Сансраас дэлхий ямар харагддаг бол? Огторгуйн уудмаас түнэр харанхуйн дунд амьд ертөнцийн бэлгэ тэмдэг болсон цэнхэр гараг маань хэрхэн үзэгддэг бол? Одоогоос 64 жилийн өмнө үүнийг хэн ч мэддэггүй байлаа. Харин 1961 онд энэ асуултад Гагарин гэх нэртэй залуу “Үнэхээр л цэнхэр өнгөтэй, гайхалтай харагдаж байна” хэмээн Орос хэлээр хариулж байв. Түүний хувьд энгийн нэг өгүүлбэр мэт боловч хүн төрөлхтөн бидний хэдэн зуун мянган жилийн турш эрж хайсан асуултын хариулт байв. 

Саран дээрээс дэлхий мандаж буй агшин. 1968 он

Тэгвэл саран дээр алхах ямар байдаг бол? Саран дээр очих, түүнийг судлах мөнхийн мөрөөдөл мэт байсан цаг саяхан. Гагцхүү эл мөрөөдлийг 1969 онд Нил Армстронг гэх америк залуу саран дээр хөл тавьснаар биелүүлсэн юм. Түүний энэ жижигхэн алхам шинжлэх ухаан, технологийн асар том үсрэлтийн нотолгоо байсан юм. Тэрээр дэлхий дээрх нөхөдтэйгөө англи хэлээр мэдээлэл солилцож байв.

Одоо хамгийн чухал асуулт. Сансраас бидэнтэй монгол хэлээр ярьж, Ж.Гүррагчаа гуайн дараа түүхийн хуудсанд нэрээ үлдээх эрхэм хэн байх вэ? Найман жилийн өмнөх “Мазаалай”-н түүхийг үргэлжлүүлэх хиймэл дагуулуудыг хэн бүтээх вэ? Эл хариултыг сэтгэлдээ тээж буй залуус бол КАНСАТ тэмцээний оролцогчид юм. 

Энэ зурган дээрх хамгийн дээд талынх нь Монголын анхны мазаалай хиймэл дагуул


ЭХЛЭХИЙН ӨМНӨ: КАНСАТ ГЭЖ ЮУ ВЭ?

КАНСАТ бол Монголын сансрын технологийн анхны бөгөөд цор ганц тэмцээн. Энэ жил найм дахь удаагаа зохиогдож, хэдхэн хоногийн өмнө шилдгүүдээ тодрууллаа. 2013 оноос хойш зохиогдож буй уг тэмцээн “КАНСАТ, БУЦАГЧ, САНСАРБОТ” гэсэн гурван ангилалд явагдсан юм.

“Кансат (Can Satellite) гэдэг нь лаазанд багтахуйц хэмжээний жижиг хиймэл дагуул. Уг төхөөрөмжийг бүтээх уралдаан хэдийн 26 нас хүржээ.”


Түүх

Кансатын санааг анх Стэнфорд их сургуулийн профессор Боб Твиггс 1998 онд дэвшүүлсэн байдаг. Түүний зорилго оюутнуудад хиймэл дагуул бүтээх бүрэн циклийг өртөг багатайгаар заах байв. Мэдээж их сургуулийн хэмжээнд сансрын инженерчлэлийг бодитоор турших боломжгүй. Тиймээс оюутнуудаар лаазанд багтахуйц жижиг хиймэл дагуулыг хийлгэж, туршснаар жинхэнийг нь бүтээх мэдлэгийг олж авах боломжтой хэмээн сэтгэжээ. Түүний энэ санаа дараа жилээс нь Япон Улсад тэмцээн болон хэрэгжиж эхлэв.

Харин өдгөө дэлхийн 70 гаруй оронд сансрын технологи сонирхогчдын хамгийн том наадам болтлоо өргөжин тэлээд байна. Тус тэмцээнд сонирхогчоор эхэлсэн оролцогчдоос ирээдүйн инженер, пуужин зохион бүтээгчид төрсөн нь олонтоо. Жишээлбэл, Японы ЖАКСА агентлагийн солирын сорьц цуглуулах Хаябуса2 хөлгийг бүтээх төслийн удирдагч Ючи Цүда кансат тэмцээнээс карьераа эхлүүлж байсан түүхтэй.


Кансатад оролцогч Ючи Цүдагийн ахалсан төслийн Хаябуса2 хөлөг

Дүрэм

Кансат ердөө 350 грамм жинтэй. Диаметр нь 66 мм, өндөр нь 115 мм-ээс давах ёсгүй. Оролцогчид энэ хэмжээнд багтах хиймэл дагуулыг COTS (Commercial Off-The-Shelf) буюу зах зээл дээр бэлэн зарагддаг электрон төхөөрөмжүүдийг ашиглан угсрах ёстой. Үүнийхээ дараа пуужингаас салж газардах үедээ газрын станц руу сигнал дамжуулах програмаа бичнэ.

Кансатыг бага оврын пуужингаар ойролцоогоор 1000 метрийн өндрөөс агаарт хаядаг. Жинхэнэ хиймэл дагуул сансрын тойрог замд хүрдэг бол кансат нь пуужингаас салсан даруйдаа шүхрээ дэлгэн зөөлөн газарддаг. Газардах үедээ тэмцээний даалгавруудыг гүйцэтгэх ёстой.


КАНСАТ МОНГОЛД

Одоогоос 13 жилийн өмнө Кансатыг Монголд зохион байгуулах эрхийг МУИС-ийн оюутнууд авч байжээ. Тус сургуулийн NUMSAT болон GIANT багийнхан 2012 онд Испанийн Мадрид хотод болсон олон улсын тэмцээнээс алт, хүрэл медалийн эзэд болж байсан түүхтэй. Харин дараа жил нь Монголд анх удаа оюутнуудын дунд “Хиймэл дагуул - Бидний тэмүүлэл” уриан дор зохиогдож байв.


Үүнээс хойш Монголын сансрын технологийн холбоо хамтрагч байгууллагуудын хамтаар зохион байгуулсаар иржээ.



КАНСАТ 2025


Кансат бол пуужингаас хиймэл дагуул газардах төдийхөн үргэлжилдэг тэмцээн биш. Оюутнууд хагас жилийн турш зөвлөх багш нараас чиглэл авч, хөөргөхөөс өмнө гурван хэлэлцүүлэгт орж оноогоо цуглуулах ёстой.

  • Даалгавар тодорхойлох, урьдчилсан загварын хэлэлцүүлэг 15 оноо
  • Шийдвэрлэх загварын хэлэлцүүлэг 15 оноо
  • Нисэх бэлэн байдлын үзлэг 10 оноо

Нийт 100 онооны дөчийг нь эдгээр хэлэлцүүлгээс цуглуулах ба үлдсэнийг нь хөөргөх өдөр даалгавараа биелүүлснээр авах дүрэмтэй.


ХӨӨРГӨХ ӨДӨР


Энэ жилийн тэмцээний Кансат болон Буцагч ангиллын эцсийн шалгаруулалт уламжлал ёсоор Налайх дүүргийн Дархан Ноёны худагт зургаадугаар сарын 14, 15-ны өдрүүдэд боллоо. Тэмцээний өдөр хүчтэй салхитай байсан ч 300 гаруй залуус Монголын сансрын технологийн цор ганц тэмцээний эцсийн шалгаруулалтыг үзэхээр Улаанбаатараас 50 км замыг туулан ирсэн байв. Харин оюутнууд сүүлчийн мөч хүртэл өөрсдийн системийг төгөлдөржүүлэхийн тулд кансат, буцагчуудаа эцсийн удаа шалгаж байлаа.


КАНСАТ ТӨРӨЛ

Дүрэм: Оролцогч багууд дүрмийн дагуу ундааны лаазанд багтахуйц хиймэл дагуул хийж цойлуураар дээш хөөргөн, агаарт шүхрээр буух үедээ хоёр даалгавар гүйцэтгэх ёстой.

Үндсэн даалгавар: Кансатын нислэгийн үеийн агаарын температур, чийгшил, даралтыг хэмжин хадгалах, хадгалсан мэдээллээ газрын станц руу дамжуулах.

Нэмэлт даалгавар: Хөгжүүлэгч багийн өөрсдийн дэвшүүлсэн, шинжлэх ухааны бүтээлч даалгавар. Харамсалтай нь хүчтэй салхины улмаас хоёр удаагийн туршилтын пуужингийн хөөргөлт амжилтгүй болсон ба кансатуудыг дроноор зөөвөрлөж агаар дээрээс орхихоос аргагүйд хүрсэн юм. Гарцаагүй цаг агаарын нөхцөл байдал сансрын технологийн салбарын хамгийн том саадуудын нэг. Тэмцээний өдөр ч мөн ялгаагүй хүчтэй салхи пуужин хөөргөх боломж олгосонгүй.

Хэдий дроноор агаарт орхисон ч хүчтэй салхины улмаас кансатууд эхэлсэн цэгээсээ бараг нэг километрын зайд газардаж байсан юм. Том шүхэр багуудад зөөлөн газардах боломж олгож байсан ч салхинд туугдсаар дохио дамжуулах зай нь улам холдож байв. Харин жижиг шүхэртэй нь газарт хүчтэй бууж байлаа.


Өнгөрсөн 7 удаагийн кансат тэмцээний мөнхийн өрсөлдөгчид МУИС, ШУТИС-ийн оюутнууд аж. Энэ жил ч мөн тус сургуулийн багууд эхний байруудыг хуваан эзэллээ.


БУЦАГЧ РОВЕР


Дүрэм: Оролцогч багууд өөрөө “нисэгч” эсвэл “явагч” зохион бүтээх ба түүнийг тэмцээн зохион байгуулагчдын дроноор дээш хөөргөж өндрөөс унагана. Төхөөрөмж аюулгүй газардсаны дараа урьдчилан өгсөн солбицол дээр хамгийн богино хугацаанд өөрөө автоматаар очих ёстой.

Буцагч нь хөөргөгчид байрлуулахаас өмнө 230 мм-ийн өндөртэй, 130 мм-ийн диаметртэй цлиндрт багтах хэмжээтэй байх ба жин нь 1 кг байна. Хөөргөгчөөс салсны дараа өөрийн хэлбэр дүрсийг дурын байдлаар өөрчилж болно. Хэрэв цилиндрт багтахгүй бол хөөргөх зөвшөөрлөө авч чадахгүй.

Тиймээс багтаахын тулд тээг болж буй хэсгийг нь тайрч авахаас өөр сонголтгүй.Кансатын түүхэнд даалгавраа бүрэн биелүүлсэн буцагч одоог хүртэл төрөөгүй байгаа юм. Иймд аль баг анхны гэх тодотголыг хүртэх бол гэх хүлээлтээр тэмцээн эхэллээ.


Салхи хүчтэй байсны улмаас зарим багуудын буцагч шүхэртээ ороогдон шууд газарт унаж байсан нь харамсалтай байв. Гэвч аль ч муу нөхцөлд дасан зохицох технологийн шийдэл олох нь тэмцээний гол зорилгуудын нэг билээ. Урьдны жилүүдийн адилаар энэ даалгаврыг бүрэн гүйцэтгэсэн баг эл тэмцээнд тохиосонгүй. Гэсэн ч зарим багийн буцагч шүхрээсээ автоматаар задарч, шууд заасан солбицол руу зүтгэж байлаа. Гэвч тооцоолсноос хэт хол газардсан болохоор овон, товон газруудыг давахад цэнэг нь хүрэхгүй замдаа дуусаж байсан юм.

Энэ төрөлд кансатын гол хоёр өрсөлдөгчөөс гадна ҮБХИС-ийн Аравт баг шагналт байранд шалгарав.


САНСАРБОТ


Сэтгэл догдлуулсан тэмцээн хоёр дахь өдөр зохион байгуулагдлаа. Энэ бол анх удаа болж буй сансрын роботуудын саран дээрээс дээж цуглуулах уралдаан байсан юм. Сарны гадаргуу шиг бартаат замыг дуурайлган зассан тусгай талбай дээр хоёр талаас роботууд өөрсдийн даалгавраа 10 минутад багтан гүйцэтгэж оноо цуглуулан өрсөлдөх учиртай.


Эхний даалгавар бол сарны элсэн тэнгисийг гаталж гурван дээжээс аль нэгийг нь авч буцаан эхэлсэн цэгтээ авчирснаар бүтэн оноогоо авна. Дараа нь уул, жалгыг давж эмзэг дээж буюу өндгийг хагалахгүйгээр нүхнээс авч дахин эхэлсэн цэгтээ авчрах ёстой.

Эцэст нь өөрсдийн тугаа сарны Шаклтон тогоонд түрүүлж хатгаж чадсан баг ялагч болох юм. Сансарботуудын хувьд нарийн замаар маневрлаж, саад бартааг даван дээжээ аюулгүй байршуулах нь чамгүй хүндхэн даалгавар байв.


Багуудын өрсөлдөөн шат ахих тусам улам сонирхолтой болж финалд ҮБХИС-ийн Аравт болон ШУТИС-ийн МХТС-ийн Buzz Lightyear багууд шалгарсан юм. Тэд оноогоор илт илүүрхэн эцсийн шатанд гарч ирсэн нь энэ. Финалд Аравт баг гурван дээжийг амжилттай байршуулж чадсанаар ялалт байгуулав.


Аравт багийн сансарбот энгийн дизайнтай, маневрлах чадвар маш сайн, хүчин чадал сайтай гэдгээрээ онцгой байлаа. Мөн операторууд нь дроны удирдах системийг роботдоо суурилуулж, маш чадамгай удирдаж байсан нь сэтгэл хөдөлгөм тоглолтыг үзүүлж байсан юм.

Дүгнэн хэлэхэд, өндөр технологи, сансрын өрсөлдөөнөөс хол бидний хувьд КАНСАТ тэмцээн бол зайлшгүй хийх ёстой жижиг алхам. Эндээс л манай улсын ирээдүйн сансрын хөтөлбөрийг хөтлөх инженер, судлаач, эртэмтэд төрөх буй заа.