Цар тахлаас үүдэлтэй хөл хорионы улмаас бидний өдөр тутмын амьдралд цахим хэрэглээ урьд урьдаас ч нэмэгдэв. Оюутнууд, сурагчид хичээлээ цахимаар үзэж, насанд хүрэгчид цахимаар зайнаас ажиллах болжээ. Өдгөө дэлхий даяар ерөнхий боловсролын сургуулиудын 90 хувь нь хаагдаж, 1.6 тэрбум гаруй хүүхэд залуус зайнаас боловсрол эзэмших шаардлага гараад буй. Үүнийг даган онлайн сургалт, цахим хичээлүүдийн эрэлт хэрэгцээ хэд дахин өсөх боллоо. Тиймээс бид энэ удаа 2020 онд хамгийн олон сурагч элсүүлж, өндөр хандалт авсан шилдэг, үнэгүй онлайн хичээлүүдийг онцолж байна.

Онлайн сургалтыг онцлох нь 

2020 он онлайн хичээлийн платформын зах зээлд тун онцлогтой, амжилт ололттой жил байв. Аль ч онлайн сургалтын вэв сайт руу зочилсон компьютерийн шинжлэх ухаан, програмчлал, хиймэл оюун ухаан, бизнес зэрэг сэдвүүд топ сургалтад тооцогдож байсан бол 2020 оны хувьд цар тахал, хөл хориотой холбоотой эрүүл мэндийн хичээлүүд тэргүүлжээ.

Дата судалгааны Class Central байгууллагаас Coursera, Edx, Udacity, Futurelearn зэрэг онлайн сургалтын топ таван платформын 2800 гаруй хичээлүүдийн дата үзүүлэлтийг шүүж, 2020 оны шилдэг 100 сургалтын жагсаалт гаргасан билээ. Тус байгууллага жил бүр онлайн сургалтын дата үзүүлэлтийг танилцуулдаг бөгөөд энэ оны жагсаалтад багтсан хичээлүүдэд 15-300 мянган хүн хамрагдсан байна. Тэдгээр онлайн платформд 2020 онд 11 сая хүн бүртгүүлж, дор хаяж нэг хичээлд суужээ. Бид энэ удаа шилдэг 100 жагсаалтад багтсан хичээлүүдээс онцлон танилцуулах болно.

Дэлхийн 107 их, дээд сургуулиудтай хамтран энгийн анхан шатны хичээлээс академик түвшний төрөл бүрийн онлайн хичээлүүдийг багтаасан арвин сантай Coursera вэб сайтын хувьд энэ жил хамгийн өндөр хандалттай платформуудын нэг байв. Тус платформ 2019 онд найман сая хэрэглэгч шинээр бүртгэсэн бол 2020 онд гурав дахин их буюу 31 сая хэрэглэгч шинээр элсүүлжээ. Ингэснээр дэлхий даяар нийт 76 сая хэрэглэгчтэй болоод буй. Стэнфордын их сургуулийн компьютерын шинжлэх ухааны проффесорууд уг вэб сайтыг анх 2012 онд бүтээсэн бөгөөд энэ онд IPO гаргаж, нээлттэй компани болохоор төлөвлөж буйгаа мэдэгдсэн.

edX вэб сайтын хувьд ч чамлахааргүй, 10 сая гаруй хэрэглэгч шинээр элсүүлжээ. Өдгөө 3000 гаруй онлайн хичээлийг саналж болгож буй тэд 2020 онд гэхэд шинээр 700 гаруй хичээлийг нэмсэн. Харвард болон MIT-ийн хамтран үүсгэн байгуулсан уг платформ ижил төстэй онлайн сургалтуудаас ашгийн бус бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулдгаараа ялгардаг.

Олон нийтэд нээлттэй онлайн хичээлүүдийг санал болгодог Udacity платформын хувьд ч ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлж буй. Цар тахал эхэлсэн 2020 онд борлуулалтын орлого нь 260 хувиар өссөн тус компанийн хувьд энэ жил бизнесээ улам өргөжүүлэхээр 75 сая ам.долларын зээлийн санхүүжилт татаад буй юм.

Ингээд дээрх платмормуудын 2020 оны топ хичээлүүдээс сонирхъё.

COVid-19 халдварын хавьтлуудыг илрүүлэх тухай

Coursera | Жон Хопкинсийн их сургууль

Дэлхийн II дайнаас хойш хүн төрөлхтөнд тохиолдсон хамгийн том хямрал хэмээн тодорхойлж буй COVID-19 халдварын улмаас өдгөө 89 сая хүн өвчилж, 1.9 сая хүн нас бараад буй. Халдвартай хүн ханиах, найтаах үед болон бохир гар, эд зүйлсээр дамжих төдийд халдвар тархаж буй эрсдэлтэй нөхцөлд халдварын хавьтлуудыг илрүүлэх нь эрүүл мэндийн салбарт хамгийн чухал алхамд тооцогдож буй. Тиймээс тус хичээлээр дэлхийн түүхэн гарсан томоохон цар тахлуудыг үүсэл гарал, шинж тэмдэг зэрэг шинжлэх ухааны ерөнхий мэдээллийг хүргэж, хэрхэн халдвараас урьдчилан сэргийлэх арга техникүүдийг хүргэх юм. Ялангуяа, халдварын хавьтал байж болох газар, хүмүүсийг хэрхэн тандах, өөрийгөө хамгаалах тухай заах аж. Ташрамд дурдахад, манай улсад халдварын хавьтлыг илрүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор нээлттэй эхийн төслүүд дээр суурилсан систем хөгжүүлж буй билээ. Энэ нь аливаа өвчтөн COVID-19 шинжилгээгээр эерэг гарсан нь батлагдсан тохиолдолд тухайн өвчтөнтэй хавьталд орсон хүмүүсийн утсанд мэдэгдэл явуулдаг систем аж.

Хичээлийг үзэх

covid-19 халдварын эмчилгээнд зориулсан амьсгалын төхөөрөмжийн тухай

edX | Харвардын их сургууль

Зөвхөн АНУ-д гэхэд халдварын улмаас минут тутамд нэг хүн нас барж буй нь харамсалтай. АНУ болон Европын орнуудад эрчимт эмчилгээний тасгууд ачааллаа дийлэхгүйд хүрч буй тул эрчимт бус эмчилгээ үзүүлдэг эмнэлгүүд ч халдвартай өвчтөнүүдийг хүлээн авч шаардлагатай амьсгалын төхөөрөмжүүдийг зөв ашиглаж сурах шаардлага тулгарч буй юм. Тиймээс уг хичээлээр амьсгалын төхөөрөмжийн тухай мэдвэл зохих шаардлагатай бүх мэдээллийг багтаажээ.

Хичээлийг үзэх

IELTS шалгалтыг ойлгох нь: Бичгийн хэсэг

FutureLearn | Британийн консул

IELTS буюу Олон улсын англи хэлний шалгалтыг зохион байгуулах албан ёсны эрхтэй Британийн консулын газрын олон улсын зэрэгтэй багш, мэргэжилтнүүдийн сургалтад хамрагдах боломжтой юм. Гурван долоо хоногийн турш бичгийн хэсэгт хэрхэн өндөр оноо авах стратегийг хэсэг бүрээр тайлбарлахаас гадна өндөр оноо авсан оюутнуудын туршлагыг ч хуваалцана.

Хичээлийг үзэх

хиймэл оюуны тухай суурь ойлголтыг өгөх нь

edX | Харвардын их сургууль

Хиймэл оюуны тухай суурь ойлголт, түүний алгоритм, машин сургалт гэж юу болох тухай цэгцтэй мэдлэг олгох уг үнэгүй сургалт нь хоёр долоо хоногийн турш үргэлжилнэ. Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг “Ирээдүйн ажил мэргэжлийн судалгаа”-нд хүн болон машин, алгоритмын гүйцэтгэж буй ажлын чиг үүргийн ялгаа улам хурдацтайгаар өөрчлөгдөж буйг онцолсон. Үүнтэй холбоотойгоор 2025-2030 онд 75 сая хүн ажил хөдөлмөрийн зах зээлээс шахагдах бол, хүн ба машин, алгоритмын гүйцэтгэдэг хөдөлмөрийн шинэ ялгаанд дасан зохицсон 133 сая гаруй шинэ ажил үүрэг бий болно гэсэн тооцоо бий.

Хичээлийг үзэх

Хэрхэн онлайнаар суралцах вэ? 

edX

2019 онд 4.8 сая хүн зайнаас ажилладаг байсан гэх судалгаа бий. Энэ тоо 2035 он гэхэд нэг тэрбумд хүрнэ гэх тооцоолжээ. Үүнийг дагаад онлайнаар суралцах чиг хандлага өсөх нь тодорхой. edX платформ онлайнаар суралцах хамгийн үр дүнтэй арга барил, стратегийг хуваалцжээ. Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент, анхаарал төвлөрөл зэргийг хэрхэн зохицуулах тухай хоёр долоо хоногийн хичэээлийг эндээс үзэж болно.

Хичээлийг үзэх

Science Matters: COVID-19 халдварын тухай ярилцъя

Coursera | Империал Коллеж Лондон

Дэлхийн эрүүл мэндийн тэргүүлэх эрдэмтэн судлаачдын COVID-19 өвчний тухай хийсэн судалгаа, дүн шинжилгээ, сүүлийн үеийн шинжлэх ухааны таамаглалууд, халдварын үр нөлөө зэрэг цар тахлын тухай тун сонирхолтой агуулгыг үзэх боломжтой. SARS буюу амьсгалын замын цочмог хам шинж, шувуу, гахайн ханиад, эбола вирус зэрэг өмнө гарч байсан халдварт өвчнүүдийн түүхийг ч судлах ажээ.

Хичээлийг үзэх

Mind Control: Цар тахлын үед сэтгэлзүйгээ хэрхэн удирдах вэ? 

Coursera | Торонтогийн их сургууль

Аливаа халдварт өвчин, цар тахал дэгдэх үеэр хүмүүс энгийн үеийнхээс илүү түргэн сэтгэл хямарч, уурлаж бухимдах нь мэдээж биз ээ. Хөл хорионд орж, гадаад орчноос тулгаарлагдах үед өмнө хийж дадсан зүйлс өөрчлөгдөх тул олон хүн стресст өртдөг байна. Тиймээс Торонтогийн их сургуулийн профессорууд хэрхэн сэтгэлзүйгээ зөв удирдаж, тайван байх тухай шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөмжүүдийг хүргэх болно.

Хичээлийг үзэх

амьдралынхаа утга учир, зорилгоо олох нь: хамгийн чухал зүйлдээ ач холбогдол өгөхүй

Coursera | Мичиганы их сургууль

Шинжлэх ухаан, философийн мэдлэгтэй байх нь амьдралынхаа утга учир, зорилгоо тодорхойлоход тун дөхөмтэй. Эртний филсофичид амьдралын утга учрын тухай юу гэж тодорхойлж, ямар үзлийг дэлгэрүүлж байв? Завгүй хүмүүсээр дүүрсэн орчин үед хэрхэн зорилгоо бодитоор үнэлж тодорхойлох вэ? Амьдралд юу чухал болохыг хэрхэн ялгаж салгах вэ? Энэ мэт асуултын хариултыг эндээс олох нь.

Хичээлийг үзэх