Шинэ оны босгон дээр хүн бүр энэ ондоо хийж бүтээх зүйлсээ эргэцүүлж, өөртэйгөө эргэн нэг "тулж ажиллах" цаг гаргаж буй биз ээ. Өөртөө тавьсан зорилгууд, өдөр тутмын энгийн ажлуудаа амжуулах зэрэг бүх зүйлд бие, сэтгэлзүйн эрч хүч, урам зоригтой байх нь хамгаас чухал. Гэвч аливаад төгс үр дүнг хүлээх тусам бүтээмж буурах магадлалтай тул бид өөрсдийн нөөц бололцоонд тохирсон арга барилыг хэвшүүлж, алхам алхмаар урагшлах нь зүйтэй билээ. Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ зураглан буй энэ цаг мөчид бид "Би хэрхэн ажилладаг вэ" булангийн өнгөрсөн оны зарим зочдын энэхүү сэдэвтэй холбоотой онцлох асуулт, хариултуудыг багцлан хүргэж байна.

Асуулт 1. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?
Асуулт 2. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж суралцдаг вэ?

Майкл Клечески /АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд/

1. Ядарсан үедээ гарч алхдаг. Ёстой хаашаа л бол хаашаа алхана даа. Өнгөрсөн амралтын өдөр Бөхийн өргөөний хажуугаар гарч байтал баахан хүмүүс байхаар нь ямар нэг сонирхолтой арга хэмжээ болох юм байна гээд орж тасалбар аваад бөхийн барилдаан үзсэн.

Ажилдаа ядарч, тэвдсэн үедээ Роберт Фростын “A Time to Talk” шүлгийг уншиж тайвширдаг. Өрөөний маань ханан дээр хадаастай бий. Энэ шүлэгт нэг фермер талбай дээрээ ажиллаж байтал зам дээр алхаж явсан хүн түүнтэй ярих гэдэг тухай гардаг юм. Тэр түүнд үгүй гэж хэлдэггүй, харин ч зээтүүгээ тавиад очиж түүнтэй ярилцдаг.

Ер нь Улаанбаатарыг гайгүй сайн мэддэг болсон шүү. Гандантэгчэнлин хийдээс уруудаад Энх тайвны өргөн чөлөө хүрэх гудамжийг Занабазарын гудамж гэдэг дээ, би тэр дагуух олон хийдийн бүгдэд нь орж үзсэн. Хааяа “Нарантуул” орно. Нэг хүн Нарантуулын ойролцоо хийд баригдсан гэж яриад, би нэг өдөр очиж хайлаа. Олохгүй явсаар Нарны гудамж дагуу алхаад Гэгээн Питер, Паулын цогчин дуганд хүрч очсон. Би сүм хийдүүдийг үзэж сонирхох их дуртай. Заримдаа англи хэлтэй лам хувраг таарна. Тэр үед Буддын шашны тухай олон шинэ зүйл мэдэж авдаг.

2. Бусдаас суралцдаг. Ер нь юм бүхнийг сонирхож, анхаарч явдаг даа. Нэг удаа манай нэг танил монгол загасчин америк загасчдыг дагуулж ирсэн юм. Тэгтэл нэг нь нэртэй загасчин байж таарсан. Тэр надад сонгодог загасчлалын тухай номууд бэлэглэх жишээтэй. Энэ мэтчилэн төрөл бүрийн салбарын, төрөл бүрийн мэргэжил, үзэл бодол, хандлагатай хүмүүстэй таарч, шинийг мэдэж, суралцаж явдаг. Газар бүхэнд мэдэж, шингээж авмаар зүйлс бий. Би түм бужигнасан Нью-Йорк хотын хамгийн олон янз бүхий хүмүүс байдаг Күинс дүүргээс гаралтай. Тиймдээ ч өөр соёл уламжлалыг гэх сониуч зан минь бага ахуйгаас тогтсон.

Дэлгэрэнгүй: Би хэрхэн ажилладаг вэ? - АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески

Ц.АРИУНАА /"GURU MEDIA" КОМПАНИЙН ПРОДЮСЕР/

1. Иог, бясалгалаас эрч хүчээ сэлбэнэ, амралтын өдрүүдээр ууланд алхана. Найз нөхөдтэйгөө ч уулзахдаа цэцэрлэгт хүрээлэнд хамт алхах ч юм уу, үзэсгэлэн үзэх гэх мэтээр идэвхтэй зүйл хийхийг зорьдог. Хам хум уулзах дургүй. Тийм болохоор ажил ихтэй үед найзуудтайгаа уулздаггүй. Уулзвал харин цаг, сэтгэл санаагаа бэлдээд, бүрэн зориулахыг хүсдэг. Гэр бүлдээ мөн адил хандлагатай. Бүхий л зүрх сэтгэлээрээ хамт байж, нэгэндээ анхаарахыг боддог.

2. Хүмүүсийг их сонсдог. Одоо өөрийнхөө сонирхож байгаа зүйлийг гүнзгийрүүлж үзье гэвэл интернэт гэж нэг сайхан юм байна. Цаг гаргах л асуудал. Алхаж байхдаа подкаст, ном сонсоно. Алхах бол цэвэр миний хувийн орон зай. Тэр үеийг тултал ашиглаж, сурч мэдэхийг хүссэн зүйлээ шингээж авдаг.

Дэлгэрэнгүй: Би хэрхэн ажилладаг вэ? - "Guru Media" компанийн продюсер Ц.Ариунаа

Ц.Раднаа /Хөнгөн атлетикийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер/

1. Нарны энерги, цэвэр агаар ямар сайхан гээч. Өглөө 10-12 цагийн үед буюу нарны гэрэл D витамин ихтэй үед наранд гарч, Туул гол орчмын цэвэр агаарт бэлтгэлээ хийх дуртай. Зундаа наранд биеэ шарж байгалийн цэвэр витаминыг "ориг"-оор нь авах хүний биед их сайн.

Мөн хүмүүсээс ирэх урмын үгс их сайхан. Бага залуугаасаа биеийн тамирт дурлаж, 57 жил тасралтгүй хөдөлмөрлөсөний минь үр шим болохоор арга ч үгүй байх. Түрүү жилийн хавар ДАШТ-ний үеэр дэлхийн рекордыг эвдчихээд, намар нь Австрали улсын Мельбурнд очиж өөрийн рекордыг 1 секунд 46 долиор урагшлуулж дахин шинэчлэн тогтоосон юм. Тэмцээний дараа эх орондоо ирэхэд, энэ үйл явдал элэг нэгтнүүдийг минь баярлуулан огшоосон том амжилт болсныг бэлтгэл хийж явахад таарсан олон хүнээс мэдэрсэн. Намайг харж, надаас урам зориг аваад өөртөө анхаарч эхэлсэн, биеийн тамирт цаг гаргаж, гүйдэг болсон хүүхэд хөгшчүүд, гэр бүлүүдийг хараад өөрийгөө багахан тоож билээ. Бусдад өгсөн жаахан ч атугай урам зориг, үлгэр дуурайл эргээд өөрийг минь их баярлуулдаг.

Мөн саяхан Энхийн шагналтнаар тодорсон. Ийм цар тахлын үед ч шагналыг минь янзын хүндэтгэлтэй гардуулж өгсөн шүү. Ер нь энэ мэтчилэн хүнд хөдөлмөрөө үнэлүүлэх шиг сайхан юм хаана байх вэ.

2. Олон улсын тэмцээнүүд, спортын нэвтрүүлгүүдийг байнга үзнэ шүү дээ. Тив дэлхийн олон тамирчдын арга техникээс суралцаж, гаргасан амжилтанд нь хамт баясаж, тэднээс урам авна. Хөнгөн атлетикаас гадна бөхөд их дуртай. Монгол тамирчдаа ялахаар үсэрч дэвхцээд чухам баярлана. Орос, Япон, Казахстаны тамирчдыг хувьдаа их балиашиглана. Тамирчин мөн эсэхээс үл шалтгаалан спорт хүнд тийм л их аз жаргал өгдөг.

Зарим хүмүүс тамирчдыг ноцолдоод л, гүйгээд л явж байдаг улс гэж хардаг байх. Гэхдээ тэр бүхний ард маш их хүч, сэтгэлийн хат, хөдөлмөр, тэвчээр, урт хугацааны бэлтгэл, цаг минут тутам хөгжиж дэвших гэсэн чин хүсэл тэмүүлэл явж байдаг юм шүү дээ.

Дэлгэрэнгүй: Би хэрхэн ажилладаг вэ? - Мастеруудын дэлхийн аварга, дэлхийн рекорд эзэмшигч Ц.Раднаа

 Д.Уламбаяр /Дуучин, продюсер/

1. Хүмүүсийн хийж байгааг хараад үргэлж л урам зориг авна. Ер нь би их хөгжүүн, дайчин хүн л дээ. Нэг сайхан санаа сэдэл төрвөл түүндээ эрчлэгдээд л явчихна. Мөрөөдлөө биелүүлж яваа учраас хийж байгаа ажлаасаа эрч хүч сэлбэдэг. Ядрах үе мэдээж байна. Залхуурч харагдах үнэхээр дургүй. Бас гутарч харагдахыг хүсдэггүй. Бусдын залхуурахыг хараад “Хүүе ээ, босооч ээ! Чи амьд байна шүү дээ” гэж хэлмээр санагддаг. Уламбаяр байхгүй боллоо гээд юу ч өөрчлөгдөхгүй, нар манддагаараа мандана. Харин хийсэн бүтээсэн минь үлдэнэ. Тийм болохоор залхуурч суугаад яах билээ, аль болох ихийг бүтээх хэрэгтэй шүү дээ.

2. Амархан уйддаг зантай. Тийм болохоор үргэлж шинийг эрэлхийлдэг. Хүмүүстэй харилцахдаа, кино үзэхдээ, ер нь юуг ч хийж байхдаа ойр тусгаж авч, анзаарч явдаг. Миний эргэн тойронд харж суралцахаар чадварлаг хүмүүс олон бий. Шарк Д.Энхтүвшин ах хэрэгтэй зүйлс байнга хэлж өгнө. Тэр ном дээр ингэж бичсэн байна лээ, энэ кинон дээр ингэж гарсан гэхчлэн ярьж өгдөг нь холуур мэт боловч сэтгэлд тусаж, сургамж болдог. Ч.Номин, Г.Бат-Эрдэнэ (Батка) хоёр маань бас ажил хэрэг тал дээр бол үнэхээр урам зориг авахаар, хөдөлмөрч хүмүүс шүү.

Сүүлд "The Voice" шоунд ажилласнаар маш ихийг сурлаа, сайхан гэр бүлийн найзуудтай боллоо. Дээд зэргийн дэг, зохион байгуулалттай хамт олон. Өчигдөр нь орой болтол ажилласан улс өглөө сайхан инээмсэглээд бие биетэйгээ мэндэлдэг, хэчнээн ч оройтсон байсан маргаашийнхаа ажлыг төлөвлөөд л, тэгж сэтгэл гаргаж байгааг нь харахад бахадмаар. Оролцож байгаа залуус ч үзэл бодлоо тодорхойлчихсон, бусдад өөрийгөө илэрхийлж чаддаг, мундаг байна.

Сүүлийн хэдэн жилд мөн ч ихийг сурч байна даа. Байгууллагуудтай хамтарч ажиллахад бас ихийг сурна. Бүтээлч салбарын хүн учраас Инстаграмаас зураачид, зурагчдын бүтээлийг харж сэдэл, урам зориг авна.

Дэлгэрэнгүй: Би хэрхэн ажилладаг вэ? - Дуучин, продюсер Ука (Д.Уламбаяр)

Д.Сайнбаяр /SAYAN компаниудын үүсгэн байгуулагч, захирал/

1. Би аялах дуртай. Жилд дор хаяж нэг удаа очиж үзээгүй гадаадын аль нэг хот, дотоодын аль нэг аймаг, сумд ажил эсвэл амралтаар очих зорилго тавьдаг. Энэ жилийг эс тооцвол сүүлийн 10 гаруй жил энэ зорилтоо биелүүлээд л байна. Бас гоё хөгжим сонсох, кино үзэх, ямар нэгэн сэдвээр сайн нийтлэл, ном унших дуртай. Дуурь, театр, драм үзэх нь их сайн амралт болдог. Ковидын үеэр бол уул руу алхах, эсвэл ойр зуурын хүнсэндээ алхаж агаарт гардаг дадалтай болоод байна. Ковидгүй үед бол долоо хоногтоо нэг удаа сагс тоглохыг хичээдэг. За тэгээд ном гаргах, олон нийтийн зарим төслүүд маань надад их урам, эрч хүч өгдөг. Энэ нь компанийн санхүүг хянах ч юм уу, өдөр тутмын хэвшмэл үйлдлүүдийг эвддэгээрээ давуу талтай. Үлгэр жишээ авдаг хүмүүсийнхээ ярилцлагыг уншиж, жиргээг нь дагаж тэднээс эрч хүч авдаг. “Queen’s Gambit” үзсэнээс хойш шатрын аппаа сэргээгээд их тоглож байна. Голцуу гурван минутын блиц тоглодог.

2. Хэзээ ч зогсоож болохгүй ганц зүйл бол суралцах. Байнга л шинийг эрэлхийлж, суралцаж байхгүй бол зэвэрнэ. Зав л гарвал юм уншина. Гэхдээ их сорчилж уншдаг. Шинэ сонин хүмүүстэй уулзаж, санаа бодлоо байнга хуваалцахыг хичээнэ. Ярилцах тусам санаа баяжиж, итгэл үнэмшил лавширдаг. Нэг номыг 5, 10 удаа засна. Гэхдээ л засах юм гараад л байдаг. Бичгийн ажил хийдэг хүмүүс энийг сайн мэднэ. Ингээд энэ арваннэгдүгээр сард номын эх бэлтгэдэг "Indesign" программыг YouTube үзэж сурсан. Хэвлэлд өгөх номд засвар хийх шаардлага гарвал тэр болгонд эх бэлтгэгч руу ярьж цаг алдаад байхгүй, засваруудаа шууд өөрөө оруулаад явахад амар болж байгаа юм. Ер нь болж өгвөл жил болгон гадаадын аль нэг оронд курс дамжаанд явахыг зорьдог. Сүүлийн 10 жил энэ дүрмээ дагасан. Их дээд сургууль, дунд сургууль, хөдөө орон нутагт жил бүр хувь хүний хөгжил, карьер хөгжил, бусад сэдвээр лекц уншиж ирлээ. Залуустай санаа бодлоо хуваалцах бүрд их сайхан эерэг энерги авдаг. Энэ нэгдүгээр сард Дарханд уригдаж яриа хийсэн. Олон жил залууст ментор хийсэн дээ. Одоо ч хийж л байна.

Дэлгэрэнгүй: Би хэрхэн ажилладаг вэ? - SAYAN компаниудын үүсгэн байгуулагч, захирал Д.Сайнбаяр

Б.Болор-Эрдэнэ /Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга/

1. Би их ажиллаад сайн амрахыг хичээдэг. Нэг төслийн ард өдөр шөнөгүй ажилласныхаа дараа гадагшаа аялж сэргэдэг дадалтай. Өөрийгөө урамшуулах арга гэх юм уу. Жишээ нь, өнгөрсөн жилийн есдүгээр сарын 17-нд том хурал зохион байгуулаад 20-нд нь Европоор аялахаар гарч байв. Аялах нь хэдий бие махбодын хувьд сүйдтэй амралт болохгүй ч оюун санааг үнэхээр сэргээж, амрааж чаддаг. Олон улсын байгууллагуудад ажилладаг байхад ажиллангаа аялах боломж их олддог байж. Одоо тийм боломж алга. Гэртээ сайхан кино үзэх, дасгал хийх, найзуудтай уулзах, салхинд гарах гэх мэтээр эрч хүчээ сэлбэж байна.

2. Түрүүн дурдсанчлан, судалгаа хийх байдлаар өөрийгөө хөгжүүлдэг. Мөн сүүлийн үед юм сурах гол арга маань подкаст болчихоод байна. Ялангуяа "Freakeconomics" подкастыг их сонсдог. Мөн "Goldman Sachs"-ийн зах зээлийн судалгаа, анализуудтай тогтмол танилцдаг. Шинэ ажилд ороогүй удаагүй болохоор хүмүүстэй уулзаж ярилцах, мэдээлэл цуглуулах байдлаар ихийг сурч байна. Ажлаа авсан эхний сардаа өдөрт л арав гаруй уулзалт хийдэг байлаа.

Дэлгэрэнгүй: Би хэрхэн ажилладаг вэ? - Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ

Б.золбоо /"Ананграм" ХХК-ийн гүйцэтгэх захирал, ерөнхий архитектор/

1. Архитекторын мэргэжил бол миний ажил ч, хобби ч мөн учраас хаана ч байсан гэсэн үүнтэй холбоотой ном, сонин эргүүлж тойруулсаар л байдаг.

Мөн металл хөгжим сонсох дуртай. MetalCore, progressive metal төрлийн хүнд хөгжим тархи илүү амраадаг гэж хэлж болно. Ажилдаа төвлөрөх буюу амарч байх үедээ сонсдог. Ганцаараа байх үедээ ч хөгжмөө сонсоно шүү. Түүнээс гадна зураг зурах хоббитой. Гэхдээ ойрд зурах цаг зав гарахгүй л явна.

2. Маш сайн судлах гэж хэлнэ. Архитектурын тухай янз бүрийн онлайн сурвалж, вебсайтуудаас сонирхолтой нийтлэл, судалгааны ажлууд болон алдартай архитекторын ярилцлагуудыг түүж уншдаг. Мөн хариуцан ажиллаж буй төсөл бүрээс суралцаж, туршлага хуримтлуулж байна. Багийн ажиллагааг дээшлүүлэх, бусдад хийж буй ажлаа ойлгуулах, шаардлагатай мэдээллээ сайн солилцохын тулд soft skills буюу бусад харилцах чадвараа сайжруулахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй: Би хэрхэн ажилладаг вэ? - "Анаграм" компанийн гүйцэтгэх захирал, ерөнхий архитектор Б.Золбоо

Э.Билгүүн /АНУ-д төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч/

1. Манай нөхөр, хүү хоёр бол миний энергийн чухал эх үүсвэр. Эмээ, өвөө маань миний хамгийн том шүүмжлэгч бас дэмжигчид учраас тэр хоёртойгоо өглөөний цай ууна гэдэг тэр долоо хоногийнхоо эрч хүчийг авна л гэсэн үг. Өвөө маань их дайчин, тууштай. “Авьяастай байх албагүй. Тууштай л байх ёстой” гэж хэлдэг. Ер нь, юу ч болсон гэр бүл хамгийн чухал гэдгийг санаж явдаг. Өөрийн дуртай ажлаа хийж буй учраас ядарч, залхахыг мэдрэхгүй, эрч хүчээр дүүрэн ажилладаг даа.

2. Би ерөнхий мэдлэгийн, ажил хөнгөвчлөх шинэ техник, технологийн шийдлийг байнга сонирхож явдаг. Төслийн багийнхан болон EducationUSA хамт олноосоо маш ихийг суралцаж явна. МASA-гаас анх удаа подкаст хийх, сонсголын бэрхшээлтэй иргэнд зориулан сургалт зохион байгуулахтай холбоотойгоор маш богино хугацаанд олон зүйл сурах хэрэгтэй болсон. EducationUSA, TOEFL, SAT, College Application, Admission зэрэг үгсийг дохионы монгол хэл рүү хөрвүүлэхээс өгсүүлээд амаргүй байсан шүү. Бид саяхнаас тусгай хэрэгцээт иргэдийг ажлыг байраар ханган ажиллуулж эхэлсэн. Энэ бүхний гол зорилго бол Inclusive буюу нийгмийн бүх бүлэгт хүрч, хүртээмжтэй байхад анхаарах юм.

Дэлгэрэнгүй: Би хэрхэн ажилладаг вэ? - АНУ-д төгсөгчдийн холбооны (MASA) ерөнхийлөгч Э.Билгүүн

Г.Амартүвшин /банкир, эдийн засагч/

1. Дугуйн спортоор идэвхтэй хичээллээд олон жил болж байна. Богино хугацаанд эрчтэй дасгал хийх нь надад зүгээр байдаг юм. Дугуй бол жин хасахад тун тохиромжтой спорт. Дугуй унахдаа нэг хэсэг хүчтэй жийгээд, амсхийх үедээ зүрхний цохилт, амьсгаагаа хянаад, эргээд хүчтэй, зөөлөн гэсэн хэмнэлтэй ажилладаг. Миний хувьд ёстой л нөгөө бясалгал болж, бие махбод болоод тархи эерэг үйлчлэл үзүүлдэг эд дээ. Би зун болгон Францад дугуйн тэмцээнд оролцдог ч энэ жил өнжих нь тодорхой болж байна. Энэ тэмцээндээ тааруулан жилийн турш бэлтгэлээ хангадаг юм. Яг л Тур де Франсын нэг уралдаан шиг Альпийн нурууны өгсүүр замаар нэг өдөрт 130-170 км явдаг. Энэ сонирхлоо дагаж "ХасБанк"-нд байхдаа мэргэжлийн дугуйн баг бүрдүүлж байсан, одоо тэдэнтэйгээ хааяа жийдэг.

За дэндүү их дугуй ярьчихлаа. Өөр зүйлс байлгүй яах вэ. Залуудаа их ажилладаг байсан бол одоо гэр бүл, найз нөхөд, дур сонирхолтой зүйлсдээ цаг гаргахыг боддог болсон байна. Гэр бүлийн аз жаргал хүний амьдралд хамгийн чухал. Мөн хүний амьдралд таньдаг хүмүүс олон байдаг ч жинхэнэ найз тун цөөхөн. Тэдэндээ цаг гаргаж, хоол хийн дайлах дуртай. Найз нөхөдтэйгөө салхинд гарч, эсвэл гэртээ урьж сайхан хоолоор дайлахдаа үнэхээр сайхан мэдрэмж авдаг шүү.

Клэйтон Кристенсен гэж Харвардын алдартай профессор бий. Бидэнд сүүлд их сонин хичээл орсон. Та нар амжилт гэдгийг юу гэж ойлгодог вэ гэж асуудаг юм байна. Оюутнууд олон янзаар хариулахыг сонсоод "Та нарын хариулт буруу биш, энэ асуултын хариу амьдралын мөчлөгтэй холбоотой байдаг. Та нар одоо эрч хүчтэй байгаа тул ажил карьертаа ахиц гаргахыг амжилт гэж нэрлэж байна. Миний насанд ирэхээр гэр бүл, найз нөхөд, эрүүл мэнд, бас бусдад яаж нөлөөлж, яаж тусалж байгаагаараа хүн аз жаргалыг хэмждэг юм байна" гэж билээ. Тухайн үед нэг их юм бодолгүй өнгөрсөн ч одоо бол сайн ойлгож, үнэн юм даа гэж боддог болсон. Мөн хөгжим, аялал зэргийг зайлшгүй дурдах ёстой байх.

2. "Harvard Business Review" сэтгүүлийг унших их дуртай. Бизнесийн орчин, компаниудын талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг онол, практикийн түвшинд авч чаддаг. Мөн "Masterclass" апп-аар шинэ чадваруудад суралцдаг. Жишээ нь эндээс Техасын алдартай барбекю рестораны эзэн Аарон Франклины үхрийн хавиргыг хэрхэн шаралгүй утаж болгох тухай хичээлийг үзээд ёстой салахаа байчихсан шүү. Ер нь би нэг юмыг тултал сайн хийж чаддаг, төгс эзэмшсэн хүмүүст атаархдаг. Мөн өмнө дурдсан номын товчлол уншдаг "Blinkist" байна.

Дэлгэрэнгүй: Би хэрхэн ажилладаг вэ? - Банкир, эдийн засагч Г.Амартүвшин

О.Баярсайхан /рэппэр, найруулагч, продюсер/

1. Хүүхдүүдтэйгээ тоглох дуртай. Хийж байгаа ажил, хоббитой холбоотой видео, тоймуудыг нэлээн үздэг. Ажил дээрээ бол тоглоом тоглож сэргэдэг.
Ер нь спортлог юм нэг их хийдэггүй юм байна. Гэрээрээ агаар салхинд хааяа гардаг.

2. Youtube-ээс янз бүрийн хичээлүүд их үздэг. Мөн Google-тэй нөхөрлөж, байнга л сурч судалж байдаг. Гэхдээ бусдын хийснийг үзэж харахаас гадна өөрөө хийж оролдож, нухаж байж сурах сонирхол ихтэй. Ер нь их практик талдаа хүн.

Дэлгэрэнгүй: Би хэрхэн ажилладаг вэ? - Рэппэр, найруулагч, продюсер Rokit Bay (О.Баярсайхан)

Б.Болор-эрдэнэ /Trends.mn-ийг үүсгэн байгуулагч, нийтлэлч/

1. Нойр, хоолонд сайн гэдэг нь миний давуу тал гэж боддог. Амтархаж иднэ, хүн атаархтал унтана. Амт голно, өөрөө хоол хийнэ. Сүүлийн үед зарим өдөр ажлаас бүрэн хөндийрдөг болоод байгаа. Мөн ямар ч их ажилтай байсан өдөртөө ямар нэг сайн урлаг хэрэглэх цаг заавал гаргадаг. Сонгодог хөгжим сонсох, уран зохиол унших гэх мэт. Уран зургийг л таашааж хараахан сураагүй байна. Нэг бодлын хүмүүс бид чинь амьдрал гэдэг үзэгдэлдээ, тэнд авсан дүрдээ хэт итгэж алаад өгнө гээд л явж байгаа улс. Тэгэхээр ийм үзэгдлийн чанартай реализмын бүр гадна талд гарч, ээдэрч орооцолдсон мэдрэлийн эд эсээ салгаж байвал зүгээр. Ерөнхийдөө миний хувьд аливаа ажлыг амьдрал надад даалгасан болохоор биш би хүсэж сонгосон болохоор, өөрөөр хэлбэр өөрийн ухамсарт сонголт болохынх нь хувьд хийхийг боддог.

2. Ер нь суралцах, өөрчлөгдөхөд дуртай. Жишээ нь хэлтэй байх ёстой гэдэг дүрмийг дагах биш ерөөсөө л хэл сурч, япон сонгодгийг япон сүнстэй нь уншина гэдэг кайфтай учраас би одоо ч япон хэлээрээ байнга уншиж сурч байдаг. 2019 онд анх удаагаа ноот харж хөгжим тоглож үзлээ, видео монтаж хийж сурсан, сэлж сурсан. Энэ жил латин бүжгийн дугуйланд элсээд байна. Энэ жил ер нь байгалийн амьтан болохынх нь хувьд биеэ ойлгоё, сайн анхааръя гэж бодоод байгаа. Тоодайд сонгодог гитарын дамжаанд явж байснаа сэргээмээр байна, орос, хятад хэл сурч соёлыг нь нарийн ойлгомоор байна гээд л сурмаар зүйл зөндөө зөндөө.

Дэлгэрэнгүй: Би хэрхэн ажилладаг вэ? - Trends.mn-ийг үүсгэн байгуулагч, нийтлэлч Б.Болор-Эрдэнэ

Алекс хайкенс /НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч/

1. Би тулааны урлагаар олон ажил хичээллэж байгаа. Улаанбаатарт би "Garuda" клубт муай-тай болон жиү-жицүгээр хичээллэдэг. Эрүүл байх, алжаал тайлах маш сайн арга шүү. "Garuda"-д гэрээрээ, хоёр охинтойгоо хамт дасгал хийхэд таатай байдаг. Харин одоо клуб хаалттай болсон тул би зочны өрөөгөө заал болгоод гэртээ дасгал хийж байна. Мөн хөл хорионоос болоод гар урлал оролдож байна гэх үү дээ. Эхнэр, хүүхдүүд маань урлагийн зүйлс бүтээх дуртай болохоор оройдоо тэдэнтэйгээ цагийг сайхан өнгөрөөж байна. Зурагт, компьютер, утас ширтэхээс хавьгүй дээр юм аа.

2. Надаас илүү мэдлэг туршлагатай хүмүүстэй ярилцах, ажиллах дуртай шүү. Манай багт хүүхэд хамгаалал, хоол тэжээл, эрүүл мэнд зэрэг салбар салбарын олон мэргэжилтэн, судлаачид бий. Тэднээс асуулт асууж, COVID шиг шинэ сорилтуудыг даван гарахаар санаа оноо уралдуулж байгаа маань надад ихийг сургаж байна.

Дэлгэрэнгүй: Би хэрхэн ажилладаг вэ? - НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Хайкенс