Хүн долоо хоногт ажилладаг дундаж цагийн хувьд Монгол Улс 2017 оны байдлаар 48 цаг буюу Непал улсын хамт Ази тивдээ хоёрт орж байж. Харин бүтээмжтэй байдлын хувьд манай оронд үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд тус бүрнээ судалсан, тооцсон нь тун ховор. Түүнчлэн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар бүтээмж өндөртэй болгоход нөлөөлдөг байгууллагын болон хувь хүний хүчин зүйлс одоо болтол хангалттай судлагдаагүй байгаа аж.

Эдгээр нөхцөл байдлаас үүдэн бид олон цагаар ажилладаг боловч хэр үр бүтээмжтэй байдаг талаар эргэлзээ үүсэж байгаа бөгөөд улс орны хэмжээнд бүтээмжтэй байдал ба түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар сайн судлах хэрэгцээ байсаар иржээ. Тиймд 2019 онд үүсгэн байгуулагдсан байгууллагын сэтгэл зүйн үйлчилгээний Right Mind Solutions компани судалгаа, шинжилгээ, зөвлөх үйлчилгээний “Эс Ай Си Эй” ХХК-ийн тусламжтайгаар “Бүтээмжтэй Монгол Хүн 2020” судалгааг ажлын байран дээрх сэтгэл зүйн түгээмэл асуудлууд дээр тулгуурлан хийж гүйцэтгэжээ.

Тэд бүх шатны ажилчдын үр бүтээмжийн энэхүүг судалгааг Улаанбаатар хотод ажиллаж буй дээд шатны 50 удирдах ажилтан, дунд шатны 50 удирдах ажилтан, 201 мэргэжилтнээс буюу нийт 351 хүнээс судалгааг авч үр дүнг нь гаргажээ.

Өнөөдөр бид тус судалгааны сонирхолтой зарим баримтуудыг хүргэе.

Анхаарах үр дүнгүүд: 

  • Өөрийн бүтээмжтэй байдлыг ажилчид бодит байдлаас зөрүүтэй буюу хэт өндрөөр үнэлж буй нь цаашид хичээх, тэмүүлэх болон амжилтаа ахиулах боломжид нь саад болж байна.
  • Байгууллагууд төлөвлөлт, зохион байгуулалт муутай байгаа нь ажилчдын дунд маргаан болон стресс үүсэх, улмаар бүтээмжийн түвшин буурах гол нөхцөл болж байна.
  • Бүх шатны ажилчид өөрийн ажиллаж буй байгууллагатай холбоотой асуудлуудад төдийлөн ач холбогдол өгч чухалчилж авч үзэхгүй байна.
  • Хувь хүний хөгжилд тал бүрээс нь жинтэй анхаарч, арга хэмжээ авснаар улс орны хэмжээнд бүтээмжтэй байдал дээшлэх боломжтой.

Монголчуудын бүтээмжтэй байдал

“Бүтээмжтэй Монгол Хүн 2020” судалгаанд оролцогчид манай оронд бүх шатны ажилчдын үр бүтээмж сул байдлын гол шалтгааныг “залхуу байдал”, “хувь хүний хөгжил дорой байдал”, “чанаргүй мэргэжилтнүүд” хэмээн тодорхойлсон байна. Эндээс бид улс орны хэмжээнд ажлын үр бүтээмжийг сайжруулахын тулд иргэдийн хувь хүний хөгжилд сайтар анхаарах шаардлагатай байгаа нь шууд харагдаж байгаа юм. Түүнчлэн ажилчдын үр бүтээмж сул байдлын учир шалтгааныг илүү микро түвшинд буюу байгууллага болон хувь хүний үзүүлэлтээр авч үзэхэд “цалин мөнгөний дутагдалтай байдал”, “амьдралын буруу хэв маяг”, “хэт олон цагаар ажиллах” гэж үзэж байгаа юм. Харин судалгаанд оролцогчид өөрийн бүтээмжид хамгийн их сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлийг “стресс ба сэтгэл зүйн бусад асуудлууд” гэж тодорхойлж буй нь ажилчдын сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах хэрэгцээ их бийг илтгэнэ.

Өөр нэг анхаарал татсан асуудал нь ажилчдын өдөрт анхаарлаа бүрэн төвлөрүүлж хамгийн ихээр үр бүтээмжтэй ажилладаг цаг нь дунджаар 5 цаг 48 минут байгаа бөгөөд энэхүү дундаж хугацаа нь АНУ-ын ажилчдын дундаж цагаас 2 орчим цагаар их байгаа нь бид “бүтээмжтэй ажиллах” гэх ойлголтын хувьд ихээхэн зөрүүтэй байгааг илтгэж байна. Түүнчлэн 10 ажилтан тутмын 7 нь өөрийгөө өндөр бүтээмжтэй ажилладаг гэж үзсэн нь эргэлзээ төрүүлж байгаа юм.

Ажилчдын ажлаас авч буй стрессийн түвшин ба үүсэх шалтгаан

Судалгааны үр дүнд манай орны ялгаатай салбар, чиглэлд ажиллаж буй иргэдийн хувьд ажлын стресс их байгаа нь харагдаж байна. Үүнд хамгийн ихээр нөлөөлж буй хүчин зүйлсийг судалгаанд оролцогчид илүү цагаар ажиллах гэж тодорхойлсон боловч судалгааны үр дүнгээс харахад тогтсон болон илүү цагаар ажиллах нь бүтээмжид нь төдийлөн нөлөөтэй байдаггүй аж. Өөрөөр хэлбэл илүү цагаар ажиллах нь стрессд өртөх магадлалыг нэмэгдүүлдгээс биш илүү бүтээмжтэй ажиллахад хүргэдэггүй байна.

Монголчууд Азийн бусад орнуудтай харьцуулахад хариуцлага сул, ажлын цагийг үр бүтээмжтэй өнгөрөөж чаддаггүй учраас үр бүтээмж багатай санагддаг.

Beelog компанийн үүсгэн байгуулагч, компьютер техник программ хангамжийн инженер

Судалгаанд оролцогчдын тал хувь нь тэдний ажилладаг байгууллага ажилчдынхаа үр бүтээмжийг дээшлүүлэхийн тулд байгууллагын сэтгэл зүйн үйлчилгээ авах нь зөв гэж хариулсан нь ажилчдын сэтгэл зүйн эрүүл мэндэд дутмаг анхаарч буйг дахин илтгэнэ. Энэхүү судалгааны тайлантай танилцсанаар ажилчдын стрессийн түвшин, ажлаас стресстэх шалтгаан зэрэг олон хэрэгцээтэй мэдээлэлтэй танилцах боломжтой.

Байгууллага, хамт олны харилцаа ба уур амьсгал ажлын бүтээмжид нөлөөлөх нь

“Бүтээмжтэй Монгол Хүн 2020” судалгааны тайлангаас манай орны ажилчдын бүтээмжтэй байдалд байгууллага, хамт олны уур амьсгал ихэд нөлөөлж буйг дэлгэрэнгүй харах боломжтой. Судалгаанд оролцсон 10 ажилтан тутмын 9 нь шууд удирлага ба хамт олонтойгоо тогтмол идэвхтэй харилцаатай байдаг бөгөөд энэ нь бүтээмж өндөртэй ажиллахад шууд нөлөөлдөг байна. Эмэгтэй ажилчдын хувьд хамт олны эерэг уур амьсгал ба идэвхтэй харилцаа холбоо нь тэдний бүтээмжтэй байдалд эрэгтэй ажилчидтай харьцуулахад илүү эерэг нөлөөтэй байгаа юм. Харин байгууллага нь ажилчдынхаа санал хүсэлтэнд тулгуурлан зохистой арга хэмжээ авч чаддаг байх нь ажилчдын бүтээмжид эергээр нөлөөлдөг болохыг судалгааны үр дүн харуулжээ.

Нөгөө талаас байгууллага болон хамт олон дунд маргаан, зөрчилдөөн их байх нь бүтээмжтэй байдалд нэлээд сөргөөр нөлөөлдөг бөгөөд маргаан зөрчилдөөн үүсэх, ажлаасаа стресстэх хамгийн том шалтгаан нь “ажил үүргийн тодорхойгүй байдал” аж. Энэ нь мэдээж байгууллагын бүтэц, зохион байгуулалт, төлөвлөлттэй холбоотой юм.

Байгууллага болон хувь хүний төлөвлөлт маш чухал ба 1-3 сараар төлөвлөх хэрэгтэй. Хүн өөрөө ажлаа дурлаж хийх, мөн байгууллага ажилчдаа ажилдаа дуртай болох сэдлийг өгөхүйц менежмент хийх хэрэгтэй байна. Ингэснээр ажлын үр бүтээмж, үр дүн сайжирна гэж боддог. Миний хувьд төлөвлөлт маш чухал.

Монголын сагсан бөмбөгийн холбооны гадаад харилцаа болон хөгжлийн бодлого хариуцсан дарга

Ялгаатай нас, албан тушаал бүхий ажилчдын дунд өөрийн бүтээмжтэй байдлыг бодит байдлаас өндрөөр үнэлэх, одоо байгаа байдалдаа сэтгэл хангалуун байх үзэгдэл ажиглагдаж байгаа бөгөөд насны хувьд 37-55 насныхан өөрсдийгөө хамгийн үр бүтээмжтэй, ажлын идэвх өндөртэй хэмээн үнэлдэг аж.

Бүтээмжтэй Монгол хүн 2020 судалгааны бүрэн тайлантай танилцсанаар доорх асуултуудад хариулт авах боломжтой юм.

  • Бид өөрсдийгөө хэр бүтээмжтэй ажилладаг гэж үздэг вэ?
  • Биднийг өндөр бүтээмжтэй ажиллахад ямар хүчин зүйлс саад болдог вэ?
  • Ямар ажилчид өөрийгөө бүтээмжтэйд тооцдог вэ?
  • Ажлаа хийх мотивацийг юунаас авдаг вэ?
  • Ямар шалтгааны улмаас ажлын стресс үүсдэг вэ?
  • Байгууллагын ямар шинжүүд ажилчдыг илүү бүтээмжтэй болгодог вэ?
  • Байгууллага дотор ямар шалтгааны улмаас маргаан зөрчилдөөн үүсдэг вэ?
  • Ялгаатай насны ангилал бүхий хүмүүсийн бүтээмжтэй байдлын онцлог юу вэ?