Магадгүй энэ дэлхий дээрх хамгийн чухал ажлын нэгдүгээрт аав, ээж байх бичигдэх биз ээ. Хүүхдийнхээ уг өгөгдөл, авьяас билгийг илрүүлэх, сургуульд заадаггүй мөнгө санхүүгийн талаарх зөв ойлголт, итгэл үнэмшил, дадал хэвшлийг гэртээ байх үед нь сайн суулгаж өгөх, хөгжүүлэх, тэднийг амьдралд бэлдэх нь эцэг эхчүүдийн гол үүрэг.
Гэхдээ гэр бүл доторх “мөнгө тойрсон яриа” заавал хүндхэн уур амьсгал дунд өрнөх албагүй. Харин ч хамтдаа чанартай цагийг өнгөрүүлэнгээ хүүхдэдээ санхүүгийн анхан шатны боловсрол олгох бүрэн боломжтой. Хэрхэн, яаж гэдгийг нь харин энэ удаагийн нийтлэлээс олж мэдээрэй.
Хэдхэн хоногийн өмнө есөн настай охиныхоо хамт хүнсний дэлгүүр оров. Бид хоёр авсан бараагаа бичүүлэх гээд кассан дээр очтол дансны үлдэгдлээсээ давсан худалдан авалт хийсэн байж таарч, “Үлдэгдэл хүрэлцэхгүй байна” гэх нь тэр.
Гэтэл манай охин үнэхээр гайхсан нүдээр над руу харангаа “Ээжээ утсан доторх мөнгө чинь дуусаж болдог хэрэг үү?” хэмээн асуух үед л би хүүхэдтэйгээ мөнгөний талаар илүү нухацтай ярилцах хэрэгтэйгээ ойлгосон юм. Бидний үеийнхнийг ухаан орох үед банкны апп, зээлийн карт аль аль нь байгаагүй шүү дээ. Эцэг эхчүүд маань хүүхдээ дэлгүүр гүйлгэхдээ зөвхөн цаасан дэвсгэрт өгнө.
Тиймдээ ч бид дэлгүүрээс хэдэн төгрөгөөр хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн худалдан авч болох вэ гэдэг барагцаа тун сайтай байсан. Харин одоо байдал тэс ондоо. Цаасан дэвсгэртийг өдөр тутамдаа ашиглах хэрэгцээ буурснаар хүүхдүүд ижил нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг харьцуулах, төсөвтөө тохируулан худалдан авалт хийх, хэрэгцээгүй бүтээгдэхүүнээс татгалзах гэх мэт чадварт суралцах гэж удаж буй сул талтай.
Бидний зүгээс санал болгох эхний санаа бол гэртээ хэрэгцээтэй байгаа зүйлсийн жагсаалтыг хүүхдэдээ бичиж өгч, бие даан супермаркетаас худалдан авалт хийлгэж, түүнийг сорих. Таны гаргасан төсөв жагсаалт дахь бүтээгдэхүүний үнээс үл ялиг доогуур байвал сайн. Хүүхэд энэ үед олон сонголт дундаас зайлшгүй хэрэгцээтэй барааг сонгох чадварт суралцана.
Холбоотой нийтлэлүүд:
Хүүхэдтэйгээ мөнгөний талаар ярилцах хамгийн зөв цаг хэзээ вэ?
Хүүхдийнхээ утсанд зайлшгүй суулгах топ 5 апп
Ард Кидс: Хүүхдэдээ бэлэглэх хөрөнгө оруулалтыг танилцуулах нь
Хамгийн энгийн, хүн бүхэн мэддэг юм шиг хэр нь ээ бодит амьдрал дээр эцэг эхчүүдийн тэр болгон хэрэгжүүлж чаддаггүй дадал бол хүүхдээрээ мөнгө хадгалуулах. Томчуудын хувьд дийлэнхдээ хүүхдийнхээ ирээдүйд зориулан урт хугацаат хадгаламжийг үүсгэдэг хэдий ч энэхүү хуримтлал та хоёрын санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх болохоос хүүхдийн санхүүгийн боловсролтой тийм ч ихээр холбогдохгүй.
“Хадгаламж бол бүхий л цаг үед хамгийн сайн найз” гэдгийг хүүхдэдээ хэдий чинээ эрт ойлгуулна, тэд амьдралд хөл тавих үедээ төдий чинээ бага санхүүгийн асуудалтай нүүр тулна. Тиймээс таны хүүхдэд мөнгөний гахай байхгүй бол яг одоо авч өгөөрэй. Мөнгө олох, хуримтуулах, зарцуулах гинжин хэлхээг илүү сонирхолтой байдлаар ойлгуулахыг хүсвэл алдарт 52 долоо хоногийн хадгаламжийн чалленжийг хамтдаа эхлүүлж болно шүү дээ.
Уг чалленж нь ердөө 1000 төгрөгөөс эхлэх ба долоо хоног бүр энэ дүнгээ ихэсгэж, хадгаламжиндаа 2000, 3000 төгрөг нэмж явсаар хамгийн сүүлийн долоо хоногт 52,000 төгрөг хийх үндсэн дүрэмтэй. Ийнхүү цуглуулж чадваас жилийн эцэс гэхэд 1,378,000 төгрөгийн хадгаламжтай болох болно. Хүүхдэд бага зэрэг өндөр дүн мэт санагдаж байвал 200, 300 төгрөг гээд бага дүнгээр эхлүүлж болох.
Хүүхэд тань бүтэн жилийн турш долоо хоног бүр тогтмол “мөнгөний гахайндаа” орлого нэмсээр энэхүү чалленжийн ард гарчихвал өмнөө тавьсан зорилгынхоо төлөө тууштай хөдөлмөрлөх, тэвчээртэй байх гээд олон чадварт суралцах давуу талтай. Мэдээж долоо хоног бүр алдахгүй явж чадсан түүний хадгаламжинд жилийн эцэст хуримтлалын хүү тооцож, санхүүгийн байгууллагын ажиллах үндсэн зарчмыг ч ойлгуулж болох.
Мөнгө хадгална гэдэг олж байгаатай адил.
Бенжамин Франклин
Амралтын өдөр тусгайлан цаг гаргаж байгаад хүүхэдтэйгээ хамтдаа хувцасны шүүгээгээ янзалж, цоо шинээрээ багадсан хувцас, хэрэглэхээ больсон дугуй зэрэг үнэ хүрч болох түүний эд зүйлсийг цахим орчинд худалдаалж үзээрэй. Хүүхдэд тань сонирхолтой санагдах нь лавтай.
Энэхүү арга хэмжээгээр дамжуулан хүүхдэдээ худалдан авалт бүрийн цаадах хүрээлэн буй орчны бохирдол, дэлхий даяар материаллаг эд зүйлсийн хаягдал хэрхэн хүлэмжийн хийн ялгаралтад нөлөөлж буй гээд тогтвортой хөгжлийн зорилтуудыг энгийнээр тайлбарлаарай. Томчууд бид хүртэл өөрсдөдөө байгаа эд зүйлсээ нэг дор овоолоод тавих үедээ ямар их хэрэгцээгүй зүйлс худалдан авч, халаас болон хүрээлэн буй орчинд халтай үйлдэл хийдгээ ойлгодог шүү дээ.
Мөнгө олох, хуримтлуулах нь чухал хэдий ч эргээд тэрхүү орлогоо хэрхэн зарцуулах ухаанд суралцах нь түүнээс ч чухал болохыг бид хүүхдэдээ ойлгуулах нь зүй.
Ном бол ямар ч хүнд сэдвийн тухай анхан шатны ойлголт өгөх хамгийн найдвартай эх сурвалж билээ. Хэрвээ та санхүүгийн тухай хүүхэдтэйгээ яриа өрнүүлэх бүтээл хайж буй бол бидний зүгээс дараах бүтээлүүдийг санал болгож байна.
6-8 нас: USBORNE хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг, философи, физик, улс төр, хууль гээд томчууудын хоорондоо ярилцдаг нарийн, төвөгтэй сэдвийг бага ангийнханд зориулан хялбаршуулан тайлбарласан цуврал бүтээлүүд тун алдартай.
Эдгээр цувралын нэг болох "Money for Beginners" нь банкны данс, орлого, зээлээс эхлээд засгийн газрын зарлага, татвар, инфляци зэрэг бүхий л зүйлийг багтаасан мөнгөний ертөнцийн талаарх мэдээлэл сайтай танилцуулга зурган хөтөч бүхий ном. Залуу уншигчдад мөнгө бидний амьдарч буй ертөнцийг яаж хэрхэн бүрдүүлдэг, хаанаас бий болдог, хэрхэн мөнгөтэй болох тухай маш энгийнээр бөгөөд хүртээмжтэй байдлаар тайлбарлаж ойлгуулах болно.
8-12 нас: Санхүүгийн салбарт олон жилийн туршлагатай Уолтер Андал 2016 онд " Finance 101 for Kids: Money Lessons Children Cannot Afford to Miss", "Finance 102 for Kids Money Lessons Children Cannot Afford to Miss" цувралыг эрхлэн гаргаж, хүүхдийн номын зах зээлд дуулиан тарьсан билээ. Хүүхдүүдийн хамгийн шимтэн унших дуртай "Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл" цувралтай адил хором ч уйдамгүй сонирхолтой адал явдлаар дамжуулан тэрээр мөнгө тойрсон нарийн төвөгтэй нэршлүүдийг хялбархан тайлбарласан юм.
Энэхүү ном нь орлого, хуримтлал, хөрөнгө оруулалт, зээл гэх мэт ердийн сэдвүүдээс гадна хөрөнгийн зах зээл, гадаад валют, эдийн засгийн суурь, эрэлт нийлүүлэлт, инфляци, ажилгүйдэл зэрэг зэрэг гүнзгий агуулгыг багтааснаараа онцлог.