Монгол Улсын хүн ам тогтмол өсөж, хот хүрээ томрохын хэрээр шинэ жолооч нар ч олноор бэлтгэгдэж буй. Шинэхэн жолооч нар ихэвчлэн хайбрид машин сонгодог тул манай редакц салбарын тэргүүлэгч, олон жилийн туршлагатай Приус Центртэй хамтран хайбрид машины талаарх заавар, зөвлөгөөг цувралаар хүргэж байна.

Энэхүү цувралынхаа эхэнд хайбрид машины талаар мэдэх ёстой бүхнийг А-Я үсгэнд багтаан тайлбарлав. Шинэ гэлтгүй туршлагатай жолооч нарт ч хэрэг болно гэдэгт үл эргэлзэнэ.


А үсэг бол Амьдралын нэг хэсэг

Хүн төрөлхтөнд бүх л цаг үед нэг цэгээс нөгөөд хүрэх хэрэгцээ, шаардлага байсаар ирсэн. Тийм ч утгаараа тээврийн хэрэгсэл бол бидний амьдралын салшгүй нэг хэсэг. Харин ямар тээврийн хэрэгсэлтэй байх вэ гэдэг нь тухайн хүний амьдралын хэв маягаас ихээхэн шалтгаална. Өнөөдрийн нийтлэлийн гол дүр хайбрид автомашин нь нэн ялангуяа хотын нөхцөлд тун тохиромжтой унаа билээ. Яагаад гэдгийг нь дараах хэсгүүдэд тайлбарлая.

Б үсэг бол байгаль орчин

Автомашин үйлдвэрлэгч нар том хөдөлгүүртэй, чанга дуутай автомашин бүтээж хоорондоо өрсөлдөж байсан цаг үе нэгэнтээ ард хоцорч, нийгэмдээ хэрэгцээтэй, байгаль орчинд ээлтэй автомашин бүтээх эрэлд гараад удаагүй байна. 1980-аад оноос эхтэй энэхүү эрлийн нэгэн том ололт амжилт бол шатахуун бага зарцуулдаг, үүнийгээ дагаад утаа тортог бага хаядаг хайбрид автомашинууд юм.

Хайбрид машинууд гарч ирэхээс өмнө дэлхийн нийт хүлэмжийн хийн 30-40 хувийг автомашинууд бүрдүүлдэг байв. Энэ тоо жил ирэх тусам буурсаар байгааг харуулах судалгаанууд ч бий. Жишээ нь, 2020 онд л гэхэд дэлхий даяар нийт 16 сая хайбрид машин борлуулагдаж, 500,000,000 тн хүлэмжийн хийг байгальд ялгарахаас сэргийлжээ.

В бол визуал дизайн

Үйлдвэрлэгч нар зөвхөн хөдөлгүүр, явах эд ангид анхаараад зогсохгүй хайбрид машиныг илүү зөөлөн харагдацтай, тухтай явдалтай байлгахад анхаарсан нь өнөөгийн бидний мэдэх олон хайбрид машинаас анзаарагдана. Хайбрид машин нь хотын машин гэдгээрээ алдартай тул яах аргагүй их хотын загварлаг байдлаа хадгалсан визуал дизайнтай байхаас өөр аргагүй билээ.


Г бол гэмтэл

Хайбрид машинуудад ч гэсэн бусад төрлийн машинуудтай адил гэмтэл гарна. Тэр бүрд нь найдвартай, чанартай засварын газраар үйлчлүүлэх нь чухал. Энэхүү нийтлэлийн хамтрагч Prius Center-ийн хамт олон нь Монголдоо анхлан ISO9001:2015 стандартыг хэрэгжүүлсэн бөгөөд мэргэжлийн, чадварлаг гэдгээрээ салбартаа ялгардаг билээ.

Д бол дуу чимээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас төрөл бүрийн тээврээс үүсэж буй дуу чимээний бохирдол нь оршин суугчдын нойрны чанар цаашлаад стресс бухимдалд хамгийн ихээр нөлөөлдөг болохыг онцолжээ. Тус байгууллагаас хотын дуу чимээг 55 dB-ээс бага байлгахыг зөвлөдөг ч ялангуяа хөдөлгөөн ихтэй замд энэ тоо 80-90 dB хүрдэг гэнэ. Ийм ч учраас дуу чимээ бага гаргадаг хайбрид болон цахилгаан хөдөлгүүртэй машинууд дуу чимээний бохирдлын нэгэн том ерөндөг байж чадна.

Е бол ерөнхий төрх

Хайбрид машины ерөнхий төрхийг бид ихэвчлэн Приус загвараар төсөөлдөг. Энэ нь ч буруу биш. Үнэхээр л дэлхий дахинаа хамгийн олон тоогоор борлуулагдсан хайбрид машин бол Тоёота Приус. Нийт зургаан сая гаруй хувь зарагдсан энэхүү загвараас Тоёота Sai зэрэг олон загварууд санаа авсан байдаг.


Ё бол ёс зүй

Цахилгаан автомашины салхи дэлхий нийтийг байлдан дагуулаад байгаа ч Японы тэргүүлэх автомашин үйлдвэрлэгч Тоёота хайбрид төрөлдөө үнэнч, ёс зүйтэй байсаар ирэв. Тэд цөөн тооны бүрэн цахилгаан тэрэг зах зээлд гаргасан ч хайбрид машин үйлдвэрлэлээ өргөжүүлсээр ашиг орлогоо ч нэмсээр байна. Тэд өнгөрсөн жилд гэхэд 12 сая орчим автомашин борлуулсан бөгөөд энэ нь өмнөх жилээсээ 10 орчим хувиар өссөн үзүүлэлт юм.

Ж бол жаргал

“Америк хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа”-наас үзэхэд хайбрид машин унадаг жолооч нар хамгийн их сэтгэл ханамжтай байдаг бөгөөд 100 хүн тутмын 82 нь сонголтдоо "аз жаргалтай" гэж хариулжээ. Үнэхээр л түгжирч эсвэл бага хурдтай явж байхад түлш зарцуулахгүй, батарейгаа л ашиглаж, эдийн засгийн хэмнэлт гаргана гэдэг жаргалтай байх шалтгаан байхаас өөр аргагүй.

З бол зардлын хэмнэлт

Хайбрид машин үнэхээр хэмнэлттэй байдаг эсэхийг хамтдаа тооцож үзье. Бензин хөдөлгүүрт Тоёота Приус 30 автомашинаар нэг жилд 15,000 км зам туулна гэж тооцвол нийт 1200 литр бензин зарцуулж, 2,880,000 төгрөгийн (нэг литрийг 2400 төгрөгөөр бодов) түлшний зардал гаргана. Харин энэхүү автомашины хайбрид хувилбар нь ижил зайд ойролцоогоор 675 литр бензин зарцуулж, 1,890,000 төгрөгийн зардал гаргах нь.



И бол инженерийн гайхамшиг

Хайбрид машиныг инженерийн гайхамшиг гэж нэрлэхэд буруудах зүйлгүй. 1900-аад оны үед Фердинад Порше хос хөдөлгүүрт машины загварыг гаргаж байсан ч 1980 он хүртэл хөгжүүлж чадаагүй юм. Харин 1990-ээд оноос эхлэн Тоёота компани энэ зах зээлд амжилт гаргаж, улмаар олон автомашин үйлдвэрлэгч нарыг хойноосоо дагуулсан нь уг салбарт ширүүхэн өрсөлдөөнийг авчирсан түүхтэй.

К бол километрийн үр ашиг

Хайбрид машин бага хурдтай үедээ цахилгаан хөдөлгүүрээ ашиглах тул ялангуяа хотод явж буй километр бүрдээ санхүүгийн хэмнэлт бий болгож байдаг. Бензин хөдөлгүүртэй машин 100 км замд дунджаар 7-10 л бензин зарцуулдаг бол хос хөдөлгүүрт хайбрид машинууд 3-5 л бензин зарцуулдаг аж.

Л бол литр

Хайбрид машины хамгийн том давуу тал бол шатахууны хэмнэлт. Өнгөрөгч жилүүдэд Тоёотагийн үйлдвэрлэсэн хайбрид машинууд л гэхэд 6 тэрбум литр шатахуун хэмнэж, 120 сая тонн хүлэмжийн хийг ялгарахаас сэргийлж чадсан байна.


М бол Монголын нөхцөлд

Хайбрид машины гайхамшгийг монголчууд бид ч мэдрээд удаж байна. Зөвхөн хотын замд гэлтгүй хөдөө орон нутгийн хүнд хэцүү, бартаат замуудад ч Приус, Lexus RX тэргүүтэй машинуудыг харах нь нийтлэг үзэгдэл.


Гэхдээ бид ариг гамтай, хариуцлагатай хэрэглээг үргэлж санаж байх хэрэгтэй. Урин дулаан цагт аялахын өмнө үзлэг оношилгоондоо сайтар орж, өвлийн улиралд машинаа хэт олон хоногоор гадаа хонуулах, асаагаад шууд хөдлөх зэргээс татгалзах хэрэгтэй.

Н бол наян хувь

Хайбрид машины хөгжлийн сүүлийн хоёр арваныг Тоёота байлдан дагуулав. Анх 1997 оны 12-р сард Япон улсдаа борлуулж байсан Приус машиныг дэлхийн зах зээлд гаргах стратегиа маш сайн боловсруулж, Тоёота Приус гэх нэрийг дэлхий дахинаа тунхлаглаж байв. Өдгөө Тоёота хайбрид машины борлуулалтын 80 хувийг дангаараа эзэлж байна. Компанийн зүгээс тасралтгүй инновац, тогтвортой байдлыг амлаж буй нь дэлхийн хайбрид машины эрэлтийг улам бүр нэмэгдүүлж, 2020 онд л гэхэд дэлхий даяар нийт хайбрид машины үйлдвэрлэл 14 хувиар өссөн үзүүлэлтэй байна.

О бол олон сонголт

Хайбрид машин нь дотроо олон төрөлтэй.

Full Hybrid: Машин асах болон бага хурдтай явах үед цахилгаан хөдөлгүүр, харин өндөр хурдтай явах үед бензин хөдөлгүүр нь ажиллана. Томоохон төлөөлөгч нь Toyota Prius.

Mild Hybrid: Жижиг цахилгаан хөдөлгүүрээр бензин хөдөлгүүрээ дэмждэг. Томоохон төлөөлөл нь Honda Insight.

Plug-in Hybrid: Том батарейтай, хол замд цахилгаан хөдөлгүүрээ ашиглах зориулалттай. Томоохон төлөөлөгч нь Toyota Prius Prime.

Series Hybrid: Бензин хөдөлгүүр нь цахилгаан хөдөлгүүрээ цэнэглэж байх зорилготой. Томоохон төлөөлөгч нь BMW i3.

Parallel Hybrid: Энэ төрлийн автомашинд хоёр хөдөлгүүр хоёул ажиллах ба систем өөрөө аль хөдөлгүүрийг ажиллуулахаа шийддэг. Томоохон төлөөлөгч нь Honda Accord Hybrid.


Ө бол өндөр бүтээмж

Хайбрид машины өндөр бүтээмжийг олон жишээгээр дурдаж болно. Юун түрүүнд дахин сэргээгдэх тоормосны системийг онцолж болох юм. Жолооч хурдаа сааруулах, тоормос гишгэх үед машины цахилгаан мотор нь цахилгаан үүсгэгчийн үүрэг гүйцэтгэнэ. Энэ үед ялгаруулсан эрчим хүчээрээ цахилгаан хөдөлгүүрээ ажиллуулдаг нь гарцаагүй бүтээмжийг дэмжиж буй хэрэг. Мөн дотоод шаталтат хөдөлгүүртэй машинууд хөдөлгөөнд оролцож байгаад зогсох үед хөдөлгүүр нь ажиллаж л байдаг бол хайбрид машинууд нь зогсох үедээ цахилгаан хөдөлгүүрээ ажиллуулж, түлшээ хэмнэдэг.

П бол приус

Энэ оны 3-р сарын байдлаар монголд орж ирж буй нийт автомашины импортын 47 хувийг Тоёота Приус дангаараа бүрдүүлж байна. Үүнээс үзэхэд Приус хэмээх хайбрид машин үнэхээр л ард түмний унаа болжээ. Ташрамд дурдахад, өнгөрсөн онд манай улсад 73,556 автомашин импортоор орж ирсэн бөгөөд үүний 31,524 нь Тоёота Приус байсан гэнэ.

Р бол романтик байдал

21-р зуунд минимал байдал, байгальд ээлтэй шинж чанараас гадна салоноос эхлээд "романтик" буюу тухтай, тааламжтай байх чухал болоод буй. Сүүлийн үеийн Prius Prime болон Toyota Corolla Cross Hybrid зэрэг загварууд энэхүү хэрэгцээнд тулгуурлан өргөн дэлгэц, тухтай суудал, тансаг орчин зэргийг бүрдүүлж чаджээ.


С бол сэтгэл ханамж

2022 оны J.D Power Dependability-ийн судалгаагаар хайбрид машинууд дундаа Тоёота Приус 93 хувийн сэтгэл ханамжтай гэсэн үзүүлэлтээрээ тэргүүлсэн байдаг. Хос хөдөлгүүртэй, хайбрид машины давуу талыг жолооч нар улам бүр мэдэрч, жил ирэх тусам эрэлт нь ихэссээр байгаа ба АНУ дахь шинэ жолооч нарын 35 хувь нь анхны машинаараа Тоёотаг сонгодог гэсэн үзүүлэлтээс харж болно.

Т бол тав тух

Хайбрид машины цахилгаан хөдөлгүүр нь дуу багатай байдгаас гадна салонд орж ирэх шатахуун, утааны үнэр ч эрс бага байдаг тул бусад төрлийн машинуудаас илүү өндөр тав тухыг бүрдүүлдэг.

У бол ухаалаг

Тоёотагийн хайбрид машинууд "ухаалаг" байж чаддаг нь тэртээ 1997 онд танилцуулж байсан Hybrid Synergy Drive системтэй холбоотой. Энэхүү систем нь бензин болон цахилгаан хөдөлгүүрийг нэгтгэж, тасралтгүй ажиллагаатай, шатахуунд онцгой хэмнэлттэй болгож чаддаг.


Ү бол үйлдвэрлэл

1997 онд Тоёота Приус анхны загвар танилцуулагдсанаас хойш хайбрид машины эрэлт хэрэгцээ тогтвортой өсөж, өдгөө дэлхий даяар 67 улсад үйлдвэртэй болж 170 гаруй оронд 20 сая хайбрид автомашин борлуулаад байна.

Ф бол Фердинад Порше

"Мөрөөдөж явдаг спорт машинаа би хаанаас ч хайгаад олоогүй. Тиймээс өөрөө бүтээсэн" хэмээн хэлж байсан, Порше брэндийн үүсгэн байгуулагч алдарт Фердинад Порше нь хайбрид машины хөгжилд томоохон нөлөө үзүүлжээ. Түүхийн хуудаснаа тэрээр анхны хайбрид машиныг 1899 онд бүтээгдсэн гэж бүртгэгдсэн байдаг. Олон гайхалтай бүтээлүүдээрээ дэлхийд алдаршсан тус эрхмийн тэрхүү нээлт 100 гаруй жилийн дараа орчин цагийн хамгийн чухал технологиудын нэг болсныг өнөөдөр бид харж байна.

Х бол хурд

Хайбрид машинуудыг хангалттай хурдтай явж чаддаггүй гэж бодвол эндүүрэл юм. Дан ганц Toyota бус BMW, Audi гэх мэт дэлхийн ихэнх томоохон автомашин үйлдвэрлэгч нар хайбрид машины өрсөлдөөнд оролцож эхэлсэн тул хурд хүчтэй, тав тухай машин үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд эрчээ аваад буй. Энгийн жишээ авбал, Toyota RAV4 Prime загвар 0-100 км/цаг хурдыг 5.7 секундэд авч байгаа нь тэд байгаль орчинд ээлтэйн дээр хурд хүчээр ч дутахгүй гэдгийг илтгэж байгаа юм.


Ц бол цахилгаан мотор

Хайбрид машины амин сүнс бол ердөө л цахилгаан мотор. Өдгөө дэлхийд эрчийг аваад буй бүрэн цахилгаан автомашинууд хайбрид машинуудын дараагийн үе хэмээн нэрлэж болохуйц юм. БНХАУ, Европ, АНУ зэрэг томоохон зах зээлд бүрэн цахилгаан болон хайбрид автомашины борлуулалт нийт автомашины борлуулалтыг 20 хувийг эзэлж байна. Мөн 2010 оноос хойш батарей бүтээх зардал 85 хувиар буурсан нь цахилгаан моторын хэрэглээ нэмэгдэх томоохон хүчин зүйл болж буй.

Ч бол чанар

Хайбрид машины хамгийн том давуу талуудын нэг нь аюулгүй байдал бөгөөд ихэнх хайбрид машинууд ADAS стандартын дагуу бүтээгдсэн байдаг. Үүний тусламжтай 2025 он гэхэд зам тээврийн ослын тоо 35 хувиар буурах судалгаа бий.

Ш бол ШИЛДЭГ НЬ

Хайбрид машины үйлдвэрлэлээр Япон улс тэргүүлж, удаах байруудад АНУ, Европ бичигдэж байна. Японы энэхүү амжилтын цаана мэдээж Тоёота бий. Тэд бол салбарын үнэмлэхүй аваргууд. Тоёота дан ганц борлуулалтаар бус, байгаль орчинд үзүүлж буй нөлөөгөөрөө ч бусдыгаа хол орхиод буй. Зарим улсад Тоёотад хандан хуучин батарейгаа солиулснаар 100 долларын урамшуулал ч авах боломжтой аж. Энэ нь хэрэглэгчдийг байгаль орчноо хайрласанд урамшуулж буй хэлбэр билээ.


Э бол эко

Автомашинаас ялгарах нүүрстөрөгчийн давхар исэл нь дэлхийн дулаарлыг хурдасгаж буй голлох хүчин зүйлсийн нэг юм. Харин хайбрид машин нь энгийн машинаас 20-35 хувь бага хүлэмжийн хий ялгаруулдаг бөгөөд 100 км тутамд 2 литр бензин хэмнэснээрээ 4.7 кг хүлэмжийн хий ялгарахаас сэргийлж чаддаг.

Ю бол юун түрүүнд эрүүл орчин

Хайбрид машины нөлөөгөөр Токио хотын агаарын бохирдол 20 хувь орчим буурсан гэсэн судалгаа бий. Мөн Английн Лондон хотод Приус тэргүүтэй хайбрид машинууд орчны PM2.5 нарийн ширхэгт тоосонцор, азотын ислийг бууруулж агаарын чанарыг сайжруулсан гэдэг нь батлагджээ.

Я бол ялгаа

Нэг машин хоёр мотортой байх нь мэдээж маш том давуу тал. Хайбрид хөдөлгүүртэй машин уламжлалт машинтай харьцуулахад түлшний зарцуулалт 50-60 хувь, хүлэмжийн хийн ялгарал 40 хүртэлх хувиар бага байдаг. Түүнчлэн батарейн насжилт 8-10 жилийн хугацаатай буюу 160,000-240,000 км зайд солих шаардлагагүй гэж үздэг нь бусад машинаас илүү урт хугацаанд асуудалгүй ажиллах боломжтойг илтгэж байгаа юм.