Өнөөдөр бидний өдөр тутмын амьдралд хамгийн их хэрэглэгддэг зүйлсийн нэг бол “бүтээл” юм. Уран зохиол, хөгжим, кино, зураг, програм хангамж, нийтлэл, цахим хуудас, контент гээд эдгээр бидний амьдралын нэг хэсэг болсон бүхий л зүйлс ямар нэгэн хүний оюуны хөдөлмөр, сэтгэл зүрхнээс бүтдэг. Харин тэрхүү бүтээлүүдийг хамгаалж, үнэлж, хууль эрх зүйн орчноор баталгаажуулах ойлголт бол “оюуны өмч”. Харин оюуны өмчийн хамгийн түгээмэл хэрэглэгддэг салбар нь “зохиогчийн эрх” билээ.

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-нд Дэлхийн зохиогчийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэдэг. Энэ өдөр нь ном, хэвлэмэл бүтээлийн соёлыг сурталчлахын зэрэгцээ тэдгээр бүтээлийн туурвигчдыг хамгаалах зорилготой. Саяхан Японы алдарт анимейшн студи болох Ghibli болон ChatGPT-ийн эцэг OpenAI хоёрын дунд чухам энэ сэдвээр нэлээд маргаан дэгдэж, дэлхий дахиныг хоёр талцуулаад авсныг уншигч та санаж буй биз ээ. 

Тэгвэл оюуны өмч болон зохиогчийн эрх нь яг юуг хэнээс хамгаалдаг болох, мөн яагаад өнөөгийн бидний төдийлөн ялгаж салгадаггүй, анхаарал хандуулдаггүй тус хоёр ойлголт чухал болохыг тайлбарлахаар энэхүү нийтлэлээ бэлтгэлээ.

Оюуны өмч гэж юу вэ?

МУ-ын Үндсэн хуулийн “Оюуны өмчийн тухай” хуулийн 3.1.1-д:

"оюуны өмч" гэж оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон зохиогчийн эрхийн бүтээл, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объект болон аж үйлдвэрийн өмчийг;

хэмээн заасан байдаг. Өөрөөр хэлбэл, оюуны өмч (intellectual property) гэдэг нь хүний оюун санаа, бүтээлч үйл ажиллагаанаас төрөн гарсан аливаа шинэ бүтээл, технологийг хууль ёсоор хамгаалах эрх зүйн тогтолцоо юм. Оюуны өмч нь үндсэн хоёр төрөлтэй бөгөөд эхнийх нь “Аж үйлдвэрийн өмч” (Industrial Property). Аж үйлдвэрийн өмчид патент (Patent), барааны тэмдэг (Trademark), ашигтай загвар (Utility Model), газарзүйн заалт (Geographical Indication) зэрэг багтана. Харин нөгөөх төрөл нь бидний хамгийн их сонсдог “Зохиогчийн эрх” (Copyright) билээ. Зохиогчийн эрхэд урлаг, уран зохиол, хөгжим, кино, уран зураг, програм хангамж, өгүүлэл, нийтлэл, бүр тэр ч байтугай цахимд нийтэлсэн пост ч хамаарч болно.


Зохиогчийн эрхийн тухай

Зохиогчийн эрх нь тухайн бүтээлийг анх гаргасан хүн буюу “зохиогч”-ийг хамгаалах бөгөөд тухайн бүтээлээ хэрхэн ашиглуулах, түгээх, хуулбарлах, орчуулах, кино болгох гэх мэт эрхүүдийг зөвхөн зохиогч эсвэл түүний олгосон этгээд эдлэх эрхийг хэлнэ. Түүнчлэн зохиогчийн эрх нь үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Тэдгээр нь эд хөрөнгийн эрх (Economic rights) болон амины эрх (moral rights).

Эхнийхэд нь бид зохиогч бүтээлээ ашиглуулах, хуулбарлуулах, олон нийтэд түгээх, борлуулах, лиценз олгох замаар ашиг олох эрхийг хамааруулж ойлгоно. Жишээ нь, бичсэн номоо хэвлүүлж борлуулах, дуугаа Spotify-д байршуулж орлого олох гэх мэт.

Харин удаах эрхэд зохиолч бүтээлийнхээ зохиогчийн эрхийг эзэмшдэггүй болсон ч бай тус бүтээлийнхээ зохиогч гэдгээ батлах, нэрээ дурдуулах, бүтээлээ өөрчлүүлэхийг хориглох эрхийг хамааруулна. Энэ эрхийг мөнгөөр худалдах боломжгүй бөгөөд насан турш хүчинтэй байдаг. Жишээлбэл, гэрэл зурагчны бүтээлийг зөвшөөрөлгүйгээр засварлаж нийтлэх нь тус эрхийн зөрчил болдог байна.



Түүнчлэн аливаа ном, кино, хөгжмийн бүтээлийн нэрийг зохиогчийн эрхээр хамгаалдаггүй болохыг санууштай. Харин цуврал бүтээлийн нэрийг брэнд хэмээн үзэж барааны тэмдэг (trademark)-ийн хуулиар хамгаалдаг. Жишээ нь “Аватар: Сүүлчийн агаарын шидтэн” хэмээх бүтээлийн нэр нь тус хуулиар хамгаалагдсан бол анги тус бүрийнх нь нэр нь хамгаалагдаагүй гэж ойлгож болох юм.

Мөн үүнд саяхан хэвлэгдсэн “Хойд насандаа учирна” номын асуудлыг жишээ болгон дурдаж болно. Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Эрдэнэ гуайн “Хойт насандаа учирна” хэмээх нэртэй бүтээл байдаг бол саяхан нэгэн залуу зохиолч “Хойд насандаа учирна” гэх нэртэй ном хэвлүүлсэн байна. Тус үйл явдал нийгмийн сүлжээгээр тэр дороо тархаж, зохиогчийн эрх болон оюуны өмчийн олон асуултыг дэвшүүлсэн өргөн хүрээний асуудал болон хувирсан билээ. Эл үйл явдлыг С.Эрдэнэ гуайн зохиол бүтээлийг гутаан доромжилсон, эсвэл түүний нэр алдраар номын сурталчилгаа хийх оромдсон, зохиогчийн эрхэд ноцтой халдсан үйлдэл болсон хэмээн олон хүмүүс үзлээ.

Энэ нь нэг талаас тийм байж болох ч хууль болон олон улсын жишгээр бол оюуны ба зохиогчийн эрхийн ямар ч зөрчилт үйлдэл биш юм. Дээр дурдсанчлан нэг тодорхой бүтээлийн нэр нь зохиогчийн болон оюуны өмчийн хуулиар хамгаалагддаггүйг санууштай. Үүний нэгэн тодхон жишээ нь Америкийн нэрт зохиолч, Нобелийн шагналт Эрнест Хемингуэйн “Эмсгүй эрс” нэрт өгүүллэгийн түүвэр бөгөөд ижил нэртэй, өгүүллэгийн түүврийг Японы нэрт зохиолч Мүраками Харүки мөн бичсэн байдаг.



Өөр нэгэн зохиогчийн эрхтэй холбоотой дотоодын маргааныг дурдахад саяхан Мөрөөдлийн театр “Самсара-тэртээх хоёр зүрх” жүжигтээ Соёлын гавьяат зүтгэлтэн Арлааны Эрдэнэ-Очир гуайн “Голын тохой дээр” шүлгийг дуу болгон ашигласан явдал юм. МУ-ын Үндсэн хуулийн Зохиогчийн эрхийн тухай хуулийн 11.1.-д:

Зохиогч бүтээлийнхээ хувьд амины эрх болон эд хөрөнгийн онцгой эрх эдэлнэ.

хэмээн заасан байдаг бөгөөд мөн тус хуулийн 12.1.4.-д

бүтээл болон бүтээлийн нэрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр, эсхүл нэр хүндэд нь хохирол учруулахуйц байдлаар аливаа арга, хэлбэрээр хувиргах, өөрчлөх, гажуудуулахыг хориглох.

хэмээн заасан байна. Иймд тус үйл явдал бол олон улсын болон дотоодын аль ч хуулийн дагуу зохиогчийн эрхэд халдсан үйлдэл болно. Мөн түүнчлэн өмнө нь Төрийн шагналт, СГЗ нэрт зохиолч Цэндийн Доржготовын “Хотын найз”, “Базарваань”, “Эцсийн амлалт” “Дэлхий даахгүй баян” бүтээлүүдээр Х-Түц хамтлагийнхан зохиогчийн зөвшөөрөлгүй дэлгэцийн болон тайзны бүтээл туурвисан хэргээр зохиолч шүүхэд гомдол гаргаж байсан удаатай.

Энэ мэтчилэн зохиогчийн болон оюуны өмчид халдаж буй үйлдлүүд удаа дараа гардаг бөгөөд тухай бүрд бид олны танил эрхмүүдийн эдгээр үйлдлийг тоолгүй өнгөрөөж төдийлөн ойшоодоггүй нь харамсалтай. Мөнхүү юуг зохиогчийн эрхээр хамгаалах болон эс хамгаалахыг үргэлж нарийн нягталж, энэ эрхийн асуудал бүрд ул суурьтай хандууштай.



Хүн бүр бүтээгч 

Өнөөдрийн цахим эринд хүн бүр их бага хэмжээгээр бүтээгч болоод буй. Инстаграмд зураг нийтэлсэн ч бай, YouTube-д бичлэг оруулсан ч бай, Spotify-д дуу байршуулаад түүнээсээ ашиг олсон ч бай, энэ бүхэн зохиогчийн эрхийн хуулийн хүрээнд яригдах асуудлууд юм.

МУ-ын Зохиогчийн эрхийн тухай хуулийн 4.1.1-д:

"зохиогч" гэж өөрийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвисан хувь хүнийг;

4.1.3-д:

"бүтээл" гэж шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн салбар дахь зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны бодит үр дүнг;

хэмээн заасан байдаг. Олон улсын зарчмаараа дээрх хуулийн “урлагийн бүтээл” хэмээх тодорхойлолтод таны дарсан зураг, YouTube-д оруулсан бичлэг, Medium, Substack-д бичсэн бичвэр гээд бүгд багтах учиртай. Харамсалтай нь, Монголд ч, дэлхийд ч зохиогчийн эрхийн талаарх ойлголт дутмаг хэвээр буй.



Зохиогчийн эрх ба бизнесийн үнэт зүйлс 

Өнөөдөр Netflix, Spotify, TikTok, Adobe, Canva, Amazon зэрэг бизнесүүдийн гол үнэ цэн бол контент. Тэдний зах зээлийн амжилт нь зөвхөн технологи дээр бус харин зохиогчийн эрхийг зөв менежментээр хамгаалж, зохиогчдод тэгш нөхцөл олгодог тогтолцоо дээр тулгуурладаг гэж хэлж болно. Тиймээс зохиогчийн эрх нь зөвхөн уран бүтээлчдэд бус, бизнесүүдэд ч чухал ойлголт юм.

Бүтээлээ албан ёсоор бүртгүүлж, хамгаалуулснаар тухайн бизнес эрх зүйн баталгаатай болж, хөрөнгө оруулалт татах, зах зээлээ тэлэх, франчайз болон олон улсын түншлэл байгуулах боломж бүрддэг билээ.

Эцэст нь онцлоход зохиогчийн эрх гэдэг бол аливаа бүтээлийг хүртэхэд тавьж буй хязгаарлалт бус, харин боломж юм. Зохиогчийн эрх нь бидэнд өөрийн бүтээлээ хамгаалж, цааш нь хөгжүүлэх, мөн түүнчлэн ашиг олох, бусдад урам, сэдэл өгөх, нийгмийн бүтээлч сэтгэлгээг дэмжих зөв зам бөгөөд өнөөгийн бидэнд хуулийн зохицуулалт, эрх зүй зэргээс гадна оюун санаандаа бий болгох ёстой хамгийн чухал зүйл бол оюуны өмчийн боловсрол гэдгийг онцолъё. Иймээс та зохиогчийн эрхийн тухай ойлголтоо тогтмол тэлж, өөрийн болон бусдын эрхэд хүндэтгэлтэй хандахыг уриалъя.