Зар сурталчилгаа гэдэг шууд утгаараа тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэнийг өсгөх, борлуулалтыг нэмэх ач холбогдолтой гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Харин сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон брэндүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийгэмд хандсан олон чанартай, далайцтай кампанит ажлуудыг санаачлах болсон нь сайшаалтай. 

Энэ удаагийн нийтлэлээрээ бид жендерийн мэдрэмж бүхий, нийгэм дэх хүйсийн талаарх хэвшмэл ойлголтыг эвдсэн хамгийн шилдэг сурталчилгаа, уриа үгсийг онцлон хүргэж байна. 


1. NIKE- Dream Crazier

"Nike" брэндийг үүсгэн байгуулагч Фил Найт Айви лигт багтдаг, нэр хүндтэй их сургууль төгссөнийхөө дараа энтрепренерийн хичээлийн бие даалтаа хийх зуураа бодож олсон галзуу санаагаа бодит болгохын төлөө бүхий л амьдралаа зориулсан гэдгийг та мэдэх үү? Тийм ээ, Фил үнэхээр хангалттай галзуу мөрөөдөж чадсан тулдаа спорт барааны зах зээл дээрх томоохон эзэнт гүрнийг бүтээж чадсан билээ. Тэрээр одоогоос 30 гаруй жилийн тэртээ “Just Do It” уриагаараа дамжуулан бидэнд мөрөөдлийнхөө төлөө яг одоо хөдөлмөрлөх хэрэгтэйг сануулсан.

Харин гурван жилийн өмнө "Nike" брэнд газрын теннисний супер од Серена Уильямстай хамтран эмэгтэйчүүдийн талаарх нийгэм дэх хэвшмэл ойлголтыг өөрчлөх зорилготой “Dream Crazier” аяныг амжилттай хэрэгжүүлсэн юм. Тус сурталчилгаанд хамгийн залуудаа сноубоардын төрөлд Олимпын хос алтан медаль хүртсэн Хлое Ким, Олимпын наадмын үеэр хижаб өмссөн анхны эмэгтэй туялзуур сэлэмчин Ибтихаж Мухаммед, найман долоо хоногтой хөл хүнд байхдаа Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн домогт Серена Уильямсын амжилтыг онцолж, “илүү том, илүү галзуу зүйлсийг мөрөөд” хэмээх мессежийг бүсгүйчүүдэд түгээсэн. Амжилтын төлөө хөдөлмөрлөж яваа эмэгтэйчүүдэд нийгэм галзуу, биеэ тоосон, их зантай, ууртай, тэмцэгч гэх пайз зүүлгэдэг ч бусдын юу гэж хэлэхийг үл тоон, хангалттай галзуу байж чадсан нэгэн л мөрөөдөлдөө нэг алхам ойртдог биш гэж үү?
Сонирхуулахад, тухайн жилийнхээ Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр анх цацагдсан энэхүү сурталчилгаа тэр даруйдаа үзэгчдийн таашаалд нийцэж, улмаар "Nike"-ийн онлайн дэлгүүрийн борлуулалтыг 31 хувиар нэмэгдүүлсэн түүхтэй.


2. H&M- She’s a lady 

“Эмэгтэйлэг” байна гэдэг таны бодлоор ямар байхыг хэлэх вэ? Байгалийн жамаар бүх хүмүүст ургах илүүдэл үсийг долоо хоног бүр хусах, олон нийтийн газар биеэ зүй зохистой авч явах, өө сэвгүй төгс хувцаслах, жин нэмэхээс сэргийлж хүссэн зүйлээсээ татгалзах гээд энэ асуултад “эмэгтэйлэг” гэх тэмдэг нэрэнд багтахын төлөө ямар олон хэрэгцээгүй зүйлс хийх шаардлагатай болдог тухай бүсгүйчүүд ам уралдан хариулах нь тодорхой. Зарим тохиолдолд эрчүүд бус, харин эмэгтэйчүүд бид өөрсдөө биедээ хэтэрхий өндөр шаардлага тавьж, бусдын сонголтыг өөлж гоочлох нь элбэг.

Хэзээд төгс төгөлдөр гадаад төрх, эмэгтэйлэг оршихуйг олон нийтэд сурталчилдаг хувцас загварын салбар дахь хүчтэй тоглогчдын нэг "H&M" брэнд харин “She’s a lady” кампанит ажлаараа дамжуулан эмэгтэй хүн ийм байх ёстой, тийм байх ёсгүй гэхчлэн утгагүй олон тодорхойлолтуудаас татгалзах хэрэгтэйг уриалсан юм. “Халамжтай, сайхан ааштай, хүлцэнгүй, ухаалаг гэх тэмдэг нэрүүдэд хашигдах бус өөрийн хүссэнээрээ амьдрах хэрэгтэй” хэмээх утга санааг агуулсан тус сурталчилгааг үзээд өөрийн эрхгүй бусдаас санаа зоволгүй гудамжинд хүссэнээрээ бүжиглэмээр аль эсхүл гарт тааралдсан хувцсаа шүүрч өмсөөд хүүхэд шиг дүрсгүйтмээр эрх чөлөөтэй мэдрэмж төрж байгаа биз?


3. always- #likeagirl

Ямар охин шиг шалчигнуур юм бэ, охид шиг битгий амархан уйлаад байгаач, охин шиг сул дорой юмаа...

Бидний ухаан орсон цагаас л “охин шиг” хэмээх зүйрлэл зөвхөн Монголд төдийгүй дэлхийн хаана ч эерэг утгаар бус харин хэн нэгнийг бие махбод болон сэтгэлзүйн хувьд дооглож тохуурхахдаа ашигладаг нэгэн төрлийн доромж үг байсаар ирсэн. Харин дэлхийд алдартай эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийн брэнд “Always” энэхүү зүйрлэлийг эерэг утгаар ашиглахыг уриалан #LikeAGirl сурталчилгааг бүтээснийг та үзэж байв уу?
Тус видеоны найруулагч Лорен Гринфилд энэ талаар “Сурталчилгааг бүтээж байх явцдаа би олон зуун өсвөр насны охид энэ үгнээс болж өөртөө итгэх итгэлгүй, хэн нэгэнд шоолуулах вий хэмээх айдастай амьдардаг болохыг мэдсэн. Охин шиг байх нь юу нь муу гэж. Охид яг л хөвгүүдтэй адил тэдний хийж чадах бүхнийг эн тэнцүү бүтээх чадалтай шүү дээ. Гэтэл нийгэмд охидыг томрох тусам бүр л хөвгүүдээс өөр байх ёстой мэт хүлээлттэй байдаг. Тиймдээ ч би #LikeAGirl кампанит ажлын нэгэн хэсэг болж, энэ үгийг нийгэмд эергээр ойлгуулах ажлын нэгэн хэсэг болсондоо баяртай байна” хэмээсэн юм.


Энэ сурталчилгааг үзсэнийхээ дараа та дахиж хэзээ ч өөрийн хүүдээ “Битгий охин шиг гүй, битгий охин шиг эмзэг бай” гэх үгсийг хэлэхгүй гэдэгт итгэлтэй байна. Бидний амьдарч буй ертөнцөд зөвхөн хөвгүүдийн аль эсвэл охидын хийж чадах, тэдэнд хамаарах зүйл гэж үгүй. Бид бүгдээрээ өөрсдийн хүйсээс үл хамааран хүссэн бүхнээ бүтээх чадалтай.


4. The Western Union-  #TheRaceIsOn

Дэлхийн тэргүүлэгч мөнгөн гуйвуулгын компани “The Western Union” 2017 оны эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр охидын боловсрол эзэмших эрхийн асуудлыг хөндөж, “The Race Is On” кампанит ажлыг эхлүүлсэн билээ. Дэлхийн өнцөг булан бүрд амьдарч байгаа охид сургууль руугаа хар хурдаараа гүйж буйг дүрсэлсэн тус видеогоор зорилго руугаа тэмүүлэх ирээдүйн хүчирхэг, боловсролтой бүсгүйчүүдийг харуулахыг зорьсон аж. Улсынхаа төрийн тэргүүн, Ангараг гараг дээр газардсан сансрын нисгэгч, технологийн салбар дахь шилдэг энтрепренер болох хүсэлтэй охидын мөрөөдлийг гагцхүү чанартай бөгөөд хүртээмжтэй боловсрол биелүүлж чадах билээ. Харамсалтай нь ядуу буурай орны мөнхийн толгойн өвчин болсон боловсролын хүртээмжийн асуудлаас шалтгаалан сая сая охид сургуульд суралцаж чадалгүй, мөрөөдлөө үүрд орхих сонголттой тулгардаг нь бодит үнэн.

Тийм ч учраас тус сурталчилгааг цацсаныхаа дараа “The Western Union” өөрсдийн боловсролыг дэмжих сангийн үйл ажиллагааг улам өргөтгөж, одоогийн байдлаар дэлхийн 130 гаруй улсын боловсролын байгууллагад 90 сая доллартой тэнцэх хэмжээний хандив, тусламж үзүүлээд байгаа аж.


5. Microsoft – #MakeWhatsNext


-Дэлхийн түүхэнд бичигдсэн агуу зохион бүтээгчдийг нэрлэнэ үү?
-А.Эйнштейн, Н.Тесла, Б.Франклин, Л. Да Винчи…

Видеоны эхэнд бага сургуулийн сурагч охидоос сурвалжлагч дээрх асуултыг асуух бөгөөд бүх охид дэлхийд нэр нь түгсэн эрэгтэй эрдэмтдийг нэрлэнэ. Дэлхийн хүн амын тал нь эмэгтэй атал шинжлэх ухаан, инженерчлэлийн салбарт нэр нь цуурайтсан эмэгтэйчүүд ийм ховор байдаг юм гэж үү? Үнэндээ бол лазер хагалгаа, усан доорх телескоп, хумхаа өвчний эсрэг вакцин, компьютерын анхны алгоритм гээд олон нээлтийн ард эмэгтэйчүүд байдаг. Гэвч даяаршил, мэдлэгийн энэ эрин зуунд ч эмэгтэйчүүд STEM (Science, Technology, Engineering, and Mathematics буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик) салбарт авьяасгүй гэх хэвшмэл ойлголт оршин тогтносоор л байна.

“Microsoft” компанийн зургаан жилийн өмнө хэрэгжүүлсэн #MakeWhatsNext кампанит ажил нь STEM чиглэлээр суралцах хүсэлтэй охидод урам зориг өгөх, тэднийг дэмжих томоохон хөдөлгөөн болсноороо онцлогтой. Энэ чиглэлээр боловсрол эзэмшиж, ажиллаж буй эмэгтэйчүүдийн эзлэх хувь нийгэмд тун чамлалттай байгаа энэ үед “охид ч зохион бүтээх авьяастай” гэх мессежийг агуулсан тус хөдөлгөөн үнэхээр цагаа олсон ажил мэт.


6. pantene- labels against women

Харин үс арчилгааны “Pantene” брэндийн “Labels against women” сурталчилгаа бол хүйсээр ялгаварлан гадуурхах үзэгдэл одоог хүртэл амь бөх оршсоор байгаа Зүүн Азийн орнуудын нэг болох Филиппинд цацагдсан даруйдаа шуугиулж, 40 гаруй сая хүнд хүрсэн, алдартай кампанит ажил юм. Нийгэмд нялх хүүхдээ асарч буй эрэгтэйг хорвоогийн хамгийн сайн аав гэж дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрөх бол хүүхдийнхээ ирээдүйн төлөө ажиллаж хөдөлмөрлөж байгаа эмэгтэйг эсрэгээрээ амиа бодсон, муу ээж гэж цоллоно. Карьерээ босгохын төлөө яг ижил замаар мацаж буй эрэгтэйг цуцашгүй дайчин нэгэн гэж үнэлэх бол харин эмэгтэйг нь эрээ цээргүй гэх нь хэвийн үзэгдэл. Халамжтай эхнэр, сайн ээж, чадварлаг удирдагч гэх хүндлэлийн төлөө эмэгтэйчүүд илүү их хөдөлмөрлөж, илүү ачаа үүрэх шаардлагатай нүүр тулгардаг.


Товчхондоо, тус сурталчилгаа нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хийж буй яг ижилхэн үйлдэлд нийгэм ялгаатай хариу үйлдэл үзүүлдэг болохыг шүүмжилсэн юм. Филиппинд явуулсан судалгаагаар, эрчүүдийн 70 хувь нь эмэгтэйчүүд бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө өөрийнхөө чадварыг тодорхой хэмжээнд дарж, даруу байх хэрэгтэй гэж үздэг бол эмэгтэйчүүдийн 58 хувь нь эрчүүдийнхээ үзэл бодолтой санал нэгддэг аж. “Эрчүүдтэй эн зэрэгцэхийн тулд бүсгүйчүүд хоёр дахин илүү хөдөлмөрлөж, хоёр дахин тэвчээртэй байх ёстой хэмээх, энэхүү судалгааны үр дүнд гарсан гайхширмаар дүгнэлт нь эл кампанит ажлыг эхлүүлэх шалтгаан, үндэс суурь болсон” хэмээн “Procter&Gamble” группийн Филиппин улсыг хариуцсан захирал хариулжээ.



Нийтлэлийнхээ төгсгөлд та нартаа нэгэн таатай мэдээ дуулгая.

Үндэсний хамгийн том лояалти хөтөлбөр болох "U-Point" бэлэгтэй хүрдний шинэхэн урамшуулал зарлагдсаныг та мэдсэн үү?

НОМИН сүлжээ дэлгүүр, "Ecoexpress Mongolia"-ын салбаруудаас "Head&Shoulders", "Pantene" брэндийн дурын том хэмжээтэй нэг бүтээгдэхүүн аль эсвэл жижиг хэмжээтэй дурын хоёр бүтээгдэхүүн худалдаж авах болгондоо та "U-Point" аппликэйшний "Supreme" бэлэгтэй хүрдийг эргүүлэх нэг эрхийн эзэн болох юм билээ шүү. Хүрд эргүүлж азаа сорих эрх авахын сацуу "U-Point" оноогоо ч давхар цуглуулах боломжтой. Ухаалаг цаг, утасгүй чихэвч гээд олон олон бэлэг хүрдний ард нуугдаж байгаа тул азтан болох боломжоо бүү алдаарай.