Нас, хүйс, мэргэжил үл харгалзан өсөж хөгжих хүсэл эрмэлзэлтэй, санаагаа бодит болгох зорилготой хэн бүхэнд зориулсан шинэ сорилт, туршлага бүхий хакатон та бүхнийг хүлээж байна.   

Энэ удаагийн Хакатон 2023 нь ХААН Банкны стратегийн бодлого, үнэт зүйлстэй нийцэх шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх замаар чадварлаг мэргэжилтнүүдийг нээн илрүүлж, мэдээлэл технологийн салбарын шинэ санаачилга, бүтээгдэхүүн, төсөл, хөтөлбөрийг дэмжих зорилготой билээ. 


хамтран ажиллах боломж нээгдэнэ

Хакатонд оролцох залуу мэргэжилтнүүд ур чадвар, бүтээлч сэтгэлгээгээ уралдуулан мэргэжлийн туршлагаа нэмэгдүүлэхээс гадна ХААН Банктай хамтран ажиллах, салбарын шилдгүүдээс туршлага судлах, тэдэнтэй харилцаа холбоо үүсгэх зэрэг олон боломж нээгдэхээрээ онцлог.

шийдэл боловсруулах агуулгууд

Оролцогчид инновац, технологи, санхүүгийн чиглэлийн хүрээнд дараах агуулгаас сонгон шийдэл боловсруулна. Үүнд:

• Шинэ үеийн төлбөрийн шийдэл
• Банкны салбарын тогтвортой санхүүжилтийн шийдэл
• Банкны салбарын нээлттэй инновац
• Орон нутгийн харилцагчдад чиглэсэн цахим туршлагын шилжилт

Уралдаанд оролцохыг хүсэгчид 2023 оны аравдугаар сарын 27--ны өдрийг хүртэл hackathon.khanbank.com веб хуудсаар бүртгүүлэх боломжтой.

оролцохыг хүсвэл


эхний шат

Эхний шатны гол шалгуур нь шинэ санаа болон код бичих чадвар юм. Даалгаврын мэдээллийг бүртгүүлсэн цахим шуудан болон hackathon.khanbank.com веб хуудсаас цаг тухай бүрд авах боломжтой. Нэг баг хоёроос дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд эхний шатны гүйцэтгэлээс хамаарч 20 багийг шалгаруулж, хоёрдугаар шат руу дэвшүүлнэ.

Бүртгэл аравдугаар сарын 2-27-ны хооронд явагдах ба багууд бүртгүүлэхдээ өөрсдийн санаа болон шийдлээ илгээх учиртай. Бүртгэлийн хугацаа дууссаны маргааш буюу аравдугаар сарын 28-нд багуудын код бичих даалгавар эхэлж, шилдэг 20 багийг шалгаруулан техникийн зөвлөгөөн болон нээлтийн арга хэмжээг зохион байгуулна. Энэ үеэр зохион байгуулагчдын зүгээс багуудыг шаардлагатай мэдээллүүдээр хангах төдийгүй багууд тухайн зөвлөгөө, мэдээлэл дээр үндэслэн долоо хоногийн хугацаанд санаагаа боловсруулж, арваннэгдүгээр сарын 10-нд эцсийн байдлаар илгээх юм. Үүний дараа арваннэгдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд шүүлт эхэлж, дараагийн шатанд өрсөлдөх 10 багийг шалгаруулснаар тус сарын 18-ны өдөр үндсэн хакатоныг зохион байгуулна.


сүүлийн шат

Хакатоны сүүлийн шатны шалгаруулалт арваннэгдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд ХААН Банк цамхагт болно. Энэхүү шатанд үлдсэн шилдэг 10 баг 72 цагийн турш менторуудын тусламжтай шийдлээ хөгжүүлж, шүүгчдийн саналаар шилдэг гурван багийг шалгаруулах юм.

шагналын сан 21,000,000 төгрөг


Шилдэг оролцогчдод шагналаас гадна хөгжүүлсэн шийдлээрээ ХААН Банктай хамтран ажиллах урилгыг гардуулна.

Бүртгэл болон хакатонтой холбоотой асууж тодруулах зүйл байвал hackathon@khanbank.com хаягаар холбогдоорой.