Бүтээмж муутай өнгөрүүлсэн нэгэн өдрийн төгсгөлд би Твиттерээс нэгэн нийтлэл олж харсан юм. RethinkDB-ийн үүсгэн байгуулагч Слава Ахмечетийн "Do the work" хэмээх нийтлэл. Ороод унштал жигтэйхэн таалагдав. Заримдаа бүтээмжтэй ажиллах тухай хэт их бодоод, ажлаа барьж авахгүй халгаж зугтаад байдаг надад чухам таарсан зөвлөгөө байлаа. Тэгээд бусдад ч бас хэрэг болж магадгүй хэмээн орчуулсан нь энэ.
Зүгээр л хий. Бүтээмжтэй ажиллая гэвэл гагц энэ зөвлөгөө л танд тус болно.
И-мэйл, уулзалт, тэмдэглэл, хуанли, цаг бүртгэл, зорилго, хийх ажлын жагсаалт, цагаа тооцоолох, ажлаа эрэмбэлэх систем, бугуйн мэдрэгч, аналитик, апп, документ зэрэг түмэн арга хэрэгсэл, тохируулгад та анхаарлаа хандуулж болно л доо. Гэхдээ битгий. Эдгээрийг үл тоо, зүгээр л хий. Урдахаа хийсэн цагт бусад бүх зүйл өөрөө өөрийгөө тохируулчихдаг юм.
Урдах ажил чинь таны хийх ёстой ганц зүйл байдаг атал яагаад бүтээмжтэй холбоотой ийм их зөвлөгөө байдаг юм бэ? Блог бичвэрүүд, курс, семинар, программууд. Учир нь эрэлт байхад нийлүүлэлт байдаг хуультай. Ажил хийх угаас хэцүү. Хүмүүс ажил хийхээс зугтаахын тулд юу ч хамаагүй барьж авдаг. Ийм зах зээлд олон арван бүтээгдэхүүн байх нь зүй.
Хийнэ гэдэг бол суугаад сурах бичгээ үзээд дасгал ажлаа хийхийн нэр. Бүтээмж нэмэх ямар ч арга техник ажлыг хялбар болгохгүй. Помодоро сэрүүлэг, буллет журнал, цаг бүртгэх апп, анимэйшн тайлбартай видео, өнгө өнгийн тодруулагч танд хэрэг болохгүй. Хүн бүр өөр өөрийн аргаар сурдаг гэвэл тийм биш. Тоо бодохыг хүн бүр л ижил аргаар сурдаг. Хийж, нухаж байж л сурна. Математикийн сурах бичиг, үзэг, цаас, цаг л хэрэг болно. Өөр илүү зүйлс хэрэггүй. Илүү зүйлс байлаа гээд хурд нэмэхгүй. Харин ч цагийг тань хумсална.
Стартап эхлүүлье гэвэл яах вэ? Яг л ижил. Хэрэглэгчидтэй өдөржин ярина. Тэгээд суугаад кодоо бичнэ. Хамтрах хүмүүсийг элсүүлнэ. Энэ бүхнийг давтан давтан хийнэ. Стартап эхлүүлэх ямар ярвигтай хэцүүг байнга улиглах нь нэг талаар шинэ үүсгэн байгуулагчдад ус болдог. Нөгөөтэйгүүр стартап авч явах нь ярвигтай хэцүү зүйл. Гэвч нөгөө талаараа гайхмаар энгийн. Удаан хугацааны туршид та гурван зүйлийг давтан давтан хийнэ: борлуулах, код бичих, багтаа хүн элсүүлэх. Өдөр бүр үүнийг хийнэ. Youtube дээр стартап байгуулах зөвлөгөө видео үзсэнээр стартап бий болгодоггүй юм. Ажил хийж байж л түүнийг бүтээж босгоно. Ажил хийхэд танд зөөврийн компьютер, метроны (нийтийн унааны) картаас өөр зүйл хэрэг болохгүй.
Миний хувьд намтар их уншдаг л даа. Намтраа бичүүлсэн цуутай хүмүүст хоёр түгээмэл чанар байдаг. Нэгд, тэд шунан дурладаг. Хоёрт, тэд хэзээ ч хийхээс зугтаадаггүй. Жон Кармак тоглоомын хөдөлгүүрт "донтсон" юм. Ах дүү Райтууд жолоодлоготой нислэгт шунан дурласан. Леонардо да Винчи юмсын бүтцийг шимтэн судалдаг байв. Ийм л учраас тэд код бичсэн, бүтээн босгосон, зурж дүрсэлсэн. Тэд хийдэг зүйлсийнхээ тухай боддоггүй байсан гэж хэлэх гэсэнгүй. Кармак хэрэглэгчид зориулсан файлуудаа нийтэлж, ах дүү Райтууд туршилтынхаа нарийн ширийнийг захидлаар хуваалцаж, да Винчи гайхалтай тэмдэглэлийн дэвтрүүдээрээ танигдсан билээ. Гэхдээ тэднийг захидал бичих тухай захидал бичээд суухыг харах нь юу л бол. Тэд ажлаа хийгээд завгүй байх болно.
Ажил хийхэд шаардлагатай чухал орц бол уйдахуй юм. Программ бичиж эхэлсэн минь үүнтэй холбоотой. Сургууль надад уйтгартай байв. Манайд телевизийн гурван суваг л байсан, ихэнхдээ сонирхолгүй юм гарна. Компьютер тоглоом байсан л даа, гэхдээ би тоглоомд муу болохоор дуртай байсангүй. Дээр нь эргэн тойрон дахь бүх л номоо уншчихсан байв. Ингээд ганц BASIC програмын хэл үлдсэн хэрэг. Программ бичих нь хийж болох хамгийн сонирхолтой зүйл байсан хэрэг. Ингэж л би гараагаа тавьж, түүнээс цааш хэзээ ч зогсоогүй билээ.
Уйдах нь ажил хийхэд шаардагдах чухал орц юм бол, хөдөлгөөнт интернэт харин ажлын садаа юм. Интернэт байхад хүн хэзээ ч уйдахгүй. Хэзээ ч уйдахгүй хүн ямар нэг зүйлд сэтгэл хөдөлнө гэж үү? Жаахан байхад минь одоогийн интернэт байсан сан бол би программ сурах байсан эсэхээ мэдэхгүй юм. Нэг л товчлуурын цаана илүү сонирхолтой зүйл байхад яагаад программ нухаад сууна гэж? Өнөөдөр ч ялгаагүй. Интернэтэд холбоотой үедээ би гараасаа юм гаргаж чаддаггүй. Дараагийн өгүүлбэрүүдээ, кодоо дараагийн шатанд шилжүүлэхээс, ном уншихаас илүү сонирхолтой, илүү чухал зүйлс интернэтэд туж л өрнөж байдаг шүү дээ. Миний хувьд юм хийх цор ганц арга нь интернэтээ салгах байдаг.
Ажлын компьютер маань интернэтэд сатааруулдаг зүйлсийг хаадаг тохиргуулга бүхий рутертэй. Твиттер, Hacker News, Youtube-ийн аль ч ажиллахгүй. Wifi-ээр дамжуулан рутерын тохиргоо хийх боломжгүй болохоор ямар нэг блок тайлах гэвэл рутер лүүгээ алхаж очоод кабель холбон тохируулахаас өөр замгүй. Бусад бүх төхөөрөмжөө ч бас унтраадаг. “Silent Mode”, “Do Not Disturb”, “Hibernation” зэргийн алийг нь ч ашигладаггүй. Бүрэн унтраана. Саяхан нэг уншигч маань гар утсаа kSafe -д хийхийг санал болгосон. Үнэхээр нэмэртэй байна лээ шүү, ашигласаар байгаа. Энэ бүхэн уруу таталт, бид хоёрын дунд биет саад үүсгэж, тэрхүү тэмцэлд интернэт ялагдаж, миний залхуурал ялдаг.
Ингээд би уйдаж эхэлнэ. Тэгээд л ажлаа хийдэг дээ.