Таны 2024 оны төлөвлөгөөнд IELTS-ийн шалгалт өгч, хүссэн оноогоо авах зорилт бичигдсэн үү? Эсвэл аль хэдийн шалгалтдаа бэлдэж, шаардлагатай мэдээллүүдээ цуглуулж сууна уу? Аль нь ч байсан энэ удаагийн нийтлэл маань таныг шалгалтаа амжилттай давахад, хүссэн оноогоо авахад тань ашиг тусаа өгөх нь дамжиггүй. 

Бид JET шалгалтын төвийн мэргэжилтнүүдтэй хамтран энгийн мэт боловч шалгалтын өдөр ихэнх хүний анзааралгүй орхидог арван зөвлөгөөг хүргэж байна. 



Шалгалтын өмнөх шөнөөс анхаарч эхэлье.

Элсэхээр зорьж буй гадаадын их, дээд сургуулийн материал хүлээн авах хугацаатай уялдуулж, шалгалтдаа бүртгүүлсэн л бол буцах зам үгүй. Хэдийгээр IELTS-ийн шалгалт хүртэлх бүх өдөр чухал ч гэлээ шалгалтын өмнөх шөнө бүр илүү чухал гэдгийг онцлох нь зүй.

Өөрөөр хэлбэл, шалгалтын өмнөх шөнийн нойр хэн бүгдийн хувьд зайлшгүй анхааралдаа авах асуудал юм шүү. Учир нь дийлэнх хүмүүс маргаашийн шалгалтдаа санаа зовниж, “За үүнийг л яг цээжилчихье” гэсээр оройтож унтах нь бий. Гэтэл сайн нойрноос л маргаашийн ажлын бүтээмж, анхаарал төвлөрөл шалтгаалдаг. Судалгаанаас үзэхэд нойр нь хүнд хэцүү асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг ба унтлагын цагтаа ганцхан цаг нэмэхэд л таны өрсөлдөх чадварыг сайжруулж, асуудал шийдвэрлэх чадварыг өсгөдөг аж. Иймд нэгэнт тулаад ирчихсэн шалгалтад санаа зоволгүйгээр урд шөнийн нойроо хангалттай аваарай.



Шаардлагатай бичиг баримт цүнхэнд тань байгаа эсэхийг дахин нягтлаарай. Анх бүртгүүлсэн иргэний үнэмлэх эсвэл гадаад пасспортын аль нэг байхад л хангалттайг дахин сануулъя. Хэрэв уг бичиг баримт байхгүй тохиолдолд шалгалтад орох боломжгүй. Жишээлбэл, иргэний үнэмлэхээрээ бүртгүүлчхээд шалгалтын өдөр гадаад пасспортоо авчирвал шалгалт өгч чадахгүй гэсэн үг. Мөн хугацаа нь дууссан бичиг баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, бичиг баримтын гэрэл зураг зэргийг тооцдоггүйг анхаараарай.

Мөн энэ ташрамд шалгалтдаа хараахан бүртгүүлээгүй уншигчдад анхааруулахад, анх бүртгэл үүсгэхдээ хувийн мэдээллээ үнэн зөв оруулах шаардлагатай шүү. Учир нь хариу гарах үед албан ёсны хуудас (Test Report Form) дээр тухайн хүний анх бүртгүүлэхэд оруулсан мэдээлэл хэвлэгддэг тул овог нэрээ зөрүүлж бичих, төрсөн он, сар, өдөр буруу байх, регистрийн дугаарын үсэг зөрөх гэх мэт хариуцлагагүй алдаа бүү гаргаарай. Эдгээр нь оноог хүчингүйд тооцох үндэслэл ч болох боломжтой.



Нэг өдөр дөрвөн чадвар шалгуулах ёстой эхний өдөр сонсох хэсэг 40 минут, унших хэсэг 60 минут, бичих хэсэг 60 минут, ярианы чадвар 11-14 минут буюу нийт 2 цаг 50 минут орчмыг зарцуулах тул хоосон ходоодтой байж хэрхэвч болохгүй. Тиймээс өглөөний цайгаа заавал уух ёстой. Бидний зүгээс нэрс, самар, өндөг, загас зэрэг уургаар баялаг хүнс хэрэглэхийг санал болгоё. Мэдээж шалгалтын өмнө хамгийн шалгарсан амттан болх хар шоколад ч идэж болно.

Хувцас мөн чухал үүрэгтэйг мартуузай. Биед эвтэйхэн хувцас нь таныг элдэв зүйлд сатааралгүй шалгалтдаа төвлөрөхөд туслах юм. Тиймээс бие барьсан хувцас сонголгүй, шалгалтын танхимын халуун хүйтнийг бодолцон хувцсаа зөв тохируулаарай.



Шалгалтын цагаасаа хоцрох, эсвэл яарч сандран нэг минутын өмнө суудлаа эзлэх нь яавч сайн үр дүнд хүргэхгүй. Иймд өглөө босох цагаас эхлүүлээд өглөөний цай уух, гэрээс гарах, тээврийн хэрэгсэлд суух зэрэг цагаа маш нарийн тооцож, хоцрохгүй байх хэрэгтэй. Нэгэнт бид Улаанбаатар хотод аж төрж байгаагийнх замын түгжрэлийн асуудлыг зохицуулж дөнгөхгүй ч өөрсдөдөө буй цаг хугацаагаа зөв зохистой хуваарилж чадна. Тиймээс шалгалтын цагаас дор хаяж хагас цагийн өмнө ирж, бие болон сэтгэлзүйгээ бэлтгэхийг сануулъя.

Мөн цагийн менежменттэй холбоотойгоор зөвлөгөө өгөхөд шалгалтад бэлдэх явцдаа өөрийн давуу болон сул талыг сайтар ажиглаж, аль хэсэгт хэр их цаг зарцуулахаа эртнээс хуваарилан дадал болгоорой.



Манай улсад албан ёсоор IELTS-ийн шалгалт авдаг гурван төв бий бөгөөд тус бүрийн онцлогийг судалж, сонголтоо хийх хэрэгтэй. Шалгалтад бүртгүүлсэн хүмүүсийн дунд шалгалтын төвөө андуурч бүртгүүлэх, шалгалт өгөх өдрөө өөр төв дээр очих зэрэг асуудал цөөнгүй гардаг учраас анхааруулж буй нь энэ. Тиймээс шалгалтын төвөө оновчтой сонгож, шалгуулах газраа андуурч болохгүй шүү.



Бичиг баримтаас гадна ус, үзэг, харандаа авч орохыг зөвшөөрдөг. Гэхдээ ус авч орох тохиолдолд гадуураа ямар нэг бичиг үсэг, хаяг шошгогүй байх ёстой гэдгийг мартуузай.



Компьютерын шалгалтын үеэр техникийн асуудал гарах болов уу хэмээх санаа зовнил шалгуулагчдын дунд элбэг. Шалгалтын төвүүд компьютер, чихэвч, интернэт зэрэг техник хэрэгслүүдийг бэлэн байлгах үүрэгтэй учраас үүнд санаа зовохгүй байж болно. Жишээлбэл, JET-ийн хувьд шалгалт авахаас дор хаяж хоёр хоногийн өмнө дээрх хэрэгслийн бэлэн байдлыг хангадаг.

Хэдий бэлтгэл ажил бүрэн хангагдсан ч гэнэтийн бэрхшээл үүсэх магадлалыг мартаж болохгүй. Энэ үед илүү компьютеруудыг бэлтгэсэн байх шаардлагатай бөгөөд хянагч ажилтнууд үүнд санаа тавих болно.



Компьютер дээр өгсөн шалгалтын хариу гурваас тав хоногийн дотор гарна. Хариу гарсан даруйд шалгуулагчдад и-мэйлээр мэдэгдэл очдог. Анх бүртгүүлэхэд хүн бүрд зориулан Test Taker Portal дээр хувийн хаяг үүсдэг ба уг хаягаар нэвтэрч, оноогоо харах боломжтой. Мөн албан ёсны хариуг шалгалтын төвөөсөө цаасан хэлбэрээр авч болно.



Гадаадын их, дээд сургуулиуд албан ёсны шалгалтын төвөөр дамжуулж илгээсэн IELTS-ийн оноог хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр хариу гарсны дараа шалгалтын төвдөө хандаж, оноогоо явуулах боломжтой.



Хүссэн оноондоо хүрэхийн тулд IELTS-ийн шалгалтыг нэг бус удаа өгөх тохиолдол гарах нь олонтаа. Тэр бүрд цаг хугацаа, төсөв санхүү, сэтгэлзүйн хувьд хүндрэл учирдгийн сацуу олон удаа өгөх тоолонд бусад чадварын оноо буурах магадлал ч ихэсдэг. Тэгвэл одооноос зөвхөн нэг чадварын шалгалт өгөх боломжийг JET шалгалтын төв олгож байгаа бөгөөд дараах тохиолдлыг харгалзан дахин шалгалт авна.

  • Анхны шалгалт өгсөн газартаа дахин нэг чадварын шалгалт өгөх
  • Өмнөх шалгалтаа компьютероор өгсөн байх
  • Үндсэн шалгалт өгсөнөөс хойш 60 хоногийн дотор хүсэлт гаргах

Нэг ур чадвараар шалгалт өгөхөд үнийн хувьд 494'550₮ ба IELTS-ийн шалгалтад бүртгүүлэх болон шалгалтын өдрүүдийн мэдээллийг ЭНД дарж авна уу.

Уншигч танд энгийн боловч эндүүрч алдах магадлалтай дээрх арван зөвлөгөө ашиг тусаа өгнө гэдэг эргэлзэхгүй байна. 2024 онд зорьсон бүхэн тань биелж, зорилтот оноогоо авах болтугай! Танд амжилт хүсье.