Компьютерын хөгжлийн "5 дахь хувьсал"-ын эхлэл гэгдэх криптовалют, блокчэйн технологи өдгөө цахим мөнгө хэмээх анхны баригдмал утгаасаа хэдийн салж, дижитал нүүдлийн суурь технологи болон хүрээгээ улам л тэлсээр байна. Өөрчлөлт хөгжлийн хурд нь хором мөч бүрээр хэмжигдэж, мөнгөний тухай ойлголтыг магадгүй эгнэгт эвдэж буй финтек салбар үүний нэгэн тод жишээ.  Блокчэйн технологид суурилсан анхны урлагийн бүтээлүүд хэдэн сая ам.доллароор үнэлэгдэж, дэлхийн томоохон компаниуд хувьцаагаа токеноор баталгаажуулахаа зарлан, эхнээсээ хэрэгжүүлж эхэлсэн энэ өөрчлөлт шинэчлэлийн үеэс бид ч бас хоцрох учиргүй. 


блокчейн технологийн тухай

Хамгийн энгийнээр тайлбарлахад, блокчэйн технологийг цахимд байрлаж буй мэдээллийн санг найдвартайгаар тараан байршуулж, хадгалах сүлжээ гэж ойлгож болно. 1991 оноос хөгжлийн түүх нь эхлэх уг технологи 2008 онд Сатоши Накамото хэмээх эрхэм анхны төвлөрсөн бус блокчэйний загварыг гарган, үүндээ суурилан биткойн хэмээх цахим мөнгөн тэмдэгтийг боловсруулснаар олон нийтэд илүү хүрч эхэлжээ. 2014 онд хувь хэрэглэгчийн хувийн мэдээллийг хадгалах боломжтой болсноор өдгөө банк санхүү, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээ, төрийн үйлчилгээ, боловсрол, соёл урлаг, хөрөнгийн зах зээл гэх мэт эдийн засгийн бүхий л салбарт туршигдан нэвтэрч эхлээд байна. "Гарцаагүй ирээдүй" гэгдэж буй уг технологийг ойлгох нь цааш цаашдаа сонголт биш шаардлага болно хэмээх мэргэжилтнүүд хэлсээр буй. Магадгүй одоо ойлгоход биш үүний нэг хэсэг болоход цагаа зарцуулах нь зүйтэй ч байж болох.


токен: ICO БА STO

Токен, токенжуулах гэдэг нь аливаа биет болон биет бус хөрөнгийг дижитал хөрөнгө болгон хөрвүүлэх үйл явц юм. Чухамдаа энэ технологийн тусламжтайгаар л "Tesla" компани токенжуулсан хувьцаа арилжаалж, дэлхийн хамгийн үнэтэй бүтээлийн жагсаалтад NFT арт хүч түрэн орж ирж буй. Цаашид ч энэ мэтээр олон зүйлийг токеноор дамжуулан дижиталд шилжүүлэн, баталгаажуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой юм.

ICO (Initial Coin Offering): ICO гэдэг нь шинээр криптовалют, цахим мөнгө гаргах, хөгжүүлэх зорилгоор олон нийтээс хөрөнгө оруулалт татах ажиллагааг хэлэх бөгөөд зарим нэг талаараа IPO (Initial Public Offering буюу уламжлалт үнэт цаасыг зах зээлд санал болгох)-ийн блокчэйн хувилбар гэж ойлгож болох юм. Гэвч ICO нь ихэвчлэн Etherium хэмээх токен, криптовалютын суурь сүлжээнд түшиглэн хийгддэг. Шинээр программ, криптовалют гаргасан дурын хүн үүнийг хийх боломжтой байдаг тул ямар нэг эрсдэлээс сэргийлэхийн тулд ихэд болгоомжтой, няхуур хийх шаардлагатай. ICO нь энэ мэтээр IPO-оос ялгаатай. Мөн ICO-гийн нэгэн адил IEO (Initial Exchange Offering) гэх ойлголт байх агаад энэ нь зөвхөн крипто биржээр л дамжуулан оролцох боломжтой, хөрөнгө босгох арга хэрэгсэл юм.

STO (Security Token Offering): Энгийнээр тайлбарлахад, ICO-ийг илүү баталгаажуулсан, зохицуулалтад оруулсан, найдвартай хувилбар. Энэ төрлийн токен бүрийг ард нь бодит хувьцаа, үнэт цаас байдаг тул криптокойноос илүү найдвартай санхүүгийн хөрөнгө болдог. Мэдээж, нэмээд блокчэйн технологид суурилсан арилжааны системээр дамжуулан арилжих, шилжүүлэх боломжтой бөгөөд ингэснээр STO эзэмшигчид IPO шиг заавал дундын зуучлагч компаниар дамжуулалгүй өөрийн дураар хувьцаа, хөрөнгөө удирдах, хөдөлгөх боломжтой болох юм. Аудит, зөвлөх үйлчилгээний KPMG компанийн тооцоолсноор 2025 он гэхэд энэ төрлийн токенжсон үнэт цаасны зах зээлийн үнэлгээ найман их наяд ам.долларт хүрнэ хэмээх таамаг бий.



Монголын анхны sTO

Монголын мэдээлэл технологийн тэргүүлэх компаниудын нэг болох "АйСиТи групп" ХК Монголд анх удаа өөрийн нийт хувьцааны 10 хувьтай тэнцэх хэмжээний токенжуулсан хувьцааг хөрөнгө оруулагчдад санал болгов. Ирэх даваа гараг буюу тавдугаар сарын 31-ний өдрийн 16.00 цаг хүртэл "ICTG" тиккертэйгээр Монголын анхны криптобирж болох Trade.mn дээрээс авч болох нь.

Токений суурь үнэт цаас болох, "АйСиТи групп" ХК-ийн хувьцаа нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагад бүртгэгдсэний зэрэгцээ хөрөнгө оруулагчдын тухайлсан бүртгэлийг "Голомт кастодиан" хийж гүйцэтгэхээр хамтран ажиллаж байгаа аж. Үүний зэрэгцээ, блокчэйн технологи дээр давхар бүртгэл хийгдэх тул хөрвөх чадвар, найдвартай байдлын хувьд илүү олон давуу талыг хөрөнгө оруулагчдад олгох юм. Токений смарт контракт буюу кодыг олон улсын хараат бус кодын аудитын компани болох "CERTIK LLC" хийсэн бол үнэлгээг "BDO audit" компани гүйцэтгэсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах

"ICTG" STO захиалах

"АйСиТи групп" ХК