Монголчууд хоол хүнс, идээ шүүснийхээ уламжлалт соёл, байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалан төмс, лууван тэргүүтэй цөөн төрлийн хүнсний ногоо, мах голдуу хэрэглэсээр ирсэн. Гэвч ийм хооллолттой удаан явснаар жин нэмэх, цусны даралт ихсэх, цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэх зэрэг эрсдэл бий болж, цаашлаад чихрийн шижин, зүрх судасны өвчлөлд хүргэх эрсдэлтэй. Энэ хам шинжийн тархалт нь Ази тивд, тэр дундаа Монгол Улсад эрчимтэй нэмэгдэж байна.  

Чихрийн шижин, зүрх судасны өвчинтэй холбоотой олон төрлийн судалгааны ажил байдаг ч энэ бүхний үүдэл шалтгаануудын нэг болох хооллолттой холбоотой судалгааны үр дүн олон нийтэд тийм ч хүртээмжтэй байдаггүй. Иймд бид энэ удаагийн нийтлэлдээ Японы Kagome брэндийн Монголд хийсэн нэгэн сонирхолтой судалгааны үр дүнг танилцуулахаар бэлтгэлээ. Kagome нь Японы жимс, хүнсний ногоог боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани бөгөөд төрөл бүрийн жимс, ногооны шүүсээрээ монголчуудад хэдийн танил болсон билээ.  


оршлыг бататгах нь

Итгэмээргүй тоо

Монголчуудын дундаж биеийн жингийн индекс (BMI) 25.5 кг/м² байна. ДЭМБ-аас (≥25.0: илүүдэл жинтэй, ≥30.0: таргалалттай) гэж тодорхойлсон байдаг. Тэгвэл монголчуудын 49.4 хувь нь илүүдэл жинтэй, 18.5 хувь нь таргалалттайд тооцогддог аж.

ДЭМБ-аас хоногт 400 гр ногоо, 5 гр давс хэрэглэхийг зөвлөдөг. Харин Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн дөрөв дэх удаагийн STEPS судалгаагаар монголчуудын хоногт хэрэглэдэг ногооны дундаж хэмжээ ойролцоогоор 184 гр, харин давсны хэрэглээ 10.5 гр байна. Уг нь хүнсний ногоо нь эрдэс бодис, аминдэм, хүнсний эслэг, фитохимийн бодис зэрэг олон төрлийн шим тэжээлийн гол эх үүсвэр юм.

Монгол орон эрс тэс, хуурай уур амьсгалтай тул олон төрлийн хүнсний ногоо тарьж ургуулахад төдийлөн тохиромжгүй. Мөн бидний уламжлалт идээ ундаа нь мах, сүү, өөх тос давамгайлсан "улаан хоол"-ноос бүрддэг тул хангалтгүй хэмжээний ногоо, хэт их хэмжээний давсны хэрэглээг үүсгэж буй. Тэгвэл энэхүү хоол тэжээлийн хэв маяг нь бодисын солилцооны хам шинж нэмэгдэхэд хүргэж байгаа талаар олон судалгаанд дурдсан байдаг.


судалгааны тухай

Судалгааны нэр: Хоол тэжээлийн биомаркерийг хянах ба ногооны шүүс хэрэглэх нь: Улаанбаатар хотын илүүдэл жинтэй болон таргалалттай насанд хүрэгчдийн бодисын солилцооны хам шинжийн бүрэлдэхүүн хэсгүүдэд үзүүлэх нөлөө

Биомаркер гэдэг нь хүний бие махбодын физиологийн эсвэл өвчний төлөв байдлыг илэрхийлдэг үзүүлэлт юм.

Судалгааны зорилго:
1. Биеийн биомаркерууд болон бодисын солилцооны хам шинжийн бүрэлдэхүүн хэсгүүд хоорондын хамаарлыг тогтоох
2. Хоол тэжээлийн биомаркерийг тогтмол хянах, ногооны шүүс тогтмол хэрэглэх аргыг хослуулан биомаркер болон бодисын солилцооны хам шинж хэрхэн өөрчлөгдөхийг үнэлэх

Тус судалгаанд Улаанбаатар хотын 20-60 насны, BMI (биеийн жингийн индекс) ≥ 25-тай (илүүдэл жинтэй болон таргалалттай), насанд хүрсэн 94 хүн сайн дураар оролцсон ба тэднийг санамсаргүй байдлаар гурван бүлэгт хуваан хяналттай туршилтад оролцуулсан юм. Ингэхдээ хүнсний ногоонд агуулагдах шим тэжээлийг хамгийн хялбар байдлаар авахын тулд ногооны шүүсийг найман долоо хоногийн хугацаанд ууж хэрэглэжээ.

I бүлэг - Хяналтын бүлэг: Судалгааны явцад биеийн хэмжилт, зөвлөгөө аваагүй ба ногооны шүүс хэрэглээгүй.
II бүлэг - Хяналт хийсэн бүлэг: Арьсны каротиноидын түвшин болон шээсний Na/K харьцаа, цусны даралтыг хоёр долоо хоног тутам хэмжсэн. Хүнсний ногооны хэрэглээний талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн.
III бүлэг - Хяналт + ногооны шүүс бүлэг: Хяналт хийхээс гадна өдөр бүр 200 мл ногооны шүүс уусан. Ногооны шүүс нь Японд үйлдвэрлэсэн бөгөөд 200 мл бүрт 350 гр ногоотой тэнцэх хэмжээний найрлага агуулсан. Шүүсийг Монгол дахь судалгааны баг импортлон, оролцогчдод өдөр бүр хянаж өгчээ.

Дээр дурдаж буй хяналт, хэмжилтийн аргыг ашиглан хүнсний хэрэглээг хянах нь хоолны зуршлыг сайжруулахад үр дүнтэй хэмээн сүүлийн үеийн судлаачид санал болгож байгаа юм.


үр дүн

Үзүүлэлтүүдийн хэмжилт

Арьсны каротиноидын түвшин: "Veggie Meter" хэмээх төхөөрөмжөөр хэмжсэн. Энэхүү төхөөрөмж нь гэрлийн спектрийн тусламжтай арьсны доорх каротиноидын түвшнийг 0.1–12.0 хүртэл оноогоор хэмждэг.
Шээсний Na/K харьцаа: Өглөөний шээсэнд ионоор хэмжих төхөөрөмж ашиглан тооцсон.
Цусны даралт: Цусны даралтыг хоёр удаа хэмжиж дундаж утгыг авсан.
Биеийн хэмжилтүүд: Өндөр, жин, бүсэлхийн тойргийг стандарт аргачлалаар хэмжсэн.
Биохимийн үзүүлэлтүүд: Цусны шинжилгээг өглөө өлөн үед авч, глюкоз, триглицерид, HDL холестерин хэмжсэн.

Туршилтын дараах гурван бүлгийн үзүүлэлтүүдийг харьцуулан шинжилсэн.

Арьсны каротиноидын түвшин:
III бүлэгт мэдэгдэхүйц өссөн (+1.72, p < 0.01)
I бүлэгт бага зэрэг өссөн (+0.28)
II бүлэгт дунд зэрэг өссөн (+0.71)

Шээсний Na/K харьцаа:
III бүлэгт буурсан (−0.80, p < 0.05)
II бүлэгт бага зэрэг буурсан (−0.32)
I бүлэгт нэмэгдсэн (+0.45)

Бүсэлхийн тойрог:
III бүлэгт 2.63 см багассан
II бүлэгт −1.36 см багассан
I бүлэгт −0.22 см багассан

Арьсны каротиноидын түвшин гэдэг нь арьсанд агуулагдаж буй каротиноид антиоксидантын хэмжээг илэрхийлдэг бөгөөд өөхний эсийн хуримтлал, томролыг дарангуйлдаг. Лууван, амтат төмс, бууцай, улаан лооль зэрэг өнгөлөг жимс, хүнсний ногоонд ихээр агуулагддаг ургамлын гаралтай антиоксидантууд ба үүний хэмжээ нэмэгдсэнээр арьсны уян хатан байдал нэмэгдэх, дархлааны тогтолцоог дэмжих, зүрх судас болон нүдний эрүүл мэндийг дэмжих, хавдрын эрсдлийг бууруулах ашиг тустай.

Харин шээсний Na/K харьцаа гэдэг нь шээсэнд агуулагдах натри ба кали ионы хэмжээг харьцуулсан үзүүлэлт бөгөөд цусны даралт, зүрх судасны эрүүл мэнд, бөөрний үйл ажиллагаатай нягт холбоотой байдаг. Шээсний Na/K харьцаа буурснаар цусны даралт буураад зогсохгүй зүрх судасны өвчлөлөөс сэргийлж, бөөрний үйл ажиллагааг дэмждэг.


дүгнэлт

Сүүлийн үед шим тэжээлтэй хүнсний хүртээмжийг нэмэгдүүлэх нь эрүүл мэндийг дэмжих өөр нэгэн чухал арга болоод байна. Тэр дундаа ногооны шүүс нь хадгалах хугацаа урт, хэрэглэхэд хялбар тул дутагдаад байгаа хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх ач тустай.

Энэхүү судалгааны үр дүнгээс харахад хоол хүнсний биомаркеруудыг хэмжих нь бодисын солилцооны хам шинжийн эрсдэлтэй байж болзошгүй хүмүүсийг илрүүлэх, тэдний хоолны зуршлыг сайжруулах сэдэл өгөх үр дүнтэй болохыг харуулж байна. Мөн уг хэмжилтийг ногооны шүүстэй хавсарч хэрэглэх нь эдгээр биомаркер болон бодисын солилцооны хам шинжийн бүрэлдэхүүн хэсгүүдийг сайжруулахад тустай болохыг баталлаа.