Сошиал хэрэглээ давамгайлж буй өнөө үед бидний харилцааны тал орчим хувь нь утас, дэлгэцний цаанаас өрнөж байна. Энэхүү цахим харилцааны орчинд хэрэгцээ шаардлагатай эсэх нь эргэлзээтэй, үнэн худал нь үл мэдэгдэх үй түмэн мэдээллийн ертөнцөд бид төөрөлдөхийн хэрээр хувь хүний мэдээллийн аюулгүй байдал, цахим гэмт хэрэг зэрэг аюулт нөхцөл байдалд орох эрсдэл нэмэгдсээр байна.
Тийм ч учраас сошиал медиагийн идэвхтэй хэрэглэгчид болох залуус өөрсдийн цахим мэдээллийн боловсролд анхаарах цаг хэдийнээ болжээ. Үүнтэй холбогдуулан чөлөөт булангийнхаа энэ удаагийн дугаарт бид залуучуудад чиглэсэн медиа боловсрол олгох Check Check төслийн талаар онцлон хүргэж байна.
төслийн зорилго
Дижитал тоног төхөөрөмж, интернэтийн хэрэглээ өсөн нэмэгдсэн энэхүү эрин зуунд хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролгүй байдлаас үүдэн цахим гэмт хэрэг, хуурамч мэдээгээр хүмүүсийг төөрөгдүүлэх, нийгмийн үзэн ядалт зэрэг олон сөрөг нөлөө гарсаар буй. Энэхүү сөрөг үр нөлөөг бууруулах, мэдээллийн боловсролын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Check Check” төсөл нь 16-25 насны залууст чиглэн 2021 оны аравдугаар сараас 2023 оны хоёрдугаар сар хүртэл хэрэгжсэн билээ.
төслийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагаанууд
The Youth Ambassador Program
Check check төслийн хүрээнд 16-25 насны залуусын медиа боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор онлайн сургалт, хэлэлцүүлэг, workshop бүхий 1 сарын хөтөлбөрийг санаачилсан юм. Уг хөтөлбөрт хамрагдахаар 21 аймаг болон Улаанбаатар хотын хүрээнд нийт 70 гаруй хүүхэд онлайн форум бөглөж, шалгаруулалтанд оролцсон бөгөөд үүнээс англи хэлний мэдлэг, медиа боловсролын талаар мэдлэг олж авах эрмэлзэл, сурсан мэдсэнээ бусдад түгээх хүсэл сонирхол зэргийг харгалзан үзэж шилдэг 22 залуусыг шалгаруулан хамруулав.
Үүний үр дүнд оролцогчдын медиа боловсролын талаарх мэдлэг 40 хувиар өссөн ба оролцогчид өөрсдийн орон нутагтаа богино сургалт орох болон дижитал контент бүтээх замаар 600 гаруй хүмүүст мэдлэгээ түгээжээ.
Дижитал гарын авлага
Хэвлэл мэдээлэл, мэдээллийн боловсрол (MIL) болон Дэлхийн Иргэний Боловсролын (GCED) талаарх ойлголт болон медиа боловсролгүй байдлаас үүдэх эрсдлүүдээс өдөр тутамдаа сэргийлэх зөвлөмж бүхий залуусын бүтээсэн хамгийн анхны дижитал гарын авлагыг боловсруулж гаргасан ба одоогоор 2000 орчим хүн уншсан байна.
Комик
Зорилтот бүлгийн хүсэл, сонирхолд нийцсэн аргаар медиа боловсролын талаар ойлголт өгөх зорилготой, медиа боловсролгүй байдлаас үүдэн хувь хүнд учирч болох сул талуудыг харуулсан комик номыг 4 бүлэг гаргав.
Вебсайт
Медиа боловсрол болон SDG-н хүрээнд амжилттай төсөл хэрэгжүүлж байгаа олон улсын манлайлагч залуусын туршлагыг түгээх, ижил зорилготой залууст урам, чиглэл өгөх зорилготой вэбсайтыг бүтээв.
Клуб
Урт хугацаанд, тасралтгүйгээр нийгэмд медиа боловсрол болон тогтвортой хөгжлийн эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх, залуусын санаачлагыг нэмэгдүүлэх зорилготой байгуулагдсан Check Check клуб нь үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.
Энэхүү төсөл хэрэгжихэд UNESCO APCEIU байгууллагын дэмжлэг бидэнд үнэ цэнтэй байсан. Харин бид цаашид энэхүү санаачлагаа үргэлжлүүлэхэд дотоодын байгууллагуудын дэмжлэг, хамтрал нэн хэрэгтэй байгаа учраас бид аливаа хамтралд үргэлж нээлттэй байх болно.
Төслийн санаачлагч Ө. Номинмаа