Өөрчлөлт хийхгүйгээр өсөн дэвжинэ гэдэг нь угтаа боломжгүй зүйл юм.

Бернард Шоу

Тухтай орчин нөхцөлөөсөө сугаран гарч нэгэн хэвийн амьдралдаа өөрчлөлт авчрахыг хэн бүхэн хүсдэг биз ээ. Энэ хүсэлд тань юу саад болж байна вэ? Орчин цагт өөрчлөлтийн талаар хаа саагүй яригддаг ч бид урагш алхахаас, зоригтой байхаас, таамаглашгүй шинэ нөхцөлд дасан зохицохоос айсаар. Гэвч өөрчлөлт заавал улс орон, тив дэлхийд нөлөөлөхүйц далайцтай байх албагүй. Хэний ч нүдэнд үл анзаарагдам жижиг өөрчлөлт ч бидний эргэн тойрон, хүрээлэлд эерэг нөлөө үзүүлж болно. Гагцхүү бид тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд дасан зохицох чадвартай байх нь хамгийн чухал юм. Нөхцөл байдал тань таалагдахгүй байвал бухимдаж, шалтаг тоочихын оронд өөрчлөлт хий. Бэрхшээлийг даван туулахгүй зугтсаар байвал тэр улам томорсоор урагшлах замыг тань бүхэлд нь хаах ч аюултай.

"Unread" энэ нийтлэлээрээ дамжуулан хэвшмэл сэтгэлгээнээс ангижирч, хүсэж буй өөрчлөлтөө өнөөдрөөс эхлүүлэхэд тань туслах ном, кино, дууны жагсаалтыг санал болгож байна.

To kill a mocking bird

Өнгөрөгч зууны хамгийн шилдэг романуудын нэгд тооцогддог “To Kill a Mockingbird” номоос сэдэвлэн бүтээсэн киноны үйл явдал Их хямралын (1933–1935) үеийн Алабамагийн буйд тосгонд өрнөх болно. Хоёр хүүхдээ ганцаар өсгөх, хуульч мэргэжилтэй эцэг Аттикус Финчийн амьдрал ажин түжин, өдрүүд нь эгэл. Гэвч цагаан арьст эмэгтэйг хүчирхийлсэн гэх хэрэгт буруутгагдаж буй хар арьст залуу Том Робинсоныг өмгөөлөх болсноор түүний амьдрал бүхэлдээ өөрчлөгдөнө. Африк-америк гаралтай ядуу эрийг өмгөөлөхийг Аттикус ажил үүргээ хэмээн үзэж, “төрт улсад хүн бүр шударгаар шүүлгэх эрхтэй” гэсэн итгэл үнэмшил тээж байхад тосгоны иргэд түүнийг “негрийг хайрлагч” гэж үзэх болжээ. Аттикус өөрийн зарчимдаа үнэнч хэвээр үлдэж нийгэмд өөрчлөлт авчрах болов уу? Эсвэл тосгоныхны дарамт шахалтад бууж өгөх болов уу? Шударга ёс, зөв зүйлсийн төлөөх ганц хүний тэмцэл ч нийгмийг бүхэлд нь донсолгохуйц хүчтэй өөрчлөлт авчирч болдгийн тод жишээг энэ бүтээл танд харуулна.


Joy

Цөхрөл, бүтэлгүйтэл, өөрчлөлт, амжилт. Энэ бол “Joy”-г бүхэлд нь илэрхийлэх үгс. Салсан нөхөр, хоёр хүүхэд, ээж, эмээ, аав гээд нэгэн дээвэр дор амьдарч буй бүх хүний амьдралыг нуруун дээрээ үүрэх ганц бие бүсгүйн амьдрал өсөж дэвшин, өөрчлөгдөж чадна гэхэд хөндлөнгийн хүмүүс байтугай өөрөө ч хүртэл итгэхгүй. Гэвч энэ кино нь теле дэлгүүрийн зах зээл дээр сая сая бүтээгдэхүүнээ амжилттай борлуулж чадсан, Жой Мангано хэмээх саятан эмэгтэйн бодит түүх билээ. “Магадгүй чиний түүх аз жаргалтайгаар эхлээгүй байж болох ч чамайг чухам хэн болох вэ гэдгийг өнгөрсөн чинь биш, зөвхөн чи л шийдэх учиртай” гэх эшлэл энэ түүхийн гол зангилаа мэт. Амьдралаа өөрчлөхийн төлөө тасралтгүй тэмцэж буй Жойгийн түүх залуу эмэгтэйчүүд, ганц бие ээжүүдэд урам зориг хайрлах гайхалтай бүтээл юм.


Into the wild

Өөр хоорондоо ялгарах зүйл үгүй өдөр тутмын амьдралын тойрогтоо улам гүнзгий шигдэх үедээ бид бүхий л зүйлсийг хаяж одон, алс холын аялалд гарахыг битүүхэн мөрөөддөг. Гэвч амьдралдаа цоо шинэ хуудсыг нээн, зоригтой өөрчлөлт хийж чадсан нь хуруу дарам цөөн байдаг нь харамсалтай. Бодит үйл явдлаас сэдэвлэсэн “Into the Wild” бол амьдралаа бодитоор өөрчлөх тэрхүү урам зоригийг бадраах шилдэг бүтээлүүдийн нэг юм. Их сургуулийнхаа шилдэг төгсөгчдийн нэг Кристофер коллежоо дүүргэсэн даруйдаа 24,000 долларын хадгаламжаа сайн үйлсэд хандивлаж, Америкийг хөндлөн гулд туулах аялалд гарснаар үйл явдал өрнөнө. Халаасандаа сохор ч зоосгүйгээр Аляскийн зэрлэг онгон байгальд очих зорилготой түүний адал явдал “аялал” гэгч зүйлийн мөн чанарыг танд ойлгуулж, хүсэж тэмүүлж буй зүйлсийнхээ талаар дахин нэг тунгаан бодоход хүргэх биз ээ.


Our Planet

Зэрлэг онгон байгалийн тухай олон гайхалтай баримтат кино туурвисан Дэвид Аттенборогийн хамгийн сүүлийн төсөл “Our Planet”-ыг жагсаалтад багтаах нь зүй ёсны хэрэг байх. Өөрчлөлт гэдэг зөвхөн хүмүүст төдийгүй дэлхий дээр амьдарч буй бүхий л амьд биетэд хамаатай асуудал юм. Уур амьсгалын өөрчлөлт, хүн амын хэт өсөлт, хүлэмжийн хийн аюул гээд байгаль орчны өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг бид чихнийхээ хажуугаар өнгөрүүлэх нь олонтоо. Гэвч бетоноор хүрээлэгдсэн хотуудад өрнөж байгаа энэ бүх үйлдвэрлэл, хэтийдсэн хэрэглээ, тансаглал эргээд дэлхийн экосистемд ямар их гай гамшиг учруулж буйг 50 өөр улсад зураг авалтаа хийсэн энэхүү найман ангит бүтээл танд ойлгуулна. Бид мэдэхгүй зүйлсийнхээ дайсан нь байдаг. Амьдарч буй дэлхий маань хэчнээн уудам, үзэсгэлэнтэйг олж мэдэх тусмаа “эко” амьдралын хэв маягт шилжих нь, жижиг гэлтгүй өдөр тутмынхаа хэрэглээнд өөрчлөлт оруулах нь байгальдаа хийж буй ямар том хөрөнгө оруулалт гэдгийг ухамсарлана гэдэгт итгэж байна.


Minimalism: A documentary

Амьдралын үнэ цэн гэдэг эзэмшиж буй эд хөрөнгөөр бус, хийж бүтээсэн зүйлсээр хэмжигдэх ёстой. Гэвч орчин цагийн нийгэм хамгийн сүүлийн үеийн утас барьж, орчин үеийн технологи хэрэглэж, хэнээс ч дутахгүй нэгэн байх хүсэлтэй хүмүүсийг олшруулсаар. Угтаа бид хэн нэгний “энийг өмс, үүнийг хэрэглэ, тэгэхгүй бол чи хүн биш” гэх заавраар бус зөвхөн өөрсдийн сонголтоор амьдралдаа өөрчлөлт хийх учиртай биш гэж үү? Сайт, подкаст, номоороо дамжуулан минималист байхын ач холбогдлыг дэлхийн сая сая хүмүүст түгээсэн хоёр залуугийн баримтат бүтээлээс та “өөрчлөлт” гэдэг эд зүйлсэд биш бидний сэтгэлгээ, хандлагад оршдогийг ойлгоно.


САНАЛ БОЛГОХ: ЯАГААД ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ АМАРХАН ГЭЖ?

Unread

Art of happiness

"LinkedIn"-ий CEO Жефф Вэйнер Далай ламын энэ бүтээлээс энэрэл нигүүлслийн жинхэнэ утга учрыг олж мэдсэн гэдэг. Дэлхийн олон бизнесмэн, алдартны ширээний ном гэгддэг “Art of Happiness” нь бидэнд уур хилэн, өшөө хорсол, өөртөө итгэлгүй байдлаа анзааран таньж, түүнээсээ ангижрах олон аргуудыг зааж өгнө. Жинхэнэ өөрчлөлт гэдэг юун түрүүнд дотоод хүнээ танин мэдэх аяллаас эхлэлтэй. Сэтгэл тань тогтворгүй, салхинд хийсэж буй хамхуул шиг бодол санаа тань хэдэн тийш сарнин алга болоод байх шиг санагдвал энэ номыг заавал уншаарай хэмээн зөвлөе.


Start with why

TEDx-ийн илтгэл нь түүхэн дэх хамгийн олон хүнд хүрсэн, хувь хүний хөгжлийн “guru” С. Синекийн бестселлер бүтээл “Start with Why” бүхэлдээ өөрчлөлтийн тухай ном. Синек энэхүү номоороо өөрчлөлтийг хэрхэн хийх тухай, түүнээс айж зүрхшээхгүй байх сэтгэлзүйг хэрхэн үүсгэхийг бусдад таниулсан билээ. Өөрийн зорилго бөгөөд итгэл үнэмшлээ тодорхойлсон цагт өөрчлөлт гэдэг айхавтар хэцүү зүйл огтхон ч биш, харин ч алгаа тосоод угтах учиртай таатай боломжийн цуглуулга юм гэдгийг олон жишээгээр нотолсон ном юм. Тасралтгүй хувьсах нийгэмд амьд үлдэхийн төлөө өөрчлөгдөх ёстойгоо ойлгож буй ч, яг ямар учраас энэ бүх өөрчлөлтийг хийх ёстойгоо нэг л ухаарахгүй байвал “яагаад” гэх асуултынхаа хариуг энэ номоос олж магад.


Ад үзэгдэх зориг

Өөрчлөгдөхийн төлөө тасралтгүй эрэл хайгуул хийж буй бидний цорын ганц зорилго бол "Хэрхэн аз жаргалтай амьдрах вэ?" гэдэг хүн төрөлхтний мөнхийн асуултад хариулт олох шүү дээ. Энэ асуултад “өөрийгөө байгаагаар нь хүлээн авч, аз жаргалыг өнгөрсөн болоод ирээдүйгээс бус өнөөдрөөс хайх мөчид аз жаргал бидэн рүү дөхөж байдаг” хэмээн номын зохиолч Кишими Ичиро хариулжээ. Хүмүүс өнгөн талдаа тасралтгүй өсөн дэвшиж, өөрчлөгдөх тухай ярьдаг ч, угтаа ямагт өөрчлөгдөхгүйг хичээдэг тухай номд гарна. Хайртай хүмүүстээ гомдох, карьертаа амжилт гаргахгүй байх, хаягдаж хоцорсон мэт мэдрэмжүүд зөвхөн бидний сонголт бөгөөд хэрвээ хүсвэл яг одооноос бид өөрсдийн сонголтоо өөрчилж чадна. Өөрчлөлт хийх боломж хэзээд байдаг бөгөөд бидэнд зөвхөн “зориг” л дутдаг ажээ. Номын дэлгэрэнгүйг эндээс унших боломжтой.


Atomic habits

Амьдралдаа өөрчлөлт хийхийг хүсэж байна уу? Хамгийн түрүүнд хийх зүйл чинь юу гээч? Өглөө бүр ороо хураагаад сурчих.

Өөрчлөлт гэдэг яг үнэндээ нэг өдөр л орвонгоороо эргэх үр дүн бус, өдөр бүхэн давтах үйл явцын нэгдэл билээ. Хамгийн жижиг эерэг зуршлыг ч бүтэн жилийн туршид өдөр бүр давтаад байвал амьдралд тань өөрчлөлт гарах нь гарцаагүй хэрэг. Тийм ч учраас өглөө болгон ороо хураа гээд байгаа юм шүү дээ. Энэ номын юу нь онцгой вэ гэвэл хүмүүс бид ер нь яагаад муу зуршилд автахдаа асар хурдан хэр нь сайн дадлыг өөриймшүүлэхдээ өчнөөн жил сарыг зарцуулдаг вэ гэх асуултад үнэхээр ойлгомжтой бөгөөд шинжлэх ухаанчаар хариулт өгсөнд байгаа юм. Сайн дадал хэвшүүлэх, муу зуршлыг ор тас мартан хаях арга техникийг уг чанартаа нэг ижил зүйл гэж сэтгээд дадал эзэмших үйл явцыг тус бүрд нь нарийн шинжлэн тайлбарласнаараа онцлог.

САНАЛ БОЛГОХ: 20 ЖИЛ - ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР, ИРЭЭДҮЙ

Unread

It’s a Beautiful Day- U2

Өөрчлөлт хэчнээн жижиг байсан ч хамаагүй амжилт ялалт бүрээ тэмдэглэж байгаарай. Өдөр бүхнийг үзэсгэлэнтэй болгох хүч түүнд л оршдог.

"Don’t Stop Believing" – Journey

Цааш хаачихаа мэдэхгүй байна уу? Тэгвэл бүхнийг эхлүүлэх шалтгаан болсон эхлэл цэгийн тухай бодож, урам зоригоор дүүрэн байсан өөрийгөө эргээд нэг дурсаарай. Оргилд хүрэх зам бартаа саадаар дүүрэн ч, хэзээ нэгэн цагт очиж чадна гэх итгэл үнэмшлээ хэзээ ч гээж болохгүй.

"Not Afraid" – Eminem

Бүхнийг ганцаараа хийхэд хэцүү байна уу? Хэн нэгнээс тусламж ав. Эсрэгээрээ чиний туслалцаа хэрэгцээтэй байгаа нэгэнд шуудхан гараа сунгаад тусал. Халуун хүйтэн харшиж, салхи шуурга дэгдсэн ямар ч үеийг бид ганцаараа биш олуулаа байж л давдаг.

"You Gotta Be" -Des'ree

Ойлгомжгүй харилцаа, уйтгартай ажил, сэтгэл гутрал ер юу ч байлаа гэсэн чи тэр бүхнийг өөрчилж, даван гарах хангалттай хүчтэй нэгэн. Өөр хэн ч биш зөвхөн чамд л бүхнийг өөрчлөх хүч бий.

"Get up, Stand up" – Bob Marley

Бүх саад бэрхшээлийг даван гарах эерэг зам заавал байдаг. Тэр зам л танд эерэг өөрчлөлтийг авчрах болно. Бүх зүйл хараахан дуусчхаагүй байх үед үргэлж энэ итгэлийг хадгалж явах хэрэгтэй.

Өөрчлөлт бүхнийг соргогоор хүлээн авч, амьдралын хэв маягийнхаа нэгэн хэсэг болгох нь хурдацтай хөгжлийн гол түлхүүр билээ. Залуус та бүхний гарт энэ өөрчлөлтийг яг одоо эхлүүлэх бүх боломж бий гэдгийг хэзээ ч битгий мартаарай.

Энэхүү нийтлэлийг амьдралд тохиох ямар ч өөрчлөлтөөс айхгүйгээр зоригтой урагшилж чаддаг шинэ эриний залуусын сонголт Social Pay хамтран хүргэлээ.

Unread x Social Pay