Нарлаг Италийн тухай бодоход хамгийн түрүүнд юу таны оюун бодолд орж ирдэг вэ? Тансаг барилга, уран зураг, чанартай гутал, загварын брэнд, хүчирхэг автомашинууд санаанд тань бууж байгаа биз?

Тийм ээ, Итали бол гарцаагүй загвар, дизайны өлгий нутаг юм. Gucci, Versace, Prada, Armani, Dolce & Gabbana, Moschino тэргүүтэй загварын брэндүүд, Ferrari, Lamborghini, Maserati зэрэг тансаг зэрэглэлийн төмөр хүлгүүд бүгд Италиас гаралтай билээ. Түүнчлэн Итали нь хүн төрөлхтний байгуулсан хамгийн үзэсгэлэнт хотууд болох Помпей, Ром, Венеци, Милан, Флоренс, тэдгээр хотуудад орших Писагийн хазгай цамхаг, Колизей зэрэг Европын нүүр царай болсон барилгуудаараа алдартай.


Итали дизайн

Италийн дизайн хэрхэн дэлхий дахинаа олон зууны турш манлайлж, гоо зүй, уран сайхны салбарыг түүчээлж байна вэ? Итали дизайныг яг ямар чанарууд шилдэг болгодог вэ? Энэхүү асуултад судлаачид дараах үндсэн гурван шинж чанараар хариулдаг аж.

Тэнцвэр: Итали дизайн хэдий этгээд, тод, өнгөлөг, чамин байсан ч цаг ямагт тэнцвэртэй байж чаддаг. Энэхүү тэнцвэр нь хувцас, автомашин, тавилга гээд бүхий л чиглэлийн өнгө, хийц, загварт шингэсэн байдаг.

Чамин: Италийн тавилга, хувцас, интерьер нь зөвхөн ил харагдах хэсэгтээ ч бус бүхий л хэсэгтээ чамин тансаг зүйлсийг шингээж, донжийг нь тааруулсан байдгаараа алдартай. Тиймдээ ч Итали дизайнеруудын бүтээл бол чинээлэг, эрхэмсэг хэв маягийн дээд илрэл билээ.

Чанар: “Итали гутал насны эдэлгээ даадаг” гэсэн үгийг хэзээ нэгэн цагт сонсож байсан л биз дээ? Бодит байдал дээр гутал ч бус Италид үйлдвэрлэгдсэн тавилга, автомашин, хувцас зэрэг бүхий л бүтээгдэхүүн салбартаа чанарын стандартыг тогтоодог.

AnalogLab студи

Дэлхийн загварын нийслэл нь Итали, харин Италийн загварын нийслэл нь Милан хот юм. Энэхүү хотод төвтэй Analog Lab студи нь өнгөрсөн 25 жилийн турш брэнд хөгжүүлэлт, стратеги төлөвлөлт, хэрэглэгчийн туршлага, гэрэл, тавилгын салбарт ажиллажээ. Ингэхдээ олон улсын дизайнер, уран бүтээлч, гэрэл зурагчин, бичээчид зэрэг салбар бүрийн шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, олон зуун шилдэг бүтээлийг өлгийдөн авчээ.

Тус студи нь дизайныг “аливаа асуудлыг бүтээлч байдал, хүсэл эрмэлзлээр шийдэж буй үйл явц” хэмээн тодорхойлсон байна. Тийм ч учраас шинэ төсөл бүрээ эхлэхдээ уламжлалт аргаар зурж, гараараа бүтээж, шилдэг шийдэл олох хүртлээ олон дахин удаагийн туршилт, судалгааг хийдэг гэнэ. Ийнхүү олж илрүүлсэн шийдлээ орчин цагийн технологи ашиглан өндөр чанартай үйлдвэрлэдэг ажээ.


“Italian Design Poetics” үдэш

Тус студийн үүсгэн байгуулагчдын нэг Томас Леман, дизайнер Сержио Маннино, дизайнер А.Энхжин нар Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, Итали дизайны тухай хөөрөлдөх “Italian Design Poetics” үдшийг зохион байгуулсан юм. Уг арга хэмжээний үеэр тэд өөрсдийн бүтээсэн онцлох бүтээлүүдээ танилцуулж, хэрхэн дизайнаар дамжуулан асуудал шийдэж, түүх өгүүлж, үнэ цэн бүтээх тухай мэдлэг, туршлагаа хуваалцав. Түүнчлэн хоёр орны хамтын ажиллагааг улам бүр батжуулах хамтралын боломжуудыг ч хуваалцсан нь онцлог байлаа.


Арга хэмжээний зохион байгуулагчдын товч танилцуулга:

Томас Леман нь АНУ-ын Сан Франциско, Сиэтл, Францын Парис, Италийн Милан хотуудад дизайны студи удирдаж байсан, олон арван жилийн туршлагатай дизайнер юм.

Сержио Маннино нь технологи, архитектурын салбарыг хослуулан дэлхий дахинаа 300 гаруй дэлгүүрийн дотоод заслыг хийж гүйцэтгэжээ.

А.Энхжин нь Италид дизайн чиглэлээр бакалавр болон магистрын зэргээ хамгаалж, өдгөө тавилга, брэнд, бизнес дизайны чиглэлд стратеги боловсруулан ажиллаж байна.