Өнөөдрийн цаг агаар, өглөө, оройн хоолны санаа, өөр эсвэл шилжүүлж мэдэхгүй милл, км, мөнгөн дүн, хувьцаа, валютын ханш зэрэг өдөр тутмын амьдралд тохиох олон зүйлийн тухай бид Google-ээс асуудаг. Дундаж хүн өдөрт гурваас дөрвөн хайлт хийдэг гэх ба Google секунд тутамд ойролцоогоор 99 мянган асуулт боловсруулдаг гэвэл та үнэмших үү? Энэ нь дэлхий даяар өдөрт 8.5 тэрбум, жилд ойролцоогоор хоёр их наяд хайлт хийдэг гэсэн үг.

Шинэ дугаартаа Google-ээс хайлт хийхдээ тусгай тэмдэгт, түлхүүр үгс зэргийг ашиглаж, хэрхэн хайсан мэдээллээ хурдан олох арга мэхүүдийг танилцуулъя.

Оновчтой хайлт Boolean  

Boolean бол интернэтээс хайж буй мэдээллээ нарийвчлах, хэрэгцээгүй илэрцүүдийг багасгахын тулд AND, OR, NOT үгнүүд болон + (нэмэх) - (хасах) гэх мэт тусгай үг, тэмдэгт ашигладаг хайлтын төрөл юм. Жишээ нь, гэрийн тэжээмэл амьтан сонирхож, нохойны тухай мэдээлэл Google-ээс хайх үед асар их мэдээ, нийтлэл, зураг бичлэг гарч ирнэ. Тэр дундаас тодорхой үүлдрийн нохойг, эсвэл зураг, бичлэг бус зөвхөн текстэн мэдээлэл уншихыг хүсвэл Boolean хайлтын аргуудыг ашиглаарай. Эдгээр үгсийг заавал томоор бичих ёстой шүү.

Таны хайж буй бүх үгс илэрцэд заавал багтах ёстой гэдгийг AND нөхцөлөөр заана. Жишээ нь Golden Retriever dog breed AND гэж хайхад уг үйлдвэрийн нохойны ерөнхий мэдээлэл, зураг бичлэг, зан чанар, холбоотой бүтээгдэхүүн зэрэг бүх мэдээллийг харуулна. Харин илүү олон мэдээлэл олохын тулд ижил төрлийн түлхүүр үгнүүдээр хайж болох ба Golden Retriever OR Beagle гэвэл хоёр үйлдвэрийн нохойны аль нэгийг нь агуулсан хамааралтай олон төрлийн мэдээ, нийтлэл гарч ирнэ гэсэн үг.



Хашилт: Нэн түрүүнд түлхүүр үг ялангуяа хоршоо, холбоо үгсийг хашилтад хийснээр илүү оновчтой илэрцүүд гарч ирнэ. Жишээ нь та ажлын орчноо тухтай, таатайгаар тохижуулах шинэ санаа хайж буй бол "таатай оффис" гэж бичээд жил бүр уламжлал болгон Улаанбаатар дахь таатай оффисуудыг тодруулдаг манай цуврал контенттой танилцаарай.

Хасах тэмдэг: Интернэт дэх асар олон мэдээллүүдээс хайлтын хүрээг хумихын тулд “–” тэмдэг ашиглана. Хасах тэмдэг нь өгөгдлийг бүхэлд нь шүүж, хайж буй зүйлтэй тань холбоогүй мэдээллийг харуулахгүй гэсэн үг. Жишээлбэл, зөвхөн энгийн iPhone 15-ийн тухай мэдээлэл авмаар байвал iPhone 15-pro max гэж хайж болох юм.


Нэмэх тэмдэг: Харин “+” тэмдэг нь заавал байх ёстой утгыг агуулна. Жишээ нь iPhone 15+price+function гэвэл үнэ болон үзүүлэлт, функцуудыг агуулсан мэдээлэл гарч ирнэ.

Үргэлжилсэн хоёр цэг: Үнэ, он сар зэрэг тоонуудын хэлбэлзэх утгыг хайхдаа дээд, доод хязгаарын дунд үргэлжилсэн хоёр цэг авч бичнэ. Жишээ нь, iPhone 15-ийг 500-800 ам.долларын төсөвт хайж буй бол “iPhone 15 $500..$800” гэж хайна.

Мөн хайж буй мэдээллээ он, сар, өдрөөр тохируулж болох ба хэрэв аль нэг хугацаанаас өмнөх мэдээ, нийтлэлүүдийг хайхыг хүсвэл before:2000-01-15 харин дараах илэрцүүдийг харахыг хүсвэл after:2021-01-15 гэж хайна. Жишээ нь, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой сүүлийн үеийн мэдээлэл авахыг хүсвэл “climate change after 2022-01 before:2015-01” гэж хайж болох юм.


* тэмдэг: Хэрэв та Google-ээс ямар нэгэн зүйл хайх гэж байгаа ч ямар үг ашиглахаа мэдэхгүй байгаа бол эсвэл кино, дууны нэрийг нь халитхан санаж бусад тодорхой зүйлийг мэдэхгүй бол * тэмдгийг ашиглан хэсэгчлэн хайгаарай. Уг тэмдэг нь хоосон орон зайг нөхөж буй заавар юм. Хэн дуулсныг нь мэдэхгүй удаан хайсан дуугаа түлхүүр үгээр хайж олов. "change shapes * animal" lyrics.

Түлхүүр үгнүүд  

Intitle: Тухайн хуудасны гарчиг, бичвэрт агуулагдаж байгаа түлхүүр үгээр хайна.

Site: Тодорхой сайтаас хайна. Жишээ нь Site:mongolbank.mn "мөнгөний бодлого" гэж хайвал зөвхөн Монголбанкны сайтаас "мөнгөний бодлого" түлхүүр үгтэй мэдээллүүд гарч ирнэ.


Filetype: хүссэн өргөтгөлтэй файл, баримтаа хайхад хэрэглэнэ. Жишээ нь, "beatles intitle:index.of yesterday mp3 хэмээн хамтлаг болон дууны нэрээр хайж татан авах боломжтой.

Inurl: URL буюу тухайн хуудас байрлаж буй интернэт хаягийг нь тодорхойлж, холбоос дотор агуулагдаж байгаа үгийг заана. Жишээ нь, journalism scholarship inurl:apply гэж хайвал холбоост нь apply буюу өргөдөл илгээх гэсэн үг орсон сэтгүүл зүйн хөтөлбөрүүдийг олох боломжтой.


Define: тайлбар, толь ашиглалгүйгээр тухайн үгний олон хэл дээрх тодорхойлолтыг харуулна. (goolge өөрсдөө тольгүй, оксфордын санг ашигладаг) Define:Serendipity гэвэл энэ нь юу гэсэн үг тухай, өгүүлбэрт хэрхэн ашиглагдаж байгаа, ижил утгатай үгсийн жагсаалтыг харж болно.

Дээрх коммандуудыг ашиглан текстэн мэдээлэл хайхаас гадна зургаар хайлт хийж болно. Мөн ямар төрлийн, ямар хэмжээтэй зураг хайхаа текстээр бичиж болно. Жишээ нь blue house image size: 1200 x 800 гэвэл ийм хэмжээтэй, цэнхэр байшингийн зургуудыг харуулна.