Монголын шилдэг стартапуудын нэг Fibo Cloud "Google For Startups"-ийн Төв Азийн хөтөлбөрт оролцох болсноо зарласан нь энэ зуны технологийн салбарын хамгийн онцлох мэдээ байлаа. Уг хөтөлбөр нь Казахстаны нийслэл Нурсултан хотноо гурван сарын турш үргэлжлэх юм. Fibo-ийн хувьд Монгол Улсаас анх удаа уг хөтөлбөрт шалгарсан стартап болсон нь энэ билээ. 

Google for startup гэж юу вэ?

Дэлхийн гарааны бизнесийн экосистемд инкубатор, хурдасгуур хөтөлбөрийн үүрэг маш өндөр. Үйл ажиллагаагаа эхлүүлж буй дэвшилтэт санаа бүхий стартапууд чухам ийм хөтөлбөрүүдээр дамжиж туршлагатай ментор, чадварлаг мэргэжилтнүүдийн тусламжтай зах зээлд нэвтрэх замаа засдаг. Цаашлаад хөрөнгө оруулалт татах, шинэ технологи нэвтрүүлэх зэрэг олон боломжийг авах үүд нь нээгддэг билээ.

Энэ чиглэлд тэргүүлэгч хөтөлбөрүүдийн нэг бол Google for Startups юм. Технологийн салбарын гигант Google-ийн 2011 онд эхлүүлсэн уг төсөл өдгөө 125 улсыг хамарч, 250 сая долларын хөрөнгө оруулалт татаад байна. Тэд дэлхийн хамгийн шилдэг дундын оффис, стартап хөтөлбөрүүдтэй хамтран технологи суурьтай стартапуудыг сонгон шалгаруулж, улмаар төрөл бүрийн нөөцөөр ханган, зөвлөгөө өгч, баг чадавхжуулах чиглэлд ажилласаар иржээ. Шалгарсан компаниуд Google-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үнэ төлбөргүй ашиглаж, дэлхий даяар тархсан хамтрагчдын сүлжээнд нэвтрэн орж, зах зээл дэх нэр хүндээ нэмэгдүүлэх боломжтой болдог.

2015 онд Ази дахь анхны кампусаа Сөүл хотноо нээж байсан тус хөтөлбөр 2022 онд Төв Ази дахь анхны элсэлтээ зарласан юм. Ингэхдээ тэд Казахстаны засгийн газрын дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулагдсан, бүсийнхээ мэдээллийн технологийн төв болох амбицтай Astana Hub-тай хамтран "Silkway Accelerator" хөтөлбөрийг эхлүүлжээ.

silkway accelerator ямар боломж олгох вэ? 

Silkway Accelerator-д Төв Азийн орнуудаас гадна Азербайжан, Монголын стартапууд хамрагдах боломжтой. Эхний элсэлтэд нийт 320 гаруй стартап материалаа илгээснээс шилдэг 15-ыг нь шалгаруулж, гурван сарын турш Нурсултан хотноо байрлуулж, хурдасгуур хөтөлбөрт хамруулж байгаа юм. Энэ дунд Монгол лсаас үүлэн технологийг нутагшуулагч Fibo Cloud компани багтжээ.

Уг хурдасгуур хөтөлбөр нь өөрсдийн бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээгээ зах зээлд нэвтрүүлсэн, бизнесийн дараагийн алхмаа хийхэд бэлтгэж буй компаниудыг сонгон авч, цаашлаад зах зээл дэх байр сууриа бэхжүүлэх, шинэ зах зээлд тэлэх, бүтээгдэхүүнээ хөгжүүлэх, бизнес моделио төгөлдөржүүлэх, нэмэлт санхүүжилт татах чиглэлд дэмжлэг үзүүлэх юм.

Үүнээс гадна "Google for Startups"-ийн туршлагатай менторуудаас зөвлөгөө авч, өмнөх төгсөгчид-ижил төстэй бүтээгдэхүүн хөгжүүлэгчидтэй хамтрах боломжтой. Уг хөтөлбөр нь Нурсултан хотноо 3 сарын оффлайн хэлбэрээр явагдах бөгөөд , "Астана Хаб"-д байршин ажиллах юм.


Мөн Google-ийн сүлжээг ашиглан олон нийтэд компанийг танилцуулах нийтлэл, ярилцлага, эвент зэргийг гаргах боломж олгож байгаагаараа онцлог. Эцэст нь хөрөнгө оруулагчдад бүтээгдэхүүнээ танилцуулах арга хэмжээнд оролцож, 55 мянган доллар хүртэлх санхүүжилтийг хөтөлбөрөөс авах боломж бий.


Эхний хөтөлбөрт дараах стартапууд шалгарчээ.

Fibo Cloud (Монгол) - Үүлэн технологийн хүчийг мэдэр
CTOgram (Казахстан) - 3 минутад машинаа засуул
Zypl (Тажикстан) - AI шийдлийн үйлдвэр
FocusED Now (Казахстан) - Илүү сонирхолтойгоор хичээлээ үз!
Tripsome (Азербайжан) - Чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрүүлэх боломж
Paxaro (Казахстан) - Гар утсанд багтах крипто бирж
Parqour (Узбекистан) - Ухаалаг зогсоолын шийдэл
Beyne (Казахстан) - Шинэ үеийн нүүр таних технологи
NB Fit (Киргизстан) - Фитнесс, эрүүл мэндийн ухаалаг туслах
Smoothly (Казахстан) - Илүү нойртой явъя
Naimi (Казахстан) - Туслах ажилтнуудыг хормын дотор
UvU (Казахстан) - Хамгийн найдвартай хүүхэд зөөгч
Citix (Казахстан) - Ухаалаг хотын ухаалаг шийдлүүд
Relog (Казахстан) - Хүргэлт, түгээлтийн төгс сонголт
iDos Games (Казахстан) - NFT-г тоглоомоор

fibo cloud компани юу хийдэг вэ?

2017 онд үүсгэн байгуулагдсан Fibo Cloud бол клоуд технологийн чиглэлд түүчээлж буй стартап юм. Дижитал шилжилтийн эрин үед аливаа компани, байгууллагын зайлшгүй анхаарах ёстой технологийг эх орондоо нутагшуулж буй тус хамт олон 2019 онд анхны үндэсний клоуд системийг танилцуулж байсан удаатай.

Тухайн үед бид тус компанийг үүсгэн байгуулагчид болох Н.Ганжигүүр, П.Пүрэвбазар Б.Цэнгүүн нартай уулзахдаа "Монголын анхны клауд инноватар" компани хэмээн онцолж, байгууллагуудад хамгийн үр дүнтэй, хялбар шийдлийг боловсруулан санал болгож байна хэмээн тодотгож байлаа.


Тэд зөвхөн бизнесийн шийдлийг санал болгож, технологи хөгжүүлэхээс гадна энэ чиглэлийн мэргэжилтэн, боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулахад хувь нэмрээ оруулах төслүүдээрээ ялгардаг. Анх 2019 онд тэд AWS Mongolia комьюнитиг үүсгэн байгуулж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны хүрээлэл болон тэлж, улмаар Cloud Community Ulaanbaatar нэрээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, өдийг хүртэл идэвхтэй ажилласаар байна. Fibo Cloud-ийн гаргасан жимээр цаашдаа олон монгол залуус дараагийн алхмаа хийх боломж нээгдэх биз ээ.

ОНЦЛОХ - FIBO CLOUD: ҮҮЛЭН ТЕХНОЛОГИЙН МОНГОЛД

Unread