Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 2.8 сая удаа нэг газраас нөгөөд очих зорчих хөдөлгөөн хийдэг бөгөөд үүний 65 хувь нь хувийг автомашин, 24 хувийг нийтийн тээвэр, 11 хувийг дугуй болон бусад тээврийн хэрэгсэл эзэлдэг аж. Сонирхуулахад нийт зорчих хөдөлгөөний 40 гаруй хувь нь зөвхөн ажилдаа явах зорилгоор хотын аль нэг захаас төв рүү чиглэсэн хөдөлгөөн байдаг.
Их хотын тулгамдсан асуудлуудад оновчтой шийдэл санаачлах Дата Дуран хакатоны “Автомашин хуваалцах шийдэл боловсруулах нь” хоёр дахь тэмцээн амжилттай өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд ЕБС-ийн ахлах ангийн сурагчдаас эхлээд оюутан, салбарын мэргэжилтнүүд оролцсон нь хакатоны хүрээг улам бүр өрсөлдөөнтэй болгов. Хакатонд оролцсон нийт багуудаас 11 баг өөрсдийн шийдлээ танилцуулсан бөгөөд сүүлийн шатанд шалгарсан багуудын онцлох шийдлүүдийг танилцуулъя.
Нийслэл хотын хүнсний тээвэрлэлтийн шийдэл боловсруулах
Автомашины урсгал тоолох шийдэл боловсруулах
Хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх шийдэл боловсруулах бусад хакатоны мэдээлэлтэй ЭНД-ээс танилцаарай.
Нэгдүгээр байр: Stood баг
Stood баг Улаанбаатар хотын зорчих хөдөлгөөний 65 хувь нь хувийн автомашин байх бөгөөд түүний талаас илүү нь хотын төв, баруун, зүүн зах руу зорчдог гэх мэдээлэлд тулгуурлан нэг чиглэлд явдаг хүмүүийг нэгтгэн холбох платформыг танилцуулсан юм. Тэд хотын нийт газар нутгийг 500 м.кв хэмжээтэй блокуудад хувааж, түүнээс ачаалал ихтэй, дундаж хурд бага болон зорчих хөдөлгөөний тоо их байдаг чиглэлүүдийг сонгож тодорхой маршрут гаргажээ. Тухайн чиглэлд тогтмол зорчдог хэрэглэгч нар хоорондоо бүлгэм үүсгэн холбогдох ба зорчигчид тогтмол буюу (subscription) байдлаар төлбөрөө төлнө. Харин жолоочийн хувьд төлбөрийг бэлнээр болон ойролцоох зогсоолоор бартер хийх боломжийг санал болгодгоороо онцлогтой. Туршилтын хувилбартай ЭНД-ээс танилцаарай.
Хоёрдугаар байр: Carpool Mongolia
АНУ, Герман, Япон, Зүүн өмнөд Ази, Монгол гэсэн улсуудад мэдээллийн технологи, төслийн менежмент чиглэлээр ажиллаж байсан туршлагатай залуус нэгдэн түгжрэлд эерэг дам нөлөө үзүүлэх, чиглэл, замаа хуваалцах, дайх зорилготой, хоёр жилийн турш хөгжүүлж буй Carpool төслөө танилцуулсан юм.
Хоёр ба түүнээс дээш тооны зорчигч ижил эсвэл ойролцоо чиглэлд нэг автомашинаар хамтран зорчихыг карпүүл гэнэ. Карпүүл нэвтэрснээр автозамын түгжрэл буурах, автомашин эзэмших хэрэгцээ багасах, жолооч нэмэлт орлоготой болох, зорчигч тээврийн шинэ хэлбэр бий болох олон давуу талтай. Жишээ нь, АНУ-ын зарим мужид нийт ажилдаа явж буй иргэдийн 20 хүртэл хувь нь энэхүү аргыг ашигладаг.. Тэд 2024 оны эхээр уг платформын нээлтээ хийхээр төлөвлөжээ. Хакатоны шүүгч, "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн Төслийн удирдагч Н.Дашдэмбэрэл тэдний шийдлийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх боломжтойгоо илэрхийлсэн бол Монгол Улсын Зөвлөх инженер Д.Санжсүрэн тус хакатонд оролцсон шилдэг багуудад үнэ төлбөргүй зөвлөх үйлчилгээ үзүүлж, дэмжиж ажиллахаа ч мөн илэрхийлсэн юм.
Гуравдугаар байр: Algorithm AvengersAlgorithm avengers Algorithm avengers
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 200 мянган автомашин замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд ажил, сургууль, цэцэрлэг цуглах үе буюу өглөөний 07:30-09:00 цаг, өдрийн 11:50-13:00 цаг, орой тарах үе буюу 17:00-19:30 цагийн хооронд замын хөдөлгөөний ачаалал хамгийн оргилдоо хүрдэг. Уг багийн хувьд хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд хүргэж өгдөг эцэг эхчүүдийн дунд автомашинаа хуваалцах CarSharing Mongolia гэх шийдлийг санал болголоо. Тэдний платформд жолооч, хүүхдийн аюулгүй байдал, төлбөр, нэмэлт орлогын уян хатан шийдэл, зэргэлдээ байршлаар хайх функцууд багтсан нь давуу талтай байв.
Roter Fluss баг
“Эдийн засгийн хөгжил олон тохиолдолд байгаль орчны болон эрүүл мэнд, хүний сайн сайхны төлөөх үйл ажиллагааны үр нөлөөг бууруулдаг” гэх сонирхолтой үзэл баримтлалтай Roter Fluss багийн хувьд автомашин хуваалцах шийдлийг “бизнесжүүлэх” нь тулгамдаж буй түгжрэл болон нүүрстөрөгчийн давхар ислийн хэт ялгаруулалтыг шийдвэрлэхэд тохиромжгүй бөгөөд түгжрэл, байгаль орчинд асуудлуудыг хурцдуулах эрсдэлтэй гэж дүгнэсэн юм. Тэдний хувьд автомашин хуваалцахад зорчигчийн төлбөр нь
- Нийтийн тээврийг орлох хэмжээнд хямд бус байх
- Одоогийн таксины үйлчилгээнээс хямд байх
- Жолооч хувьдаа мөнгө авахгүй байх гэх “зайлшгүй” нөхцлийг хангах хэрэгтэй гэж үзжээ.
Мөн зөвхөн “эхлэх цэг” болон “дуусах цэг”-ээс гадна автомашинд дайгдах зөвшөөрөл өгсөн зорчигчдын байршлын мэдээллийг автомашины түгжрэл бага, автомашинд сууж болохуйц хамгийн ойр цэгт төвлөрүүлэн, зорчигчдын буух цэгийг хооронд нь холбон, хамгийн бага цаг, километр зарцуулах маршрутыг боловсруулах тал дээр санаа дэвшүүлэв.
Beelog баг
Улаанбаатар хотын өдөр тутмын нийт зорчих хөдөлгөөнийихэнх хувь буюу 618 мянга нь гэрээс ажил чиглэотэй бөгөөд хотын төвд ажилладаг хүн хувийн автомашинтайгаа төв рүү ирж, зогсоолд автомашинаа байрлуулан орой ажил тарахдаа унаж явдаг. Энэ нь авто зогсоолын хүрэлцээнд нөлөөлж буй.Жолооч зогсоол хайхад дунджаар 26 минут зарцуулдаг бөгөөд зогсоол хайж явах нь түгжрэлийн шалтгааны дөрөвдүгээрт бичигддэг аж. Тиймээс Улаанбаатар хотод бүсчлэл тогтоож, захын бүсүүдэд томоохон авто зогсоолууд бүтээж,хотын А болон Б бүсрүү орж байгаа хүмүүст автомашин шаардлагатай үед IoT-д суурилсан, алсаас хянах боломжтой түрээсийн автомашиныг санал болгох боломжтой. Уг шийдлийн давуу тал нь А бүсийн зогсоолын ашиглалтыг сайжруулах, хотын төвд автомашин хэрэгцээтэй хүмүүс хямд зардлаар зорчиход оршино. Мөн бүсчлэлийн татварыг орлох боломжтой. Нэг автомашинд суурилуулах IoT төхөөрөмжийн өртөг 1,050,000₮ байх ба бүсчлэлийн хүрээнд түгжрэлээс хамаарч уян хатан өртөгтэй байх юм.