“Зөөлөн зөөлөн буух цэнхэр манан
Надаас хэн явсныг чи хэлээч
Тэртээд анивчих ганц одтой
Сэтгэлд тэр нэгэн гэрэлтэнэ ээ…”
2004 онд “Цэнхэр шувуу” цомог цацагдаж, “Шөнийн галт тэрэг” хамтлагийн анхны уран бүтээлүүд олны хүртээл болсон түүхтэй. Харин тэр цагаас яг 20 жилийн дараа буюу 2024 оны энэ үед тэдний хоёр дахь цомог бичигдэж буй.
Үүсгэн байгуулагдаад 26 жил болж байгаа тэд Playtime Festival 2024 хөгжмийн наадмын төв тайзнаа уран бүтээлээ толилуулах бөгөөд бэлтгэлийнх нь үеэр ярилцах боломж бидэнд тохиосон юм. Асуулт бүрд товч хийгээд тодорхой хариулсан “Шөнийн галт тэрэг” бол альтернатив рок чиглэлийн цөөн Монгол хамтлагуудын нэг билээ. Ингээд тэдний ажил, амьдралын арга барилтай танилцъя.
Байршил: Улаанбаатар хот, Төв цэнгэлдэх хүрээлэн, 9-р хаалга, “Library” студийн байр
Байгуулагдсан он: 1998 он
Бүрэлдэхүүн: М.Цэцэнбилэг, Т.Мөнх-Оргил, Б.Баясгалан
Сошиал хуудсууд: Instagram, Facebook, YouTube
1. ТАНАЙ ХАМТЛАГИЙН ТҮҮХЭЭС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
М.Цэцэнбилэг: Хоёр хамтлаг нийлж, өнөөгийн “Шөнийн галт тэрэг” хамтлаг бий болсон гэж ойлгож болно. Анх 1998 онд манай хамтлагийн соль гитарчин Мөнх-Оргил, Занданхүү бид гурав “Scream” хамтлагийг, 1996 онд аргил гитарчин Баясгалан, гитарчин Төгөлдөр, бөмбөрчин Одхүү, дуучин Буянаа нар маань “Night train” хамтлагийг үүсгэн байгуулж байлаа. Тус тусын үйл ажиллагаагаа явуулж байгаад бид 2000 онд хоёр хамтлагаа нийлүүлэх шийдвэр гаргаж, 2001 оноос Баясгалан, Төгөлдөр, Одхүү, Цэцэнбилэг гэсэн дөрвөн гишүүнтэйгээр уран бүтээлээ хийж эхэлсэн. Үүний дараа 2003 онд Занданхүү маань нэмэгдэж, 2004 онд Сонор студитэй гэрээ байгуулан арван нэгэн дуутай “Цэнхэр шувуу” нэрт анхны цомгоо гаргаж байв.
Сонсогчдын маань мэдэж байгаачлан анхны цомог гарснаас хойш бид төдийлөн идэвхтэй байж чадаагүй. Дунд нь хоёр удаа цөөн үзэгчидтэй тоглолт хийсэн ч дахин цомог гаргаж, идэвхтэй ажиллахаас илүү тус тусын амьдралаа босгож, хувь хувийн ажлуудаа хийхэд төвлөрсөн. Тэгж явсаар 2018 болон 2020 оны Playtime Festival хөгжмийн наадмаар ХААН Банкны асарт уригдан тоглохдоо эргэн ирэх урам зоригоо олж авч байв. Нэг ёсондоо үзэгч, сонсогчдынхоо хүлээлтийг мэдэрсэн гэх үү дээ.
Ийнхүү 2021 онд уран бүтээлээ үргэлжлүүлэх хүслээр эргэн нэгдэж, “Цэнхэр шувуу” цомгоо дахин бичүүлж, тэр ондоо бүрэн хэмжээний тоглолт хийсэн. Тухайн үед энэхүү тоглолтыг ивээн тэтгэсэн Капитрон банк, BROSCODE паблишинг маань өдгөө хоёр дахь цомгийн ажлыг мөн л дэмжин ажиллаж байгаа.
2. ТА БҮХНИЙ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Т.Мөнх-Оргил: Ихэнх хүн урлагийг цаг наргүй ажилладаг гэж боддог. Нэг талаараа тийм ч гэлээ миний хувьд ажлын цагаар ажиллаж, амрах цагтаа амрахыг хичээдэг. Юун түрүүнд өглөө босоод хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгнө. 09:00 цагийн үед студидээ ирж, оройн 18:00 цаг хүртэл бэлтгэл, бичлэгийн ажлууддаа төвлөрөөд гэртээ харьдаг. Мэдээж амралтын өдөр ажлаас бусад зүйлсэд цаг гаргана.
Ийм ажлын хэв маяг надад их ажлаас түр зай авч, том зургаар нь харах, эргээд шинэлэг байдлаар хандахад тус болдог юм. Эс бөгөөс өөрийгөө тувтан ажлаар дараад байвал нэг байрандаа гацах аюултай.
3. ТАНАЙ ХАМТЛАГИЙН АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Т.Мөнх-Оргил: Өнөө цагт технологийн хөгжил бидэнд заавал биечилж уулзахгүйгээр санаагаа ярилцах, хийсэн хөгжмөө хуваалцахад тусалж байна. Тиймдээ ч бид ихэнхдээ гэрээсээ тус тусын үүрэгт ажлаа хийж, санаагаа хуваалцаж ажилладаг. Уран бүтээл хийх явцын тухайд Баясаа бид хоёр аян дээр ажиллаж, санаагаа нэгтгээд эхний демо хувилбарыг Цэцээ рүү явуулна. Харин манай хүн түүнд зориулж үг, аяа бичдэг. Үүний дараа нэгдсэн байдлаар бичлэг хийж, уран бүтээл бэлэн болдог доо.
М.Цэцэнбилэг: Миний хувьд толгойгоо хоосолж, бодлоо цэгцэлж байж дууны үг бичдэг дадалтай. Бүх зүйл анир чимээгүй, тайван байх шөнийн цагт илүү үр бүтээлтэй ажилладаг.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Т.Мөнх-Оргил: Хувьдаа YouTube болон Spotify аппыг ашиглахгүй байж чадахгүй. Харин хөгжмийн програмын тухайд Logic Pro, Pro tools-ийг байнга ашигладаг.
М.Цэцэнбилэг: Хүн бүрийн мэдэх Facebook, Messenger, Instagram зэрэг аппыг тогтмол хэрэглэдэг. Мөн Spotify, YouTube-ийг дурдахгүй өнгөрч үл болно. Компьютерийн програм гэвэл Garageband-ыг ашиглаж байгаа.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
М.Цэцэнбилэг: Хамтлагийн зүгээс өмнө нь хэлсэнчлэн гэр гэртээ ажлаа хийж, бие биедээ цахимаар хуваалцах байдлаар уран бүтээл дээрээ ажилладаг. Заавал биечилж студид уулзах шаардлагагүй болохоор цаг хэмнэдэг шүү.
Т.Мөнх-Оргил: Хувийн арга барилын тухайд маш сайн төлөвлөх хэрэгтэй гэж бодож байна. Жишээ нь миний хувьд ажил болон гэр бүлийн цаглавраа тусад нь тэмдэглэж, түүнийхээ дагуу ажиллахыг хичээдэг.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Б.Баясгалан: Долоо хоног болон түүнээс урт хугацаанд төлөвлөхөөр урьдчилан тооцоолоогүй ажлууд гарч ирэх магадлалтай. Тиймээс өмнөх өдөр нь хийх зүйлсээ төлөвлөдөг.
М.Цэцэнбилэг: Миний хувьд хамтлагийн үйл ажиллагаа зогсонги байдалтай байхад өөр чиглэлээр оффисын ажил хийдэг байсан. Тэр үед байнгын дэвтэртээ бичиж, төлөвлөлтөө гаргадаг байлаа. Харин одоо бол гар утасныхаа цаглаварт сануулга оруулдаг болсон.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Т.Мөнх-Оргил: Тогтсон цагтаа унтаж, тогтсон цагтаа сэрэх нь эрч хүчтэй байхад маш том нөлөө үзүүлдэг. Багадаа найман цагийн нойр авах хэрэгтэй.
М.Цэцэнбилэг: Хөгжим хийх эрч хүчээ сүүлийн үед хуучны, олонд танигдаж амжаагүй хамтлагуудын уран бүтээлээс олж авч байгаа. Өмнө нь манай Монголд дэлхийн шилдэг гэсэн хамтлагийн дуунууд л танил байлаа шүү дээ. Эргээд харахад бидний олж сонсож чадаагүй гайхалтай бүтээл олон байсан юм билээ.
Б.Баясгалан: Дууны санаа орж ирэх төдийд гитар дээрээ тоглож, түргэхэн шиг бичиж авдаг. Тэгээд эхний демогоо сонсож, тэндээс маш их эрч хүч олж авдаг даа. Хамгийн чухал нь орж ирсэн санааг алдалгүй шүүрч, тэр дор нь бичиж авах хэрэгтэй.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Т.Мөнх-Оргил: Би 2014 оноос Library дуу бичлэгийн студийг ажиллуулж байгаа. Олон хамтлаг, дуучдын уран бүтээлийг сонсогчдод хүргэх гүүр нь болж буйдаа баяртай байдаг.
М.Цэцэнбилэг: Үндсэн хамтлагийн үйл ажиллагааны хажуугаар англи, орос хэлнээс бичгийн орчуулга хийдэг.
Б.Баясгалан: Өөрсдийн хамтлагаас гадна Fire хамтлагт аргил гитарчнаар тоглодог. Мөн сүүлд регги урсгалын нэгэн төлөөлөл JiiJah-ийнхаа анхны пянз дээр хамтарч ажилласан.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Т.Мөнх-Оргил: Уран бүтээлийнхээ хамгийн анхны сонсогч болдог нь манай ажлын хамгийн том онцлог. Харин эерэг сөрөг талын тухайд товчоор хэлэхэд дуртай зүйлээ хийвэл нэг ч өдөр ажиллахгүй. Эсрэгээрээ дуртай зүйлээ хийвэл нэг ч өдөр амрахгүй.
М.Цэцэнбилэг: Нэг талаараа бид бусадтай харьцуулахад эрх чөлөөтэй, өөрсдийнхөө дураар ажиллаж байгаа. Харин нөгөө талдаа энэ ажил маань тэр бүр тогтмол орлого авчирдаггүй нь нууц биш.
10. ТА БҮХЭН ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
М.Цэцэнбилэг: Одоогоор 100 хувь шинэ цомгийн ажилдаа төвлөрч байгаа. Тэр ч утгаараа өнгөрсөн сарын 22-ны өдөр хоёр дахь цомогт багтах “Ether” /Хоосон дуу/ уран бүтээлээ сонсогчдын хүртээл болгосон. Playtime-ийн дараа хоёр дахь дуу нь цацагдана.
Ойрын хугацаанд төвлөрч байгаа ажлын тухайд бид Playtime-ийн төв тайзнаа гурав дахь өдрийн хаалтыг хийх юм. Сонсогчидтойгоо дахин уулзах болсондоо туйлын баяртай байна.
11. ТА БҮХЭН ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Т.Мөнх-Оргил: Миний хувьд хамтран ажиллаж байгаа уран бүтээлч, эргэн тойронд байгаа хүмүүсээсээ суралцахыг хичээдэг. Тэдний ур чадвар, уран бүтээлээс урам зориг авч, шинэ дуу хөгжим эрэлхийлдэг гэх үү дээ.
М.Цэцэнбилэг: Би ч бас Мөнх-Оргилтой ижилхэн шинэ дуу хөгжим сонсож, бусад хамтлаг дуучны уран бүтээлд шимтэх дуртай. Үүний зэрэгцээ дууны үг бичихийн тулд тогтмол уншихыг эрмэлздэг.
Б.Баясгалан: Сүүлийн үед хөгжмийн програмууд дээр толгойд орж ирсэн санаагаа буулгахад суралцаж байгаа. Үүний тулд цахилгаан ритм гитар худалдаж авсан. Нэгэнт л 100 хувь дуу хөгжимдөө анхаарлаа хандуулах шийдвэр гаргасан учраас өөрийгөө сайжруулж, бүхий л талаар хөгжүүлэхийг зорьж байна.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?
М.Цэцэнбилэг: Номын тухайд Орхан Памукын “Хар судар”-ыг санал болгож байна. Монгол орчуулга нь тун сайн болсны сацуу агуулгын хувьд нэн сонирхолтой бүтээл. Дуу гэвэл Sufjan Stevens-ийн “Illinois” цомог таалагддаг. Уншигч та бүхэн ч бас сонсоод үзээрэй. Харин киноны тухайд “Incendies”, “Elephant” бүтээлүүдийг санал болгоё.
Б.Баясгалан: Би depressive, underground, black metal төрлийн дуунуудад дуртай. Тиймдээ ч Alice in Chains-ийн “Love hate love” гэх дууг хүн бүр сонсоосой гэж хүсэж байна. Шал өөр мэдрэмж авах болов уу. Кино гэвэл сүүлд 3 Body Problem цувралыг үзсэн. Удахгүй номыг нь унших төлөвлөгөөтэй байгаа.
Т.Мөнх-Оргил: Миний хувьд Lou Reed-ийн “Modern Dance” дууг санал болгоё.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Т.Мөнх-Оргил: “Яаж ч хэцүү байсан шүдээрээ ч хамаагүй газар самардаад хүссэндээ хүр” гэсэн ээжийн зөвлөгөө үргэлж бодлоос уяатай явдаг юм. Юу ч тохиолдсон бай яаж ийгээд л урагшлах ёстой гэсэн санаа.
М.Цэцэнбилэг: “Мэддэг юмаа ярьж, чаддаг зүйлээ хий” гэсэн зөвлөгөө санаанаас огт гардаггүй.
Б.Баясгалан: Аав маань “Эхлүүлсэн ажлаа заавал дуусгаж бай” гэж үргэлж захидаг байсан нь одоо ч сэтгэлд тод үлджээ.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Т.Мөнх-Оргил: Чиний хийсэн ажлаас нэр чинь үргэлж зүүгдээстэй явах учраас дараа нь бахархахын тулд 100 хувь болгож байж гараасаа гаргах хэрэгтэй шүү.
М.Цэцэнбилэг: Өөрийнхөө сонирхож буй зүйлийг хэчнээн хайх нь хамаагүй. Гагцхүү заавал олоорой гэж хэлмээр байна. Мөн нэг удаа олдож буй энэ амьдралдаа хайртай хүмүүстээ заавал цаг гаргаарай.
Б.Баясгалан: Би өнгөрсөн хугацаанд ажил, хөгжим хоёрыг хослуулж, аль алинд нь 100 хувь төвлөрч чадалгүй өдийг хүрсэн. Гэхдээ өнгөрсөн жилээс хөгжимдөө бүрэн төвлөрөх шийдвэрт хүрч, хажуугаар нь цагийн ажил хийхээ больсон юм. Хэлэх гээд байгаа санаа нь дуртай зүйлийнхээ араас тууштай явж, тодорхой цаг гаргах нь чухал юм билээ.
Сэтгэгдэл бичих