэж бидэнд нэг ам, хоёр чих заяасан гэж боддог шүү.

Удирдах тухайд бол, үлгэрлэж харуулахыг хамгийн зөв гэж үздэг. Багийнхнаа цагт нь ирүүлмээр байгаа бол өөрөө маш сайн цаг барих учиртай. Бодит үйл хэрэг хоосон үгээс үнэ цэнтэй шүү дээ.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Twitter, WhatsApp, Signal гэсэн аппликэйшнүүдийг байнга ашигладаг. Технологи бидэнд үйлчлэх ёстой атал өнөө цагт бид өөрсдөө боол нь болчихсон шиг. Үүнийг зөв, буруу гэж шүүх эрх надад үгүй ч гэлээ хүмүүн бид өөрсдийн ухаан санаа, мэдрэмж, өгөгдөлд найдаж явах нь дээр гэж би итгэдэг. Технологи цаг хэмнэхийн тул зохиогдсон, тийм үү? Гэвч эдүгээ бидэнд олддоггүй ганц зүйл гэвэл цаг зав байна. Технологи цагийг минь хэмнэх учиртай атал ерөөс тийм биш байгаа юм.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Ковидын энэ үе бидэнд албан уулзалтууд бодсон шиг чухал биш гэдгийг харууллаа. Цахим хурал цаг хэмнэхээс гадна давхар ажил амжуулах боломж олгож байна. Уулзалт бүрийн дараа би мэйл бичиж, үр дүнг нь магадлаж, баталгаажуулж заншсан.

Манайд арга хэмжээ зохион байгуулах зэрэгт ашиглах хяналтын жагсаалт, бэлэн загварууд бий. Тухайлбал, Хурал зөвлөгөөний газрын дарга байхдаа би 78 зүйл бүхий жагсаалт (checklist) гаргасан юм. Модератор, орчуулагч хэн байхаас өгсүүлээд арын хэвлэл, гэрэлтүүлэг ямар байх хүртэл бүхнийг бодолцсон жагсаалт л даа. Гэхдээ томоохон төсөл сэлтэд л үүнийг ашиглана. Энгийн үед бол 5W1H-ийн зарчим (Хэн? Юу? Хэзээ? Хаана? Яагаад? Яаж?) хангалттай байдаг.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Дээр дурдсанчлан, би технологиос илүү өөрийн оюун ухаанд найдахыг боддог. Дижитал орчинд бодол санаагаа зөвөөр тусгахад амаргүй. Тиймдээ ч төлөвлөгөөгөө тархиндаа бодож боловсруулдаг даа. Яаралтай, шахуу хийх шаардлагатай зүйл байвал жижиг шар наалтан дээр биччихдэг. Оройдоо хэсэг суугаад маргаашаа бодож төлөвлөөд, өглөө нь эргэж нэг базаж хараад, ач холбогдлоор нь эрэмбэлчихдэг болохоор яг л болдог доо.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Хоёр зүйлээр эрч хүчээ сэлбэдэг. Нэг нь зурагт, нөгөө нь ном. Ном уншиж байхдаа ихэвчлэн хөгжим сонсдог. Янз бүрийн кино, баримтат бүтээлүүд үзэх дуртай. Одоо Netflix дээр сансрын тухай “Expanse” гэдэг цуврал үзэж байна. Мөн бясалгал, иог хийнэ. Монголд иогийн 60 орчим студи буй нь монголчууд иогт хэчнээн дуртайг харуулж буй. Тэдгээр төв иогоор зогсохгүй энэтхэгчүүдийн амьдрахуйн хэв маягийг таниулж байгаа гэж боддог. Иог бол бие махбод, оюун санаа, дотоод сэтгэл бүгдээ тэтгэж, бүрэн дүүрэн амьдрахуйн цогц ухаан юм. Стресс ихтэй өнөөгийн нийгэмд бид бүгдэд тайвшрал, тайтгарал хэрэг болдог. Өнгөрсөн хугацаанд 20 гаруй багшийг Энэтхэг рүү явуулж сургалтад хамруулсан. Зарим нь эргэж ирээд өөрсдийн сургалтын төвийг байгуулсан.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Би хэзээд аялах, өөр соёл, уламжлалыг таньж мэдэх хүсэлтэй байсан. Бурхны ивээл, ажлынхаа ач буянаар өнөөдрийг хүртэл 107 улсад аялжээ. Бразил яваагүй бол Амазоны ширэнгэн ойг үзэхгүй, Индонези яваагүй бол Суматраг үзэхгүй байлаа шүү дээ. Аяллаас хүн асар ихийг сурч авдаг.

Теннис, крикет тоглодог байсан ч сүүлийн үед бүр больчхоод байна. Энэтхэгчүүдийн хувьд крикет гэдэг шашин л гэсэн үг. Хөл бөмбөг, сагсан бөмбөг үзэх дуртай, хүүгийнхээ багуудыг дэмждэг (Манчестер Юнайтед, Торонто Рэпторс).

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Хааяа хэлийг нь мэдэхгүй газар ажиллах болдгийг эс тооцвол хэцүү гэх зүйл үгүй дээ. Хоол хүнс, сургуулийн тал дээр асуудал гарах нь бий ч тэр бол түр зуурын бэрхшээл юм. Шинэ газар очих, шинэ хүмүүстэй танилцах сайхан. Нэгэнт төвхнөсөн хойно сайн сайхныг нь мэдэрч эхэлнэ. Би анх энд ирэхдээ хасах 40 хэмд дасан зохицно гэж төсөөлөөгүй. Одоо бол аль ч өдрийг таашааж чадаж байна. Монголд байгаадаа би их баярладаг. Би 1999 онд энд ирж гурав хонож байсан. Их ч өөр хот, өөр улс байсан, гэхдээ монголчууд хэзээний л найрсаг, зочломтгой ард түмэн юм. Монголчууд сүсэг бишрэл нэгтэй хэмээн энэтхэгчүүдэд нэн хүндэтгэлтэй ханддаг. Бид энгийн нэг гуравдагч хөршүүд биш, сэтгэлийн хөршүүд юм.

Ажлын эерэг тал гэвэл зөндөө. Хамгийн сайхан нь гэвэл, эх орноо төлөөлөхөөс илүү сэтгэлд бүрэн дүүрэн мэдрэмж өгдөг зүйл цөөн байх. Миний амжилт эх орны минь амжилт.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Энэтхэгийн тусламжтайгаар хэрэгжиж байгаа хамгийн том төсөл болох газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилд голлон анхаарч байна. Манай 1.236 тэрбум ам.долларын санхүүжилт дээр Монголын талаас оруулж байгаа 300-500 сая ам.долларыг нэмэх юм бол нийт хоёр тэрбум орчим ам.долларын төсөл гэсэн үг. Сайншандад баригдаж байгаа энэ үйлдвэр 1.5 сая тонн газрын тос боловсруулж, дотоодын хэрэгцээний 75 хувийг дангаараа хангах чадалтай. Хоёрдугаарт, ШУТИС-ийн дэргэд Атал Бихаригийн нэрэмжит Мэдээллийн технологийн төв байгуулах ажил. Энэтхэгийн 20 сая ам.долларын тусламжаар байгуулагдах энэ төв жилд 500 мэргэжилтнийг бэлдэх юм. Кибер аюулгүй байдлын сургалтын төв, Энэтхэг-Монголын найрамдлын сургууль байгуулах ажил мөн явагдаж байна. Буддын шашны өв уламжлалыг сурталчлан таниулах тал дээр мөн анхаарна. 2022 онд Энэтхэгийн тусгаар тогтнолын 75 жилийн ой тохиохтой зэрэгцүүлэн Ганжуур, Данжуурыг бүрэн эхээр нь хөрвүүлэн гаргахаар төлөвлөж байна. Эцэст нь, манай улсаас Монголд шинэ коронавирусийн эсрэг вакцин нийлүүлэхээр болсонд туйлын баяртай байгаагаа хэлмээр байна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Хүний мэдлэгээс мэдлэгтэй болж болох ч хүний ухаанаас ухаажна гэж үгүй. Би орой унтахынхаа өмнө 5-10 минут өөртэйгөө ярилцаж, тухайн өдөр хийсэн бүхнээ эргэн нэг санаж, алийг нь илүү дээр хийж болох байсан, аль нь ашиг тусгүй байсан гэхчлэн эргэцүүлдэг юм. Юуг, хэрхэн хийсэн, өөрөөр хийж болох байсан эсэхийг. Би аль болох цөөн дутагдалтай байхыг хичээдэг. Тэглээ гээд төгс болохгүй нь мэдээж ч тэр бол миний арга барил юм. Хүний өөрийгөө хөгжүүлэх боломж хязгааргүй их.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?

Сүүлд Артур Ливэллин Бэшамын “The Wonder That was India”-г уншиж дуусгалаа. Харин одоо хоёр ном уншиж байна. Нэг нь Чулуун зэвсгийн үеэс XXI зууныг хүртэлх хүн төрөлхтний түүх, хувьслыг өгүүлсэн, Ювал Ноа Хараригийн “Сапиенс”. Нөгөө нь Нобелийн шагналт эдийн засагч Амартья Сэний “The Idea of Justice” гэдэг ном. Нийгмийн тэгш бус байдал, шударга ёсны тухай, ямар бодлого баримталбал нийгмийг илүү эрх тэгш болгох талаарх бүтээл юм. Залууст Жорж Оруэллийн “1984”, “Амьтдын ферм” гэх хоёр номыг уншаарай гэж зөвлөх байна.

Би жазз болон испани хөгжимд дуртай. Кубад байхдаа испани хөгжимд дурласан юм. Жазз дуучдаас Нэт Кинг Коул, Фрэнк Синатра, испани дуучдаас Луис Мигель, Хосе Фелисиано, Хулио Иглесиасыг сонсох дуртай.

Киноны тухайд гэвэд хамгийн дуртай нь “The Pursuit of Happiness”, “Ben-Hur”.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Бага байхад өвөө минь нэг сургаал хайрласан нь ой тоонд хадагдан үлдсэн. “Чамайг ганц чи л урагш хөтөлж чадна, чамайг ганц чи л хойш татна. Бүх зүйл гагц чамаас л шалтгаалах мэт хөдөлмөрлө, тэгсэн ч бүх зүйл бурхнаас шалтгаалах мэт залбир” гэж.

Гагцхүү толь бичигт л “амжилт” гэдэг үг “хөдөлмөр” гэдэг үгийн өмнө байдаг болов уу. Амжилтад хүргэх цахилгаан шат гэж үгүй учир хатуужилтайгаар алхам алхам урагшилж явахаас аргагүй. Гэхдээ мөрөөдөхөөс эмээж огт болохгүй. Амьдралд чамайг замчлах ямар нэг зүйл байх ёстой учраас. Тэвчээртэй, тууштай бай, бүдэрч унасан ч, ялагдсан ч хамаагүй. Федерер, Надаль ч заримдаа ялагддаг шүү дээ.

14. БУСДАД ШИДЭХ САНАА

Хэнд ч гэсэн бусдаас илүү хийж чаддаг ямар нэг зүйл байгаа. Хэнд ч гэсэн өөр хүний санал болгож чадахгүй зүйл бий. Бид бүгд л өөр өөрийн авьяас чадвар, зовлон бэрхшээл, зориг хүчтэй. Иймд бусдаас суралцаарай. Ганц ширхэг лааны хийж чадахыг нар чадахгүй. Өчүүхэн лаа ч шөнийг үлдэн хөөж, харанхуйд гэрэл гаргаж чаддаг, гэтэл нар шөнөөр гэрэлтүүлж чадахгүй, тийм биз?