Бид урьд нь Нобелийн шагналтнууд болон алдарт зохиолчдын дадлуудын талаар уншигч та бүгдэд сонирхуулж байсан билээ.
Харин энэ удаа дөнгөж өчигдөрхөн зохион байгуулагдсан 97 дахь удаагийн Оскарын наадамтай холбогдуулан алдартай жүжигчдийн өдөр тутамд хийдэг дадлын талаар хүргэхээр бэлтгэлээ.
1. Марк Уолберг
Жүжигчний тухай
Америкийн жүжигчин, продюсер Марк Уолберг 20 гаруй инээдмийн болон тулаант кинонд дүр бүтээсэн бөгөөд "Тед" инээдмийн киноны гол дүрийг бүтээснээр нь бид түүнийг эчнээ танина. Түүний карьер "Марки Марк болон Фанки Банч" хип хоп хамтлагийг байгуулж, дотуур хувцасны загвар өмсөгчөөр ажилласнаар эхэлсэн байна.
Марк Уолберг ажилчин ангийн гэр бүлд төрж өссөн бөгөөд есөн хүүхэдтэй айлын хамгийн отгон нь. 14 насандаа сургуулиа орхиж, улмаар гэмт хэрэгт холбогдож байсан ч амьдралынхаа хүнд үеийг даван туулж, өөрийн хип хоп хамтлагийг байгуулснаар урлагийн замналаа эхлүүлжээ.
Өсвөр наснаасаа дуу хөгжим, жүжиглэх урлаг, кино продюсер, загвар өмсөх зэрэг олон чиглэлээр ажилласан тэрээр өнөөг хүртэл амжилттай карьераа үргэлжлүүлж буй нэрт жүжигчин, продюсер нэгэн.
Марк Уолбергийн өдрийн дэглэм
2:30 AM – Сэрж, залбирал үйлдэх
3:15 AM – 90 минутын бие халаах дасгал
5:30 AM – Өглөөний цай
7:30 AM – Булчингийн нөхөн сэргээх эмчилгээ
10:30 AM – Бэлтгэл
1:00 PM – Уулзалт
7:30 PM – Амрах
Марк Уолбергийн өдөр тутмын дадал маш онцгой. Тэрээр ихэнх хүмүүс гүн нойрондоо автаж байх үед өдрийг эхлүүлдэг бөгөөд шөнийн 2:30 цагт сэрж, оройн 7:30 цагт амардаг аж. Түүний өдрийн ихэнх цаг дасгал, бэлтгэл сургуулилтад зарцуулагддаг нь эрүүл мэндээ тэргүүнд тавьдаг хүний хувирамжгүй зарчимтайг илтгэж буй.
Мөн уг дэглэм нь карьер, гэр бүлийн харилцааг тэнцвэржүүлэх, өөрийгөө зоригжуулах болон сахилга батыг эрхэмлэх нь хэчнээн чухал болохыг харуулж байгаа юм.
2. Дуэйн Жонсон
Жүжигчний тухай
“Мумми эргэж ирсэн нь” киноны Хилэнцэт хааны дүр яг л эртний домог туульст гардаг бүхнийг чадагч бурхан шиг санагддаг байж билээ. Хөрслөг бор арьс, өтгөн хар үс, булчинлаг бие гээд л хүн бүрийн хүсдэг харисматик шинж чанарыг бүрдүүлсэн Хилэнцэт хааны дүрд алдарт жүжигчин Дуэйн Жонсон тоглосон гэдгийг уншигч та бүхэн тод санаж байгаа биз.
Гэхдээ Дуэйн Жонсонийг зөвхөн жүжигчин гэж боддог хүмүүс байвал нэгэн сонирхолтой мэдээллийг та бүгддээ хүргэе. Дуэйн Жонсон бөхийн удамтай гэр бүлд төрсөн ба түүний өвөө болон аав нь бөх хүмүүс байжээ.
Ингээд жүжигчин бөхийн спортоор шаргуу хичээллэсээр анх 1996 онд Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (WWF)-ний дэвжээнд Роки Маивай нэрээр гарч иржээ. Роки Маивай гэх энэхүү нэр нь яван явсаар Дуэйн Жонсоны тайзны нэр “Рок” бий болсныг та бүгд анзаарсан биз ээ. Урлаг спортын салбарын акул Дуэйн Жонсон эрүүл мэнд, бие галбиртаа хэрхэн анхаарал тавьдгийг доорх дадлуудаас харна уу.
Дуэйн Жонсоны өдрийн дэглэм
4:00 AM – Булчингийн эд эсийг төлжүүлэх дасгал
5:30 AM – Өглөөний цай уух
6:00 AM – Хүнд жингийн дасгал хийх
12:00 PM – Бизнес уулзалт болон зургийн талбай руу явах
7:00 PM – Гэр бүлтэйгээ цаг өнгөрүүлэх
10:30 PM – Амрах
Холливудын жүжигчин Дуэйн Жонсоний дадал нь илүү хүнд, мэргэжлийн түвшний дасгал сургуулилт дээр тулгуурладаг. Өглөөний 4:00 цагаас булчингийн масс нэмэх хүнд хэлбэрийн дасгалаар эхлүүлдэг тэрээр бизнес уулзалт, гэр бүлдээ анхаарал халамж тавих, бэлтгэл сургуулилт гэх мэт зүйлсийг төвөггүйхэн амжуулж чаддаг ажээ.
3. том круз
Жүжигчний тухай
Найруулагч Стенли Кубрикийн Eyes Wide Shut (Харахыг хүсээгүй үнэн) киноны нэр хүндтэй, дур булаам эмчийн дүр одоо ч үзэгчдийн сэтгэл зүрхийг булгилууж, догдлуулсан хэвээр буй. Баян чинээлэг хүмүүсийн нууцлаг үдэшлэгт санамсаргүй байдлаар очиж, улмаар үдэшлэгт өрнөсөн хачин жигтэй явдлуудыг мартаж чадалгүй хэдэн өдөр бачуурж, айдастаа автдаг Билл Харфорд эмчийн дүр урьд өмнө өгүүлэгдэж байгаагүй сэтгэл зүйн нарийн төвөгтэй асуудлыг харуулсан ер бусын сонирхолтой дүр билээ.
Энэхүү кинонд алдарт жүжигчин Том Круз өмнөх эхнэр Николь Кидмантэй хамтран тоглосон нь киног үзэх сэдлийг улам ихээр төрүүлдэг. Ингээд “Eyes Wide Shut”, “Биелэгдэшгүй даалгавар”, “Top Gun Maverick” гэх мэт адал явдалт, тулаант жанрын кинонуудад дүрээ мөнхөлсөн Том Крузийн өдөр тутамдаа хийж мөрддөг дадлуудыг танилцуулъя.
Том Крузийн өдрийн дэглэм
6:00 AM – Босох
6:30 AM – Эрчимтэй дасгал хийх
9:00 AM – Уулзалт хийх эсвэл зохиолын уншлага
1:30 PM – Орлон тоглогчийн сургуулилт (Шүхрээр үсрэх, хаданд авирах, моторт дугуй унах)
8:00 PM – Оройн хоолоо идэх
10:00 PM – Амрах
Том Круз орлон тоглогчийн бэлтгэл сургуулилтыг өдөр бүр бие даан хийдэг жүжигчин гэдгээрээ алдартай. Түүний тоглосон кинонуудын ихэнх нь адал явдалт, тулаант жанрын бүтээлүүд тул тэрээр хаданд авирах, мотоцикл унах, шүхрийн спортоор хичээллэх зэрэг эрсдэлтэй үйлдлүүдийг өөрийн биеэр гүйцэтгэдэг.
Холливудын олон жүжигчид орлон тоглогч ашиглах нь хэвийн үзэгдэл байдаг ч Том Круз аливааг өөрийн биеэр туршиж үзэхийг илүүд үздэг нэгэн. Ингэснээр тэрээр жүжигчний уран чадварыг хөгжүүлэх, дүрийн мөн чанарыг алдагдуулахгүй байх, жүжигчний нэр хүндээ өсгөх гэх мэт олон сайн талуудыг бий болгодог аж.
4. Киану Ривз
Жүжигчний тухай
Хар өнгийн нарийхан шил, савхин цув, савхин өмд, цамц, бээлий—ер нь савхин материалтай хувцас харах бүрд шууд л "Matrix" санаанд ордог шүү дээ. Уншигч та ч энэ хэсгийг уншихдаа "Matrix" киноны талаар ярих болов уу хэмээн таамагласан байж магадгүй. Энэхүү киноны дүрүүдийн хувцаслалт одоог хүртэл залуусын дунд тренд хэвээр буй. Хөгжмийн наадам дээр хар шил зүүж, савхин цув өмссөн охид, залуус харагддаг нь үүнийг батална.
Киану Ривзийг зөвхөн "Matrix" цувралын Неогийн дүрээр төсөөлөх аргагүй. Тэрээр "Жон Вик", "Константин", "Жонни Мнемоник" зэрэг уран зөгнөлт, тулаант кинонд гайхалтай дүрүүдийг бүтээсэн. Харин түүнийг хэд хэдэн удаа Оскарт нэр дэвшсэн ч (Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчинд 2000, 2019, 2024 онуудад нэр дэвшсэн) шагнал хүртэж чадаагүй гэдгийг та мэдэх үү?
Киану Ривзийн өдрийн дэглэм
5:30 AM – Сэрэх
6:00 AM – Кофе уунгаа философийн ном унших
7:00 AM – Mоторт дугуй унах
8:00 AM – Бие хамгаалах урлагаар хичээллэх
1:00 PM – Кино эсвэл буяны үйлд ажиллах
6:00 PM – Алхалт хийх
9:00 PM – Унтахаасаа өмнө ном унших
Киану Ривзийн өдөр тутмын дадал нь сэтгэлийн амар амгалан, эрүүл мэнд, танин мэдэхүйн мэдлэгээ зузаатгахад төвлөрсөн бөгөөд энэ нь утга учиртай, тайван амьдралын хэв маягийг эрэлхийлэхийн гол үндэс суурь болж болох юм.
Киану Ривз сэтгэцийн эрүүл мэнддээ ихээхэн анхаардаг нь түүний ном уншиж, алхалт хийдгээс нь анзаарагдсан билээ. Ном унших, нэг цэгээс нөгөө цэг рүү ганцаараа алхах зэрэг нь анхаарал төвлөрөх, тухайн өдөр хийсэн ажлаа дүгнэх, ой санамжаа сайжруулах гэх мэт ихээхэн ач холбогдолтойг уншигч та ч мөн адил мэдэж буй нь лавтай.
5. Женнифер Энистон
Жүжигчний тухай
"Найзууд" ситком цувралын Рэйчел Грийний дүрээр бидний танил болсон жүжигчин Женнифер Энистон Нью-Йорк хотод амьдардаг зургаан найзын хөгжилтэй амьдралыг өгүүлсэн энэхүү цувралаар дэлхий даяарх сая сая үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүртсэн.
1994 онд анх цацагдсан "Найзууд" цуврал удаан хугацааны турш хамгийн их үзэлттэй, алдартай цувралуудын нэгээр нэрлэгдэж ирсэн билээ. Женнифер Энистон Рэйчел Грийн дүрээрээ 2002 онд Эмми шагнал,2003 онд Алтан бөмбөрцөг шагнал хүртэж байсан юм.
Түүнчлэн Женнифер Энистонийг 1990-ээс 2000-аад оны загварын чиг хандлагыг тодорхойлсон нэгэн гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ. Түүний сонгодог өнгөний зохицолтой, загварлаг хувцаслалтууд нь одоог хүртэл охид бүсгүйчүүдийн хувцасны шүүгээнд нөлөөлсөөр байгаа юм.
Женнифер Энистоны өдрийн дэглэм
5:30 AM – Орноосоо босох
6:00 AM – Лемонтой цай уух
6:30 AM – 20 минутын бясалгал хийх
7:00 AM – Иогийн дасгал хийх
9:00 AM – Зохиол дээр ажиллах
10:30 PM – Амрах
Женнифер Энистоны өдөр тутмын дадал нь сэтгэл зүй, бие махбод, гоо сайхнаа тордож, өөрийгөө хайрлах зарчимд тулгуурладаг. Түүний хэв маягийн гол онцлог нь хооллолт, хөнгөн дасгал хөдөлгөөн бөгөөд эдгээр нь залуу, эрүүл харагдахад томоохон нөлөө үзүүлдэг гэнэ.
Өдгөө 56 нас хүрсэн ч толигор арьстай, гоолиг бие галбиртай хэвээр байгаа нь өдөр тутам дагаж мөрддөг эрүүл амьдралын хэв маягтай нь шууд холбоотой.
6. Тимоти Шаламе
Жүжигчний тухай
Тимоти Шаламегийн жүжигчний гараа "Men, Women & Children" (2014) кинонд дүр бүтээснээр эхэлжээ. Харин 2017 онд түүний нэр хүндийг олон улсад таниулсан кино бол "Намайг нэрээрээ дуудаач" (Call Me by Your Name) байв.
Энэхүү кинонд тоглохдоо Тимоти Шаламе франц, итали хэлээр чөлөөтэй ярьж, төгөлдөр хуур, гитар тоглодог гэдгээ үзэгчдэд харуулсан төдийгүй түүний жүжигчний ур чадвар Оскар, Алтан бөмбөрцөг, BAFTA зэрэг олон улсын нэр хүндтэй шагналуудад нэр дэвших боломжийг нээж өгсөн.
Тэрээр кинонд 17 настай Элиогийн дүрийг бүтээсэн бөгөөд өөрөөсөө 7 насаар ах Оливертой хайр сэтгэлийн холбоо тогтоох үйл явц, түүний өсвөр насны сэтгэл зүйн эмзэг байдал, ойлгомжгүй мэдрэмжүүдийг маш нарийн илэрхийлж чадсан.
"Намайг нэрээрээ дуудаач" киноны гол бэлгэ тэмдэг нь Элио, Оливер хоёрын бие биенээ өөрсдийнхөө нэрээр дуудах явдал байлаа. Энэхүү өвөрмөц хайрын түүх Тимоти Шаламег залуусын шүтээн, олон бүсгүйчүүдийн "краш" болгож, түүний карьерыг эрчимтэй өсгөсөн билээ.
Тимоти Шаламегийн өдрийн дэглэм
8:00 AM – Өглөө босож эспрессо кофе уух
8:30 AM – Хөл бөмбөгийн мэдээ үзэх
9:00 AM – Өглөөний гүйлт хийх
10:00 AM – Зохиолын уншлага болон франц хэлээр хичээллэх
1:00 PM – Хоол хийж идэх
3:00 PM – Видео тоглоом тоглох
5:00 PM – Телевизийн нэвтрүүлэгт оролцох
8:00 PM – Сонгодог кино үзээд амрах
Тэр дасгал хөдөлгөөн хийхээс илүүтэй нийгмийн харилцаанд идэвхтэй байхыг ямагт эрхэмлэдэг нэгэн ажээ. Зарим жүжигчид өглөө сэрээд тэжээллэг хоол иддэг байхад Тимотигийн хувьд өтгөн эспрессо уугаад л болчихдог нь тун сонирхолтой санагдлаа.
Түүний хувьд цаг заваа дуртай зүйлдээ гаргадаг болох нь хөл бөмбөгийн тойм үзэх, франц хэлээр бие даан хичээллэдэг зэргээс харж болно. Мөн Тимоти Шаламе цагийг ганцаараа өнгөрүүлэхээс илүүтэйгээр найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлдэг нэгэн бөгөөд ерөнхийдөө хүрээлэн байгаа хүмүүсээсээ эрч хүч авдаг нь түүний дадлуудаас анзаарагдсан болов уу.
7. Зендаяа
Жүжигчний тухай
Gen Z үеийнхэн дунд шуугиан тарьсан нил ягаан өнгийг санагдуулам “Euphoria” цувралын Ру Беннетийн дүрийг бүтээсэн Зендаяа нь жүжигчнээс гадна Louis Vuitton болон Bulgari зэрэг тансаг зэрэглэлийн брэндийн нүүр царайгаар тодорсон юм. Ташрамд дуулгахад, түүний гол дүрийг нь бүтээсэн Dune: Part II 97 дахь Оскарийн наадмын таван төрөлд нэр дэвшиж, хоёр цомын эзэн болсон билээ.
Зендаяагийн өдрийн дэглэм
7:30 AM – Орноосоо босох
8:00 AM – Лемонтой цай уунгаа сэтгүүл унших
9:00 AM – Бүжгийн хичээлээр хичээллэх
10:30 AM – Зохиолын уншлага хийх
1:00 PM – Хувийн төслүүд дээрээ ажиллах
4:00 PM – Хоол хийж идэх
7:00 PM – Арьсаа арчлах
9:00 PM – Кино үзээд амрах
Жүжигчин, дуучин, модел Зендаяагийн амьдралын нэг өдөр бол хэн бүхний дотроо битүүхэн хүсдэг нэг өдөр юм. Зендаяа гэр бүлийнхэнтэйгээ одоо хүртэл амьдардаг ба үүнийг өөрөө “Миний гэр бүл хувийн орон зайд минь хэзээ ч халддаггүй учраас тэдэнтэй хамт байх их амар байдаг.” гэж тайлбарласан байдаг.
Зендаяагийн дадлууд зарим ачаалалтай ажилладаг хүмүүст “амралт” шиг санагдаж болох. Өглөө сэрээд лемонтой цай уунгаа сэтгүүл уншаад л, өдөр нь өөрийнхөө санаачилсан төсөл дээр ажиллаж, орой нь Нетфликс үзээд унтах сайхан биш гэж үү? Түүний ажлын горим нь хөрвөх боломжтой (кино,дуу,загварын шоу) учраас түүнд ажил нь үргэлж шинэлэг, сонирхолтой байх нь ойлгомжтой.
8. Женна Ортега
Жүжигчний тухай
Үсээ хоёр сүлжиж боосон, хар өнгийн даашинзтай Уэйнсдей-н дүр сүүлийн үед Сүнсний баярын сонгодог дүр болж, бүжиглэдэг бүжиг нь дуутайгаа хамт хүүхдүүдийн дунд “од” болсон шүү дээ. “Адамийн гэр бүл” киноны шинэчилсэн хувилбар болох “Уэйнсдей”-ийн гол дүрийн жүжигчин Женна Ортега аймшгийн, инээдмийн, адал явдалт гэсэн олон төрлийн жанр руу хөрвөх чадвартай нэгэн билээ. Мөн дээрх онцолсон жүжигчдээс Женна Ортега насаар дүү ч гэлээ 40 гаруй уран бүтээлд гол болон туслах дүр бүтээжээ.
Женна Ортегагийн өдрийн дэглэм
7:00 AM – Орноосоо босох
8:00 AM – Бясалгаж иогоор хичээллэх
9:00 AM – Ном унших
11:00 AM – Испани хэлээр хичээллэх
2:00 PM – Сэтгүүл болон зурагт ном унших
5:00 PM – Скэйтбордоор хичээллэх
9:00 PM – Аймшгийн кино үзээд амрах
Женна Ортегагийн дадлууд бусад жүжигчдийн дадлуудаас багагүй ялгаатай. Тэрээр өглөө босоод бясалгал болон иогоор хичээллэж дуусаад ном уншдаг аж. Мөн испани хэлээр хоёр болон түүнээс дээш цагаар суралцдаг, скейтбордоор бие даан хичээллэдэг нь тэрээр хувийн хөгжилд цаг гаргаж сурсан нэгэн гэдгийг харж болно.
Хачирхалтай нь Женна Ортега унтахаасаа өмнө аймшгийн кино үзээд унтдаг аж. Учир нь тэрбээр нийгмийн сүлжээнд бага цаг зарцуулахын тулд утаснаас өөр зүйлд анхаарлаа төвлөрүүлж, өөрт хэрэгтэй зүйлдээ шамдан суралцахыг илүүд үздэг тул аймшгийн кино үзсэнээр аливааг эргэцүүлж бодоод унтдаг байна.