Тэнгэрт диваажин, газарт Ханжоу хэмээн эл хотын үзэсгэлэнт төрхийг гайхан шагшрах хүн олон бий. Хэрэв уншигч та өмнө нь энэ хотыг зорьж байсан бол үүнтэй санал нийлэх нь гарцааргүй. Цайны соёл, торгон эдлэл, уламжлалт урлал, түүхэн барилга, Xi Hu буюу Баруун нуураараа хэзээнээс алдартай уг хот нь өдгөө өнгөрсөн ба ирээдүйг цогцлоосон “маргаашийн хот” хэмээх тодотголд төгс тохирох хот болжээ.
Цар тахлаас болж нэг жилээр хойшилсон Азийн 19 дэх наадам есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ны өдөр хүртэл БНХАУ-ын Ханжоу хотод зохион байгуулагдах болсонтой холбогдуулан бид энэхүү нийтлэлдээ тус хотын тухай таны зайлшгүй мэдэх учиртай бүхнийг 10 баримтад багцаллаа.
Ташрамд, Unread-ийн баг Азийн наадмыг зорьж буйг дуулгая. Сонирхолтой нийтлэл, сошиал бичлэгүүдээр уншигч тантай бид тун удахгүй уулзах болно.
I. ЭРТНИЙ ТҮҮХТ ХОТ
Хятадын зүүн хэсэгт орших Ханжоу хот нь 2200 гаруй жилийн баялаг түүхтэйн зэрэгцээ эртний долоон нийслэлийн нэг юм. Их сувгийн дагуу, Торгоны замтай ойр байсан тул эртнээс нааш стратегийн таатай байршил болж, худалдаа наймааны гол төв байсаар ирсэн аж. Түүхийн хуудсанд Ханжоу хот хамгийн тодоор бичигдэн үлдсэн үе гэвэл МЭ 1127-1279 он бөгөөд эл хугацаанд ЛиньАнь нэрт Өмнөд Сүн гүрний нийслэл байв. Худалдааны таатай байршилд байсан нь олон улсын иргэдийн цуглах шалтгаан болж, соёл уламжлалын хувьд хөгжин цэцэглэх эхлэл болсон ба тэдгээрээс хамгийн онцлууштай нь торго үйлдвэрлэлийн технологи байсан юм.
II. ТОРГОНЫ ӨЛГИЙ НУТАГ
13 дугаар зууны үед Хятадын торго үйлдвэрлэлийн төв байсан тухайн үеийн Ханжоу нь гадаад орнуудын хувьд торгон эдлэлийн томоохон нийслэл байлаа. Өнөөдөр ч ялгаагүй галт тэрэгний буудал дээр “Ханжоу хүртэл аялаарай. Тал нь Баруун нуур руу, тал нь торго руу” гэх хоржоонтой үгс харагдана. Хамгийн алдартай торго нь Ханлуо бөгөөд уран нарийн хийц, хөнгөн амьсгалдаг материалаараа ялгардаг. Түүнчлэн 1992 оноос түмний нүдийг баясгаж буй Хятадын үндэсний торгоны музей эл хотод бий.
III. МАРКО ПОЛОГИЙН ЗОЧЛОЛ
Алдарт аялагч Марко Поло хүртэл энэ хотыг нүдээр үзэхдээ “Дэлхийн хамгийн сайхан бөгөөд эрхэмсэг хот” хэмээсэн байдаг. Тухайн үеийн Ханжоу хотынхон түүнийг хотыг нь Европчуудад танилцуулсан анхны Барууны иргэн хэмээн хүндэлж, Баруун нуурын ойролцоо хөшөө босгосон аж.
IV. ГАЗРЫН ДИВААЖИН БАРУУН НУУР
Тэнгэрт диваажин, газарт Ханжоу хэмээн нэрлэгдэх болсон шалтгаан нь магад Баруун нуур буюу Xi Hu-тай холбоотой болов уу. Үлгэрийн мэт үзэгдэх орчин нь есдүгээр зууны тэртээгээс яруу найрагч, зураачдын онгодыг хөглөсөөр ирсэн ба сүм, дуган, цэцэрлэгүүд нь нар жаргах үеэр эрхгүй диваажинд хүрсэн мэт мэдрэмж өгөх вий. Нийт 6.38 км.кв зайг эзлэн орших эл нуур нь 2.27-5 метрийн гүнтэй бөгөөд гурван уулаар хүрээлүүлжээ. Улс, муж, хотын зэрэглэлийн 60 гаруй соёлын дурсгалт газар, 100 гаруй үзвэрийн газартай Баруун нуурыг 2011 онд ЮНЕСКО Дэлхийн өвдөө бүртгэн авсан түүхтэй.
V. ӨНӨ ЭРТНИЙ “ИХ СУВАГ”
Хятадын хойд ба өмнөд хэсгийг холбосон 1800 км үргэлжлэх Их сувгийг онцлохгүй өнгөрч үл болно. Хөх мөрөн, Шар мөрөн тэргүүтэй Хятадын таван голын сав газрыг холбодог уг сувгийг барьж байгуулахын тулд 3.1 сая гаруй боол, гэмт хэрэгтнүүдийг дайчилсан гэдэг. Үзэсгэлэнт харууц, уран архитектураараа өнөөг хүртэл жуулчдын харааг булааж буй тус сувгийн түүх соёлын ач холбогдол, Хятадын соёл иргэншлийн хөгжилд оруулсан хувь нэмрийг хүлээн зөвшөөрч 2014 онд ЮНЕСКО мөн Дэлхийн өвдөө бүртгэн авчээ.
Хэрэв та Их сувгийг зорин очвол маршрутын дагуу завиар аялах, түүхэн дурсгалт газруудаар зочлох, эрэг дагуух эртний хот, тосгоныг үзэж тольдох боломжтой.
VI. НОГООН ЦАЙНЫ ЭХ ОРОН
1200 гаруй жилийн настай Лонгжин ногоон цай нь Хятад улсын эдийн засаг болоод соёлд томоохон байр суурь эзэлсээр иржээ. Яагаад гэвэл эл цай нь Хятадын анхны экспортолсон цайны нэг байсан бөгөөд гадаадад зах зээлээ нээхэд том түлхэц болсон юм. Нөгөөтээгүүр, Лонгжин цайг тариалж, боловсруулахад тусгай мэдлэг, техник шаарддаг нь хөдөө аж ахуйн салбарт ахиц дэвшил гарахад хүргэсэн аж.
Сонирхуулахад, энд Хятадын цор ганц цайны музей бий. 1990 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа ба үнэ төлбөргүй үзэж сонирхох боломжтой. Цайны урлагийг дэргэдээс нь мэдэрч, 100 гаруй төрлийн цай бүхий баялаг цуглуулгатай танилцан тэдгээрийг амтлах боломж өөр хаанаас олдоно гэж?
VII. УНАДАГ ДУГУЙН СИСТЕМ
Ард иргэдийнхээ ая тухтай байдал, байгаль орчинд ээлтэй үйлдлийг дэмжин 2013 оноос Ханжоу хотод нийтийн унадаг дугуйн систем бүрэлдэн тогтжээ. Анх 2600 цэгт, 66500 унадаг дугуйг нэвтрүүлж байсан бол 2021 оны арванхоёрдугаар сарын байдлаар нийт 5100 орчим дугуйн цэг ажиллаж, өдрийн түрээсийн дээд хэмжээ 473 мянгад хүрсэн гэх тооцоолол гарсан аж. Иргэдийнх нь амьдралын хэв маягт аль хэдийн нэвт шингэсэн уг үйлчилгээ нь жуулчдын хувьд ч эрэлттэй байдаг бөгөөд эхний нэг цаг үнэгүй унах боломжтой.
VIII. МАРГААШИЙН ХОТ
Орчин цагийн технологийн хөгжилтэй эн зэрэгцэн яваа эсэхийг хотын дэд бүтэцдээ технологийн дэвшлийг хэрхэн нэвтрүүлж, яаж ашиглаж байгаагаар нь бэлээхэн харж болно. Ханжоу хотын хувьд хиймэл оюун ухааныг хот төлөвлөлтдөө ашигладаг ба илүү тодруулбал, үүлэн тооцоолол болон томоохон өгөгдлүүд дээр суурилан замын хөдөлгөөнийг зохицуулж, 1300 гаруй гэрлэн дохио, 4500 орчим камераар дамжуулан замын цагдаа нарт үүрэг чиглүүлэг өгдөг аж. Ийнхүү цаг алдалгүй түгжрэлийг урьдчилан тооцоолох нь арав гаруй сая хүн амтай их хотод зайлшгүй хэрэгтэй шийдэл билээ.
IX. ТЭД БЭЛЭН МӨНГӨ АШИГЛАДАГГҮЙ
Ханжоу хотод тооцоо хийхээр бэлэн мөнгө гаргавал тан руу олон нүд гайхан харах вий. Тэд ямар ч бэлэн мөнгөгүй, бүр карт ч үгүй гадагшаа гардаг. Учир нь энд бүх автобус, таксины 98 хувь, супермаркетуудын 95 гаруй хувь, рестораны 80 орчим хувь нь Alipay-ээр төлбөрөө төлдөг. Гэхдээ бэлэн мөнгөний хэрэглээ хэт бага болохоос бэлэн мөнгө ашигладаггүй гэсэн үг биш тул санаа зоволтгүй.
X. ЭЦЭСТ НЬ МЭДЭЭЖ 19 ДЭХ УДААГИЙН АЗИЙН НААДАМ
Спортын томоохон арга хэмжээнүүд зохион байгуулагч Ханжоу хотод 2007 онд эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2018 онд богино хэмжээний усан сэлэлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тус тус зохион байгуулагдаж байсан. Харин энэ онд цар тахлаас болж хойшлоод байсан 19 дэх удаагийн Азийн наадам ёслол төгөлдөр эхэлж буй. Багийн төрлийн тэмцээнүүд есдүгээр сарын 19-ний өдрөөс эхэлсэн ба албан ёсны нээлт мөн сарын 23-ны өдөр тохиох ба аравдугаар сарын 8-ны өдөр хаалтын үйл ажиллагаа зохион байгуулагдах юм.
Тус наадамд Монголоос нийт 35 спортын төрөлд 400 гаруй тамирчин, 120 гаруй дасгалжуулагч, албаны гэсэн нийт 520 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг зорин очсон бөгөөд ТэнГэр телевизийн баг эх орноо төлөөлөн албан ёсны шууд дамжуулалт хийхээр бэлтгэж байна.
19 дэх удаагийн Азийн наадмын шууд дамжуулалтыг MNB, UBS, TV9, NTV, C1, SULD, TenGer телевизүүдээр хүлээн авч үзэх боломжтой ба наадмын эргэн тойронд болж буй сонирхолтой мэдээллийг Unread-ийн вэбсайт болон сошиал хаягуудаар хүлээн аваарай.