Хүн бүрийн ажиллах арга барил, цаг төлөвлөлт харилцан адилгүй. Үүнээс шалтгаалан ажиллах эрч хүчээ сэлбэх, өөртөө урам зориг бий болгох арга нь ч өөр байдаг. Тэгвэл амжилттай яваа энтрепренер, бизнес эрхлэгчид юунаас цааш урагшлах хүчээ нөхдөг бол? Өөрийг тань идэвхжүүлж, урам зориг өгөх зүйлсийг зөв тодорхойлж, түүндээ цаг гаргаж сурсан цагт л ажил гэдэг зүгээр л нэг “ажил” байхаа болино гэдэгт итгэн доорх нийтлэлийг хүргэж байна.


Чиэ Хуан: Шаргуу хөдөлмөр


АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй жижиглэн худалдааны платформ boxed.com-ийн үүсгэн байгуулагч Чиэ Хуаны хувьд хамт олноороо атгасан гар мэт шаргуу ажиллах үед хамгаас урам зоригтой байдаг хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ. Тэрээр эхэн үедээ савлах, хайрцаглах ажлууддаа биечлэн оролцдог байсан тул үйлдвэрийн ажлын хүнд хэцүүг сайн мэддэг аж. "Boxed"-ийн гүйцэтгэлийн төвүүд ихээхэн ачаалалтай байдаг, ажилтнууд нь амьдралаа авч явахын тулд шаргуу ажиллаж буйг мэдэх тул тэднийг тогтвортой ажлын байраар хангахын тулд удирдлагын баг зөв төлөвлөлт хийх хэрэгтэй. Компани даяараа нэг сэтгэлээр, бие биеэ дэмжин ажилладаг нь түүнд урагш ахих, илүү ихийг хийх эрч хүчийг өгдөг байна.


Дэвид Перкинс: Хүсэл тэмүүлэлтэй хүмүүс


Биохимич мэргэжилтэй Дэвид Перкинс 40 орчим насандаа карьертаа нэгэн том эргэлт хийсэн нь “High West Distillery” хэмээх вискиний үйлдвэрийг эхнэрийн хамтаар үүсгэн байгуулсан нь байлаа. Тэрээр залуудаа коллежийнхоо зуны амралтаар барааны агуулахад чирэгч, савлагчаар ажиллаж байсан бөгөөд тэдгээр ажил нь хүмүүсийн боддогоос хэд дахин уйтгартай байдгийг тэгж мэдсэн гэдэг. Гэхдээ тэнд байх хугацаандаа хамгийн залхмаар, хэцүү ажлыг ч чин сэтгэлээсээ хийн, эргэн тойрныхондоо үргэлж эерэг энерги мэдрүүлдэг насаар ах нэгэнтэй танилцан, цайны цагаа хамт өнгөрүүлдэг байсан нь түүний дурсамжид тодхон үлджээ. Түүний хаана, юу хийхээс үл хамааран өөрт оногдсон ажилдаа дурлаж, хамгийн сайн нь байгаарай хэмээсэн нь Дэвид Перкинсийн ажлын зарчим болж үлджээ. Тийм ч учраас Дэвид байгаа газраа гэрэлтүүлж байдаг, хүсэл тэмүүлэлтэй хүмүүсээс урам зоригоо авдаг, өөрөө ч тийм нэгэн байхыг хичээдэг аж.


Хайди Зак: Хэрэглэгчийн санал хүсэлт


Эмэгтэйчүүдийн дотуур хувцасны "ThirdLove" компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Хайди Закийн хувьд хамгийн их урам зориг хайрладаг зүйл нь хэрэглэгчдийн санал хүсэлт гэжээ. Ямар ч асуудал хоёр талтай. Сайхан сэтгэгдэл, эерэг үнэлгээ унших сайхан ч шүүмжилсэн, илүү ихийг шаардсан хэрэглэгчид л компанийг хурдтай хөгжиж, бүтээгдэхүүнээ сайжруулахад нөлөөлдөг. Тэд л аливааг илүү сайн хийх, шинэчилж өөрчлөх урам зориг өгдөг. Бизнес эрхлэгчид энэ мэт таагүй тухгүй орчинд дасах л хэрэгтэй хэмээн тэрээр зөвлөжээ.


Тим Чэн: Багийн ажиллагаа


Хувийн санхүү төлөвлөлтийн үйлчилгээ үзүүлэгч "Nerdwallet"-ийг үүсгэн байгуулагч Тимийн хувьд багийн ажиллагаа маш чухал. Өөрчлөлт хийх, шинийг эхлүүлэх боломж бүр хүн хоорондын харилцаа, бие биеэ дэмжихээс эхлэлтэй байдаг. Яг л бамбарыг нэгээс нөгөөд дамжуулах замаар зорьсон газарт нь хүргэдэг шиг. Тиймээс үүнийг бодит болгохын тулд боломжийг бий болгож, түүнийг олон хүнд нээж өгч хамтран ажиллах хэрэгтэй. Багаар ажиллах нь хүнд урам өгдөг том нөлөөлөгч юм.


Жэнни Рипс: Шинэ боломжууд


Органик, жимсний цайны брэнд болох "Owl’s Brew"-ийг үүсгэн байгуулагч Жэнни Рипсээс энэ тухай асуухад "шинэ боломжууд" гэжээ. Ялангуяа анхлан бизнес эрхэлж байгаа үед өдөр бүр шинэ боломж гарч ирж байдаг нь үнэхээр сонирхолтой. Гэнэтийн шийдлүүд, гэнэт л хаалга тогшдог шинэ боломжууд. Тэр бүхнийг олж харж чадсан цагт амьдрал тань эрч хүчээр дүүрэх болно гэж тэрээр хэлж байна.


Дэвид Бладов: Зоригтой бөгөөд галзуу санаанууд


"Bloomthat"-ийг үүсгэн байгуулагч Дэвид Бладов нэгэн ярилцлагадаа “ Би Элон Маскаас үнэхээр их урам зориг авдаг. Хүн бүр түүн шиг галзуу санаа бодож, түүндээ итгэж чадахгүй л дээ. Гэхдээ л түүний хийж буй зүйлс ердийн хүмүүст шинэ санаа өгөх, илүү том хүсэл тэмүүлэлтэй болоход нь тусалдаг гэж боддог.

Бас өвөөгөө нэрлэмээр байна. Тэр ердөө л наймдугаар ангийн боловсролтой бөгөөд амжилт гаргаж чадна гэдэг итгэлээс өөр юу ч үгүйгээр Калифорнид нүүж ирсэн гэдэг. Тэрэг түрэгч, дэлгүүрийн ажилтан хийж байсан тэрээр карьерынхаа оргил үед 10 дэлгүүр зэрэг ажиллуулах хэмжээнд хүртлээ өсөж томорсон юм. Энэ мэтээр галзуу санаа, зоримог үйлдлүүд сэдэж, түүнийгээ хэрэгжүүлдэг хүмүүсээс маш их эрч хүч авдаг” гэжээ.


Жефф Чапин: Олон нийтийн ажлууд


Хэрэглэгчдээ тайван тухтай нойрсоход нь тусалдаг "Casper"-ийн үүсгэн байгуулагч Жефф Чапиний хувьд нийгмийн сайн сайхны төлөө зүтгэдэг хүмүүсээс урам зориг авдаг байна. Түүнийхээр, сайн иргэн байх, бусдын төлөө зүрх сэтгэлтэй байх нь тун чухал бөгөөд нийгмийн идэвхтэй, сайн дурын ажилд цагаа зарцуулдаг олон хүмүүс байх тусам бүгдэд илүү ашигтай. Нэг их ярьдаггүй ч тийм хүмүүс л төрийн хүрч чаддаггүй ажлуудыг хийж, нийгмийн онгорхой цоорхойг бөглөж байдаг. Тэдний дунд орж, тэдэнтэй ярилцах нь үргэлж урам зориг өгдөг гэжээ.


Амжилттай яваа энтрепнерүүдийн хувьд “Эрч хүч өгдөг зүйл?” хэмээх асуултад ийн хариулжээ. Харин таны хувьд өөрт тань юу хамгийн их урам зориг өгдөг вэ? Бидэнтэй хуваалцаарай.