Ус бол бидний хайрлаж хамгаалах учиртай чандмань эрдэнэ билээ. Үүнийг бид хэнээр ч хэлүүлэлгүй мэднэ. Цэнхэр дэлхийн нийт усыг 100 аяга устай дүйцүүлбэл ердөө нэг нь л бидэнд байгаа цэвэр ус. Гэхдээ тэр нэг аяга ус өнөөг хүртэл ижил хэмжээнд байгаа юу гэвэл үгүй. Хүн амын тоо өсөн нэмэгдэж, аж үйлдвэржилт өргөжин тэлж, уур амьсгалын өөрчлөлт хурдацтай явагдаж байгаагаас үүдэн цэвэр усны хомсдол амь насаар үнэлэгдэх хэмжээнд хүрээд байна. 

Тиймээс бид энэ удаагийн нийтлэлдээ хаягдал ус боловсруулалтаар сайн жишиг тогтоохоор зорьж буй М-Си-Эс Кока-Кола компанийн үйлдвэрийн хаягдал ус цэвэршүүлэх байгууламжийн талаар танилцуулж байна. 

ЭХЛЭХИЙН ӨМНӨ: ХАЯГДАЛ УСНЫ ТУХАЙ ХӨӨРӨЛДӨХҮЙ

Юун түрүүнд хаягдал ус гэж юу болох талаар товчхон тайлбарлая. Хүн амын унд, ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагдан өөрийн анхдагч химийн найрлага, физик шинж чанараа алдаж, бохирдсон усыг хаягдал ус хэмээн нэрлэдэг. Бохирдлын зэрэг нь физик, химийн шинж чанараараа ялгаатай.

Энэ дундаас ахуйн бохир ус нь хүн амьтны ялгадас, ахуйн угаалга цэвэрлэгээ, усанд орох, хоол хүнс бэлтгэхэд хэрэглэсэн уснаас бүрдэх ба хар ба саарал ус хэмээн ялгадаг. Хар ус нь ялгадас зайлуулах төхөөрөмжөөс гарах хүний өтгөн, шингэнийг агуулсан ус бол саарал ус нь бие угаасан, гар нүүр, хувцас, гал тогооны сав суулга угаахад ашигласан усыг хэлдэг байна. Бохирдолтын зэрэг, төрөл, бохир усны зарцуулалтаас хамаарч, механик, физик-хими, биологийн аргуудыг ашиглан цэвэрлэдэг аж. Харин үйлдвэрийн бохир ус гэдэг нь үйлдвэрийн технологийн төрөл бүрийн үе шатанд хэрэглэсэн усыг хэлж буй.

Өдгөө дэлхийн цэвэр усны 70 хувийг хөдөө аж ахуй, 22 хувийг аж үйлдвэр, 8 хувийг ахуйн хэрэглээнд ашиглаж байгаа ба уур амьсгалын өөрчлөлтөөс гадна бидний эдгээр үйлдэл эх дэлхийд оноогдсон цэвэр усны хэмжээг жилээс жилд бууруулж буй. Мэдээж үүний эсрэг олон шийдэл санал болгож байгаагийн нэг нь хаягдал усыг өргөн хэрэглээнд нэвтрүүлэх юм.

Жишээлбэл, манай улс Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалдаа 2030 он гэхэд хүн бүрийг ундны аюулгүй, боломжийн үнэтэй усаар хангах зорилт тавьж, хаягдал усныхаа 60 хувийг дахин цэвэршүүлэх зорилго тавьсан. Ийнхүү хаягдал усаа дахин боловсруулж, цэвэрлэдэг болсноор хүлэмжийн хийн ялгарлын гуравны нэгийг бууруулах боломжтойн сацуу ундны усны хомсдолоос сэргийлэх бололцоотой. Учир нь ундны цэвэр усны хомсдолын улмаас олон сая хүн бохир ус хэрэглэж, булчин задрах тахал, цусан суулга, хижиг, халдварт саа өвчнөөр хэдэн зуун мянгаараа өвчилж байгаа билээ.



14 ЖИЛИЙН ТУРШЛАГА: ҮЙЛДВЭРИЙН ХАЯГДАЛ УС ЦЭВЭРШҮҮЛЭХ ТӨСӨЛ

2010 онд хүнсний үйлдвэрүүдээс анхдагч болж "М-Си-Эс Кока-Кола" компани хаягдал ус цэвэршүүлэх байгууламжаа ашиглалтад оруулж байв. Уг байгууламж нь хоногт биологийн болон MBR технологийн дагуу шүүн цэвэршүүлдэг бөгөөд ийнхүү цэвэршүүлсэн усанд загас ч амьдрах боломжтой.

Эл төслийн хүрээнд жилд 180 мянган тонн үйлдвэрийн хаягдал усыг цэвэршүүлж, төв цэвэрлэх байгууламжийн шугам хоолой руу өгөхөөс гадна ААН байгууллагуудад үнэ төлбөргүй нийлүүлж байгаа юм. Одоогоор тэдний цэвэршүүлсэн хаягдал усыг зам талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн усалгааны зориулалтаар Хот тохижилтын газар, Бат Өндөр Хайрхан болон Баянзүрх дүүргийн Эко тохижилт тэргүүтэй байгууллага авч ашиглаж буй. Түүнчлэн Чанар хийц компани зам гүүрний барилга байгууламж барихад, гал унтраах аврах ангиуд түймэр унтраахад тус тус ашиглаж байгаагаас гадна “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нэр бүхий байгууллагууд мод усалгаанд хэрэглэж байна. М-Си-Эс Кока-Кола компанийн хувьд ч өөрсдийн түгээлтийн машиныг цэвэршүүлсэн хаягдал усаар угаадаг.


М-Си-Эс Кока Кола компанийн хаягдал ус цэвэршүүлэх үйлдвэр

"Тэрбум мод" аяны хүрээнд хаягдал усаар мод усалж буй нь


Хэдийгээр хэрэглээнд тодорхой хэмжээгээр нэвтрээд буй ч тэдний цэвэршүүлсэн хаягдал усны ердөө таван хувь л ашиглагдаж байгааг энд онцлууштай. Гэвч цэвэр усны оронд хаягдал усыг ашиглаж болох олон сонголт бидэнд бий.

Цэвэршүүлсэн хаягдал усаар хөрс усалж буй нь


АВТО УГААЛГЫН ГАЗАР

Улаанбаатар хот өдөрт дунджаар 150 мянган м.куб цэвэр ус хэрэглэдэг бөгөөд нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 180 гаруй авто угаалгын газрууд үүнээс дунджаар 595 м.куб цэвэр усыг хэрэглэж байгаа гэх тооцоолол гарчээ. Хэдийгээр бидний өдөрт хэрэглэдэг цэвэр усны 0.4 хувийг эзэлж байгаа ч огтоос бага тоо биш.

Бүр цаашилбал, нэг автомашин угаахад ойролцоогоор 100л ус зарцуулдаг аж. Ийм их хэмжээний цэвэр ус өдөрт хэдэн зуугаараа хий дэмий урсаж байгаа гэсэн үг. Уг нь 2018 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн Засгийн Газрын 73-р тогтоолоор автомашин угаалгын газруудыг саарал ус ашиглах тухай зааж өгсөн боловч өнөөг хүртэл эл тогтоол бүрэн хэрэгжихгүй байгаа юм.

ХӨДӨӨ АЖ АХУЙ

Өдгөө АНУ, Австрали, Япон, Герман, Кипр, Саудын Араб, Израиль, Оман, Иордан тэргүүтэй 29 улс, мужууд саарал усыг олон салбарт өргөн хэрэглээнд ашиглаж, хуулиар зохицуулан ажилладаг. Жишээлбэл, хуурай уур амьсгалтай, гадаргын цэвэр усны нөөц хомс ч усны менежментээрээ дэлхийд тэргүүлдэг Израиль улс хаягдал ус дахин цэвэршүүлэх, далайн усны давсыг шүүж цэвэршүүлэх туршлагаараа олон улсад үлгэрлэж буй. Тус улсын газар тариаландаа ашиглаж буй нийт усны 90 орчим хувийг цэвэршүүлсэн саарал ус болон борооны ус эзэлдэг аж.

АХУЙН ХЭРЭГЛЭЭ

2023-2028 онд Улаанбаатар хотын усны эрэлт, нийлүүлэлт тэнцэж ирэх төлөвтэй байгаа ба 2025 оноос эхлэн эрэлт нь нийлүүлэлтээсээ давж болзошгүй гэх судалгаа гарчээ. Энэ бол одоогоос ердөө нэгхэн жилийн дараах үйл явдал гэдгийг санууштай. Байгаль орчинд ээлтэй усны менежментийг хэрэгжүүлдгээрээ жишиг болсон Өмнөд Солонгос улсын жишээг харвал, тэд 2011-2020 онд хэрэгжүүлэх “Усыг дахин ашиглах мастер төлөвлөгөө” боловсруулж, усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд бэлтгэх, байгальд ээлтэй усны эргэлтийг сэргээхээр зорьжээ.

Үр дүнд нь 2018 оныхтой харьцуулахад 2020 онд борооны ус 16, саарал ус 74, бохир усны дахин ашиглалт 58 хувьд хүрсэн аж. Эндээс саарал усны хэрэглээг илүү тодотгон авч үзэхэд 2011 онд баталсан “Усыг дахин ашиглахыг дэмжих тухай хууль”-д 60,000 м.кв ба түүнээс дээш талбай бүхий орон сууц, аж ахуйн нэгж, халуун усны газар, томоохон дэлгүүр, үйлдвэр болон хоногт 1500 м.куб хаягдал ус үйлдвэрлэдэг газруудад заавал дагаж мөрдөх систем гаргасан юм. Үр дүнд нь нийт байгууламжийн ашиглаж буй усны 74 хувь нь саарал ус байв.


ЗАГАС АМЬДАРЧ БОЛОХУЙЦ ХАЯГДАЛ УСЫГ БҮТЭЭХҮЙ

Бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад дараах тохиолдолд хаягдал ус бий болдог.

  • Хуванцар сав зайлах
  • Шилэн лонх угаах
  • Авдар угаах
  • Тоног төхөөрөмж угаах
  • Шүүлтүүр угаах
  • Хөргөлтийн туннелд ус ашиглах

Цэвэршүүлсэн хаягдал ус дотор амьдардаг загаснууд

Улмаар MBR /мембран био-риактор/ технологиор хаягдал усыг зургаан дамжлагаар цэвэршүүлдэг аж.

1. Бөглөө, гуурс зэрэг хогийг 3 мм-ийн нарийн голчтой механик шүүлтүүрээр шүүнэ.
2. Бичил биет үржүүлж, Хүчил, шүлт, мочевины урвалаар хаягдал усыг цэвэрлэнэ.
3. Биологийн цэвэршүүлэлт - Үржүүлсэн бичил биетээр хаягдал усыг цэвэрлэнэ.
4. Мембран шүүлтүүрээр бактер, вирус, хөвөгчийг бүрэн шүүнэ.
5. Хэт ягаан туяагаар ариутгана.
6. Загас амьдрах боломжтой цэвэршүүлсэн ус бэлэн болно.


ТООНЫ ХЭЛЭЭР

180,000: Үйлдвэрлэлээс гарсан хаягдал усыг дахин боловсруулах төслийн хүрээнд жилд 180 мянган тонн хаягдал ус цэвэршүүлдэг. Энэ нь 1.8 сая өрхийн хэрэгцээтэй дүйцэхүйц ус юм.

2л:
1 литр ундаа үйлдвэрлэхэд зарцуулдаг усны стандарт хэмжээ хоёр литр. Энэ тоо 2005 онд 5.1 литр байсан бөгөөд М-Си-Эс Кока-Кола компанийн хувьд 2025 он гэхэд 1.7 литр хүртэл бууруулахаар төлөвлөж байна.

29%: 2011-2023 он хүртэлх 12 жилийн хугацаанд усны хэрэглээгээ 29 хувиар бууруулсан.

2015 ба 2018: Тэдний ус цэвэршүүлэх үйл ажиллагаа MNS 4943:2015 стандарт буюу “Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэрлэгдсэн бохир усны стандарт”, MNS 6734:2018 стандарт буюу “Дахин ашиглах цэвэрлэсэн ус, техникийн ерөнхий шаардлага”-ыг бүрэн хангасан байдаг.

0 төгрөг: М-Си-Эс Кока Кола компани саарал усыг үнэ төлбөргүй түгээдэг.


ЦЭВЭРШҮҮЛСЭН ХАЯГДАЛ УСЫГ ХЭРХЭН АВАХ ВЭ?

Жилд дор хаяж дөрвөн тэрбум хүн усны хомсдолтой нүүр тулан амьдарч буй өнөө цагт дахин боловсруулсан усны хэрэглээг амьдралдаа хэвшүүлэх нь нэн чухал. Хэрэв та болон танай байгууллага байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулахаар зорьж байгаа бол М-Си-Эс Кока-Кола компанитай холбогдон үнэ төлбөргүй авах боломжтой.