Техник технологийн хурдацтай хөгжлийн далайц жилээс жилд өсөн нэмэгдэж буй энэ цаг үед олон нийтийн дунд хамгийн их хүлээлт дагуулсан технологи нь блокчэйн болоод буй. Криптовалютын хэрэглээ зах зээлд тэсрэлт хийж, дуулиан шуугиан дагуулсан олон үйл явдал сонсогдох болсон ч суурь технологи болсон блокчэйний тоймгүй олон боломжит хэрэглээний талаарх судалгаа, ойлголт төдийлөн хангалттай түвшинд хүрээгүй л байна.

Чухам энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилготой олон санаачилга дэлхий даяар гарсны нэг нь Олон Улсын Блокчэйн Олимпиад юм. Энэ чиглэлээр мэргэших сонирхолтой чадварлаг залуусыг нэгтгэж, тэдгээрийн ур чадвар-сэтгэлгээний цар хүрээг сорихоос гадна блокчэйний хэрэглээг өөр салбар, зах зээлүүдэд нэвтрүүлж, бусад оролцогч талуудтай хамтын ажиллагааг үүсгэх боломжийг эрэлхийлэх нь энэхүү тэмцээний зорилго.

Тэгвэл Монголын оюутан залуус ч энэхүү тэмцээнд хүчээ үзэж, өөрийн мэдлэг чадвараа дэлхийн тавцанд үнэлүүлэх бодит боломж нээгджээ. Энэ чиглэлээр сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллаж, боловсролын болон олон нийтийн хэд хэдэн төсөл, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн "Инноваци технологич хүүхдүүд" ТББ тэргүүлэн "IBCOL Mongolia" хөтөлбөрийг зохион байгуулж байгаа ажээ. Олон Улсын Блокчэйн Олимпиад-д өрсөлдөх Монголын багийг сонгон шалгаруулж, олимпиадад бэлтгэх тус хөтөлбөрийг бид онцлон танилцуулж байна.

International Blockchain olympiad-ийн тухай

"Олон Улсын Блокчэйн Олимпиад" буюу “International Blockchain Olympiad” нь блокчэйнд суурилсан шийдлүүдийг нэмэгдүүлэх, зах зээлд өргөнөөр нэвтрүүлэх зорилгоор 2018 оноос эхлэн зохион байгуулагдаж эхэлжээ. Дэлхийн шалгаруулалт нь Хонгконг улсад явагддаг энэхүү тэмцээний 2020 оны уралдаанд нийт 37 орны баг оролцохоор бэлтгэл ажлаа хангаж байна. Монгол улсын хувьд анх удаа багаа илгээх боломжтой болсон нь энэ.

Олимпиад нь Бизнес кэйс сорил, Академик хурал, Технологийн хакатон гэсэн 3 үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд бүхий л салбарын шинийг сэдэгч, бүтээгч нарт нээлттэй, багаар өрсөлдөх талбар болж жилээс жилд цар хүрээгээ тэлсээр байгаа юм.

2019 онд АНУ-ын Мичиганы их сургуулийн баг 1-р байр эзэлж, Филиппин, Канад, БНХАУ-ын багууд шагналт байрт оржээ. Тэмцээнд амжилттай оролцсон багийн гишүүд шалгаруулалтын турш дэлхийн хэмжээний эксперт, менторуудтай хамтран ажиллаж, улмаар олон улсын томоохон төслүүдэд гар бие оролцох, дадлага хийх боломжоор хангагдсан нь онцлууштай.

Монгол дахь шалгаруулалтын тухай

ХЭН ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ ВЭ?

Монгол улсад явагдах шалгаруулалт 4-р сарын 6-аас 7-р сарын 1-ний өдрүүдэд явагдана.

ЕБС-ийн ахлах ангийн сурагчид болон их, дээд сургуулийн бакалаврын түвшний оюутнуудад нээлттэй.

Баг нь 1-4 гишүүнтэй байх бөгөөд тус бүр нэг төсөл ирүүлнэ.


ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?

Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Олон Улсын Блокчэйн Олимпиад онлайнаар явагдах болсон бөгөөд IBCOL Mongolia ч хөтөлбөрөө бүрэн онлайн орчинд зохион байгуулна.

Хөтөлбөрт хамрагдах бүх багууд нь Монголын тэргүүлэх инженер, экспертүүд болон судлаачдын сургалт, зөвлөгөөнд хамрагдана.


ЯМАР ХУВААРИАР ЯВАГДАХ ВЭ?

4-р сарын 6: Бүртгэл явагдаж эхлэх

4-р сарын 6-30: Онлайн сургалт, зөвлөгөө

4-р сарын 30: Багууд төслийн урьдчилсан танилцуулга илгээх

5-р сарын 01-24: Уулзалт, онлайн сургалт, зөвлөгөө

5-р сарын 24-29: Монгол дахь шалгаруулалт

6-р сарын 01-21: Олон Улсын Олимпиадын бэлтгэл

7-р сарын 2-5: Олон Улсын Блокчэйн Олимпиадад оролцох

Дэлхий даяар блокчэйний мэргэжилтнүүдийн эрэлт өндөр байгаа ч чадварлаг мэргэшсэн инженерүүд хомс байгаа учир залуу чадварлаг авьяастануудын сонирхлыг татах, энэ чиглэлээрх үнэн-зөв мэдлэг мэдээллийг түгээн дэлгэрүүлэх нь энэ тэмцээний нэгэн зорилго. Блокчэйнийг ашиглан шийдвэрлэж болох асуудлууд, гаргаж болох өөрчлөлтүүдийг бизнесийн болон төрийн байгууллагууд ихэд сонирхож байгаа өнөө үед энэ тэмцээний нөлөө, ач холбогдол тэр хэрээрээ өндөр байх нь гарцаагүй биз ээ.

ТЭМЦЭЭНД БҮРТГҮҮЛЭХ: ОНЛАЙН ФОРМ БӨГЛӨХ

ХОЛБОО БАРИХ: mn@ibcol.org

ДЭЛГЭРЭНГҮЙГ: IBCOL.ORG

IBCOL Mongolia