Зургаан сартай хүүхэд өдөрт нэг цагийг дэлгэцийн өмнө өнгөрүүлж байна.
Өдрөөс өдөрт ухаалаг утасны хэрэглээ нэмэгдэж, хэрэглэгчдийн нас улам залуужсаар байгааг дээрх судалгаа харуулж буй. Хэдийгээр гар утасны хэтийдсэн хэрэглээний сөрөг тал олон бий ч том зургаар нь харвал ухаалаг утас гэдэг хэн бүхний хувьд зайлшгүй хэрэгцээ билээ. Тэр тусмаа Монголын нөхцөлд бага насны хүүхдүүдэд аюулгүй байдлаа хангах, эцэг эхтэйгээ холбогдох, хичээл сургалтын зорилгоор ашиглах зэрэгт гар утас гарцаагүй чухал үүрэгтэй. Иймд бид энэ удаагийн нийтлэлдээ эцэг эхчүүдэд зориулан хүүхдийнхээ гар утасны хэрэглээг хянахад зайлшгүй анхаарах зөвлөмжүүдийг хүргэж байна.
ХАРИЛЦАН ТОХИРОЛЦООНД ХҮРЭХ НЬ
Та хамгийн анхны гар утсаа хэдэн настайдаа авч байсан бэ? Миний хувьд долоон насны төрсөн өдрөөрөө дэлгэгддэг Nokia бэлгэнд авч байлаа. Харин ухаалаг гар утсыг 12 настайдаа авч, тэр цагаас аав ээж бид гурвын дунд “Яасан их утсаа оролддог юм бэ?” гэх үл тасрах маргаан эхэлсэн дээ. Магад яг одоо танд ижил асуудал тулгарч байгаа бол энэ маргааныг эхнээс нь цэгцэлье. Сонирхуулахад, хүмүүс дунджаар 12 нас хүрэхээсээ өмнө анхны гар утсаа авдаг гэнэ.
Юун түрүүнд та хүүхэдтэйгээ харилцан тохиролцох хэрэгтэй. Мөн яагаад тохиролцоо хийж буйгаа зөвөөр тайлбарлах нь чухал. Таны хүүхэд анх удаа өөрийн гэсэн гар утастай болж байгаа учраас томчуудын л адил хэрэглээтэй байхыг хүснэ. Гэхдээ биднээс ялгаатай нь тэд эдгээр үйлдлээ удирдаж, хянах чадваргүй тул үүн дээр л томчуудын туслалцаа хэрэгтэй. Тиймээс гар утасны хэрэглээний тал дээр дараах тохиролцоог хийгээрэй.

- Гар утсаа ямар зорилгоор ашиглахыг хүсэж буйгаа хоёр талаасаа ярилцах
- Өдөрт хэдэн удаа, хэдий хугацаагаар ашиглах
- Ямар төрлийн апп, программууд хэрэглэх
- Хэнтэй холбогдож, харилцаа үүсгэх
- Гар утсаа ашиглан хийж буй зүйлсээ эцэг эхтэйгээ чөлөөтэй ярилцах эсэх
- Ямар болзолтойгоор тохирсон хугацаанаас нэмэлт цагаар гар утас ашиглах
Эдгээрээс гадна танай гэр бүлийн харилцаа, амьдралын хэв маяг, хүүхдийн тань гар утас ашиглах зайлшгүй хэрэгцээ юу вэ гэдгийг бодолцож, сайтар ярилцаарай.
СОШИАЛ ХЭРЭГЛЭЭНД СУРГАХ НЬ
Ухаалаг гар утас ашиглаж эхэлсэн цагаас таны хүүхэд эцэг эх, эмээ өвөө, хамаатан садан, найз нөхөдтэйгээ ямар сувгаар харилцах вэ гэх асуулт гарч ирнэ. Мэдээж үүрэн телефоны дуудлага, зурвасаар харилцаж болох ч олон нийтийн сүлжээний аппуудыг хэрэглэхгүй байна гэж үгүй. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 13-аас доош насны хүүхдүүд олон нийтийн сүлжээнд нэвтрэх нь зохисгүй ба 13 болон түүнээс дээш өсвөр насныхан 10-аас доош насны хэрэглэгчидтэй харьцуулахад сошиал хэрэглээнд илүү хариуцлагатай ханддаг нь тогтоогджээ.
Хэрэв таны хүүхэд зайлшгүй шаардлагаар Facebook, Instagram, TikTok, Snapchat зэрэг харилцах аппуудыг ашиглах гэж байгаа бол сошиал орчинд мэдээллийн аюулгүй байдлаа хэрхэн хангах, нууцлалын тохиргоогоо яаж найдвартай хийх, олон нийтэд ямар төрлийн мэдээлэл хуваалцах болон хуваалцаж болохгүй талаар зөвлөлдөөрэй. Үүний зэрэгцээ тэд энтертэйнмент хэрэгцээгээ хангах зорилгоор видео болон тоглоомын аппыг ашиглах нь тодорхой. Иймд тэдний үзэж буй контент, бичлэгт хяналт тавьж, хамгийн гол нь энэ тухай илэн далангүй ярилцах нь чухал шүү.

Судалгаанаас үзэхэд эцэг эх нь хүүхэдтэйгээ ойр дотно байх тусам хүүхдийн интернэттэй холбоотой асуудал үүсэх магадлал бага байдаг аж. Тиймээс та хүүхдээсээ утсан дээрээ юу хийж байгааг нь асууж, удаан хугацаанд ашиглаж байна гэж шүүмжлэхийн оронд "Сүүлийн үед утсан дээр нь ямар нэгэн сонирхолтой, гайхмаар зүйл гарч ирсэн үү?", “Би бусад эцэг эхээс зүй бус дүрс бичлэгийн талаар сонссон. Хэрэв чи тиймэрхүү бичлэг үзвэл ямар хариу үйлдэл үзүүлэх вэ?” зэргээр үе тэнгийн найз шиг нь зөвлөлдөөрэй.

Ташрамд дуулгахад та хүүхдэдээ шинэ гар утас авч өгөхөөр төлөвлөж буй бол Technozone-оос Samsung Galaxy A55 ухаалаг утсыг худалдан авахыг санал болгож байна. Тус гар утасны тухайд 8GB санах ой, 128GB багтаамж, 50 МП камер гээд үзүүлэлтийн хувьд маш өндөр юм. Мөн худалдан авалтад Galaxy Fit3 ухаалаг цаг болон ЕБС-ийн 6-12-р ангийн сурах бичгийн багц бэлэглэх ба үнийн дүнгээс 100 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Мэдээж Technozone-ийнхон бүх ухаалаг гар утсандаа дэлгэцийн 80% даатгалыг дагалдуулан өгдөг.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
УДИРДАХ АППУУДЫГ УЧИРЛАХ НЬ
Гар утсаа хэдий хэр хугацаанд ашиглаж, ямар төрлийн апп хэрэглэхээ нэгэнт тохиролцсон бол дараагийн шат буюу хэрхэн хянах тухай асуудал руу орцгооё. Гэхдээ та тэдний хийж буй үйлдлийг нэг бүрчлэн хянаж цагдахаас илүүтэй хүүхдэдээ технологийн эрүүл дадлыг бий болгоход тусалж байгаа гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Эс бөгөөс таны хүүхэд гар утсан дээрээ юу хийж байгаагаа нуух, тантай чөлөөтэй ярилцахаас зайлсхийх эрсдэлтэй. Мөн агуулгын хувьд хяналт тавихаас гадна дэлгэцийн хамаарлаас сэргийлэх үүднээс ийнхүү удирдах аппуудыг ашиглаж байгаагаа мартуузай.
Манай редакцын зүгээс Google Family Link аппыг санал болгоё.

- Үнэгүй
- Android үйлдлийн системтэй төгс нийцэн ажиллана
- Дэлгэцийн цагийг хүссэнээрээ тохируулна
- Таны хүүхэд Google Play-ээс ямар төрлийн тоглоом татаж буйг мэдэгдэнэ
- YouTube дээрх контентын агуулгыг тохируулна
- Таны хүүхдийн ашиглаж буй вэбсайт, тоглоом зэрэгт ямар төрлийг өгөгдлийг хуваалцах эсэхийг шийднэ
- Хувийн мэдээлэл болон нууц үгийг нь сольж болно
- Газрын зурагт таны хүүхдийг хаана явж буйг харуулна
- Гар утасных нь баттерей хэдэн хувьтай байгааг үзүүлнэ
- Тодорхой заасан байршилд ирсэн эсвэл явсныг мэдэгдэнэ
ЭЦЭСТ НЬ, ҮЙЛДЛЭЭРЭЭ ҮЛГЭРЛЭЖ ХАРУУЛААРАЙ
Хэрэв та хүүхдийнхээ гар утасны хэрэглээг өөрийн хүссэнээр байлгая гэвэл эхлээд өөрөө үлгэрлэх хэрэгтэй. “Утсаа оролдохоо болиоч” гэж утсаа оролдонгоо хэлэх нь утгагүй хэрэг шүү дээ. Энэ нь эргээд гар утасны хэрэглээ хязгаартай байх эсэх нь тийм ч чухал биш гэсэн ойлголт өгөх магадлалтайн сацуу таны хүүхдэд шударга бус мэдрэмж төрүүлнэ. Тиймээс гар утасны хэрэглээний талаар хүүхэдтэйгээ нээлттэй ярилцаж, харилцан бие биедээ шаардлага тавихуйц харилцааг бий болгоорой.


Сэтгэгдэл бичих

