"Unread Today" сонины "Beyond Ulaanbaatar" булан дахь орон нутгийн мэдээг 10 дахь дугаараас эхлэн цуврал нийтлэлээр хүргэж байхаар боллоо.
Энэ удаагийн дугаартаа 2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд томилогдсон аймгийн засаг дарга нарын нэрсийг багтаав.
Архангай аймгийн Засаг даргын тамгын газар: Аймгийн Засаг даргын санаачилгаар цол дуудлага, гийнгоон "Тонж манлай" сургалтыг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Сургалтад 19 сумын 12-15 насны 60 сурагч хамрагдаж, соёлын биет бус өв, аман уламжлалыг сурталчлан таниулах юм.
Засаг дарга: Б.Цэрэннадмид | МАН
Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газар: Аймгийн ИТХ-ын тогтоолоор улсын аварга шалгаруулах болон олон улсын чанартай уралдаан тэмцээнд өнгөрсөн гурван жилийн хугацаанд амжилттай оролцож, шагналт байр эзэлсэн 102 тамирчин, дасгалжуулагч, шүүгчийг мөнгөн шагналаар шагнаж, урамшууллаа.
Засаг дарга: А.Камелият | МАН
bayankhongor.nutag.mn: ХААН Банкны Жижиг, дунд бизнесийн академиас “Содура консалтинг” зөвлөх үйлчилгээний компанитай хамтран бизнесийн орчинд ур чадвартай манлайлагчдыг бэлтгэх зорилготой “Бизнесийн менежментийн цогц сургалт” хөтөлбөрийг 2 үе шаттайгаар зохион байгууллаа. Хөтөлбөрийн I түвшний сургалтад хамрагдсан 100 оролцогчоос өндөр бүтээмжтэй баг бүрдүүлэх, багийн гүйцэтгэлийг сайжруулах чадварт суралцсан 30 гүйцэтгэх удирдлагыг II түвшинд шалгаруулж, сертификат гардуулжээ.
Засаг дарга: Д.Мөнхсайхан | МАН
Булган аймгийн Засаг даргын тамгын газар: Аймгийн хэмжээнд 16 сум, нэг тосгоны 11,4 мянган малчин өрхөд гурван сая толгой мал өвөлжинө. Засаг даргын баталсан удирдамжийн дагуу найман ажлын хэсэг өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хүлээж авах ажлаар сумдад ажиллаж, малчдын өвс, тэжээл бэлтгэл 89.3, аймгийн аюулгүйн нөөцийн бэлтгэл 87.8, сумын аюулгүйн нөөцийн бэлтгэл 75.6, худгийн бэлэн байдал 91.8, малын усан хангамж 93.8, өрхийн хашаа, бууцны хангамж 94.9, өрхийн өвөлжилтийн бэлтгэл 90.9 хувь тус тус хангажээ.
Засаг дарга: Д.Пүрэв-Очир | МАН
Монцамэ: Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих, тэднийг ажлын байраар хангах зорилгоор “Start-Up” хөтөлбөрийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаад 30 оролцогч бизнесийн шинэ санаагаа дэвшүүлэн оролцож, хоёр хоногийн турш сургалтад сууж, бизнес санаагаа өргөжүүлэх шинэ мэдлэг мэдээллийг авсан юм. Хөтөлбөрийн хүрээнд хамгийн шилдэг бизнес санааг 10 сая төгрөгөөр урамшуулах тухай ХХҮГ-ын дарга Д.Баттайван онцлон танилцууллаа.
Засаг дарга: Г.Чинбат | АН
Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газар: Аймгийн насан туршийн суралцахуйн төвд 2019-2023 онд Япон улсын хүүхдийг ивээх сангийн ESEL буюу Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Засаг дарга: Т.Бат-Эрдэнэ | МАН
Орон нутагт анх удаа 1,500 хүүхдийн багтаамжтай сургууль баригдана
Улсын төсвийн 24.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай уг сургуулийн барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Болд” ХХК ажиллаж байна. 1,500 хүүхдийн багтаамжтай сургууль улсын хэмжээнд хоёр байдаг бол орон нутагт анх удаа баригдаж буй нь энэ юм. Гэрээнд зааснаар 2024-2026 онд барилгын ажлыг гүйцэтгэж дуусгах учиртай ч хугацаанаас өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа тухай гүйцэтгэгч компанийн ерөнхий инженер П.Нямдаваа онцолжээ.
Тус сургууль ашиглалтад орсноор ажлын байр нэмэгдэж, тухайн багт үйл ажиллагаа явуулж буй ЕБ-ын Од сургуулийн ачаалал буурах юм. Өнөөдрийн байдлаар Од сургуулийн гурван хичээлийн байранд 5,000 гаруй хүүхэд хоёр ээлжээр суралцаж байна.
Засаг дарга: Б.Азжаргал | МАН
Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар: 14 сумын нийт 22 сургуулийн 100 гаруй сурагчдын дунд "Чи л биш бол хэн ч өөрчлөгдөхгүй" хүүхдийн оролцооны XI чуулганыг аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар болон Хүүхдийн зөвлөл хамтран зохион байгууллаа.
Засаг дарга: О.Батжаргал | МАН
Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар: Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тохиолдуулан 2,538 сая рублийн өртөг бүхий “Орос хэлний нэмэлт боловсролын төв”-ийг Хэрлэн сумын Н.Ф.Гастелогийн нэрэмжит Улсын тэргүүний нэгдүгээр сургуульд нээлээ.
Засаг дарга: Ш.Ёл | МАН
Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар: Монгол Улсын гавьяат багш Н.Өлзийн нэрэмжит математикийн XII олимпиад энэ сарын 01-03-ны өдрүүдэд тус аймагт зохион байгуулагдлаа. Энэ удаагийн олимпиадад Улаанбаатар, Өмнөговь, Баянхонгор, Говьсүмбэр, Дундговь аймгийн 600 орчим багш, сурагч оролцжээ.
Засаг дарга: С.Мөнхчулуун | МАН
Завхан аймгийн Засаг даргын тамгын газар: МУ-ын Ерөнхий сайд Жалханз хутагт Ц.Дамдинбазарын мэндэлсний 150, Улиастайн сайд Дилов хутагт Б.Жамсранжавын мэндэлсний 140 жилийн ойн хүрээнд аймгийн ИТХ, ЗДТГ, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн хамтарсан эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
Засаг дарга: Г.Өнөрбаяр | МАН
erdenet.mn: Энэ онд орон нутгийн төсвийн 3.2 тэрбум төгрөгөөр хот доторх нийтийн тээвэрт 268 сая төгрөгийн үнэ бүхий 40-45 хүний багтаамжтай, хотын стандартад нийцсэн, дунд оврын 15 автобусаар парк шинэчлэлт хийж, эхний ээлжийн 10 автобусыг үйлчилгээнд явуулж эхэллээ.
Засаг дарга: Б.Зоригтбаяр | МАН
Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газар: Монголын тусгай олимпын хорооны ажлын хэсэг тус аймагт энэ сарын 01-03ны өдрүүдэд ажиллаа. Ингэхдээ, аймгийн ЗДТГ-тай хамтран хангайн бүсийн хэмжээнд хэрэгжүүлэх "Боломжийг бүгдэд-II" төслийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулжээ.
Засаг дарга: О.Пүрэвдорж | МАН
huduu.mn: "Нутгийн Хишиг" хөтөлбөрийн хүрээнд ХБНГУ-ын ахмад мэргэжилтний холбоонд хүсэл гаргасны дагуу Мюнхен хотод дүрс оношилгооны их эмчээр 40 жил ажилласан Иохан эмч 21 хоногийн турш тус аймагт ажиллаж, 600 гаруй иргэнд үзлэг хийж, эмч нарт өөрийн туршлагаас хуваалцлаа.
Засаг дарга: Н.Энхбат | АН
Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар: Аймгийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн хөгжлийн сантай хамтран агаар сэлгэлтийн “ЧИП” багц төслийг Баруун-Урт сумд хэрэгжүүлж буй. Уг төслийн хэрэгжилтийн хүрээнд гэр хорооллын зургаан дэд станцыг өргөтгөж, хүчин чадал нэмэгдүүлэх 3,000 м шугамыг татахаар ажиллаж байна.
Засаг дарга: М.Идэрбат | АН
Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар: Хурдан морины уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор аймгийн хэмжээнд арваннэгдүгээр сарын 01-нээс ирэх жилийн тавдугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглолоо.
Засаг дарга: Н.Лхагвадорж | МАН
Монцамэ: Аймгийн хэмжээнд газар тариалангийн өндөр хүчин чадалтай 819 техник, 205 трактор, 48 үр тарианы комбайн, 14 үтрэмийн машин механизм, 15 услалтын систем, 528 чиргүүл дүүжин машин тоног төхөөрөмж, есөн төмс хүнсний ногоо хураах комбайныг шинэчилжээ.
Засаг дарга: Л.Төмөрчөдөр | АН
Увс аймгийн Байгаль орчны газар: Аймгийн ЕБ-ын цогцолбор нэгдүгээр сургуулийн тавдугаар ангийн сурагчид аймгийн Байгаль орчны газартай танилцлаа. Энэ хүрээнд усаа хэрхэн хэмнэх, хог хаягдлыг ангилж хаяхын ач холбогдол, байгаль орчноо хайрлан хамгаалах арга ухаан сэдвүүдээр мэдээллээр авчээ.
Засаг дарга: С.Батжаргал | МАН
Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар: Гүндүгаварлин хийдийн лам хуврагууд Их Эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, "Монгол бахархлын өдөр"-т зориулан Чингис хааны тахилга үйлдэж, Чингисийн эзэн санг айлдлаа. Мөн аймгийн удирдлагууд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ.
Засаг дарга: Д.Аюурбунь | АН
khovdnews.mn: ОХУ-ын Горны-Алтай хотод өнгөрөгч сарын 27-ны өдөр "Алтын Алтай-Золотой алтай" олон улсын бүжгийн тэмцээн зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Ховд аймгийн Зэрэг сумын "Содон хэмнэл" хамтлаг амжилттай оролцож, Гран-При шагнал хүртжээ.
Засаг дарга: М.Амарсанаа | АН
Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар: БНСУ-ын Бусан хотын Со дүүргийн Эрүүл мэндийн төв, Бусан, Кошин, Донг-а Их сургуулиудын эмнэлэг, Самюк Бусан эмнэлгийн төлөөллүүд хүрэлцэн ирж, аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Тус уулзалтад эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, эмнэлгийн зайн оношилгоо нэвтрүүлэх талаар санал солилцжээ.
Засаг дарга: Л.Төмөрбаатар | МАН
Сэтгэгдэл бичих