Орчин үеийн бизнесүүдийн үйл ажиллагаа, хэрэглэгчидтэй харилцах арга барил дижитал шилжилтийн эрин үед эрс өөрчлөгдөж байна. Вэбсайт хөгжүүлэлт, хэрэглэгчийн туршлагыг сайжруулах технологиуд тасралтгүй шинэчлэгдэж, илүү уян хатан, үр дүнтэй шийдлүүдийг эрэлхийлэх шаардлага тасралтгүй үүссээр буй. Дотоодод өрнөж буй энэхүү өөрчлөлтийн тэргүүн эгнээнд явж буй нэгэн шинэлэг платформ бол Таван Богд Нура ХХК-ийн хөгжүүлж буй Siro юм.

Тэд өөрсдийн Siro платформын тусламжтай  L’Occitane, Smart Electronics, эрт илрүүлгийн NURA төв, Тоёота Таван Богд зэрэг 30 гаруй компанийн вэбсайт, e-commerce төслүүдийг хөгжүүлж буй аж. Ингээд Монголын технологийн салбарт цойлон гарч ирж буй, шинэхэн тоглогчийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн түүх, ажлын арга барилтай хамтдаа танилцацгаая. 

Байршил: Хан-Уул дүүрэг, Гэрлүг Виста хотхон
Эрхэлдэг ажил: Хиймэл оюунд суурилсан Webbuilder хөгжүүлэлт

1. ТАНАЙ БАЙГУУЛЛАГЫН ЗАМНАЛААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Дижитал систем хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Н.Энхтүвшин

Юуны өмнө бид өөрсдийн бүтээж буй платформоо танилцуулах нь зүйтэй байх. Siro-г товчхон танилцуулбал Webbuilder буюу вэбсайт угсрагч платформ хэмээн ойлгож болно. Өөрөөр хэлбэл, вэбсайт хийхэд код бичихгүйгээр эсвэл багахан код ашиглаад бүтээх боломжтой Webbuilder юм. Бид 2022 оноос эхлэн Siro-г цаасан дээрх төслөөс нь эхлэн хөгжүүлж одоогийн байдлаар хэрэглэгчдэд илүү хурдан, уян хатан шийдэл санал болгодог бэлэн бүтээгдэхүүн болсон байна.

Өнөөдөр вэбсайт хөгжүүлэх технологи асар хурдтай хөгжиж, улам хялбар болсоор байгааг хэн бүхэн л анзаарч байгаа биз ээ. Гэхдээ энэ бүхний ард олон жилийн хөгжлийн түүх бий.

Бидний хөгжүүлж буй Webbuilder технологийн түүхийг сөхвөөс 1990-ээд оноос эхлэлтэй. Тухайн цаг үед интернэтийн хэрэглээ өсөхийн хэрээр бизнесүүд вэбсайттай байх зайлшгүй шаардлагатай болсон ч тухайн үед вэбсайт бүтээх, удирдах нь зөвхөн хөгжүүлэгчдийн л хийж чадах зүйл байсан нь томоохон асуудал байсан юм. Чухам энэхүү хэрэгцээнээс үүдэн вэб хөгжүүлэлтийн шинэ шинэ шийдлүүд гарч ирсэн түүхтэй.

Манай багийн тухайд хиймэл оюунд суурилсан болон Low Code & No Code шийдлүүдийг нэгтгэсэн, хэрэглэгч болон хөгжүүлэгчдийн хэрэгцээнд нийцсэн цогц Webbuilder платформ бий болгохоор зорьж байгаа. Одоогийн байдлаар Low Code & No Code хөгжүүлэлтийн ажил дуусаж, хэрэглэгчдийн захиалгаар вэбсайт бүтээх ажил эрчимтэй явагдаж байна. Харин хиймэл оюуны холболтын ажил одоо хийгдэж байгаа бөгөөд тун удахгүй Монголын анхны LLM-д холбогдсон Webbuilder бий болох юм.

Бид өөрсдийн хөгжүүлж буй Siro платформын хөгжүүлэлтэд анхнаасаа бодит хэрэглээ, бизнесийн хэрэгцээг голлон анхаарч ажилласан тул өнөөдөр L’Occitane, Smart Electronics, NURA төв, Таван Богд Тоёота зэрэг 30 гаруй компанийн вэбсайт, e-commerce төслүүдийг хариуцан хөгжүүлж байна. Товчхондоо, бидний зорилго бол вэб бүтээх үйл явцыг хялбар, уян хатан болгож, бизнес эрхлэгчид болон хөгжүүлэгчдэд илүү том боломж нээх явдал хэмээн ойлгож болно.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ? 

Чанар хяналт, баталгаажуулалтын инженер А.Алтантуяа

Миний ажлын гол үүрэг бол хөгжүүлэгчдээс ирсэн бүтээгдэхүүнийг захиалагчдын шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгах. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн эцсийн шатанд хүрч, бүрэн бэлэн болох хүртэлх үйл явцад хяналт тавьж, шаардлагатай өөрчлөлтүүдийг хийж ажилладаг гэсэн үг л дээ.

Өглөө 07:30-д босож, ажилдаа явах бэлтгэлээ хийгээд гэрээсээ гардаг. Ихэнхдээ 09:00 гэхэд оффис дээрээ ирэх боловч түгжрэлтэй үед 10:00-д ирэх тохиолдол ч бий. Манай ажлын нэг давуу тал нь 07:00–10:00 хооронд уян хатан цагийн хуваарьтай байдаг нь надад маш их таалагддаг.

Оффистоо ирээд хамгийн түрүүнд аягануудаа усаар дүүргэх нь миний байнгын дадал. Ингээд ажлын өдөр маань эхэлнэ дээ. Юуны өмнө харилцагчдаас ирсэн чат, цахим шууданг шалгадаг. Яаралтай асуудлууд байвал аль болох түргэн шийдэхийг хичээнэ, бусад ажлуудыг багийнхандаа дамжуулна. Үүний дараа төлөвлөсөн болон төлөвлөгдөөгүй ажлуудаа нэг бүрчлэн эрэмбэлж, зэрэглэл өндөр буюу яаралтай ажлуудаас эхлээд хийж дуусгадаг.

Өдрийн цайны цаг арай тайван өнгөрнө. Хэрэв хоолоо гэрээсээ бэлдсэн бол оффисынхоо цайны хэсэгт дуртай влогоо үзэнгээ хоолоо иддэг. Харин ажлын цаг дууссаны дараа заримдаа найзуудтайгаа уулзаж, боулинг, биллиард тоглох дуртай.

3. ТАНЫ АЖЛЫН арга барил? 

Дижитал систем хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Н.Энхтүвшин

Би "миний" гэхээсээ илүү "манай багийн" гэж ярих нь зөв болов уу. Дээр дурдсанчлан манай хамт олон 2022 оноос хойш Siro Webbuilder-ийг хөгжүүлж, хэрэглэгчдэд шинэлэг, хялбар, үр дүнтэй вэб бүтээх шийдлийг санал болгож байна. Манай нөү-хау, өөрөөр хэлбэл ажлын онцлог арга барил маань дараах үндсэн зарчмуудад тулгуурладаг.

1. Юуны өмнө, технологийн инновац ба хэрэглэгч төвтэй шийдэл. Бид Siro Webbuilder-ээ хамгийн сүүлийн үеийн технологи, UI|UX оновчлолд тулгуурлан хөгжүүлдэг. Гол зорилго маань програмчлалын мэдлэггүй хүн ч веб бүтээхэд төвөггүй байх шийдэл гаргах. Хэрэглэгчдийн хэрэгцээг нарийн ойлгож, бүтээгдэхүүндээ тусгадаг нь бидний давуу тал.

2. Залуу, эрч хүчтэй хамт олон. Манай баг дан залуу мэргэжилтнүүдээс бүрдсэн төдийгүй баг дотроо харьцангуй найрсаг, уян хатан бүтэцтэй тул хурдтай дасан зохицож, зах зээлийн өөрчлөлтөд түргэн хариу өгөх чадвартай хэмээн боддог. Корпорацийн дэмжлэгтэй хэрнээ старт-ап шиг аливаа шинэлэг инновацид нээлттэй байх нь бидний давуу тал юм.

3. Бүтээгдэхүүний чанар, тогтвортой байдал. Бид зөвхөн вэб хөгжүүлэх бус чанар, гүйцэтгэл, өргөжих боломж (scalability)-ийг хамгийн эхэнд тавьдаг. Тогтвортой ажиллагаа нь бидний хамгийн том давуу талуудын нэг бөгөөд хэрэглэгчиддээ урт хугацааны найдвартай шийдэл санал болгохыг зорьдог.

4. Хэрэглэгчдийн хүсэлд нийцсэн өөрчлөлт, дэмжлэг. Хэрэглэгчдийн санал хүсэлтийг шуурхай хүлээн авч, бүтээгдэхүүндээ тусгаж сайжруулдаг нь бидний бас нэг онцлог. Үйлчилгээний дараах дэмжлэг, UX сайжруулалт, зөвлөгөө өгөх зэрэг нь үнэт зүйлсийн маань салшгүй нэгэн хэсэг юм.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

UX/UI дизайнер Э.Эрдэнэбаатар

Өдөр тутамдаа хамгийн их ашигладаг програм гэвэл Figma. Ажлын ихэнх цагийг компьютерийн ард өнгөрөөдөг болохоор Figma бол зайлшгүй хэрэглээ болсон. Үүн дээр нэмээд Figma-ийн мобайл хувилбарыг ашиглаж, хийсэн загваруудаа өөр өөр төхөөрөмж дээр хэрхэн харагдаж байгааг туршиж үзэх дуртай.

Харин өдөр тутамдаа нийгмийн сүлжээний апп-уудыг аль болох бага ашиглахыг хичээдэг. Гар утсаа голдуу YouTube-р подкаст сонсох, дуртай хөгжмөө сонсож амрахад ашигладаг. Технологийн салбарт ажиллаж байгаа ч дижитал хэрэглээгээ хянах, зөв зохицуулахгүй бол бүтээмжид сөргөөр нөлөөлөх сул талтай.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Төслийн менежер Б.Ариунзаяа

Цагтаа ажиллаж, цагтаа амрах нь миний гол зарчим. Миний хувьд ажлаа тогтсон цагтаа эхлүүлж, тогтсон цагтаа дуусгах нь бүтээмжид эерэгээр нөлөөлдөг. Ажлын дараа гэр рүүгээ алхах дуртай. Энэ нь хугацаа хэмнэхээс гадна тухайн өдрийн ажлаа эргэцүүлж, маргаашаа төлөвлөх боломжийг олгодог юм.

Маргааш өмсөх хувцас, авч явах зүйлсээ урьд орой нь бэлдэж тавих нь энгийн юм шиг хэрнээ цаг хэмнэх шилдэг арга шүү.

Өглөө ажил эхлэх үед, үдийн цайны дараа, орой ажлын цаг дуусахаас өмнө цахим шуудангаа шалгаж хариу өгдөг дадалтай. Бусад үед хаалттай байлгадаг.

Төвлөрч ажиллах шаардлагатай үед утасныхаа интернэт тохиргоог унтрааж, өөрөөсөө хол тавьдаг. Мөн нэг ажил дээр хоёроос дээш цаг дараалан суухгүй байхыг зарчмаа болгосон. Хэрэв илүү хугацаа шаардагдвал завсарлага авч, түр өөр ажил амжуулчихаад буцаад төвлөрөх нь илүү үр дүнтэй байдаг юм. Энэ арга маань аливаа ажлыг зогсонги байдалд оруулалгүй, шинэ өнцгөөс харахад тусалдаг.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ? 

Төслийн менежер Б.Ариунзаяа

Өглөө ажилдаа ирмэгц тэмдэглэлийн дэвтрээ нээгээд, өчигдөр дуусгаагүй ажлууд байвал өнөөдрийн ажлынхаа хамгийн эхэнд бичиж, тэргүүлэх ач холбогдол өгдөг. Миний ажлын төлөвлөгөө хоёр хэсгээс бүрддэг.

Нэг хэсэг нь төсөл боловсруулах, тайлан гаргах, хэрэглэгчдийн шаардлага тодорхойлох гэх мэт 100 хувь төвлөрч, бие даан гүйцэтгэх ажлууд. Харин нөгөө хэсэг нь өдөр тутмын харилцаа холбоо, харилцагчаас ирсэн санал хүсэлт, хөгжүүлэлтийн шинэ шаардлагууд гэх мэт багийнхантайгаа хамтран ажиллаж, шийдэл гаргахад төвлөрсөн ажлууд.

Энэ хоёр хэсгийг тэнцвэртэй, биелэгдэхүйц байдлаар төлөвлөхийг хичээдэг. Хувийн төлөвлөлтдөө ихэвчлэн гараар бичих дуртай, харин ажлын төлөвлөлтдөө Trello, Jira зэрэг to-do аппууд байнгын хэрэглээ

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Хөгжүүлэгч Д.Гандаваа

Манай мэргэжлийн онцлог нь оюуны өндөр ачаалал шаарддаг учраас тархиа сайн амраах зайлшгүй хэрэгцээтэй. Гэхдээ амарч байна гээд зүгээр л хэвтэх биш, харин хөдөлгөөн, агаар, сайн нойр гэсэн гурван зүйл хоорондоо тэнцвэртэй байх ёстой.

Тиймээс амралтын өдрүүдээр болон чөлөөт цагаараа дугуй унах, алхах, фитнес хийх зэргээр идэвхтэй хөдөлгөөн хийхийг хичээдэг. Биеийн хөдөлгөөн хийхээр бодисын солилцоо идэвхжиж, нойрны чанар сайжирдаг давуу талтай. Түүнчлэн гүн нойртой унтаж амрах үед тархи мэдрэлийн ядаргааг тайлж, өдөржин бодсон асуудлуудыг боловсруулж, санах, хадгалах үйл явцыг зохицуулдаг. Заримдаа шийдэл нь тэр дороо олдохгүй байсан асуудлууд ч өглөө сэрэхэд нэг л өөр өнцгөөс харагдах тохиолдол олон бий.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Back-End хөгжүүлэгч Б.Лхагвадорж

Би чөлөөт цагаараа видео тоглоом тоглох их дуртай. Тоглож байхдаа зарим механик нь яг хүссэн шиг санагддаггүй, "ингэж өөрчилбөл гоё болох байсан даа" гэж бодогдох үе олон. Тиймээс өнгөрсөн жилээс эхлээд Godot гээд game engine дээр өөрийн гэсэн тоглоомоо бичиж эхэлсэн. Одоогоор жижиг төслүүд дээр туршиж, бага багаар суралцаад явж байна.

Надад “Stardew Valley” гэдэг тоглоом их таалагддаг. Түүний хөгжүүлэгч нь ердөө ганцхан хүн. Тэр хүн хөгжмөө өөрөө хийж, зургийг нь зурж, кодыг нь бичиж, бүгдийг ганцаараа бүтээсэн байдаг. Энэ л надад хамгийн том урам зориг өгсөн. Би ч бас нэг өдөр өөрийн бүтээсэн тоглоомоо олон нийтэд хүргэхийг хүсэж байна. Одоохондоо суралцаж, туршиж, алдаа онооноосоо суралцаж байгаа ч үр дүнтэй зүйл бүтээнэ гэдэгтээ итгэлтэй байгаа.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

UX/UI дизайнер Э.Эрдэнэбаатар

Техник, технологи хурдацтай хөгжихийн хэрээр бидний амьдрал дижитал төхөөрөмжөөс салшгүй хамааралтай болж байна. Гар утас, нөүтбүүк, компьютергүйгээр бид өдөр тутмынхаа амьдралыг төсөөлж чадахааргүй нөхцөлд амьдарч байна гэхэд хилсдэхгүй. Ингээд бодохоор бид бараг л цаг, минут тутамд ямар нэгэн интерфейстэй харьцаж, түүгээр дамжуулан мэдээлэл авч, харилцаж байгаа юм.

Харин UI/UX дизайн бол үүний салшгүй нэг хэсэг. Миний ажил бол хэрэглэгчдийн асуудлыг аль болох хялбар шийдэх загварыг олох. Хүн бүр өөр өөр дадал зуршилтай, технологийг өөр өөр түвшинд ашигладаг учраас тэдэнд тохирсон ойлгомжтой, энгийн шийдэл гаргах нь амаргүй. Гэхдээ энэ ажил надад маш сонирхолтой санагддаг. Юм бүтээнэ гэдэг өөрөө урам зориг өгдөг учраас улам л шамдан ажиллаж байна.

Ажил хийх явцад заримдаа бэрхшээлтэй талууд гарна. Жижиг детайл бүрийг нягталж, загварчлах шаардлагатай байдаг учраас удаан хугацаагаар суух нь түгээмэл. Тиймээс ажиллах орчноо зөв тохируулж, тогтмол завсарлага авч, бага ч болов хөдөлгөөн хийхийг хичээдэг.

Мөн энэ салбарын бас нэг онцлог нь тасралтгүй өөрчлөгдөж байдагт оршино. Өдөр бүр шинэ технологи, шинэ чиг хандлага гарч ирдэг болохоор суралцахгүй бол хоцрох эрсдэлтэй. Анх энэ салбарт ороход мэдэж байсан зүйлс өнөөдөр хуучирсан байх жишээтэй. Тийм болохоор үргэлж шинийг сурч, туршиж, хөгжих шаардлагатай болдог. Заримдаа ачаалалтай мэт санагдавч нөгөө талаасаа байнга өөрийгөө шинэчлэх боломжийг өгдөг болохоор бэрхшээлтэй гэхээс илүүтэй сонирхолтой шүү.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Дижитал систем хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Н.Энхтүвшин

Бидний гол зорилго бол AI, UX/UI, хурд болон үр ашигтай байдлыг хослуулан, хэрэглэгчдэд вэб бүтээх хамгийн дэвшилтэт, хялбар шийдлийг санал болгох. Технологийн хөгжлийн ачаар дэлхий даяар код бичих шаардлагагүй, ухаалаг веб бүтээгч платформууд улам бүр нэмэгдэж байна шүү дээ. Бид энэ чиглэлд өөрсдийн ноу-хау, туршлагаа улам хөгжүүлж, хэрэглэгчдэд илүү хурдан, үр дүнтэй вэб хөгжүүлэлтийн шийдэл хүргэхээр ажиллаж байна.

Одоогоор бид чанартай, тогтвортой бүтээгдэхүүн хөгжүүлээд байгаа ч хараахан өргөн хүрээнд нэвтрүүлж, маркетингийн идэвхтэй ажиллагааг эхлүүлээгүй байгаа. Тиймээс ойрын хугацаанд бүтээгдэхүүнээ илүү танигдуулах, хэрэглэгчдийн хүртээмжийг нэмэгдүүлэх, маркетингийн стратегиа эрчимжүүлэхэд түлхүү анхаарч байна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Чанар хяналт, баталгаажуулалтын инженер А.Алтантуяа

Сүүлийн үед UX/UI дизайн гаргах их сонирхолтой санагдаж байгаа. Тийм болохоор интернэтээс төрөл бүрийн вэб дизайн судалж, Figma дээр загварчлан угсарч, туршиж үзэж байна.

Мөн мэдээллийн технологийн шинэ нээлтүүд, хөгжүүлэлтийн чиг хандлагууд дээр анхаарлаа хандуулж, шинэ технологи, UX/UI трэндүүдээс хоцрохгүй байхыг хичээдэг. Технологи маш хурдтай хөгжиж байгаа болохоор байнга судалж, туршиж үзэхгүй л бол хоцрох эрсдэлтэй санагддаг юм.


12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Back-End хөгжүүлэгч Б.Лхагвадорж

Би ер нь кино нэг их үзээд байдаггүй л дээ. Гэхдээ таалагддаг, онцолмоор хэдэн бүтээл бий. The Social Network бол тэдний нэг. Хэдий Марк Зукербергийн амжилтын түүхийг харуулдаг ч гол нь том зүйл босгохын тулд тодорхой хэмжээнд золиос гаргах, тууштай байх шаардлагатай гэдгийг сайн өгүүлсэн санагддаг.
Interstellar-ийг бас дурдмаар байна. Энэ кино зүгээр нэг шинжлэх ухааны тухай биш, хүн хоорондын нандин харилцаа, амьдралын үнэ цэнийг маш сонирхолтой өнцгөөс харуулдаг. Тийм болохоор үзсэн даруйдаа л мартагдахгүй, дахин дахин эргэцүүлж бодогддог кино.

Ажиллаж байхдаа Deep Focus төрлийн ая, YouTube-ийн Lofi радио, Interstellar-ийн төгөлдөр хуурын хөгжмүүдийг ихэвчлэн сонсдог. Энэ төрлийн хөгжим төвлөрөхөд туслахаас гадна, нэг л тайван мэдрэмж өгдөг.

Харин номын хувьд бол романтик зохиол унших дуртай. Хамгийн их таалагддаг зохиолч гэвэл Харүки Мүраками.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Дижитал систем хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Н.Энхтүвшин

Удирдагч хүний гол үүрэг бол зөв хариултыг мэдэх биш, зөв асуултыг гэж тавих гэж боддог. Зөв асуулт хүмүүсийг бодох, шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадварт сургаж, багийнхаа үнэ цэнийг өсгөх үндэс болдог.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Back-end хөгжүүлэгч Д.Гандаваа

“Харам таригч нь харам хураана. Өгөөмөр таригч нь өгөөмөр хураана.” гэсэн нэгэн мэргэн үг бий. Энэ үг амьдралд ч, бизнест ч үнэн гэдгийг олон зүйл дээр харж болно. Ялангуяа технологийн бизнест бүр ч илүү хамаатай мэт санагддаг.

Танай бүтээгдэхүүн жижигхэн, энгийн санагдаж болох ч хамгийн гол нь үйлчлүүлэгчдийнхээ асуудлыг шийдэж, тэднийг өсөж хөгжихөд тусалж чадаж байгаа эсэх нь чухал. Хэрэв та хэрэглэгчиддээ үнэхээр үнэ цэнтэй зүйлийг өгч чадвал таны бизнес ч тэр хэрээрээ өргөжин тэлэх нь гарцаагүй.

Үр тариа ургахын тулд хөрсөө бэлдэж, тогтмол усалж, арчилж тордох шаардлагатай байдаг шиг бизнес ч гэсэн цаг хугацаа, тууштай хичээл зүтгэл шаарддаг. Тиймээс үр дүн нь шууд харагдахгүй байлаа ч уйгагүй хөгжүүлж, сайжруулж, хэрэглэгчидтэйгээ хамт өсөж байгаарай.