Нуруугаа дээш нь сунгаад, мөрөө суллая. Амьсгаагаа гүн аваад зөөлнөөр гаргаарай … 

Дэлхий дээр өдгөө 300 сая хүн иогоор тогтмол хичээллэж, аз жаргал, бүтээмжтэй байхад суралцаж буй. Санскрит хэлээр нэгдэл гэх утгатай иог нь эцэстээ бясалгалд хөтлөн аваачихад гол зорилго нь оршдог гэдэг. Тиймээс иогоор ердөө гурван сар хичээллэхэд стрессийн төвшин 50 хувь буурдаг гэх судалгаа бий. Зүгээр л нуруу тэгш, бие цэх алхах хүртэл иог хийж буй нэгэн хэлбэр болдог нь гайхалтай. Энгийн байгаа биз? Тиймээс бид энэ удаа иогоор хичээллэхээр зорьж байгаа ч зориглон эхлүүлж чадахгүй байгаа хэн бүхэнд зориулан иогийн философи, бясалгалын тухай товч бөгөөд тун энгийнээр тайлбарлахыг хичээлээ. Бие эрүүл, сэтгэл цэвэр, ухаан саруул байх амьдралын хэв маяг бол иог билээ! 

Намастэ

Сама юу гэнээ?

Дэлхийн хамгийн эртний биеийн тамирын хичээл гэгддэг иогийг анх Энэтхэгчүүд 5000 жилийн өмнөөс бие махбод болон сэтгэл санааны амар амгалан, эрүүл энхийг бий болгох зорилгоор хийж иржээ. Гэвч түүхийг сөхвөл 1800 он хүртэл Энэтхэгт иогийг эмэгтэй хүнд заадаггүй, зөвхөн хаад ноёд, сэхээтнүүдэд зориулж нууц урлаг хэлбэрээр зааж, эмчилгээний зориулалтаар хийдэг байж. Ингээд XIX зуунаас хойш олонд түгж, эмэгтэйчүүд олноор сурах болсноор иогийн олон төрөл, хэлбэр үүсэж хөгжих болсон аж. Анх зөвхөн эрэгтэй хүн хийдэг байсан бол өдгөө дэлхий даяар иогоор хичээллэгсдийн 72 хувийг эмэгтэйчүүд эзлэх болжээ.

Эрт дээр үеэс хаад ноёд, гүрү нар олон цаг агуйд сууж иог, бясалгалыг хослуулан хийдэг байсан гэдэг. Иог, бясалгалын цар хүрээ олонд түгэхийн хэрээр олон урсгал, хөдөлгөөн болж, өөрсдийн онцлогийг шингээсэн төрлүүдтэй болжээ. Иогийн 100 гаруй төрөл түүний дотор үндсэн 84 асана буюу байрлал байдгаас өөрт тохирсныг сонгон хичээллэх боломж бий. Сонгодог иог буюу орчин үеийн иогийн хэлбэрүүд гэхэд 1990 оноос хөгжиж, олон цагаар бус богино хугацаанд үр дүнтэй хийж болох арга барил, техникүүд бий болсон байна. Манайд гэхэд виньяаса, хатха, аштанга, акро иог зэрэг төрөл илүү дэлгэрээд буй билээ.

Иог бол өөрийн оршихуйн долоон төвшнөө нэгтгэхийг хэлдэг. Бие, амьсгал, сэтгэл, оюун ухаан, ой санамж, эго, сүнсээ нэгтгэх үйл явц нь хүнд олон эерэг үр дүнг авчирч, өөрийгөө бүрэн танихад тусалдаг ажээ. Нэг ангид хамт хичээллэсэн хүмүүс хэдэн сарын дараа гарах үр дүнгээ ярилцвал зарим нь биеийн зовуур арилсан байхад бусад нь сэтгэл санааны хувьд тайван болж, стрессээ багасгах нь бий. Тиймээс иог гэдэг тухайн хүнд дутуу бүхнийг нөхөж, бие, сэтгэлийг нь зовоож байгаа бүхнийг арилгах шидтэй гэлтэй.

Олон улсын иогийн холбооноос мэдээлснээр Япон улсад иогоор хичээллэгдсийн тоо сүүлийн таван жилд хамгийн өндөр буюу 400 хувиар өсөөд буй юм. Дэлхий дахинд иогийн зах зээл 84 тэрбум ам.долларт хүрч, өдрөөс өдөрт хэдэн зуун хүмүүсийг эгнээндээ нэгтгэсээр байна.

Зүгээр л амьсгалах тийм чухал хэрэг үү?

Хүний амьдрал урт, богино байх эсэхийг иогт амьсгалын тоогоор илэрхийлдэг гэдэг. Амьдралынхаа туршид урт, тайван, зөв амьсгалж чадвал урт удаан наслахад тустай ажээ. Бид өдөр дунджаар 20 мянган удаа амьсгалдаг ч хэрхэн амьсгалж буйгаа төдийлөн анзаарахгүй өнгөрдөг шүү дээ. Агнистын гэгээ цувралд “Бид хорвоод төрсөн агшнаас үхэх агшнаа хүртэл амьсгалдаг. Төрөх, үхэхийн хооронд бүх юм хувиравч амьсгал хэвээрээ. Амьсгал бол амьдралын язгуур үндэс. Чиний амьдрал бол чиний амьсгал” хэмээсэн нь бий.

Харвардын эрдэмтэд иогийн чухал хэсэг болсон бясалгал нь хүний генийн төвшинд хүртэл нөлөөлж, урт наслахад хүргэдэг болохыг баталсан. Тэд таван жилийн турш бясалгалаар хичээллэж буй хүмүүсийг судлахад тэдний цусны даралт, холестерины хэмжээ илт буурч, тархины үйл ажиллагаа сайжирсан болохыг тогтоожээ. Судалгаагаар хүн 8 долоо хоногийн турш бясалгал хийхэд биеийн эд эсүүд сэргэж, идэвхтэй болдог байна. Хүүхэд хүртэл иогоор хичээллэснээр анхаарал төвлөрөл, ой санамж нь сайжирдаг. АНУ-д иогоор хичээллэдэг оюутнуудын сурлагын амжилтыг энгийн оюутантай харьцуулсан судалгааны ажлууд ч олон бий. Үүний дагуу та бүхэнд иог, бясалгалын хүний бие, сэтгэл зүйд үзүүлэх нөлөөллийг онцольё.

Өөрийн төгс бие галбирыг бүтээнэ

Биеийн тамирын бусад дасгал хөдөлгөөнөөс ялгарах гол онцлог нь биеийн бүх булчинг зэрэг ажиллуулдаг тул өөрийн төгс бие галбирыг бүтээх боломжтой. Таргалалттай хүн илүүдэл жингээсээ салж, хэт туранхай хүн хэвийн жиндээ очих боломжийг иог л олгоно шүү.

Олон төрлийн өвчинг анагаана

Иогоор хичээллэснээр хүний эрүүл мэндэд тоолж барамгүй олон үр дүн авчирна. Бидний дархлааны системийг сайжруулдаг учраас нойргүйдлээс сэргийлж, шөнөдөө маш бат бөх унтахад тусалдаг тухай судалгаа бий. Нурууны өвчтэй хүмүүс иогоор хичээллэвэл нурууны өвчингөө анагаана. Харин чихрийн шижинтэй бол цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулахад тусалдаг байна. Түүнчлэн зүрхний шигдээс, харвалтын эрсдэлийг бууруулдаг болох нь судалгаагаар батлагджээ.

Сэтгэл зүйн гайхамшигт эм

Иогоор хичээллэдэг хүн сэтгэл зүйн хувьд тогтвортой болдог тул уурлаж, бухимдах нь багасдаг билээ. Хэрэв долоо хоногт хоёр удаа иог болон бясалгалаар хичээллэвэл сэтгэл зүйн асуудлаа эмчлэх боломжтой ажээ.

Эрч хүч, ажлын бүтээмж нэмэгдэнэ

Иогийн дасгалын байрлалууд нь ихэвчлэн газрын татах хүчний эсрэг байдаг учир хийсний дараа цусны эргэлт сайжирч гүн амарсан мэт мэдрэмж төрдөг. Үүний дараа эрч хүч нэмэгдэж, ажлын үр бүтээмжийг сайжруулдаг талтай.

Өөрийгөө нээхэд тусална

Хамгийн гол нь, иог бол бие сэтгэл оюуны нэгтгэл тул бодол цэгцэрч, ухаан сэргэснээр өөрийгөө таньж ойлгох гүүр болдог ажээ.

Ингээд бясалгал, иогоор зургаан жил хичээллэж буй Б.Түвшинжаргалын туршлагаас хуваалцъя.

"Би анх 2014 оноос иогоор хичээллэж эхэлсэн юм. Дотуур байранд хамт амьдардаг найз маань орой болгон иог хийдгийг анзаарч гудас худалдаж аваад заалгуулах боллоо. Өмнө нь иогийг маш амархан хийж болох биеийн дасгал гэж боддог байлаа. Харахад энгийн ч яг бодитоор хийж үзэхэд маш их хөлс ялгарч, ядарсан нь намайг гайхшруулсан. Ингээд онлайнаар бие даан хичээллэж, улам сонирхон судалсаар саяхнаас иогийн багш болоод байна.

Иог, бясалгал бол ямар ч сэтгэлийн өвчнийг дор нь эдгээж, сэтгэл зүйд гайхалтай өөрчлөлт авчирдаг. Би өмнө нь сэтгэл зүйн хувьд маш тогтворгүй байсан учраас түүнийгээ засахаар иог, бясалгал, эрүүл хооллолтыг сонирхож, эрүүл амьдралын хэв маягт шилжих болсон юм. Энэ нь миний амьдралд хамгийн том өөрчлөлт авчирсан. Иог хийдэг болсноос хойш хэзээ сүүлд ханиад томуу хүрч, өвдсөнөө ч санахгүй байна. Миний биеийн хуян арилж, илүү уян хатан болж, галбиржсан. Мөн маш бат бөх нойртой болсон билээ. Сэтгэл зүйн хувьд уурлаж, стрессдэхээ багасгаж, илүү тайван аз жаргалтай болсон.

Хүн иогоор хичээллэж эхэлсэн цагаас хөгшрөлт нь зогсдог гэдэг юм билээ. Би оффист суугаа ажил хийдэг учраас өглөө эсвэл оройдоо заавал 30 минут иог хийдэг. Өдөржин хөшсөн нуруу, чангарсан хүзүүгээ суллаж, бүх биеэ сунгахад маш сайхан санагддаг юм. Хүмүүс олон цагаар суугаа ажил хийж, хөдөлгөөнгүй байсны улмаас нуруу, толгой өвдөх, хуян хөөрөх, таргалах зэрэг өвчнөөр өвчилсөөр байдаг. Хүн нэг л удаа гаргахад болох тэр зоригийг шийдэмгий гаргаж чадвал хэн бүхэн иогд дурлана гэдэгт итгэлтэй байна".