Хувцас гэдэг зүйл хүн төрөлхтний түүхэнд томоохон байр суурийг цаг ямагт эзэлж байв. Тиймдээ ч дэлхийн улс үндэстнүүд өөр өөрсдийн онцлог, амьдралын хэв маяг, ёс заншил, соёл уламжлалдаа тохирсон дахин давтагдашгүй хувцас хэрэглэлийг бүтээсээр ирсэн. Өнөө цагт тэдгээр хувцас хэрэглэлүүд улам боловсронгуй болж, хувьсан өөрчлөгдөж байгаа нь дэлхий нийтэд өрнөж буй даяарчлалын нөлөө гэлтэй. Иймд бид дэлхийн иргэн байж, дэлхий нийтийн дагаж буй хувцаслалтын соёлыг орхиж болохгүй.

Иймээс энэ удаагийн нийтлэлдээ бид хувцас загварын салбарт үйл ажиллагаагаа явуулдаг Premier Tailor компанийн зохион байгуулсан “Bespoke Trunk Show”-г онцолж байна. Premier Tailor нь MTM болон Bespoke хийцийн хослолын үйлчилгээг тогтмол үзүүлдэг, салбарын анхдагч бөгөөд тэргүүлэгчдийн нэг билээ.

Энэ удаа тэдний урилгаар БНСУ-ын Мастер тэйлор Sung Woo Lee хүрэлцэн ирж, үйлчлүүлэгчдийн биеэс хэмжээ аван, хүссэн өнгө, загвар материалаар зөвхөн тухайн үйлчлүүлэгчид зориулан гар аргаар урладаг хослолын үйлчилгээг үзүүлсэн бөгөөд энэ үеэрээ эрэгтэй хослолын талаар хуваалцсан зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

Эрэгтэй хослолын үйлчилгээний үүсэл хөгжлөөс товч дурдвал

Эрэгтэй хослолын үүсэл нь тэртээ 17-р зуунд хамаарна. Английн эзэн хаан Хоёрдугаар Чарль, Францын эзэн хаан 14-р Луигийн санаачилгаар Английн шүүхийн гишүүд урт хүрэм (пиджак), хантааз, зангиа буюу хоолойн алчуур, хиймэл үс, өмд, малгай өмсөж байхаар тогтоожээ. Үүнээс өдгөө бидний танил болсон хүрэм, хослол үүссэн түүхтэй. Үүнээс хойш 19-р зуунд эрэгтэй хослол тод өнгийн, олон янзын чимэг зүүлтээ орхин бараан өнгийг түлхүү ашиглах болсноор өнөөгийн сонгодог төрхөө олжээ.

Мөн хослолын үүслийн талаарх өөр нэгэн тайлбар нь Италийн Наполь хоттой холбоотой. Тус хотод өнөөдрөөс 700 жилийн тэртээ буюу 14-р зууны үед Неаполитан (Наполь хотоос эхтэй бүхий л зүйлсийг заах тэмдэг нэр) хийцийн эсгүүр анхлан үүссэн гэдэг. Түүнийг үүсгэсэн гол нэгдэл нь “Confraternita dell’arte dei Giubbonai e Cositori” буюу “Хүрэм урлал ба оёдлын урлагийн ахан дүүс” байжээ. Тэднээс Италийн алдарт, өвөрмөц өнгө төрх бүхий хослол төрсөн гэж үздэг.


Bespoke Trunk Show

1.“Bespoke Trunk Show” арга хэмжээний талаар товчхон мэдээлэл өгвөл?

Монгол Улс бол нэг талаараа үнэхээр “залуу” улс гэж хэлж болохуйц орон юм. Олон солонгос хүн танай орныг маш хурдан хөгжиж буй орон гэж боддог. Тиймдээ ч Солонгосын олон компаниуд Монголтой хамтрах сонирхол улам нэмэгдсээр байгаа. Би ч мөн Монгол Улсад өөрийн эзэмшсэн Bespoke (үйлчлүүлэгчийн биеэс хэмжээ аван зөвхөн тухайн хүнд зориулж эсгүүр гарган 100 хувь гар аргаар урлах хослолын үйлчилгээ) хослолын үйлчилгээг улам өргөн хүрээнд нэвтрүүлэх хүсэлтэй байдаг. Үүний хүрээнд Premier Tailor-оос надад энэхүү арга хэмжээг зохиох санал тавьсан юм. Арга хэмжээнд маш олон хүн ирж, тун амжилттай болж өндөрлөлөө гэж бодож байна.

2. Bespoke болон MTM төрлийн хослолын үйлчилгээний ялгааг энгийн үгээр тайлбарлавал?

Машин, хүн хоёр тэс ондоо. Бид машинаар хослол урлаж болно л доо. Гэхдээ хүн бол сэтгэж, төсөөлөн бодох төрөлхийн чадвартай бодгалиуд. Хослол урлах гэдэг чинь зүгээр л хувцас оёх гэсэн үг хараахан биш юм. Олон талаараа уран зураг зурах, бүтээл туурвихтай адил. Ихэнх хүмүүс хослолыг зүгээр л нэгэн төрлийн хувцас гэж ойлгох хандлагатай байдаг. Харин над шиг тэйлор хүмүүс зүгээр нэг хувцас оёхыг чухалчилдаггүй. Илүүтэй урлаг бүтээхийг зорьдог гэх юм уу. Bespoke хослолын амин сүнс нь мэргэшсэн мастер хүн өөрөө тухайн хослолыг 100 хувь гардаж, гараараа урладагт оршдог. Үүнд л Bespoke болон MTM (Made-to-Measure нь хэрэглэгчийн биед бэлэн эсгүүр өмсгөж хэмжилт авах ба үүсэж буй аливаа үрчлээг аргилган, урт, өргөнийг хэмжилтийн дагуу бэлэн эсгүүр дээр өөрчилж урладаг үйлчилгээ) хослолын ялгаа байгаа болов уу гэж бодож байна.

Bespoke Trunk Show

3. Таны тодорхойлсноор “урлаг” болох Bespoke хослол бидний амьдралд, өдөр тутмын харилцаанд хэрхэн нөлөөлж болох бол?

Хослол бол өрнийн соёл. Өнөөгийн хэвшмэл ойлголт буюу зөвхөн бизнесийн зорилгоор өмсдөг хувцас биш. Бид Bespoke хослолоос яг л урлагийн бүтээлээс мэдэрдэг тэрхүү таашаалыг мэдрэх учиртай юм. Мөн энэ төрлийн хослолын бүтэх хугацаа тун урт үргэлжилдэг. Бүтэж буй явц, шат дамжлага нь өөрөө өрнийн биет бус соёлыг тээж буй явдал гэж хэлж болно. Тиймээс хослол өмсөх, тэр дундаа Bespoke хослол өмсөх нь өөрсдийгөө тодорхойлох, бусдад өөрийгөө илэрхийлэх нэгэн онцлог зам болоод байгаа. Энэ утгаараа бидний бүхий л уулзалт, харилцаанд хослол тун чухал нөлөөтэй болов уу.

Bespoke Trunk Show

4. Дорнын соёлтой бид чинь хувцасны өөр соёлтой ард түмэн. Өрнийн энэхүү нарийн соёлыг яагаад бид ойлгож, мэдэх хэрэгтэй вэ?

Хэрвээ монголчууд дэлхийн тавцанд гарах сонирхолгүй бол үндэснийхээ хувцсаа л өмсөөд байж болох л доо. Харин хэрвээ дэлхийн тавцанд гарч, олон улстай хамтран ажиллах бол хослол өмсөхөөс өөр замгүй. Солонгосчууд ч 100 гаран жилийн өмнө анх энэхүү өрнийн соёл дэлгэрэхэд төдийлөн таатай байгаагүй. Гэхдээ аажимдаа олон хүмүүс Японд очиж суралцан буцаж эх орондоо ирцгээн энэ соёлыг дэлгэрүүлсэн юм. Манай улсад аливаа соёл дэлгэрэхдээ ихэвчлэн өрнөөс Япон, Японоос Солонгос гэсэн дараалалтай байдаг. Дээр дурдсанчлан хослол гэдэг маань зөвхөн хувцас бус, хүн өөрийгөө илэрхийлэх онцлог болоод буй. Сайн хослол хувь хүний нэр хүндийн баталгаа болно.

5. Тэгвэл Bespoke хослол анх удаа сонгох бол юунд анхаарах шаардлагатай вэ?

Хамгийн гол нь тэвчээртэй байх хэрэгтэй. Bespoke хослол бүтэхдээ 6 сар ч шаардах тохиолдол бий. Бүхий л нарийн чимхлүүр хэсгийг гараар урладаг учраас мөнхүү торгон мэдрэмж их шаарддаг. Тиймээс цаг их авдаг. Bespoke хослол бүтэх явцад зөвхөн тухайн үйлчлүүлэгчид зориулсан цор ганц эсгүүр шинээр зохиодог нь хамгийн чухал онцлог нь. Эсгүүрээ бэлэн болохоор үйлчлүүлэгчдээ өмсгөж үзсэний дараа хослолынхоо хийц рүү ордог. Тэгэхээр Bespoke хослол сонгож байгаа бол хамгийн тэргүүнд тэвчээртэй байгаарай гэж зөвлөмөөр байна. Жишээ нь, би Монгол Улсад үйлчлүүлэгчдийн биеэс хэмжээг нь аваад Солонгост очин эсгүүрээ гаргахаас эхлээд бүхий л ажлаа тэнд гүйцэтгэнэ. Тэгээд ахин бэлэн болсон эсгүүрээ аван Монголд ирээд үйлчлүүлэгчдэдээ өмсгөж үзэх гэх байдлаар дунджаар нэг хослолд хоёр сар орчмын хугацааг шаарддаг. Тухайн үйлчлүүлэгчид л тохирох цор ганц, онцлог бүтээл гаргах үйл тун их хөдөлмөр, цаг хугацаа шаардана.


Bespoke Trunk Show

6. Эрэгтэй хослолын гол хоёр хийц болох Англи, Итали хийцийн гол ялгаа юу байдаг вэ?

Англи хослолын хувьд бага зэрэг дөрвөлжин хэлбэртэй, илүү зузаан, хатуу “биетэй” байдаг онцлогтой. Тийм болохоор зарим талаараа хүний биеийн хөдөлгөөнд бага зэрэг саадтай. Гэхдээ харагдац, загварын хувьд тун гоёмсог. Итали хослолын хувьд ханцуйны залгаас нь англи хослолоос арай өөр. Цамцны мөр холбодог арга буюу “Spalla camicia” техникээр хүрмийн мөрийг холбодгоороо онцлог. Мөн хөдөлгөөнийг илүү чөлөөтэй болгох үүднээс гарын булчингийн хэсэг нь өргөн, суганы хэсэг нь өндөр байдаг. Мөрний хатуулгагүй байдаг тул хүний мөр, биед илүү сууж өгдөг. Англи хослол илүү гадаад үзэмжийг голчилдог бол итали хослол хүний тав тухыг гол зорилгоо болгодог гэж хэлж болно.

Bespoke Trunk Show