Шинэ он гарлаа. Энэ цаг үед хүн бүхэн хувь хүнийхээ хөгжилд анхаарлаа хандуулан шинэ оныхоо зорилгыг хэрэгжүүлэхээр ханцуй шамлан ордог билээ. Тэгэхдээ бид өөрсдийнхөө дуртай YouTube сувгаасаа, дуртай влоггороосоо, киноноосоо урам зориг авч, мөн шинэ сэдэл, санаа хайж явахдаа цоо шинэ, өөр нэгэн сонирхолтой контент бүтээгчдийг ч олж нээх нь элбэг.
Шинэ ондоо хувь хүнийхээ хөгжилд анхаарахыг зорьж буй танд Unread багийнхны санал болгох хувь хүний хөгжлийн 10 YouTube сувгийг хуваалцахаар энэ удаагийнхаа нийтлэлийг бэлдлээ. Уншигч та ч мөн өөрийн дуртай YouTube сувгаа сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй.
Хамтдаа хөгжье.
1. Veritasium
Veritasium бол энэ хорвоо ертөнцийн хамгийн сонирхолтой сэдвүүдийг шинжлэх ухаанчаар тайлбарладаг суваг. Гэхдээ уйтгартай биш. Хагас цагийн бичлэгийг нь шимтэн үзэж байхад нэг л мэдэхэд дуусна. Жишээ нь хамгийн сүүлд салхины хүчээр өөрөө явдаг төхөөрөмжийг тайлбарлах явцдаа хувьсал яаж явагддаг вэ гэдгийг тун гайхалтай байдлаар хамгийн гол нь энгийнээр хэлээд өгчхөж байгаа юм. Хорвоо дэлхий яаж эргэдэг, тэдгээр нарийн зүй тогтол бидний өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлдөг, бид яаж илүү сайн хүн байж болох вэ гэдгийг энэ сувгаас олж мэдээрэй. Өмнө нь энэ сувгийн нэг контентоор "Шилдэг мэргэжилтэн болох нууц жор + шинжлэх ухааны баримтууд" нийтлэл ч бичиж байлаа.
Санал болгосон: Ерөнхий редактор Д.Түшигт-Эрдэнэ
2. Ali abdaal
2025 ондоо хувь хүний хөгжилдөө анхаарах аяллаа эхлэхээр шийдсэн хүмүүст Ali Abdaal-ийн YouTube сувгийг санал болгоё. Тэрээр олон жилийн турш босгосон эмчийн карьераа бүр мөсөн орхиод, YouTube дээр бүтээмжтэй амьдрах, ажиллах арга барилаа хуваалцсаар одоо хамгийн их дагагч, захиалагчидтай "self-help guru" болоод байгаа. Зөвхөн нэг сэдэв гэлгүйгээр эрүүл мэнд, бүтээмжит байдал, санхүү, карьер зэрэг бидний амьдралын чанарт шууд нөлөөлөх олон сэдвүүдийг хамруулан богино, бодит жишээтэй, хамгийн гол нь шууд хэрэгжүүлж болох алхмуудыг багтаасан байдаг тул өөрийгөө хөгжүүлэх аяллыг чинь эхлүүлэх сайн хамтрагч байна гэдэгт итгэлтэй байна.
Санал болгосон: Сошиал медиа менежер, контент бүтээгч Ч.Шинийннэгэн
3. Bat-Orgil Batsaikhan
Жил хагасын өмнө манай ангийн охин энэ сувгийг надад санал болгосон юм. Элдэв чамин зүйлгүй хэр нь ярьж буй агуулгаа хүнд ойлгуулж чаддаг нь би одоог хүртэл чих тавин хүлээдгийн шалтгаан билээ. Бүр гайхмаар нь шинээр оруулсан дугаарыг сонсох бүрд намайг ажиглаад байна уу гэлтэй амьдралд тулгарсан асуудлуудыг минь шийдэх гарцыг хэлээд өгчихдөг.
Шалтгаан нь миний бодлоор философийн ч бай, хувь хүний хөгжил ч бай хүн бүрд тулгардаг сэдвийг номын үгээр бус хөрсөн дээр нь буулгаж ярьдагтай холбоотой гэж хардаг. Дээр нь залуус бидэнд тулгардаг сэдвийг хөндөж, шийдэл санал болгох нь энэ channel-аас нэгийг бодож хоёрыг тунгаах бодол үлдээдэг билээ.
Санал болгосон: Видео контент бүтээгч Г.Балжинням
4. Lab muffin beauty
Би косметикийн химич болно гэж боддог байсан болохоор нэг хэсэг youtube дээр үздэг юм зөвхөн арьс арчилгааны тухай болчихсон байсан. Харин 2-р курсээ төгсдөг жил энгийн нэг Youtuber эсвэл инфлуенсерийн арьс арчилгаа сонин байхаа больж, үйлдвэрлэл, шинжлэх ухаан талаас нь сонирхдог болсон юм. Тухайн үед яг нэг час хийсэн ойлгомжтой, илүү “hard science” талаас нь тайлбарласан бичлэг хийдэг хүн олсон нь “lab muffin beauty” байсан л даа. Уг сувгийн хөтлөгч Мишель яг косметикийн химийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан, Австралид амьдардаг эмэгтэй.
Анх блог хөтөлдөг байж байгаад “debunk” буюу арьс арчилгаанд хүмүүсийг төөрөгдүүлдэг нийтлэг асуудалд биохимийн талаас тайлбар өгсөн бичлэг хийдэг болсон. Шууд гол асуудалдаа маш ойлгомжтой хариулт, логик, дэс дараатай тайлбар өгдөг. Дээрээс нь хэт нэг талыг барьж туйлшралгүй зөв мэдээлэл өгдөг болохоор таалагддаг. Саяхан түүний номыг Монгол хэл дээр Монсудар редакц орчуулан гаргасан байна лээ.
Санал болгосон: Сэтгүүлч, нийтлэлч Ж.Гэрэлчимэг
5. Философи
Философийн агуулгатай ном уншина гэдэг цай уунгаа гүйлгээд харах төдий хөнгөн зүйл яавч биш. Харин ч анхаарлаа сайн гэгч нь төвлөрүүлж байгаад үг нэг бүрийг нь анхааралтай унших ёстой. Гэхдээ миний хувьд энэ төрлийн ном уншихаас илүүтэй ийм сэдвүүдийг тайлбарласан подкаст сонсдог. Өөрөө ойлгох гэж цаг алдаж байснаас ойлгомжтой тайлбарладаг хүнийг нь сонсчихвол цаг хугацаа илүү хэмнэнэ гэж боддог юм.
Тиймдээ ч энэ тал дээр хамгийн шилдэг нь www.philosophy.mn -ийг үүсгэн байгуулагч М.Дөлгөөнбаярын хөтлөн явуулдаг “Философи” суваг. 60 минут хүрэхгүй хугацаанд аливаа номын агуулгыг айхтар цэгцтэй базаж ярьдгийн зэрэгцээ цааш унших сэдлийг улам бүр төрүүлдэг. Тусгайлан цаг гаргаад сонсвол тун ч үлдэцтэй подкаст тул та бүхэн ч бас заавал сонсоод үзээрэй. Миний хамгийн дуртай дугаар нь 41 дэх подкастын Бён Чол Ханы “Тамирдсан нийгэм” номын тухай ярьсан нь.
Санал болгосон: Сэтгүүлч, нийтлэлч Ц.Мажигсүрэн
6. Manduulero
Саяхан л бид дэлгэцийн хэт их хамаарлаас үүдэн богино контентуудад хүчтэй автаж, анхаарал төвлөрөх чадвар эрс муудаж байгаа талаар санаа зовж байсан. Гэхдээ Юүтүб дээр байршсан, багадаа 60 минутын хугацаатай, хувь хүний хөгжлийн контентуудын дундаж үзэлтээс харахад, бид буцаад урт контент үзэж, сонсож сурч байгаа юм шиг санагдаж байгаа. Тэр дундаа яг хувь хүний хөгжил гээд яривал, Manduulero суваг залуу мэргэжилтнүүдэд түгээмэл тохиолдож буй нурууны өвчин, нүдний эрүүл мэндээс өгсүүлээд хөрөнгө оруулалт, хөдөлмөр засал гэх мэт чухал сэдвүүдийг "барьж авч" туршлага нь тулсан эрхмүүдтэй үнэ цэнтэй яриа өрнүүлдэг нь хэдийн олон үзэгч, сонсогчидтой болсон байна.
Дөрвөн жилийн турш бүтээсэн 189 дугаартаа 12.4 сая үзэлт цуглуулж чадсан нь ч дээрх дүгнэлтийг батлах биз ээ. Миний анзаарснаар эрүүл мэндтэй холбоотой дугаарууд нь илүү олон хүнд хүрч байх шиг санагдсан. Эрүүл мэнд нэгт ч эрчим хүч, хиймэл оюун ухаан, мөрийтэй тоглоомын донтолт зэрэг нийгмийн шинж чанартай сэдвүүдийг илүү олон хүн үзээсэй гэж хүсэж байна.
Санал болгосон: Сэтгүүлч, нийтлэлч Э.Цэнгэг
7. History with amy
Bridgerton цувралын фенүүдэд гарцаагүй таалагдах нэгэн сонирхолтой TikTok хаяг бол "History with Amy". Түүхийн ухааны доктор Эми Бойингтонийн хөтөлдөг уг хаягийн ихэнх видеонууд нь 16-р зууны Хенри Тюдорын хаанчлалын үеэс 19-р зууны Викторийн эрин хүртэлх түүхэн цаг үеийг хамарч, хааны гэр бүлийн түүх, эмэгтэйчүүдийн үүрэг, соёлын онцлог, архитектур зэрэг өргөн хүрээтэй сэдвийг хөнддөг.
Ялангуяа хэн бүхний мэддэг алдартнуудаас илүүтэй түүхийн хөшигний ард үлдсэн эмэгтэйчүүдийн амьдрал, тэдний түүхэнд гүйцэтгэсэн үүрэг оролцоог тодруулж, түүхийг эмэгтэй хүний өнцгөөс шинэлэг байдлаар танилцуулдаг нь түүний гол онцлог юм. TikTok платформын онцлогт нийцсэн бичлэгүүд нь ердөө 1-3 минутын хугацаатай тул утсаа гүйлгэж байх зуураа л түүхийн мэдлэгээ зузаатгаад авна аа гэсэн үг.
Санал болгосон: Редактор, нийтлэлч Э.Бөртгөлжин
8. Matt D'Avella
Шинэ ондоо шинэ хүн болохоор зорьж буй хүмүүст Matt D'Avella-ийн YouTube сувгийг санал болгоё. Netflix-ийн “Minimalism”, “Less is Now” зэрэг баримтат кинонуудын найруулагч тэрээр 2017 оноос хойш YouTube дээр бичлэг хийж байгаа юм. Минималист амьдралын хэв маяг, өндөр бүтээмжтэй ажиллах, хувийн санхүүгээ удирдах, зөв дадлуудыг суулгах гээд хувь хүний хөгжилд туслах бараг бүх сэдвээр бичлэг хийдэг бөгөөд бичлэг бүр нь кино шиг хийцтэй байдгаараа онцлог. Аав болсноосоо хойш YouTube-ийн карьераа түр зогсоогоод байсан тэрээр саяхан шинэ подкаст, шинэ студийн хамт эргэн ирээд буй.
Санал болгосон: Дизайнер Ө.Амин-Эрдэнэ
9. The Futur
The Futur-ийг санал болгоё. Дизайны онолуудаас гадна дизайнеруудын бизнес талаас нь буюу үнээ хэрхэн тогтоох гэх мэтчилэн олон сонирхолтой, хэрэгтэй мэдээллүүд хуваалцдаг суваг.
Санал болгосон: Дизайнер Ж.Тэмүүжин
10. Nathaniel Drew
2025 онд шинэ гадаад хэл сурах гэж буй, өдөр тутмынхаа нэгэн хэвийн дэглэмээ өөрчлөх гэж буй, эсвэл зүгээр л сонирхолтой контент үзэхийг хүсэж буй хэн бүхэнд энэ сувгийг санал болгоно. Энэ хүний гадаад хэл шинээр сурч буй арга барил их сонирхолтой. Тодруулбал, дурын нэг хэлээ долоо хоногийн дотор сурах “challenge”-ийг өөртөө зарладаг. Тэгээд энэ хугацаанд тухайн хэлийг хэр хэмжээнд сурах боломжтойг бодит туршлагаар харуулдаг нь тун өвөрмөц бөгөөд урам зориг өгөхүйц. Гэхдээ аливаа хэлийг долоо хоног “улайраад” л сурах боломжгүй хойно заавал тухайн хэлийг араас нь нэхэж суран мөн тэрхүү туршлагаасаа хуваалцдаг нь хэл сурахаар шийдээд буй хэн бүхэнд үр өгөөжтэй болов уу.
Мөн энэ хүн дэлхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн агуу эрхмүүдийн анхаарал татам дадлуудыг бодитоор туршиж үзэн түүнээсээ сурсан зүйлсээ хуваалцдаг нь уг сувгийн өөр нэгэн онцлууштай хэсэг нь. Мэдээж дээрх хоёроос өөр олон төрлийн контент бүтээдэг бөгөөд тэдгээрийг ч мөн уншигч та сонирхоод үзээрэй.
Санал болгосон: Сэтгүүлч, нийтлэлч А.Пүрэвдорж
y yu yriad bgnbe 2025.01.05 103.57.93.244
Buriig mongold meddeggu hun yu bsin gadaad youtuber oruulj irsend ni bayrlalaa l
. . 2025.01.04 202.126.88.160
humus ugasa heluuleltgui meddeg bailguide buriig. shine medeelel uguh deeree iluu anhaarsan bololtoi
A A 2025.01.03 66.181.182.195
Sonirholtoi youtube suvguud sanal bolgosond bayarlalaa. Gehdee Burii university-iig orhisond baga zereg gaihlaa