Өдрөөс өдөрт хорогдож буй цэвэр усны нөөц өдгөө дэлхий нийтэд тулгамдсан томоохон асуудлуудын нэг билээ. Жишээ нь, Улаанбаатар хот өдөрт дунджаар 150 мянган м.куб цэвэр ус хэрэглэдэг бөгөөд нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 180 гаруй авто угаалгын газрууд үүнээс дунджаар 595 м.куб цэвэр усыг хэрэглэж буй. Энэ нь бидний өдөрт хэрэглэдэг цэвэр усны 0.4 хувийг эзэлж байгаа ч огтоос бага тоо биш юм.      

Иймд HUB Инновацын төв болон Unread медиа компани хамтран оюутан залуусын дунд цуврал таван хакатон зарласан бөгөөд авто угаалгын газруудад саарал усыг ашиглах эхний тэмцээн амжилттай өндөрлөлөө. Хакатонд нийт 120 гаруй залуус 13 багт хуваагдан оролцож, бэлдсэн өгөгдөлд тулгуурлан гурав хоногийн хугацаанд шинэ санаа, ухаалаг шийдэл боловсруулсан ба энэхүү нийтлэлээрээ шилдэг найман багийн онцлох шийдлүүдийг танилцуулъя.

Нэгдүгээр байр: Roter Fluss баг 

Улс орны эдийн засгийн хөгжил тухайн улсын хөдөө аж ахуйд зарцуулж буй цэвэр усны хэмжээтэй урвуу хамааралтай буюу өндөр хөгжилтэй орнууд цэвэр усыг дахин боловсруулж, үр ашигтайгаар зарцуулдаг. Харин манай улсын хувьд дахин боловсруулсан усны хэрэглээ бага, цэвэр усны хэрэглээ өндөр байгааг судалгаагаар харуулсан нь тус багийн ялгарах онцлог байв. Товчхондоо Монгол Улсын цэвэр усны 54 хувийг ХАА, 10 хувийг ахуйн хэрэглээнд, 36 хувийг үйлдвэрлэлд хэрэглэдэг байна.

Дэд бүтэц үнэтэй боловч усны үнэ хямд манай нөхцөлд тэд зөөврийн ус цэвэршүүлэгч машины шийдлийг танилцуулсан юм. Ингэхдээ автомашин угаалгын газруудад цэвэр болон бохир усны танк байрлуулах бөгөөд ус цэвэршүүлэн түгээх машин нь угаалгын газруудын бохир усны танкнаас ус цуглуулж, зөөвөрлөх замдаа цэвэршүүлэн өөрийн цэвэр усны танкдаа хадгалах замаар дараагийн угаалгын газарт нийлүүлэх аж. Уг хөдөлгөөнт цэвэрлэгч нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн шүүлтүүртэй ба тухайн шүүлтүүр цагт 3.5 м.куб метр усыг 99.9 хувийн үр дүнтэйгээр цэвэршүүлж, өдөрт найман угаалгын газрын хэрэгцээг хангах хүчин чадалтай гэв.



Мөн автомашин угаалгын газрын байрлалын мэдээлэл бүрэн нээлттэй болсон тохиолдолд түгээлтийг хамгийн үр ашигтай болгохын тулд газарзүйн мэдээллийн систем ашиглан маршрутыг тодорхойлж болно. Тийнхүү угаалгын газрын нээх, хаах цагуудад тулгуурлан, боловсруулсан усыг түгээх, бохир усыг цуглуулах, мэдээлэл хүлээж авах мобайл апп зэргээр цаашид хөгжүүлэх бүрэн боломжтой хэмээн танилцууллаа.

Дэд байр: Beelog баг 

Авто угаалгын газрууд өдөрт дунджаар дөрвөн м.куб метр ус хэрэглэдэг бөгөөд үүнийг цэвэршүүлье гэвэл 10-14 м.куб метр ус цэвэршүүлэх хүчин чадалтай төхөөрөмж нь 130 сая төгрөгийн үнэтэй. Гэвч цэвэршүүлэх төхөөрөмжийг бүрэн хүчин чадлаар нь, засвар үйлчилгээг цаг тухай бүрд нь хийхэд хүндрэлтэй учраас авто угаалгын газрууд төдийлөн сонгодоггүй аж. Гэвч цэвэршүүлэх төхөөрөмжийг бүрэн хүчин чадлаар ньашиглах, засвар үйлчилгээг цаг тухай бүрд нь хийхэд хүндрэлтэй учраас авто угаалгын газрууд төдийлөн сонгодоггүй аж.

Харин Beelog багийн гол шийдэл нь авто угаалгын газрууд саарал усны технологийг нэвтрүүлэхийн тулд зайлшгүй саарал усны танктай байх шаардлагатай бөгөөд түгээлтийн машин болон танканд усны түвшний мэдрэгч, тоолуур байршуулж, алсаас хянах хэрэгтэй гэсэн юм. Ингэснээр саарал усыг найдвартай, богино хугацаанд зөөвөрлөх боломжтой болно.

Мөн авто угаалга ажиллаж байгаа эсэхээс үл хамааран саарал усны танкыг гаднаас нь дүүргэх боломжтой төдийгүй шөнийн цагаар хүргэлт хийгдэх тул түгжрэлд цаг алдахгүй. Одоогоор саарал усанд тогтсон үнэ байхгүй ч нийлүүлэгчээс 10 км орчим зайд байгаа авто угаалга дунджаар 85 мянган төгрөгийн тээврийн хөлс төлөх юм. Үр дүнд нь саарал ус ашигласан авто угаалгын үйлчилгээ тутамд 2000 төгрөг нэмэгдэх бөгөөд ашиг, орлогод онцын нөлөөгүй хэмээн үзжээ.


Гуравдугаар байр: GG12 баг  

Тэд авто угаалгын газруудаар явж, судалгаа хийн автомашиныг гараар угаахад зарцуулах үе шат, хэрэглэх усны хэмжээг тооцсон юм. Автомашиныг гараар угаахад нэгдүгээрт гадна бохирыг даралттай усаар шүршиж норгох бөгөөд үүнд дунджаар нийт хэрэглэх усны 40 хувийг зарцуулна. Үүний дараа савантай усаар угааж усны арван хувийг зарцуулах ба үлдэгдэл хөөсийг цэвэр усаар шүршиж арилгахад үлдсэн 40 хувийг зарцуулах аж. Харин тэдний санал болгож буй шийдэл нь цэвэрлэгээний эхний хоёр шатад саарал ус ашиглах ба ингэснээр нийт усны 40 орчим хувийг хэмнэх боломжтой. Хэрэглэсэн усны танк ашиглаж, ус тунгаах систем болон усны шүүлтүүрийг нэгтгэн гар аргаар хийж болох бөгөөд санхүүгийн хувьд хамгийн төсөр шийдэл хэмээн танилцуулсан юм.


MLUB баг

Тэдний хувьд хиймэл оюунд суурилсан машины дугаар таних систем болон авто угаалгын газруудыг зогсоолуудтай нэгтгэх ухаалаг шийдлийг танилцууллаа. Оролцогч баг тээврийн хэрэгсэл эзэмшигч бүлгээс судалгаа авахад оролцогчдын 95 хувь нь авто угаалга нь машины зогсоолын дэргэд нь байвал үйлчлүүлэх сонирхол их гэжээ. Ингэснээр машинаа угаалгах, хүлээхэд зарцуулах хугацааг хэмнэх, цаашлаад замын түгжрэлийн асуудалд ч эерэг хувь нэмэртэй хэмээн онцолсон юм.

Algorithm Avengers баг

Тэд олон нийт саарал усыг ашиглах тухай мэдлэг, мэдээлэл дутмаг, автомашин угаалгын газруудын хувьд хэрэглэх технологи хэт үнэтэй учраас саарал ус ашигладаггүй хэмээн дүгнэсэн юм. Тиймээс асуудлыг үндэс сууриас нь таниулахаар шийдэж, машин угаалгын газрын эзэд, жолооч, олон нийтэд саарал усны мэдээлэл түгээх, ашиглах, давуу талыг таниулах, технологийн шийдэл санал болгох, эдийн засгийн хүрээнд дэмжих зэрэг олон зорилготой Aqua Edu танилцуулга вебсайтыг бүтээжээ.


Мoko баг

Авто угаалгын газрууд нэг автомашин угаахад 100л ус зарцуулдаг бөгөөдүүнийг дахин боловсруулснаар 80 хүртэлх хувийг эргэн ашиглах боломжтой аж. Түүнчлэн 2022 онд ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиар 133 аж ахуйн нэгжид 18.2 сая төгрөгийг ногдуулсан бөгөөд тэдний зүгээс саарал ус ашиглаж байгаа хувийн байгууллагуудад татварын хөнгөлөлт, бага хувийн хүүтэй зээл олгох зэргээр хөнгөлөлт урамшууллын шийдэл нэвтрүүлэхийг санал болгосон юм.

Demo баг

Зах зээлд 500-1000л багтаамжтай ус хадгалах танк 125 ам.доллар, 100л багтаамжтай ус халаагуур 200ам.доллар, 100л багтаамжтай шахуурга 228 ам.доллар байна. Тиймээс авто угаалгын газрууд ойролцоо угаалгын газруудтайгаа нийлж, дээрх төхөөрөмжүүдийг авч ашиглах боломжтой тухай танилцууллаа.

ABC баг

Монгол Улсын нийт усны нөөц 564,8 м.куб бөгөөд үүнээс гадаргын ус 88 хувь, мөсөн гол 10 хувийг эзэлдэг. Цаг уур, орчны шинжилгээний газрын тооцооллоор сард дунджаар 5 сая тонн хур тунадас ордог бөгөөд энэ оны долдугаар дугаар сарын байдлаар 45 сая тонн хур тунадас оржээ. Харин тэдний зүгээс жилд 118 тэрбум тонн, сард 9,85 тэрбум тонн ус хэрэглэдэг бидний хувьд хурын усыг хуримтлуулан арьс шир, ноос ноолуур, зам талбайн цэвэрлэгээ, гал түймэр унтраах, ногоон байгууламжийн усалгаа, уул уурхайд ашиглах бүрэн боломжтойг танилцуулсан юм.