Монголд хүний эрх, жендэрийн тэгш бус байдлын талаарх ойлголтыг залууст илүү ойлгомжтой хүргэхийн төлөө 12 дахь жилдээ идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын үүсгэн байгуулагчдын нэг, зөвлөх Б.Золзаяа бидний энэ удаагийн зочин.

“Үтрээний хүүрнэл” жүжгээс авахуулаад “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллын хөтөлбөр” гээд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш далайцтай олон нийгмийн аян, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж буй энэхүү бүтээлч хамт олон өдгөө 1000 гаруй гишүүнтэй, нийгэмдээ тодорхой хэмжээнд нөлөөлж чадахуйц коммьюнити болж чаджээ.

Мелбурнийн Их Сургуульд Хөгжил Судлалын чиглэлээр магистрын чиглэлээр суралцаж, улмаар энэ жил Дэлхийн Эдийн засгийн Форумаас сонгогдсон Дэлхийн залуу манлайлагчид (YGL) хөтөлбөрт Ази тивийг төлөөлөн сонгогдсон тэрээр чөлөөт цагаараа Big Sistas Comedy Crew-д комедиан хийж, хүний эрх, тэгш бус байдлын талаарх ойлголтыг хөнгөхөн ёжлолоор үзэгчдэд хүргэдэг тун сонирхолтой амьдралын хэв маяг, ажлын нөү-хаутай нэгэн юм.

Сонирхуулахад, бид энэхүү ярилцлагыг өнгөрсөн сард зохиогдсон "Playtime" наадам дээр үзэгчдийн хамт эхлүүлж, дөнгөж өчигдөрхөн түүний ажлын өрөөнд дуусгасан билээ.



Байршил: СБД, 1-р хороо, Union building
Эрхэлдэг ажил: “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд" ТББ-ын үүсгэн байгуулагч
Хэрэглэдэг гар утас: iPhone X
Хэрэглэдэг компьютер: Mac Air
Сошиал хуудсууд: Zola Zolzaya Batkhuyag (Фэйсбүүк)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Эзэмшсэн мэргэжлийн тухайд гэвэл би Их засаг их сургуулийн Хууль зүйн сургуулийг хуульч, эрх зүйчээр төгссөн. Хүний амьдралд цаашдын хийж бүтээх үйл хэргийг нь тодорхойлсон, “амьдралын эргэх цэг” гэж байдаг даа. Миний хувьд тэр эргэх цэг нь 2008 оны долоодугаар сарын нэгний өдөр байж таарсан юм. Тухайн үед би Улаанбаатар зочид буудалд мэргэжлийнхээ дагуу ажиллаж байсан учраас, ажлынхаа цонхоор ерөнхийдөө болсон үйл явдлыг нүдээр гэрчлэн харж таарсан хэрэг. Тэр өдөр иргэд, тэр дундаа залуус эвлэлдэн нэгдэж, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэхийн сацуу сонгуулийн шударга бус байдалтай тэмцсэнийхээ төлөө баривчлагдсан гашуун түүх бий. Угтаа анх цуглаан эхлэхдээ сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн тайван жагсаал байснаа гэнэтхэн тодорхой зорилго бүхий хүмүүс үймээн самуун болгож хаясны уршгаар таван хүний амь нас үрэгдэж, 800 гаруй залуус баривчлагдан, зарим нь ял хүртэл авсан шүү дээ.

Долоодугаар сарын нэгний өдөр болсон үйл явдал цаашдаа хүний эрхийн байгууллагыг сонгоход надад маш хүчтэй нөлөөлсөн. Тэр өдрийн маргаашаас нь эхлэн би хүний эрхийн мониторингийн судалгааны сайн дурын багт орж ажиллаад улмаар бизнесийн талбараас гарч хүний эрхийн байгууллагад орсон түүхтэй. Түүнээс хойш энэ салбарт тасралтгүй 14 жил ажиллаж байна. Улмаар Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт сонгогдон дэлхийд нэр хүндтэй Мелбурнийн Их Сургуульд Хөгжил Судлалын чиглэлээр магистрын чиглэлээр суралцаж, 2020 онд амжилттай төгссөн нь амьдралд маань тохиосон онцгой, чухал үйл явдлуудын нэг.

“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ маань байгуулагдсан цагаасаа эхлэн жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийн эсрэг, түүнчлэн шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн тэнцвэрт байдлын төлөө, мөн ардчилал дахь залуусын улс төрийн бодит оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Түүнчлэн бид хүний эрх, жендэрийн чиглэлийн үйл ажиллагааг залууст хэрхэн илүү сонирхолтой, илүү бүтээлч, илүү урлаглаг хүргэх вэ гэдэг дээр онцгой анхаардаг. Тэр ч утгаараа манай байгууллагын хамгийн эхний төсөл зохиолч Ийв Энслерийн “Үтрээний хүүрнэл” жүжиг байсан.

Товчхондоо, одоог хүртэлх миний карьераас хамгийн онцлох, бахархууштай хэсэг нь хүний эрх, жендэрийн талаар ойлголттой хамт олныг бүтээж чадсан явдал маань юм болов уу.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ? 

Хүний эрх, жендэрийн талаарх ойлголтыг хүмүүст олон төрлийн арга замаар түгээхийг эрмэлздэг. Тиймдээ ч сургалт, судалгаа, тэр бүү хэл комеди гээд төрөл бүрийн ажил хийнэ.

Жирийн өдрүүдэд өглөөний цагаар төвлөрч суух ёстой төслүүддээ анхаарлаа хандуулж, өдөр нь сургалт зохион байгуулах, хичээл орох гэх мэт олон нийттэй харилцах ажлуудаа нугалсныхаа дараа орой нь комеди гэх мэт чөлөөт байдлаар өөрийнхөө хийж буй ажлын гол мессэжийг хүргэхээр зорино. Юу юуны түрүүнд ажлаа дурлаж, хүсэж хийхийг зорьдог. Иргэний нийгмийн байгууллага гэдэг сэтгэлийн дуудлага байж гэмээнэ хийдэг ажил учраас өдөр шөнөгүй ажиллах үедээ ч ажлаасаа төвөгшөөх тохиолдол харьцангуй бага.



3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ? 

Иргэний нийгмийн байгууллага есөөс зургаагийн хоорондох цагийн ажилтай адилгүй. Зарим өдөр харьцангуй цаг завтай байхад хариуцаж авсан төслийн эцсийн хугацаа тулсан үед уйлаад л хэдэн өдөр дараалан шөнөжин ажиллах жишээтэй. Ерөнхийдөө би цагийн менежмент тал дээр хүмүүст үлгэр жишээ болохуйц хүн огтхон ч биш ээ. Чөлөөтэй ажилладаг. Ажиллах үедээ бол өдөржин, шөнөжин сууж чадна.

Харин дурласан салбар, үнэт зүйлийнхээ төлөө тууштай зүтгэх тал дээр бол хүмүүст бага зэрэг ч болов үлгэр жишээ болж магад. Манай салбарын нэг давуу тал нь айхтар өндөр цалин хөлс авдаггүй ч гэсэн дэлхий даяарх иргэний нийгмийн байгууллагаас туршлага судлах боломж харьцангуй өндөр. Миний хувьд өнгөрсөн 14 жилийн хугацаанд дэлхийн 30 улс орны 60,70 хотод сургалтад сууж, дэлхийн өнцөг булан бүрээс найз нөхөдтэй болон тэднээсээ тасралтгүй суралцаж буй нь надад олдсон хамгийн сайхан боломж.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Хамгийн чухал нь Google Calendar. Өдрийн турш хэд хэдэн газар уулзалт, сургалт гээд төрөл бүрийн ажилтай байдаг над шиг хүний хувьд Google Calendar хамгийн том туслах. Саяхан манай багийн найз над руу кофе ууя гээд залгахаар нь би календариа харж байгаад цаг товлоё гээд хэлчихсэн чинь гомдчих шиг болсон (инээв). Гэхдээ найзтайгаа уулзах болзоогоо хүртэл календарь дээрээ оруулахгүй бол мартаж санах зүйлс их юм.

Дээр нь нэмээд Google-ийн олон төрлийн аппуудыг ашиглана. Мөн алхаж байхдаа өөрийн дуртай попкастуудыг Podcasts, Spotity мөн дуу сонсохдоо Soundcloud зэргийг ашигладаг. Хааяа цаг гарахаар Master Class дээрх хичээлүүдээс үздэг. За мэдээж уулзалт хооронд ч юм уу Netflix апп дээрээ баримтат кино, нэвтрүүлэг үзэх дуртай. Ном уншихдаа ихэнхдээ хэвлэмэлээр, аялж явахдаа Kindle дээрээ уншдаг.


Манайхан аялсан улс орнуудаасаа эмэгтэй хүүхэлдэйнүүд цуглуулдаг юм. Нэг мэдсэн олон болжээ, удахгүй олон улсын хүүхэлдэйний үзэсгэлэн гаргахаар их болох нээ.


5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Дээр хэлсэнчлэн цагийн менежмент хатуу баригдмал гэхээс илүү уян хатан. Ажил ихтэй үеэр ихэнх тохиолдолд шөнөжин сууна. Гэхдээ тэрэндээ өөрөө нэг их түүртээд байдаггүй. Хүн хүний л ажлын онцлог.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Google Calendar дээр цаг тухай бүрд нь тэмдэглээд явах тун амар санагддаг. Google Keep-ийг мөн өдөр тутамдаа сайн ашиглана.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Хийж байгаа ажил маань үнэхээр дурлаж хийж буй зүйл учраас оюун санааны хувьд хэр барагтай ядрахгүй. Харин бие физиологийн хувьд сэргэхийн тулд кофе сайн уудаг даа. Өдөрт дор хаяж дөрвөн аяга кофе ууж байж ажлын бүтээмжээ олж авдаг төрлийн хүн.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Big Sistas Comedy Crew-ийг нэрлэх нь зүйтэй байх. Манай клуб өнгөрсөн жил байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Миний хувьд өөрийн үнэт зүйл, итгэл үнэмшлээ ажил гэж харалгүйгээр комедигоор илэрхийлж байгаа гэхэд болно.

Өмнө нь комеди хийнэ гэж төсөөлж байгаагүй, зүгээр л идэвхтэй үзэгч төдий байлаа. Харин Автсралид сурч байхдаа найзтайгаа хамт комеди баранд яваад ортол эрэгтэй, эмэгтэй, трансжендэр гээд маш олон төрлийн комедиан байсан нь анхаарлыг минь татсан. Тэнд комеди үзэж байгаад эргээд монголын комеди ертөнц рүү харсан чинь баахан эрэгтэй комедианууд. Нэг эмэгтэй гараад ирэнгүүт сошиал дээр нийтээрээ нөгөө хүнийг гадаад үзэмжийн хувьд гутаан доромжилдог сөрөг хандлагатай.

Энэ бүхнийг ажиглаж хараад би ер нь яагаад комеди хийж болохгүй билээ гэж бодсон л доо. Комедигийн талаар уншсан номууд ч нөлөөлсөн байх талтай. Монголд эрэгтэй комедиан хүссэн хүнээ харааж, харагдах байдлынх нь хувьд доош хийж болдог мөртөө эмэгтэй хүн комедиан болохоор punch line-даа хараал хэлж болохгүй, насанд хүрэгчдийн сэдэв ярихгүй гэх мэт туйлширсан үзэл харагддаг. Комедигийн хувьд хамгийн гол нь ямар ч сэдвийг ухаалаг өнцгөөс харах нь чухал. Тэгж чадвал амьдралын бүх л сэдвийг ярих боломжтой. Бусад улс орны туршлагатай комедиануудыг харахаар төрөл бүрийн асуудал хөндөж байгаа юм. Арьс өнгө, хүйсийн ялгаварлан гадуурхалтын эсрэг, үндэстэн угсаатнаар ялгаварлах гээд тэгш бус, шударга бус явдлыг комедигоор ёжилж байгаа тэдний хэв маяг таалагдсан учраас зориг ороод комедиан болохоор хичээж байна. Гэхдээ хүмүүсийг инээлгэх нь уйлуулахаас хэд дахин илүү хэцүү юм билээ. Ялангуяа мөнгөө төлсөн үзэгчийг (инээв). Би чинь арав гаруй жилийн турш хүмүүст сургалт орсон туршлагатай хэрнээ комеди тайзан дээр гарахад хөл чичрээд байдаг шүү.

Хоббигоороо хийдэг өөр нэг зүйл маань уншсан номынхоо тухай ярьдаг "Золатай хамт" подкаст маань байгаа. Номоо сонгохдоо өөрийн мэргэшсэн нийгэм, жендэр, хүний эрхийн асуудлыг хүргэх шинэ тутам номнуудыг судлаж хуваалцдаг.



9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Манай салбар иргэн, төр хоёрын хооронд гүүр болж, иргэдийн дуу хоолойг бодлого боловсруулагчид руу хүргэж байдаг салбар. Хувь иргэн тэр болгон төрийн байгууллага руу гүйж очоод эрхийнхээ төлөө тэмцээд байх цаг, боломж байхгүй. Мэдлэг, мэдээлэл ч хомс. Тэр ч утгаараа иргэний нийгмийн байгууллага бол хүний эрх, байгаль орчин, жендэрийн чиглэлээр иргэдийн дуу хоолойг төрийн бодлого руу шингээж, эргээд иргэдээ бас чадавхжуулдаг тун чухал салбар юм. Гэхдээ манайд бол иргэний нийгмийн байгууллагын талаарх ойлголт сул. Сайн дурын ажилтныг иргэний нийгмийн бүтэн цагийн ажилтантай андуурах явдал ч элбэг. Цалин мөнгөний хувьд ч үеийн үед багаар үнэлж ирсэн. Гэтэл бусад улс орныг харахад иргэний нийгмийн байгууллагууд нийгэмд чухал хувь нэмрээ оруулж байгаагийнхаа хэрээр өндрөөр үнэлэгддэг.

Эерэг талаас нь харвал би дуртай, хиймээр байгаа, итгэл үнэмшил бүхий зүйлээ хийж амьдарч байна. Энэ салбарт ажилласнаар өөрийн хэрэгжүүлэхийг хүсэж байгаа гоё санаагаа бодит амьдрал дээр буулгах боломж өндөр. Би нийгэмд тустай ийм гоё ажил хэрэгжүүлмээр байна гэвэл утга агуулгыг нь сайн бичиж, төсөл болгоод хөрөнгө босгох ч боломжтой. Түүнчлэн иргэний нийгмийн байгууллагууд маань дийлэнхдээ гаднын төсөл, хөтөлбөрүүдээс л санхүүжилт босгодог. Тэр хэрээрээ дэлхий даяарх томоохон донор байгууллагуудаас өөрийн улсдаа хөрөнгө оруулалт татдагаараа онцлогтой.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ үүсгэн байгуулагдаад 12 дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Анх жендэрийн тэгш бус байдлын талаарх мэдлэг мэдээлэл түгээх зорилгоор өөрсдийн хүсэл эрмэлзлээрээ дөрвөн бүсгүй нийлээд л үүсгэн байгуулж байсан клуб. Одоогийн байдлаар манай клубт харьяалалтай 100 гаруй гишүүн байгаа бол төрөл бүрийн хөтөлбөрүүдийн төгсөгчид гэвэл 1000 руу дөхөж байгаа байх. Манай баг одоогоор шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн оролцоо, жендэрийн тэгш оролцоог хянах судлах, түүнчлэн залуусын ардчилал, сонгуулийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх гэсэн үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаанууд явуулж байна.



11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Энэ жил надад Дэлхийн Эдийн засгийн Форумаас сонгогдсон Дэлхийн залуу манлайлагчид (YGL) хөтөлбөрийн оролцогчийн хувиар Харвардын Их Сургуулийн Кеннеди сургуульд "Дэлхийн залуу манлайлагчид: 21-р зууны дэлхийн манлайлал ба төрийн бодлого" хөтөлбөрт оролцох боломж тохиосон юм.

Товчоор, уг хөтөлбөр нь дэлхий даяар тулгамдаж буй эн тэргүүний асуудлуудын суурь шалтгаан, онцлог зэргийг задлан шинжлэх, мөн тэдгээрийг шийдвэрлэх шинэ тутам өнцөг, гарцуудыг эрэлхийлэх, түүнчлэн үргэлж хурдацтай өөрчлөгдөж буй өнөөгийн нийгэмд томоохон өөрчлөлтийг авчрахад шаардлагатай манлайллын ур чадварыг олгоход чиглэсэн байснаараа онцлогтой. Сургалтын бүх багш нар маань дэлхийн бэстселлэр бүтээлүүдийн эзэд байсан бөгөөд хөтөлбөрийн маань удирдагч багшаар Айрис Бонет (Төрийн бодлогын профессор, Харвардын Кеннедигийн сургуулийн Эмэгтэйчүүд ба Төрийн бодлогын хөтөлбөрийн захирал) байсан нь тэр мундаг хүнээс олон зүйл сурах, асууж лавлах ховор боломжийг олгосон. Харвардын чадварлаг багш, профессорууд, зочин илтгэгчдийн баялаг мэдлэг, туршлагаас чадлаараа өөртөө шингээж авахын сацуу бусад 64 манлайлагчийн өөр өөр амьдрал, амжилтын туршлага, түүхээс суралцах, нөхөрлөх боломж олдсонд маш их талархаж байгаа шүү.

Өдөр тутамдаа хүний эрх, жендэр гэсэн сэдвүүдээр шинээр хэвлэгдсэн номуудыг цаг алдалгүй уншихыг хичээдэг.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?

Киноны тухайд ер нь маруухан талдаа. Ихэвчлэн төрөл бүрийн баримтат кино ялангуяа хүний эрхийн тухай киног үзнэ. Харин номын тал дээр бол сонирхолтой бүтээлүүдийг санал болгоно шүү.

Хамгийн түрүүнд санал болгох Харвардын Их Сургуулийн багш, Айрис Бонетын бичсэн “What Works, Gender Equality by Design” бүтээл нь нийгмийн тэгш бус байдлын олон тулгамдсан асуудлуудад оновчтой гарц, шийдэл санал болгосноороо өндрөөр үнэлэгддэг.

Үүнээс гадна олны дунд ил яригддаггүй л болохоос хоол хүнс мэт хүний амьдралын анхдагч хэрэгцээ болсон сексийн талаар тун шинжлэх ухаанчаар тайлбарлаж бичсэн “Come as you are”-ыг санал болгоё. Орчин цагийн амнаас ам дамжсан сексийн талаарх ташаа ойлголтууд биднийг цаг үргэлж өөрийн бие махбоддоо эргэлзэх сэтгэл төрүүлж улмаар эмэгтэйчүүд зөвхөн эр хүний дур таашаалыг хангах зориулалттай хэрэгсэл мэт мэдрэмж төрүүлдэг. Эр хүнийг хэрхэн жаргаах талаар өдий төдий ном, нийтлэл байдаг хэр нь эмэгтэйг дур тавиулах, жаргалтай байлгах тал дээр зөвлөгөө өгсөн бичвэр ер нь байдаг бил үү? Зөвхөн эмэгтэйчүүд ч биш хайртай бүсгүйтэйгээ эрүүл, дотно харилцаатай байхыг хүсэж буй эрчүүд ч эл номыг нэг удаа уншихад илүүдэхгүй.

Санал болгох сүүлийн ном гэвэл 2019 онд Их Британийн Royal Society-ийн шинжлэх ухааны чиглэлийн шилдэг номоор шалгарсан “Үл үзэгдэх эмэгтэйчүүд”. Нийгмийн бүхий л талбарт өгөгдлийн цоорхойн улмаас эмэгтэйчүүд хүйсийн тэгш бус байдалд хэрхэн өртөж байгаа, үүнээс улбаалан ямар ноцтой асуудал тулгарч буйг асар их баримтын тусламжтайгаар товч бөгөөд тодорхой дүрслэн өгүүлснээрээ уг бүтээл маш их шуугиан тарьж чадсан.



13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан монголын нийгэм, улс төр гээд салбар салбарт манлайлж яваа хүмүүстэй хамтран ажиллах, нөхөрлөх, тэднээс суралцах завшаан тохиож байдаг би их азтай хүн. УИХ-ын гишүүн асан А.Ундраа, С.Оюун, Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн агсан М.Батчимэг гэх зэрэг олон хүн байна.

Эдгээр хүмүүстэй уулзах тоолондоо “Би дахиад илүү сурах, хөгжих ёстой юм байна, сурч мэдсэн зүйлстэй ханаж болохгүй юм байна шүү” гэх мэдрэмж авдаг нь тун сайхан. Үлгэр дуурайл авдаг хүмүүсээсээ лекц сонсохоороо хийморийн сан тавиулчихсан мэт баярладаг (инээв). Яг таг зөвлөгөө гэхээс илүүтэй тэдгээр хүмүүсийн биеэ авч яваа байдал, бусдад урам зориг түгээж байгаа үгс, өөрөөрөө үлгэрлэж байгаа үйл хэргээс нь эрч хүч авдаг.

Сонирхолтой жишээ ярья л даа. Манай багийнхан сар гаруйн өмнө “Green Climate Found” гэх байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа дэлхийн хамгийн том сангийн Гадаад харилцаа хариуцсан захирлаар ажиллаж буй С.Оюун даргатай хоолонд орсон юм. Оройн хоол шувтрах тийшээ хандаж, зарим хүмүүс захиалсан хоолоо барахгүй үлдээж байхад С.Оюун дарга зөөгчид өөрийнхөө савыг өгөөд тавган дээрээ үлдсэн багахан хоолыг савлаад өгөхийг хүслээ.

Энэ жижигхэн үйл явдлаар дамжуулаад "Та нар хоолоо хаяж болохгүй" гэх мэт олон зүйл нуршилгүйгээр дараагийн удаа ресторан орохдоо хоолоо гүйцээж идэх, илүү хоол захиалахгүй байх, хэрэв хоолоо барахгүй бол хог хаягдал болох нэг удаагийн саванд бус өөрийнхөө саванд хийлгэж авах зэрэг олон бодлыг зүрхэнд хүртэл өгчхөж байгаа юм. Өөрөөрөө үлгэрлэж харуулна гэдгийн том жишээ энэ үйл явдал юм уу даа.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Би чинь одоогийн англи хэлээр ус цас хүүхдүүдийн хажууд хожуу англи хэл сурсан хүн тул эх хэл шигээ чөлөөтэй ярьж чадахгүй. Олон жилийн өмнө үүнээсээ ичсэндээ ч юм уу олон улсын хуралд очоод биеэ бариад ярьж чаддаггүй нэгэн байлаа. Харин нэг удаа хамтдаа хуралд оролцож байсан оролцогч маань “Чиний энэ танхимд юу ярьж байгаа чинь л чухал болохоос яаж ярьж байгааг чинь анзаарах хүн байхгүй ээ. Яриа чинь хүнд ойлгогдож л байвал хамаагүй, өөрөөсөө битгий ич” гэж хэлж байсан юм. Түүнээс хойш өөрийнхөө аялгаас, дүрмийн алдаатай ярьж байх вийдээ гэх айдсаа мартаад чөлөөтэй ярьдаг болсон. Хүн бүхэн төгс англи хэлтэй байх албагүй болохоор залуус маань гадаад хэлээр бусадтай харилцах шаардлага гарвал ичиж зоволгүйгээр өөрийгөө илэрхийлдэг байгаасай гэж хүсэж байна.