Өнөөдрийн дугаартаа бид Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд олон жил ажиллаж, арвин туршлага хуримтлуулсан мэргэжилтэн Г.Ууганбаярыг урилаа. Тэрээр нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлын удирдлагын системийг сайжруулах, эмнэлгийн орчны тохижилтыг шинэчлэх зэрэг олон чухал төслийг амжилттай хэрэгжүүлж, бодлогын түвшинд үр дүнтэй ажиллаж ирсэн туршлагатай удирдагч юм.
Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд Авто Худалдааны цогцолборт менежментийн амжилттай арга барил нэвтрүүлж, бүх талбайн ашиглалтыг 100 хувьд хүргэн, өөрийгөө чадварлаг менежер гэдгээ батлан харуулсан билээ.
Байршил: Улаанбаатар хот, Монгол Улс
Эрхэлдэг ажил: Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны дэд тэргүүн
Хэрэглэдэг гар утас: iPhone 15 Pro Max
Хэрэглэдэг компьютер: MacBook Pro
Сошиал хуудсууд:
Uuganbayar Gantumur / Гантөмөрийн Ууганбаяр (Фейсбүүк), uuganbayar.gantumur (Инстаграм), Uuganbayar Gantumur (X)
1. ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ЗАМНАЛААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Аав минь Завхан аймгийн Яруу сум, ээж минь Завхан аймгийн Алдархаан сумын хүмүүс байдаг. Намайг сургуульд ордог жил манай гэр бүл Улаанбаатар хотод суурьшиж, хотын айл болсон түүхтэй. Мэргэжил сонголтын тухайд МУИС-ийн ХЗС-ийг 2012 онд эрх зүйч мэргэжлээр төгсөж, ажлын гараагаа СХД-ийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаас эхлүүлэх боломж надад олдсон юм.
Ажлаа гарын арван хуруу шигээ мэддэг, ард иргэдтэйгээ ойрхон ажилладаг хамт олныхоо дэмжлэгтэйгээр СХД-тээ үр дүнтэй бодлого хэрэгжүүлсэн гэж боддог. Дөрвөн жилийн дараа буюу 2016 онд Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга болсон. Тэр үеэс эхлэн одоог хүртэл нийслэл хотынхоо иргэдийн өмнө тулгамддаг олон асуудалтай нүүр тулж ажиллажээ. Тухайлбал,
1. Хотыг цэцэрлэгжүүлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх талаар
Жилийн дөрвөн улиралд мөнх ногоон байдаг 11,491 ширхэг нарс модыг Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын ой хээрийн түймэр, өндөр хүчдэлийн зурвасаас шилжүүлэн суулгаж, усалгаа, дусал залгалт, шим тэжээл, бордоогоор тогтмол арчилгаа хийж, үр дүнд нь ургалтыг 98 хувьд хүргэсэн.
Түүнчлэн 1,520,149.5 м.кв талбайг зүлэгжүүлэн, нийслэл хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайг 1.3-аас 5.6 м.кв хүртэл гурав дахин нэмэгдүүлсэн билээ. Хамгийн чухал нь мод бүрийг тусдаа паспорттой болгож, бүртгэлжүүлснээр модны нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлж чадсан явдал.
2. Тохижилтын ажлын чиглэлээр
Эмнэлгийн гадна орчны ая тухтай нөхцөлийг бий болгох зорилгоор 23 эмнэлгийн гаднах зам талбайг хатуу хучилттай авто зогсоол, орц гарц, гэрэлтүүлэг, ус зайлуулах шугам, тэмдэг тэмдэглэгээ, ногоон байгууламж, сандал сүүдрэвч, хогийн сав бүхий орчинтой, иж бүрэн тохижилт хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх гадаад орчныг бүрдүүлж өгсөн нь сүүлийн 30 жил хийгдээгүй бүтээн байгуулалтын ажил болж олон хүний талархлыг хүлээж байлаа.
3. Хог хаягдлын чиглэлээр
Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн найман га, Цагаандаваагийн төвлөрсөн хогийн цэгийн дөрвөн га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг анх удаа хийсэн. Мөн орон нутгийн хөгжлийн 8.9 тэрбум төгрөгөөр 44 хог тээврийн машинаар парк шинэчлэлт хийж хогийг эх үүсвэр дээр нь ангилан ялган тээвэрлэх ажлыг эхлүүлсэн.
2020 оны сүүлээс Баянзүрх дүүргийн Монгол Ардын намын дэд дарга, 2021 оноос Авто Худалдааны цогцолборын ТУЗ-ийн гишүүн, ирэх жилээс нь ТУЗ-ийн даргаар тус тус ажилласан туршлагатай. Хөдөөнөөс автомашин авахаар ирж буй иргэд хотын түгжрэлд орохгүйгээр сонголтоо хийх боломжтой гэдгээрээ Авто Худалдааны цогцолбор маань онцлогтой.
300 автомашин худалдаалдаг байсан бол одоо 3500 автомашины төрөлжсөн худалдаатай, автомашинтай холбоотой цогц үйлчилгээ үзүүлдэг, зүүн дөрвөн аймгаас бусад 17 аймгийн, Улаанбаатар хотын ард иргэд маань автомашинтай холбоотой бүхий л үйлчилгээг авдаг томоохон төв болж чадсан. 1.2 тэрбум төгрөгийн өртэй байсан бол менежментийн өөрчлөлт хийснээр өрөө дарж, ажилчдын цалингаа нэмж чадсан.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Манайх 3, 7, 10 насны гурван хүүхэдтэй айл. Өглөө бол хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөхөөс эхэлнэ. Ажилд орсноосоо хойш ер нь л ажлын зургаан өдөр ажилласаар дасчихжээ. Ачаалалтай бол амралтгүй ажиллах үе ч бишгүй. Хот, нийтийн аж ахуйн онцлог нь бичиг цаас, бодлого төлөвлөлтөөс гадна бодит нөхцөл байдалтай дор бүр нь танилцаж, тойрч байж л гараас гардаг ажил. Нийслэлд ажиллаж байх үедээ амралтын хоёр өдөр хотыг нэг захаас нь нөгөө зах руу бүтэн тойроод л дуусгачихдаг байлаа.
3. ТАНЫ АЖЛЫН АРГА БАРИЛ?
Нийслэлд ажилладаг байх үед эзэнгүй нохой муурын устгалаас эхлээд оршуулгын газрын зохицуулалт гээд маш олон байгууллагыг хариуцаж байсан. Хамгийн анхан шатны ажилтнаас авхуулаад шат шатны мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, тэр бүрдээ ажлынх нь онцлог, бэрхшээлийг нь ойлгохгүй бол болохгүй.
Тиймээс албан болон албан бус харилцааг зөв хослуулж, тэнцвэртэй барихыг хичээдэг. Бүх зүйлсийг хатуу дүрэм журмаар шийдэх бус хүн хоорондын харилцааг сайжруулснаар хүмүүсийг сэдэлжүүлж, багаар ажиллах боломжтой гэж боддог төрлийн хүн.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Google Calendar-ийг хувийн туслах шигээ л ашиглана. Хувь, хувьсгалын бүх ажлаа calendar дээрээ нэг бүрчлэн тэмдэглэдэг дадалтай.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Сайтар унтаж амрах, чанартай нойр авах. Ажлын бүтээмж, чанартай нойр хоорондоо салшгүй холбоотой. Мөн унтахаасаа өмнө тухайн өдрийн ажлын төлөвлөгөөгөө эргэн нэг хараад дуусгаж амжаагүй ажлаа маргааш руу шилжүүлэх зэргээр төлөвлөлтдөө таваас арван минут зарцуулдаг. Ингээд хэвшчихвэл өглөө сэрмэгцээ өнөөдөр ямар ажлууд нугалах нь тодорхой, тун амар.
Гэртээ бол аль болох олон ажлыг давхар амжуулж, эхнэрийнхээ ачаанаас хөнгөлөхийг хичээдэг. Хоол хийх үедээ хувцсаа угаалгын машин руугаа хийгээд эргүүлж байх жишээтэй. Нэг гэр бүлийн хүмүүст тус тусын 24 цаг гэхээс илүүтэй нийлээд 48 цаг гэж бий. Хэрэв би гэрийнхээ ажлаас сайн нугалж чадвал эхнэрт маань өөртөө зарцуулах цаг гарна шүү дээ.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Оюутан ахуй цагаасаа одоог хүртэл бүх ажлаа нэгд нэгэнгүй тэмдэглэж, гараар бичиж хэвшсэн. Дуусгасан дэвтэр тоогоо алдсан гэхэд хилсдэхгүй. Монголчуудын маань нийтлэг нэг дутагдалтай зан чанар нь аливаа хурал, уулзалтан дээр гарсан шийдвэрүүдийг тэмдэглэж авдаггүй явдал.
Нэг үүрэг даалгавар өглөө гэхэд удирдлага нь ч тэр, мэргэжилтэн нь ч тэр төд удалгүй өнөөхөө мартчихдаг. Хурал дээр гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, араас нь шахаж шаардахгүй бол тэр хуралдсан цаг хугацаа өөрөө үнэ цэнгүй болоод хувирчихаж байгаа хэрэг. Тиймээс төлөвлөх, зөвхөн төлөвлөөд орхих биш араас нь шантралгүй хөөцөлдөж байж монголын нөхцөлд ажлын ард гарна шүү.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Ууланд тогтмол гарах. Уулын орой дээр гарах үед дотор уужирч, бодол цэлмээд л нэг төрлийн стресс тайлах амралт юм болов уу.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Би 2020 оноос Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа. Манай нийслэл нэг сая давсан иргэдтэй, метрополитан хотын хувьд хогоо ангилах, ялгах нэгдсэн системтэй болох цаг хэдийн ирсэн. Япон, Солонгос гээд бидний эргэн тойронд хаягдлаа хөрөнгө болгож, хүрээлэн буй орчноо хамгаалж буй бэлээхэн жишээ олон бий.
Өдгөө нийслэлд амьдарч буй 465 мянган өрхийн тал хувь нь нийтийн орон сууцанд аж төрж байна. Эдгээр өрхийн нэг өдөрт гаргаж хаяж буй хогны 40-50 хувь нь дахин боловсруулах боломжтой хаягдал байдаг гэх судалгааны дүн бий. Гэвч бодит амьдрал дээр бид ердөө есөн хувийг нь л дөнгөн данган ангилж, үлдсэнийг нь газрын хөрсөндөө булж орхидог нь туйлын харамсалтай.
Манай улсад сүүлийн жилүүдэд хуванцар болон хаягдал цаас дахин боловсруулах үйлдвэрүүдийн тоо нэмэгдэж байгаа ч түүхий эд болох хаягдал хуванцар, цаасны олдоц, хангамж хүрдэггүй болохыг албаны эх сурвалжууд онцолж байгаа юм. Тэгэхээр энэ эргэлтийг оновчтой системчилж чадвал бид хаягдлаа нийлүүлж ачаад байгальд булшилж буй явдлыг зогсоож чадна.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Саяхан том хүүтэйгээ алхаж явтал хүүгээ нялх байхад нь тарьсан моднуудтайгаа таарсан юм. Аавынх нь тарьсан мод, цэцэрлэгжүүлэлтийн ажил энэ шүү дээ гэж хүүдээ хэлэх бахдалтай сайхан санагдсан. Хотод ажиллахын хамгийн сайхан нь хийж бүтээсэн зүйлс маань нүдэн дээр илхэн.
Бэрхшээлтэй талын тухайд боловсон хүчингийн хангалтгүй байдлаас эхлээд олон асуудал бий. Улаанбаатар хотын хувьд өнгөрсөн 30 жилийн хугацаанд хангалттай төсөвгүй байсан. Харин өнгөрсөн жил шинэ хууль батлагдаж, нийслэл өөрсдийн орлогоо бие даан захиран зарцуулах болсон тул хууль зүйн хүрээнд гацаад байсан томоохон төслүүд хэрэгжиж эхлэх боломжтой болсон. Тиймээс ойрын хугацаанд нийслэлд томоохон өөрчлөлт, бүтээн байгуулалтын ажлууд өрнөх нь гарцаагүй.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Дээр хэлсэнчлэн хог хаягдлыг ангилан ялгах чиглэлийн төслүүдийг бодит ажил болгохын төлөө ажлууд дээр төвлөрөн ажиллаж байна.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Олон хүнтэй харилцдаг учраас харилцаан дундаас шинээр олон зүйлсийг суралцдаг. Хүний мэдлэг, ур чадвар асар хурдтай шинэчлэгдэж, хиймэл оюун ухаантай хоршин ажиллах шаардлагатай болсон энэ цаг үед өөрийгөө байнга хөгжүүлэх нь зайлшгүй шаардлага болон хувирчхаж. Гадаад мэдээний чанартай эх сурвалжуудыг дагаж цаг үеийн мэдээллээс хоцрохгүй байхыг хичээдэг.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?
Их Монгол Улсын байлдан дагуулалтын үеийн түүхийг өгүүлэх бүтээлүүдийг шимтэн унших дуртай. Хөгжмийн хувьд өөрийгөө шаггүй мэдрэмжтэй гэж боддог шүү. Би дунд сургуульдаа олон жилийн турш монгол бүжгээр хичээллэсэн. Улаанбаатар хотод бол гарч үзээгүй тайз гэж үлдээгүй. Сүүлийн үед ажлын стрессээ тайлах зорилгоор Н.Жанцанноров, Д.Лувсаншарав гээд монголынхоо алдартай зохиолчдын аязыг ихэвчлэн сонсож байна.
Кино гэвэл Денис Вильнев найруулагчийн “Dune” цуврал бүтээлийг санал болгоё. Шинжлэх ухаан, уран зөгнөл, стратеги, эрх мэдлийн төлөөх тэмцлийг гайхалтай хослуулсан бүтээл.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Миний хамгийн том шүүмжлэгч, зөвлөгч бол манай эхнэр. Эхнэр маань маш мэдрэмжтэй бүсгүй тул хувцаслалтаас эхлээд хоол хүнс, дасгал хөдөлгөөн гээд амьдралын олон эерэг дадлыг бүтээхэд надад алхам тутамд тусалдаг нэгэн. Бид хоёр энэ олон жилийн турш нэгнийхээ дутууг нөхсөөр өөрсдийнхөө илүү сайн хувилбарыг бүтээхэд хоёр биедээ тусалсан гэж боддог юм.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Ажил амьдрал бүхий л зүйлээ тэмдэглэж заншаарай. Тэмдэглэсэн зүйлсээ оройдоо эргэж хараад хэвшвээс олон ажлын дунд түүртэхгүй, амар байх болно шүү.