Цахиурын хөндийн алдарт хөрөнгө оруулагчдын нэг Гай Кавасаки нэгэн TEDx илтгэлдээ “Инновац гэдэг компани хэрхэн өсөн дэвшиж, ашигтай ажиллах тухай бус, харин хүмүүсийн амьдралыг хялбарчилж, тэс өөр амьдралын хэв маяг санал болгох боломжийг эрэлхийлэх явдал” хэмээсэн байдаг. 

XXI зуунд техник технологийн дэвшил хүмүүсийн ая тухыг ханган, төсөөлшгүй олон боломжоор хангаж байгаа нь хэдий сайшаалтай ч хүрээлэн буй орчны асуудлыг шийдэх, тогтвортой хөгжлийг дэмжих инновацын шийдлүүд бидний амьдралд ус агаар мэт дутагдаж буй билээ.

Тиймдээ ч аж үйлдвэрийн хувьсгалын үеэс эрчээ авсан “инновац” хэмээх ойлголт орчин цагт хааш тэмүүлж буйг бид энэ удаагийн нийтлэлээрээ тоймлохыг хичээлээ. 


ИННОВАЦыГ ЭНГИЙНЭЭР 

Инновацыг тайлбарлах хамгийн энгийн жишээ гэвэл XIX зууны АНУ-ын мөсний үйлдвэрлэл юм. Хотжилт ид хүчтэй явагдаж байсан тэрхүү цаг үед Нью-Йорк, Филадельфи гэхчлэн зүүн эрэг дагуу хурдацтай хөгжиж буй хотуудын хүнсний хэрэгцээг хангахын тулд хүйтэн уур амьсгалтай газар нутгуудад аварга том мөсний үйлдвэрүүд ажиллаж байв. Эхэн үедээ зөвхөн гар аргаар, томоохон гол мөрөн дагаж мөс олборлодог байсан бол аажимдаа мөс үйлдвэрлэгч тусгай үйлдвэрүүд галт тэрэг болон усан онгоцыг аварга том мөсөн блокуудаар дүүргэж дэлхийн хүнсний зах зээлд шинэ тэсрэлт авчирсан гэхэд хилсдэхгүй. XIX зууны эцэст, АНУ-ын мөсний худалдаа оргилдоо хүрэх үед тус салбарт 90 мянга орчим хүн ажиллаж байсан бөгөөд 2010 оны ханшаар 660 сая доллар эргэлдэж байсан гэх. Гэтэл “хөлдөөгч” хэмээх авсаархан цахилгаан бараа өрх бүрийн гал тогоонд заларсан цагаас мөсний бизнес арчигдсан түүхтэй. Гэрийнхээ хажуугийн супермаркетаас эквадор гадил авч идэх боломжийг олгосон хөргүүрийн систем нь хүний үйл ажиллагааг хялбарчлаад зогсохгүй нийгэмд тулгарч буй олон асуудлыг шийдсэн инновац байв.

Орчин цагт бидний амьдарч буй дэлхий XVIII сүүлч үеэс Их Британид өрнөсөн аж үйлдвэрийн I хувьсгалаас олон зүйлийг өвлөн авсан билээ. Мэдлэгийн хөрсөн дээр соёолсон тус хувьсгал нь хүн төрөлхтний сэтгэлгээг эргэж буцалтгүйгээр өөрчлөн, цоо шинэ амьдралын хэв маяг руу түүчээлэн хөтөлсөн түүхтэй. Тус хувьсгалын бэлгэ тэмдэг гэхэд буруудах зүйлгүй уурын хүчийг 1712 онд Томас Ньюкомен нээж, Жеймс Уотт боловсронгуй болгосон бөгөөд усан онгоц, төмөр зам, аварга том үйлдвэрийн машинуудыг ажиллуулахад шаардлагатай энэхүү машины ажиллах гол зарчим өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй хэвээр буй.

Уурын хөдөлгүүрээс эхлэлтэй орчин цагийн инновацын их тэсрэлт сүүлийн 200 хүрэхгүй жилийн хугацаанд дэлхий ертөнцийг танигдахын аргагүй болтол өөрчилж хүн төрөлхтний үнэт баялаг болсон нь гайхалтай хэрэг ч нөгөө талдаа бидний хэтэрсэн хэрэглээ эргээд хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлж буйг үл тоож хэрхэвч болохгүй.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ИННОВАЦ


Тиймдээ ч аж үйлдвэрийн IV хувьсгалын энэ эрин зуунд дэлхийн тэргүүлэгч гүрнүүд тогтвортой хөгжилд суурилсан инновацыг эрчимжүүлж буйн хэрээр бизнес эрхлэгчид ч байгальд ээлтэй хандах энэхүү давалгаанд нэгдэхээс аргагүй болж байна. Цар тахлын нөхцөл байдал бидэнд хэзээ ч нөхөж баршгүй олон гарз хохирол авчирсан. Гэвч ямар ч муу үйл явдалд сайн тал байдгийн жишгээр асар хурдтай өөрчлөлт нь инновацын шинэ талбаруудыг бидний өмнө нээж буй. Алсын зайнаас хамтран ажиллах, суралцах үйл ажиллагааг боловсронгуй болгох, виртуал хурал, аялал жуулчлал гэх зэрэг цахим арга хэмжээг зохион байгуулахад туслах шинэ хэрэгслүүдийг компаниуд эхнээсээ зохион бүтээгээд эхэлжээ.

Тогтвортой хөгжлийн үндсэн зарчим болох ёс зүйтэй хэрэглээг буй болгож, улмаар эко системийг хадгалж үлдэх зорилготой орчин цагийн “инновацлаг” компаниудын жишээнээс дурдвал:

INDIGO


Дэлхий нийтийн хүнсний хэрэгцээ нэмэгдэх тусам хөдөө аж ахуйн салбараас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ улам ихсэж буй. Энэ цаг үед "Indigo" компани байгаль орчинд ээлтэй бордоог тариаланчдад санал болгож байгаа юм. Ургамлын эдэд амьдардаг бичил биетнээс гаргаж авсан органик бордоо нь одоогийн байдлаар хөвөн, үр тариа, эрдэнэ шиш гээд АНУ даяар хамгийн өргөн тариалагдаж буй бүтээгдэхүүнүүдэд үр дүнгээ үзүүлж байгаа гэнэ. Мөн тус компани тариаланчдаас нэг тонн нүүрстөрөгчийг 15 доллараар үнэлж авах бизнес загвар хэрэгжүүлж, зургаан сарын хугацаанд 1.5 сая акр тариалангийн талбайг төсөлдөө хамруулж чаджээ.

BEYOND MEAT 


Нэг кг үхрийн махыг хэрэглэгчдэд хүргэхийн тулд дор хаяж 15 мянган литр ус зарцуулдаг гэх тооцоо бий. Махны хэтэрсэн хэрэглээ нь байгалийн нөхөгдөшгүй баялагт сөргөөр нөлөөлж буйг олон нийт ухаарах болсон энэ үед ургамлаас гаргаж авсан махны бизнес олон хэрэглэгчдийн таашаалыг хүлээж буй. Төрөл бүрийн шош, бор будаа, төмснөөс гарган авсан ургамлын гаралтай махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийд "Beyond Meat" компани тэргүүлж байгаа бөгөөд зайдас, бөөрөнхий мах, бургерын мах зэрэг бүтээгдэхүүнийг нь дэлхий даяарх 112 мянган дэлгүүрээс худалдан авах боломжтой. Дээд зэрэглэлийн үхрийн махнаас ялгарах зүйлгүй хэмээн үнэлэгддэг бүтээгдэхүүнийхээ ачаар тэдний бизнес өнгөрсөн нэг жилийн хугацаанд 253 хувь өсөж, өнгөрсөн намар л гэхэд 92 сая ам.долларын орлого олжээ.

HEALTHY.IO


Шээсний шинжилгээ өгөхийн тулд зайлшгүй эмнэлэг орон дугаарлаж зогсохын оронд шинжилгээ өгөхөд шаардлагатай багцыг гэртээ хүргүүлэн авч улмаар ухаалаг утасныхаа тусламжтай бөөр өвдсөн эсэхийг хормын дотор мэдэх боломжийг "Healthy.io" хэрэглэгчдэдээ олгодог. Тус компанийн нэвтрүүлсэн инновацын шийдэл нь хөл хорионы нөхцөлд гадагш гарах шаардлагагүйгээр хэрэглэгч өөртөө шинжилгээ хийх боломж олгосноороо онцлог.

Дэлхий даяар шинэ инновац, нээлтүүд хүрээлэн буй орчин, нийгмийн асуудлыг шийдэхэд чиглэж буй үед манай улсын холбогдох байгууллагууд ч тус салбарт олон ажил санаачлан хэрэгжүүлж байгаа юм.

Сонирхуулахад, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран “Инновац ба тогтвортой хөгжлийн зорилгууд” олон улсын үзэсгэлэнг ирэх сарын 7-8-нд цахим хэлбэрээр зохион байгуулах гэж буйг дуулгая. Тус үзэсгэлэн нь инновац, технологийн шийдлүүдийг ашиглан тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангаж, гадаад, дотоодын шинэлэг санаа, бүтээлч шийдлүүдийг таниулан сурталчлах замаар инновацын соёлыг түгээн дэлгэрүүлэх, экосистемийн оролцогч талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх үндсэн зорилготой.



Цахим үзэсгэлэнгийн онцлог 


Airmeet цахим арга хэмжээний платформыг ашиглан хүссэн хэн бүхэн цаг хугацаа, орон зай үл хамааран энэ цаг үеийн шинэ, шилдэг инновацын бүтээгдэхүүнүүдтэй үзэсгэлэнгийн үеэр танилцах боломжтой. Мөн зохион байгуулагчид оролцогч байгууллагуудын 10 бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгож, хөрөнгө оруулагчдад танилцуулан, хөрөнгө оруулалт татах болон "Стартап Монгол"-ийн бизнес хурдасгуур хөтөлбөрт үнэгүй хамрагдан хурдацтай үсрэлт хийх алтан боломж олгох аж.

ХЭН ХАМРАГДАЖ БОЛОХ ВЭ? 


Төрийн болон хувийн хэвшлийн, иргэний нийгмийн байгууллага, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, тэдгээрийн дэргэдэх гарааны компани, лаборатори, төрийн бус байгууллага, өндөр технологийн компани, олон улсын байгууллага, хамтын ажиллагааны оффис, томоохон бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, энтрепренер залуусын өмнө тус үзэсгэлэнгийн хаалга нээлттэй.

Ямар шагналтай вэ? 


Үзэсгэлэнгийн төгсгөлд инновацын шилдэг бүтээгдэхүүн, инновацын шилдэг үйлчилгээг зохион байгуулагчдын зүгээс шалгаруулна. Шалгарсан багийг "Стартап Монгол" байгууллагын Стартап Хурдасгуур 2021 хөтөлбөрт оролцох, "GIZ Mongolia"-ийн Бизнес хөгжлийн төвийн зөвлөх үйлчилгээнд үнэгүй хамрагдах мөн "Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл"-ийн худалдааны талбайн жилийн түрээсээс хөнгөлөх боломжууд хүлээж буй. Нэмээд олон улсын шилдэг багийн хоёр гишүүнийг Монгол улсад аялах эрхээр шагнах аж.

БҮРТГЭЛ

Сонгон шалгаруулалт болон цахим үзэсгэлэнтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү хаягаас аваарай.
Холбоо барих дугаар: 70111299 85854510 80113936
И-мейл: innovation.expo.sidia@gmail.com