17-р зууны голланд худалдаачДААС ЮУ СУРАЛЦАЖ БОЛОХ ВЭ?

1602 онд байгуулагдсан Dutch East India Company бол түүхэнд төрөн гарсан хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын нэг. Хамгийн анх Голландын засаг захиргаанаас Мугалын эзэнт гүрэнтэй худалдаа хийхээр байгуулагдсан тус нэгдэл 200 гаруй жил оршин тогтнох хугацаандаа дэлхийг хэрсэн худалдааны сүлжээг үүсгэж, өрнө дорныг холбоход чухал үүрэг гүйцэтгэсэнд тооцогддог юм. Оргил үедээ өнөөгийн үнэлгээгээр 7.9 триллион долларын үнэ цэнтэйд тооцогдож байсан нь одоогийн топ 20 компанийг нийлүүлснээс ч үлэмж гэсэн үг.

Тэдний амжилтын нууц нь бүх үйл ажиллагаагаа нээлттэй болгож, олон салбар-олон чиглэлийг хамарсан том сүлжээг бий болгож чадсанд оршиж байв. Уг сүлжээнд нь Японы эзэнт гүрэн хүртэл багтаж байсан нь одоог хүртэл судлаачдыг гайхшируулдаг.

Ийн тодотгож буйн шалтгаан нь тухайн үед Япон дэлхийгээс харилцаагаа тасалсан хатуу бодлогоо хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой. "Сакоку" буюу "хаалттай улс" хэмээх бодлогын хүрээнд тэд 1630-аад оноос эхлэн барууны ертөнцтэй бүх холбоогоо тасалж, хилээ хаан, эдийн засгаа тусгаарлаж эхэлсэн юм. Аливаа гадаад нөлөөнд авталгүй, уламжлал-соёлын гол хэв шинжээ хадгалж, бие даасан нийгмийг хэвшүүлэхийн тулд авсан энэ арга хэмжээ нь 200 гаруй жил үргэлжилсэн гэдэг. Хэдий төвлөрсөн удирдлагатай энэ цаг үед Японы эдийн засаг, нийгэм тодорхой хэмжээнд тогтвортой өссөн ч өнгөрсөнтэйгөө зууралдаж, ирээдүйгээс эмээсэн бодлогын алдагдсан боломжийн өртөг хэтэрхий өндөр байсан тухай олон өнцөг бий.

Гэхдээ энэ үед Япон Нагасаки хотын ойролцоох боомтоор дамжуулан Голландын худалдаачидтай харилцсаар л байжээ. Dutch East India Company-ийн салбар тэднийг барууны мэдлэг, ололт, бүтээгдэхүүн, амжилтуудтай холбож, "Рангаку" буюу "голландуудаас суралцах нь" гэсэн хэллэг хүртэл толь бичигт үлдэж хоцорчээ.

Чухам энэ түүх өнөө цагийн банк, санхүүгийн ертөнцтэй тун төстэй учир бид жишээ болгон сонгосон нь энэ. Японы эдийн засгийн хаалттай хувилбарыг дэлхий нийтээр ноёлж буй уламжлалт системтэй зүйрлэж болно. Олон төрлийн хориг, дүрэм журам, зохицуулалтын нөлөөгөөр банкууд зарим тоон үзүүлэлтэд хэт ач холбогдол өгч, эрсдэлийг хамгийн бага байлгах үүднээс бусад салбартай "хаалттай" харилцааг үүсгэх нь элбэг. Шинэ зүйлд дасан зохицохдоо удаан, хүнд суртал-шат дамжлага ихтэй, хэрэглэгчдэд ээлгүй үйлчилгээ үзүүлдэг зэрэг сөрөг имиж ч нийгэмд үүсдэг нь үүнтэй холбоотой. Японы тосгодын адилаар банкууд хоорондоо чөлөөтэй хамтарч ажиллах нь бий ч хуучин арга барилыг эвдэх гаднынхнаас үргэлж эмээж, айдас хүйдэстэй байх нь энгийн тохиолдол. Гэхдээ энэ нийтлэлд бид энэ хандлагыг өөрчилж буй "Голланд худалдаачдын тухай" өгүүлэх болно.

Шинэ цагийн голланд худалдаачдыг бүтээх нь

Технологийн хурдацтай хөгжил нийгмийн амьдралыг тэр чигт нь өөрчилж буй энэ цаг үед шинэчлэлийн салхи хуйларч эхэлж буй салбар бол маргаангүй банк. "Нээлттэй банк" гэсэн ойлголт хүч түрэн орж ирж, банкуудыг гуравдагч талуудад датагаа нээлттэй болгох, илүү их хамтын ажиллагааг үүсгэх шаардлагыг үүсгэж байгаа нь үүний нэг илрэл. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын нөлөөгөөр автоматчлал, их тоон өгөгдлийн нөлөө санхүүгийн салбарт тэсрэлт үзүүлж буй нь энэхүү шинэчлэлийн үйл явцыг банкууд боломж болгон ашиглах нөхцөлийг бүрдүүлжээ.

Тэгвэл нээлттэй банк гэдэгт бид юуг ойлгож байна вэ? Хэдий бид нээлттэй банкны маш олон хэлбэр байж болох ч ихэнх тохиолдолд банк нь API гаргах замаар гуравдагч талуудад зарим тоон өгөгдлийг нээлттэй хуваалцаж, илүү өгөөжтэй харилцааг үүсгэх үйл явцыг хэлж буй.

Accenture-ийн явуулсан судалгаагаар Европын Холбооны хамгийн том 100 банкны удирдлагуудын 65 хувь нь нээлттэй банкны шилжилтийг аюул заналаас илүүтэй боломж гэж харж байгаагаа илэрхийлсэн байна. Тэдний 76 хувь нь аль хэдийн ямар нэгэн байдлаар нээлттэй банкийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн бөгөөд 99 хувь нь 2020 онд багтаан томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр зэхэж байгаагаа дурджээ.

Финтек стартапуудын давлагаа санхүүгийн салбарт цочроо өгч буй энэ үед нээлттэй банк нь уламжлалт оролцогч талуудыг илүү өрсөлдөх чадвартай болгох, урт хугацаанд үр дүнтэй түншлэл үүсгэх боломжоор хангах нэг хөшүүрэг болоод байна.

Яг л 17-р зууны голланд худалдаачдын адилаар банкуудад өөрсдийн давуу талыг ашиглан шинэ сүлжээ, илүү нягт хамтын ажиллагааг үүсгэж, харилцан ашигтай холбоог бүтээж, зах зээл дэх давуу талаа бэхжүүлэх боломж гарлаа гэсэн үг. Банкууд өөр салбар, өөр чиглэлийн компаниудад өөрийн үйлчилгээг холбож, нээлттэй хамтран ажилласнаар хэрэглэгч, харилцагчдын цагийг хэмнэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, ашигт ажиллагааг сайжруулах бодит боломж үүсэх учиртай.

НЭЭЛТТЭЙ БАНКНЫ ҮР АШГИЙГ БАЙГУУЛЛАГАДАА НЭВТРҮҮЛЭХ НЬ

Дэлхийн томоохон банкууд нээлттэй банкийг стратегийн томоохон хэсэг болгон шинэчлэлийг эхлүүлж байгаа энэ цаг үед Монголын тэргүүлэх банк Хаан Банк ч технологийн цоо шинэ боломжийг хэрэглэгчдэдээ олгож эхэлжээ. Тэд "Corporate Gateway" үйлчилгээгээрээ дамжуулан бүх төрлийн байгууллагуудад банкны үйлчилгээг өөрсдийн ашигладаг санхүүгийн програмаар дамжуулан шууд авах боломжоор хангажээ.

Ялангуяа олон гүйлгээ, олон хэрэглэгчтэй харьцдаг бүх төрлийн байгууллагуудад ийм төрлийн үйлчилгээ нэн шаардлагатай. Ажлын бус цагаар ажиллаж гүйлгээ тус бүрээр шивэлт хийх, данс бүрийг нэг бүрчлэн шалгаж тулгах зэрэг бүтээмжийг бууруулдаг, цаг үрдэг ажлыг одоо технологид даатгах боломжтой боллоо гэсэн үг. Хүнээс шалтгаалж гардаг алдаанууд ч үгүй болно. Интернет банк ашиглах, эсвэл бүр салбар луу очиж цаг алддаг явдал ч мартагдана. Тоон гарын үсгээр хэзээ ч, хаанаас ч баталгаажуулах учир банкны үйлчилгээнд орон зай, цаг хугацааны тухай ойлголт үгүй боллоо гэж ч хэлж болох нь.

Гүйлгээ хийх, дансны хуулга авах зэрэг үйлдлүүд автоматжиж, байгууллагын онцлогтой нийцүүлэн тохиргоо хийх, гүйлгээний мэдээллийг нэгдсэн байдлаар авч хяналт тавих зэрэг давуу талууд үүсгэх уг үйлчилгээнд холбогдсоноор байгууллагын санхүүгийн албаны бүтээмж 20 хувиар нэмэгдэж, зайлшгүй хийгддэг алхмуудын тоо 30 хувиар буурах аж.

Японы нийгэм хэдий эдийн засгаа хаалттай байлгаж, хатуу чанга гараар гадны нөлөөг хязгаарлаж байсан ч Голланд худалдаачидтай хийсэн тохиролцоо нь тэднийг дэлхийн хөгжлийг хоцролгүй ажиглах, гол ололтуудыг алдалгүй ашиглах боломжоор хангаж, хожмын хөгжин мандлын суурийг тавьсан байдаг. Хамгийн уламжлалт бизнесүүд ч шинэчлэгдэж, инновац-технологийн ололтыг үйл ажиллагаандаа шингээж буй 21-р зуунд ямар ч байгууллага технологийн үр шимийг хүртэх алтан мөч ирээд байна.

Харин та голланд худалдаачин болох уу, эсвэл япон наймаачин болох уу? Сонголт таны өмнө байна.