32 жилийн түүхтэй, Монголын томоохон бүтээн байгуулагч “Макс Групп”-ийн Худалдаа, аялал жуулчлалын бизнесийг удирдаж буй С.Сүхболд бол бидний шинэ дугаарын зочин.
АНУ-ын ”Lindenwood University”-ийг бизнесийн удирдлага, санхүүгийн чиглэлээр төгсөж, “Best Buy”, “Hilton” зэрэг дэлхийн шилдэг байгууллагуудад ажилласан туршлагатай тэрээр “Макс Групп”-т өдгөө арав дахь жилдээ ажиллаж буй.
4500 гаруй ажилтантай, дөрвөн том кластер бүхий группийн тал хувь нь түүний удирдаж буй салбарт ажилладаг. Та бидний сайн мэдэх “Бургер Кинг” тэргүүтэй олон төсөл, франчайзыг цаасан дээр байхаас нь эхлээд Монголын хөрсөн дээр амжилттай нутагшуулахын сацуу үндэсний сүлжээ дэлгүүр “М-МАРТ”-ийг цоо шинэ өнгө төрхөөр зах зээлд нэвтрүүлсэн түүний ажлын арга барилтай танилцъя.
Байршил: Улаанбаатар хот, Монгол Улс
Эрхэлдэг ажил: “Макс Групп"-ийн худалдаа, аялал жуулчлалын бизнес хариуцсан захирал
Хэрэглэдэг компьютер: Dell XPS, Dell PC
Хэрэглэдэг гар утас: Samsung S23 Ultra
Сошиал хуудас: Sukhbold S

1. ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ЗАМНАЛААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Дунд сургуулиа төгссөнийхөө дараа их сургуульд шууд элсэхийн оронд хэсэг хугацаанд ажил хийж үзмээр санагдаад 18 настай хүүхэд "БиДиСек ҮЦК" ХК дээр явж очоод “Танайд дадлага хийж болох уу?” гэж хүсэлт тавьж байлаа. Англи хэлэндээ сайн байсан тул хүсэлтийг маань нааштай хүлээн авч, хагас жил орчим орчуулагчаар ажиллах хугацаандаа ажлын орчин хийгээд компани ер нь хэрхэн ажилладаг тухай анхны төсөөллийг тэндээс олж авч байсан юм. Одоогийнхоор бол “Gap Year” завсарласан жил авсан юм уу даа. Эргээд харахад тэр завсарлага авсан жил хойшдоо ямар чиглэлээр суралцах шийдвэрт томоохон нөлөө үзүүлж дээ гэж боддог.
Хойтон жил нь АНУ-ын Миссури мужийн “Lindenwood University”-д элсэн орж, “Business Administration Emphasis in Finance” мэргэжлээр төгссөн. Одоо “Harvard Business School”-ийн “Owners/President Management” хөтөлбөрт мөн хамрагдаад явж байна.
Төгссөнийхөө дараа гурав орчим жил “Best Buy, Hilton” компаниудад мэргэжлийнхээ дагуу ажилласан туршлагатай. Эх орондоо эргэж ирмэгцээ орсон анхны албан ёсны ажил, НДШ төлж эхэлсэн байгууллага маань “Макс Групп”. Үүнээс хойш яг арван жил өнгөрсөн байна.
Энэ арван жилийн хугацаанд “Борлуулалт, маркетингийн алба”-ны даргаас эхлээд группийн “Маркетингийн алба”-ны аxлаx, “Стратеги хариуцсан захирал”, “Маркетинг борлуулалтын газар”-ын захирлаар тус тус дэвшин ажиллаж, одоогийн байдлаар “Макс Групп”-ийн Худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын кластерт багтах компаниудыг бодлогын түвшинд хариуцан ажиллаж байна. Мөн “Сүү” ХК-ийн ТУЗ-ийн гишүүний албан тушаалыг давхар хашдаг.
“Макс Групп” анх 1992 онд импортын болон худалдаа, үйлчилгээгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар хүнсний үйлдвэрлэл, барилга, зам, дэд бүтэц, инженеринг, уул уурхай, хүнд үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний бизнесээр өргөжин тэлж, өдгөө 16 охин болон хараат, хөрөнгө оруулалттай компанитай болсон байна.
Байгууллагын засаглалын тогтолцооны тухайд бид охин компаниудаа “Худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал”, “Сүү, сүүн бүтээгдэхүүн”, “Уул уурхай хүнд үйлдвэрлэл”, “Дэд бүтэц, барилга угсралт” гэсэн үндсэн дөрвөн кластерт хуваадаг. Групп даяар эдгээр дөрвөн кластерт 4500 хүн ажиллаж байгаагийн тал хувь нь миний хариуцаж буй “Худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал”-ын кластерт хамаарч байна.
Тодруулбал, манай кластерт “Рамада”, “Холидэй Инн” олон улсын зочид буудлын сүлжээ, үндэсний сүлжээ дэлгүүр “М-Март”, “Бургер Кинг”, “Nама Eatery” зэрэг түргэн хоолны сүлжээ, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн “Макс Эксим” ХХК зэрэг нийтдээ зургаан компани багтдаг.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Ойрын жилүүдэд илүү удирдах зөвлөлийн буюу бодлогын түвшинд ажиллаж байна.
Өдөр тутамдаа группийн кластер компаниудын Гүйцэтгэх захирлуудтай санал солилцож, ТУЗ-ийн хурлуудад оролцдог учраас голдуу нэг хурлаас нөгөө уулзалт руу явсаар ажлын цаг дуусчих нь олонтоо. Ажлын цагаар төвлөрч суух цаг барагтай бол гардаггүй тул яг төвлөрч сууx ажлаа өглөө ажил эхлэхийн өмнө, эсвэл оройн цагаар төлөвлөдөг.
Зарим хүмүүс өөрийгөө өглөөний болжмор эсвэл шөнийн шар шувуу гэж тодорхойлдог ч миний хувьд хүн аль ч цаг үед хүн өөрийнхөө тархийг ажиллуулж чаддаг байх ёстой гэсэн зарчимтай.
3. ТАНЫ АЖЛЫН АРГА БАРИЛ?
Ажлынхандаа “Намайг захирал гэж харахаас илүү архитектор гэж хар. Надад асуудлаа ярь, би тэр асуудлыг шийдэх систем угсрахад чинь тусалъя” гэж хэлдэг юм.
Систем угсрах бол бодлого тодорхойлох түвшинд ажиллаж байгаа мэргэжилтний хамгийн чухал чадвар. Өдөр тутмын асуудал хэзээ ч дуусахгүй. Асуудал нэг бүрийн араас гүйсээр байвал хүрэхээр тэмүүлж буй зорилгоо том зургаар нь харж чадахаа болих эрсдэлтэй. Тэгэхээр асуудлыг шийдэхийн тулд зайлшгүй систем угсрах шаардлагатай болж байгаа хэрэг. Системтэй шийдэл гаргаж байж энэ экосистемд ажиллаж байгаа 2000 хүний асуудлыг дэс дараатай шийдэх боломжтой, нэг гарсан асуудал дахин давтагдах магадлал нь ч буурна.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Ажлын хувьд манайх “Microsoft Teams”, “Microsoft Office”-ийн бүх программуудыг ашигладаг. Мэдээлэл авах зорилгоор “Viber”, “Telegram” дээр өөрийн сонирхдог медиа сувгуудаа дагачихвал чанартай мэдээллийг цаг алдалгүй авах давуу талтай.
Ажлаас гадуур гэвэл арилжааны сонирхлоороо “Binance”-д нэлээд цаг зарцуулна шүү.


5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Яг одоо эрхэлж буй ажилтайгаа холбовол асуудлын уг суурийг зөв танин мэдэх юм болов уу. Үүнээс хамаараад шийдэл гарна. Мөн Эйзенхауэр матрицын аргаар ажлынхаа эрэмбийг тогтоодог нь миний амьдралын энгийн дадал болчихсон гэхэд болно.
Байгууллага дээр тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхдээ өмнө нь томоохон группүүд дээр тулгарч байсан бодит кейсүүдийг багтаасан гарын авлагуудыг сайтар уншиж судална. Иймэрхүү бэлэн материалууд бол асуудал шийдэхэд туслах, бэлээхэн хайрцагтай багаж л гэсэн үг. Өөрөө бүхнийг хийх гэж цаг алдахын оронд бэлэн багаж хэрэгсэл юу байна, бүгдийг л ашиглах ёстой.
Улаанбаатар хотод цаг хэмнэх шалгарсан арга бол алхах. Салбар компаниудын оффис хоорондоо ойрхон тул алхаад явчих нь амар байдаг.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
“Макс Групп” 2032 онд Монгол Улсын ДНБ-ийн 5%-ийг дангаар бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ зорилгодоо уялдуулаад гурваас таван жилээр ерөнхий бизнес төлөвлөлтөө гаргана.
Олон салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудыг нэгтгэн удирдаж байгаа тул багаа зөв удирдах ёстой. Энэ хүмүүстэйгээ хамтраад маш дэлгэрэнгүй төлөвлөгөө гаргана. Сайн төлөвлөгөө хүрэх цэгийг тодорхой болгоно хэмээх үг байдаг шүү дээ.
Хувь хүнийхээ тухайд амьдралаа арван жилээр нь төлөвлөдөг. Өнөөдрийн байгаа би бол арван жилийн өмнөх миний төлөвлөгөө гэсэн үг. Арван жилийн дараа хүрэх цэгийнхээ дүр зургийг толгой дотроо бий болгоод үүнийхээ төлөө цаг хугацаа, хичээл зүтгэлээ зарцуулаад ажилладаг.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
“Transcendental Meditation”-ийг сүүлийн арав гаруй жилийн турш сонирхон судалж, бясалгалын тусламжтай тархиа болон биеэ амраадаг дадал болсон. Хүмүүс бясалгал хийнэ гэхээр хэнтэй ч, юу ч ярихгүй, хана ширтээд сууна гэж буруу ойлгох нь элбэг. Хүмүүстэй сайхан яриа өрнүүлэх ч нэг талдаа бясалгал болох нь бий.
Мөн ажилтнууд дундаа “workshop” орж, харилцан ярилцах үедээ сэргээд ирдэг шүү. Би ер нь байгаа мэдээллээ бусад дамжуулах, эргээд бусад хүмүүсийн өөр өнцөг, санал шүүмжийг сонсох дуртай төрлийн хүн юм билээ.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Үндсэн ажлаас гадна олон стартап бизнесүүдэд оролцоотой ажиллаж байна. Мөн улс нийгэм эдийн засгийн дэм болоx ТББ-ийн төсөл оролцоx сонирxолтой байдаг. Жишээ нь нөxдийн хамт малчдын болон орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих дундын хоршоог Монгол орон даяар байгуулах гол зорилготой төсөлд оролцоотой ажилладаг. Эдгээр хоршоонууд эхнээсээ ашиглалтад орвол малчид өөрсдийн бүтээгдэхүүнээ худалдаалах нийлүүлэлтийн гинжин хэлxээ бий болгоxоос гадна нөгөө талдаа хоорондоо уулзаж нийгэмшиx гээд цөөнгүй давуу талтай юм. Мөн сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулааны асуудлаа шийдэх тул дэд бүтцийн хувьд ч асуудалгүй.
Манай “Сүү” ХК-ийн жишээн дээр гэхэд одоогийн байдлаар “тээвэр логистик”-ийн асуудлаас шалтгаалан зөвхөн Төв аймаг, Батсүмбэр сум орчмын 2500 гаруй малчдаас сүүгээ татан авдаг. Хэрэв сумуудад иймэрхүү хоршоонууд олноороо байгуулагдвал малчдынхаа бэлтгэсэн сүү, сүүн бүтээгдэхүүнийг бид илүү өргөн хүрээнд татан авах боломжтой болно.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Франчайз бизнес өнгөн талдаа “copy, paste” буюу хуулаад л хийгээд л болчих, амар ажил мэт харагддаг байж мэдэх юм. Бэрхшээл болгоныг нэг бүрчлэн тоочоод байх нь утгагүй ч хөшигний ард маш олон асуудал бий.
Хоёр орны хоорондох худалдааны санкц, франчайз эзэмшигчийн стандартыг хангасан бүтээгдэхүүний татан авалтын сүлжээ гээд асуудал тоочвол дуусашгүй. Гэхдээ энэ бүхний дундаас хамгийн сорилттой нь хэрэглэгчийн зан төлөв байсан. Сүүлийн арав гаруй жилийн турш манай улсад нутагшсан олон франчайзуудыг дагаад ахуйн стандартууд ч шинэчлэгдэж, хэрэглэгчид маань зөвхөн бүтээгдэхүүн худалдан авах биш, шинэ соёлд суралцаж байгааг харахад таатай байдаг.
Худалдаа, аялал жуулчлал, үйлчилгээний бизнес бол манай улсын эдийн засгийг бүрдүүлж буй томоохон салбар. Эдийн засгийг тогтвортой байлгахын тулд ажиллах хүчний дийлэнх хэсэг нь ажиллаж буй эдгээр салбарын ажлын байр тасралтгүй өсөх ёстой. Манай группийн хувьд ч олон мянган ажлын байр бий болгох хүсэл байгаа боловч нөгөө талдаа хүний нөөцийн хомсдол гэдэг томоохон асуудалтай нүүр тулаад байна. Одоогоор толгой гашилгаж буй хамгийн том бэрхшээл гэвэл хүний нөөцийн асуудал л байна даа.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
32 гаруй жилийн өмнө “Макс Групп" хүнсний худалдааны анхны сүлжээ дэлгүүрээ нээж байсан түүхтэй. Бид 2018 оноос сүлжээ дэлгүүрээ орчин үеийн амьдралын хэв маягт тохирсон шинэ концепцоор дахин хэрэглэгчдэдээ танилцуулж, “Танай хөрш” уриатайгаар “M-Март” дэлгүүрээ үндэсний сүлжээ дэлгүүр болгох зорилготой ажиллаж байгаа юм.
Зах зээл дээрх ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй өрсөлдөгчид маань бүгд эн тэнцүүхэн хүчтэй тул “M-Март”-ийн төсөл дээр сүүлийн үед нэлээн төвлөрч байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод “M-Март”-ийн 24 салбар үйл ажиллагаа явуулж буй бөгөөд ойрын хугацаанд энэ тоог 50 салбарт хүргэхээр зорьсон.
Мөн зөвxөн франчайз нутагшуулаx гэxээс илүүтэйгээр олон улсын стандартад нийцсэн үндэсний франчайз түргэн хоолны сүлжээг хөгжүүлэx зорилготой байна. Туxайн салбар дахь шинэхэн тоглогч болох “Nама Eatery” сүлжээгээ ойрын хугацаанд зах зээлийн том тоглогч болгох ажил дээр ажиллаж байна. Түүнчлэн зөвxөн салбар төвтэй бизнес гэxээс илүүтэйгээр 4PL дистрбишн төвийг бий болгоxоор зорин ажиллаж байна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Их сургуульд хэрэглэж байсан сурах бичгүүдээ одоог хүртэл ширээний номоо болгоод ашигладаг. Түүнээс гадна шинээр гарч буй бүх л менежментийн гарын авлагуудыг уншиж, бизнестэй холбоотой бодит кейсүүдийг шийдвэрлэсэн схемүүдийг судална.
Товчхондоо бол уншиж, судлах, харьцуулах, олж авсан мэдээллээ нэгтгэх замаар суралцдаг төрлийн хүн.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?
Голдуу ажил, мэргэжилтэй холбоотой номууд уншдаг. Ажлаас гадуур гэвэл Рэй Далиогийн "Principles for Dealing with the Changing World Order: Why Nations Succeed and Fail” бүтээлийг санал болгоё.
Дэлхийн хүчирхэг гүрнүүдийн түүхэн дэх өсөлт, уналтын хэв маягийг судалсны үндсэн дээр бичсэн уг бүтээлийг уншаад өнөөгийн дэлхийн нөхцөл байдал ялангуяа БНХАУ-ын үсрэнгүй өсөлт, дэлxийн шинэ дэг гээд геополитикийн тухай нэлээд өргөн мэдээлэлтэй болно шүү.
Мөн Преш Талвалкарийн “The Joy of Game Theory: An Introduction to Strategic Thinking”-ийг сонирхоод үзэхэд гэмгүй. Game Theory буюу Тоглоомын онолыг шийдвэр гаргах түвшинд хэрхэн ашиглах тухай тун сонирхолтой бүтээл. Математикийн олон онолуудыг бодит амьдралд ашиглаxад зориулсан жишээ олон байдаг бөгөөд тарxиа рационал чиглэлээр нь илүү ашиглаж тоглоомын дүрмийг бий болгоxод дэмтэй ном гэж ойлгож болно.
Кино гэвэл “12 Angry Men” яахын аргагүй бүх цаг үеийн хамгийн “шедевр” бүтээл. Шударга чанар, тууштай байдал, юмыг эргэцүүлэх чадвар ямар чухал гэдгийг харуулсан энэ киног үзэх болгондоо л нэг шинэ өнцөг олж хардаг.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Хүний бодол хүчтэй. Тэгэхээр бодлоо удирдаж сурах хэрэгтэй гэдэг дээр 100 хувь санал нэгддэг. Аливаа буруу бодлыг бодоx боломж өгөxгүй таслаж байx. Бусдын төлөө гэx бодол бүр зөв зүйлд хөтөлдөг. Мөн аливааг хэт ургуулан төсөөлж, бодлынхоо боол нь битгий болоорой гэх зөвлөгөөг байнга санаж явдаг.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Зөвхөн ажил ч гэлтгүй амьдралынхаа бүхий л талбарт эзний сэтгэлгээгээр хандаж байгаарай. Ийм сэтгэлгээтэй хүмүүс л цаасан дээр байгаа төслийг бодит болгож, ажлын ард гарч чаддаг юм шиг анзаарагддаг.
“Хүнд ажил хийж өгч байна” гэдэг бодлоор ажлын байрны тодорхойлолт дотроо хязгаарлагдаж ажиллавал урт хугацаандаа урагшилж, хөгжиж чадахгүй нь хатуу үнэн юм. Ийм сэтгэлээр ажиллавал системийн нэг араа байсаар л дуусна. Харин арааг эргүүлдэг систем болохын тулд түүнээс давж л сэтгэх хэрэгтэй. Хүн бүр удирдагч, манлайлагч байх албагүй. Гэхдээ аливааг хийж бүтээе гэж зорьж байгаа залуус маань хийж байгаа ажил бүрдээ өөриймсөг сэтгэлтэй байгаасай л гэж хүсдэг дээ. Одоо байгаа нөхцөл байдлаараа ирээдүйн өөрийнхөө боломж, нөөцийг бүү хэмжээрэй гэж мөн захья.


Сэтгэгдэл бичих (2)


З Зочин 2024.09.23 202.70.34.89
Маш уншууртай, авууштай нийтлэл болсон байна. Хүний нөөцийн асар их хөдөлгөөн ихтэй салбарыг удирдан гэдэг том ачаа шүү
Б Баярболд 2024.09.19 202.131.248.131
Сүхболд захиралд амжилт хүсье хэд хэдэн төсөл дээр хамтарч ажиллаж байсан ажил явуулдаг сайн менежер санагддаг