Зөвхөн үлгэр домог, зүүд нойрны ертөнцөд үзэгддэг гэх хун цагаан зүст ганц эвэртийн тухай урьд хожид сонсож байгаагүй хүн цөөн биз ээ. Тэгвэл гарааны бизнесийн талбарт зүсээ хувиргасан ганц эвэртүүд олны нүдэнд үзэгдэж эхлээд хэдийнээ 12 жилийг үдэж буйг мэдсэн үү?
Анх 2013 онд TechCrunch хуудаснаа байршсан нэгэн нийтлэлд зах зээлийн үнэлгээ нь 1 тэрбум ам.доллар давсан компанийг ганц эвэрт (unicorn) хэмээн нэрлэснээс улбаалан уг тодотгол дэлхий дахинаа дэлгэрсэн түүхтэй. Тухайн үед аль ч салбарт 10 жилийн хугацаанд 1 тэрбум ам.долларын үнэлгээтэй бизнес босгон байгуулна гэдэг ер бусын том амжилтад тооцогддог байж.
Өдгөө дэлхий дахинд ойролцоогоор 1280 орчим ганц эвэрт байгаагийн 53 нь энэ оны эхний хагаст мэндэлжээ. Улс орнуудын хувьд ганц эвэрттэй болно гэдэг технологи, инновацын салбарын хүрээнд өрнөдөг маш чухал үйл явдал билээ. Тэгвэл өнгөрсөн сард Казахстан улс анхны “ганц эвэрт”-ээ өлгийдөн авлаа. Хиймэл оюун, технологийн салбарт хүч түрэн орж ирж буй тус гарааны бизнес хэрхэн зах зээлд нэвтэрч, тэрбум доллараар үнэлэгдэж эхлээд байгаа тухайг сонирхуулъя.

ЕРӨНХИЙ: ГАНЦ ЭВЭРТҮҮДИЙН ТУХАЙ
“Ганц эвэрт” гэх тодотголыг гарааны бизнесийн талбарт нутагшуулсан энтрепренер Айлин Ли нь өөрийн үүсгэн байгуулсан Cowboy Ventures хөрөнгө оруулалтын компани нь дөнгөж нэг ойтой байхад “Welcome To The Unicorn Club: Learning From Billion-Dollar Startups” нийтлэлээ уншигчдын хүртээл болгожээ. Тэрээр тухайн үед 10 жилийн өмнөөс ямар компаниудад хөрөнгө оруулалт хийсэн бол хамгийн өндөр үр өгөөж хүртэх байсан талаар эргэцүүлж суухдаа зах зээлийн үнэлгээ нь 10 жилийн дотор 1 тэрбум ам.доллар давсан АНУ-аас гаралтай технологийн салбар дахь гарааны бизнесүүдийг жагсааж эхэлсэн аж.

Тус жагсаалтад 2013 онд 39 компани багтсан бол энэ тоо нь 10 жилийн дотор буюу 2023 онд 532-т хүрч, барагцаагаар 14 дахин нэмэгдсэн үзүүлэлт гарсан.
Харин энэ тоо дэлхийн дахинаа хэдийнээ 1300 руу дөхжээ. Лавшруулвал, энэ онд шинээр төрсөн нийт ганц эвэртийн 53 хувь нь хиймэл оюунд суурилсан аж. Бусад салбартай харьцуулахад хиймэл оюунд суурилсан гарааны бизнесүүд тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээнд хүрэх хугацаа зургаагаас долоон жилээр дундажлагддаг. Том зургаар бол, дөнгөж мэндэлж буй таван ганц эвэрт тутмын нэг нь хиймэл оюуны агент байна. Харин тэдгээрийн шинэхэн төлөөлөл бол Higgsfield.
higgsfield ai: казахстаны анхны ганц эвэрт

Ганц эвэртүүдийн тал хувь нь АНУ-д, 10 орчим хувь нь Европын орнуудад мэндэлж байгаа энэ цаг үед Казахстан Улсын анхны тэрбум ам.долларын бизнес болох Higgsfield-ийн тухай мэдээ олон нийтэд сар хүрэхгүй хугацааны өмнө хүрлээ.
Higgsfield AI нь хэрэглэгчдийн хүртээл болоод хэдхэн сарыг үдэж байгаа бөгөөд саяхан GFT Ventures тэргүүтэй компаниудаас 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт амжилттай татсан билээ. Түүнчлэн тус платформын хэрэглэгчийн тоо ердөө хэдхэн сарын дотор 11 саяд хүрчээ.
Үүсэл

Өнгөрсөн оны сүүлчээр OpenAI олон нийтэд Sora хэмээх генератив хиймэл оюуны загвараа танилцуулсан. Харин сар бүрийн 200 ам.долларын хураамжтай ChatGPT Pro эрхтэйгээр Sora Turbo-г ашиглах, төлбөрөө төлсөн ч зөвхөн тус хиймэл оюун ухааны загвар дэмжигддэг улсад оршин суудаг байх гэх мэт шаардлагууд боломжит хэрэглэгчдийн цар хүрээг хумьж буй.
Иймд өдөр тутмын ч, албан ажлын ч зориулалтаар хэрэглэгдэх, хүртээмжтэй хиймэл оюуны технологийг бүтээх зорилгоор Snap компанийн генератив хиймэл оюуны хэлтсийн ахлах асан Алекс Машрабов, хиймэл оюуны судлаач Ерзат Дулат тэргүүтэй хөгжүүлэгчид Higgsfield-ийн санааг боловсруулжээ. Өөрөөр хэлбэл, Higgsfield бол зураг, дүрс бичлэгийн талбар дахь "акулууд" ч, сонирхогчид ч нэг дор цугларах газар.
ТҮҮХ ӨГҮҮЛЭГЧ ХИЙМЭЛ ОЮУН

Higgsfield AI-аас өмнө тус бизнес санаанаас салбарлан гарсан анхны апп бол Diffuse. Энэхүү апп нь YouTube, TikTok зэрэг платформ дээр олноороо байршдаг богино бичлэгийг үйлдвэрлэх чадвартай. Тус апп нь “Static AI art” буюу хөдөлгөөнгүй, тогтсон өнцөг, призмийн дүрслэлтэй хиймэл оюунаар бүтээгдсэн зурганд “амь оруулж,” бичлэгийн формат руу шилжүүлсэн анхдагчдын нэг. Гэсэн хэдий ч тэрхүү бичлэгүүд өгүүлэл, уялдаа холбооны хувьд ядмаг, “бүтэн” контент болох хэмжээнд биш байсан юм. Уг сургамж, туршлагаас улбаалан Higgsfield AI-ийг арай урт хугацаанд үргэлжлэх, чанартай агуулга бүхий, бодит мэт бичлэгийг үйлдвэрлэх чадвартай буюу “түүх өгүүлэгч хиймэл оюун” болтол нь хөгжүүлжээ.

ОНЦЛОГ

Higgsfield AI нь хиймэл оюун ашиглан хүссэн зураг, бичлэгээ бүтээх үйл явцыг мэдэгдэхүйц хялбаршуулж, бодит мэт зураглалыг төвөггүйхэн үүсгэх хүчин чадлаараа сая сая хэрэглэгчдийг татаж эхэлсэн генератив хиймэл оюуны технологи. Ганцхан зургийн тусламжтай хөдөлгөөнт бичлэг, ямар ч чиглүүлэг бичвэр шаардлагагүй (promptless) төрөл бүрийн дүрслэлийг үйлдвэрлэхийн сацуу камерийн өнцөг, хөдөлгөөнийг хүссэнээрээ тохируулах боломжийг нэг дор олгож буй нь Higgsfield-ийн онцлог.
Хэрэглэгч хиймэл оюунд нарийн зааварчилгаа өгөлгүй өөрийн хүссэн зураг, бичлэгээ гаргаж авах технологи ихэнх үед “preset” буюу урьдчилан загварчилсан эффектүүдэд тулгуурладаг. Харин Higgsfield нь 20 гаруй ялгаатай орчин, өнгө аясыг харуулсан “preset”-ийг төрөл бүрийн нэмэлт визуал эффект оруулах, бүтээгдэхүүнийг зохиомлоор нэмж байршуулах зэрэг технологитой холбосон нь сонирхол татахуйц. Нэмээд Higgsfield Soul горимд 50 гаруй шинэ “preset” нэмэгдсэнийг зарлаад буй.

ХАЙБРИД ГАНЦ ЭВЭРТ
Higgsfield-ийн олон шинэлэг тохиргооны нэг жишээ нь Draw-to-Video тохиргоо. Тус тохиргоо нь хэрэглэгч эх өгөгдөл дээр өөрийн хүссэн объект эсвэл бүтээгдэхүүнийг зураг хэлбэрээр байршуулахад хиймэл оюун тэрхүү объектыг автоматаар суурь сценийн (scene) нэгэн хэсэг мэтээр дүрс бичлэг болгон хувиргах технологиос эхтэй.
Энэ мэт ахисан түвшний тохиргоонууд нь Higgsfield AI-ийн хэрэглэгчдийн цар хүрээг тэлсээр. Өөрөөр хэлбэл, компани хувь хүмүүст ч, ААН-үүдэд ч бүтээгдэхүүн, үйлчилгээгээ төвөггүйхэн борлуулж эхэлснээр хэрэглэгчид аль нэг бүлэгт нийтээрээ хамаарахаа больж байна. Үүнийг хайбрид бизнес модель гэнэ.

B2B, B2C ЭСВЭЛ ХАЙБРИД
Айлин Ли ганц эвэртүүдийг хоёр төрөлд хуваасан байдаг. Эхнийх нь аж ахуйн нэгжид (ААН) чиглэсэн буюу “Business to Business (B2B)” модельд суурилна. Эсрэгээрээ хэрэглэгчдэд чиглэсэн буюу “Business to Customer (B2C)” модельд суурилсан нь аливаа компани бүтээгдэхүүн, үйлчилгээгээ шууд хувь хэрэглэгчдэд борлуулдаг загвар. Харин сүүлийн жилүүдэд хайбрид модельт бизнесүүд эрчээ авч байна.
2013 оны АНУ дахь “ганц эвэртүүд”-ийн ихэнх хувийг B2C бизнесүүд эзэлж байв (Facebook, Groupon, Airbnb гэх мэт). Гэтэл 2023 он гэхэд ганц эвэртүүдийн 80 орчим хувийг B2B модельт бизнесүүд эзэлсэн байдаг.
Хоёр модель хоёул өөр өөрсдийн сул ба давуу талтай тул хосолсон системийг нутагшуулаад эхэлсэн ганц эвэртүүд үйл олноороо мэндэлж байгаагийн нэгд Higgsfield зүй ёсоор тооцогдоод буйг дурдууштай.
ИРЭЭДҮЙ
Технологи, хиймэл оюуны салбарын өргөжин тэлэлт кетчупны сурталчилгаанаас эхлээд загварын сэтгүүлд ч нөлөөгөө үзүүлсээр байна. Мөн энэхүү хөгжлийн шуурга бизнесийн салбарын томоохон тоглогчдын тоглоомын дүрмийг тодорхойлоход үүрэг оролцоотой болоод чамлахааргүй урт хугацааг үджээ. Higgsfield-ийн үүсгэн байгуулагч Алекс Машрабов ч хиймэл оюунаар бүтээгдсэн богино бичлэгийн зах зээл 2032 он гэхэд 24 тэрбум ам.долларт хүрэх таамагтай байгааг онцолсон нь учиртай биз ээ.
Иймдээ ч ирээдүйн ганц эвэртүүд технологи, хиймэл оюуны хүчээр олон төрлийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийлүүлэх боломж бүрдсэнээр хайбрид бизнес модель руу улам илүү тэмүүлэх хандлагатай аж.


Сэтгэгдэл бичих

