Өнөөдөр бидний өдөр тутмын амьдралд байнга тулгардаг асуудлуудын нэг бол гадаад хэлийг хэрхэн сурах вэ? хэмээх асуулт юм. "Англи хэлийг яаж сурах вэ?", "Гадаад хэлийг сурах хялбар арга юу вэ?", "Үг цээжлэх үр дүнтэй арга зам?", "Хэрхэн ярианы чадвараа сайжруулах вэ?" зэрэг асуултууд бидний бодолд байнга эргэлдэж байдаг. Гадаад хэл сурахад бид спорт, эрүүл мэнддээ зарцуулж буйгаасаа ч илүү их цаг хугацаа, хөрөнгө мөнгө, нөөц зарцуулах болсон нь үнэн билээ. 

Үүний зэрэгцээ нийгмийн сүлжээ болон ойр дотнын хүмүүсээс "Гадаад хэл сурахад нас оройтдог", "Залуу байхдаа сурах нь хамгийн сайн", "Хүүхдээ багаас нь хоёр хэлээр зэрэг сургаж байж л ирээдүйд дэлхийн шилдэг их сургуульд тэнцэнэ" гэх мэт зөвлөгөө, үзэл бодлыг байнга сонсох нь төвөгтэй.  

Тэгвэл үнэхээр “Гадаад хэл сурахад нас оройтдог гэж үү?” гэх асуултын хариуг яг одоо хүссэн хэлээ сурахаар зориглоод буй танд хүргэхээр энэхүү нийтлэлийг бэлдлээ.  

 1. Гадаад хэл сурахад нас оройтдог уу? 

Товчхондоо үгүй. Юуг ч шинээр сурахад оройтох нас гэж үгүй. Гэвч нас ахихын хэрээр бидний тархины шинэ мэдээлэл хөрвүүлэх чадвар (brain's neuroplasticity) буурдаг. Энэ нь бидний спортоор хичээллэж эхлэх, хэл сурах, шинжлэх ухааныг гүнзгийрүүлэн судлах гээд ямар ч төрлийн шинэ мэдлэгийг хүлээн авах чадвар он жилийн явцад аажимдаа буурдаг гэсэн үг. Гэхдээ огт боломжгүй болно гэсэн утга хараахан биш бөгөөд гагцхүү аливаа шинэ чадварт суралцахад илүү их хүч хөдөлмөр, хичээл зүтгэл л шаардагдана гэдгийг санууштай.

Гадаад хэл сурах, шинэ хэлээр ярихыг жонглёр тоглохтой ижилсүүлэн ойлгож болно. Өөрөөр хэлбэл, тархиныхаа ашиглаж дадсан хэсгээс арай өөр хэсгийг л идэвхжүүлж буй хэрэг тул оройтох нас гэж үгүй билээ. Монгол улсын хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн, доктор, профессор, Гавьяат багш Ч.Лувсанжав 50 гаруй насандаа Япон хэлийг сурч эхлэн тун гарамгай эзэмшсэн бол түүний багш, билгүүн номч Б.Ринчен Франц хэлд 32 наснаасаа эхэлж суралцан бүрэн төгс сурсан гээд хожуу гадаад хэлийг сурсан ч үнэмлэхүй сайн гаршсан эрхмүүдийн түүх олон бий.

2. Насанд хүрсэн хойно хэл сурахад давуу талууд байдаг уу? 

Байлгүй яах вэ. Насанд хүрсэн хойноо гадаад хэл сурсан хүмүүс хүүхэд насандаа олон хэл сурахаас зарим талаараа давуу талтай байдаг. Тун сонирхолтой нь, насанд хүрсэн хүмүүс сурч буй хэлнийхээ шинэ үгийг хүүхдүүдээс илүү хурдан цээжилдэг аж. Учир нь, томчуудын эх хэлний үгсийн сан хүүхдүүдтэй харьцуулахад илүү өргөн цар хүрээтэй байдаг тул бидний тархи шинэ гадаад үгсийг эх хэлнийх нь ижил, ойролцоо утгатай үгстэй холбож тогтоодог байна. Энгийнээр, шинэ үгийг аль хэдийн тогтоочихсон үгтэй тань ижил код, таних тэмдэгтэй болгож буй хэрэг юм.

Мөн бид насанд хүрсэн хойно аливаа хэлийг сурахдаа ихэвчлэн зүүн тархи (задлан шинжлэх, учир шалтгааны зүй тогтлыг хариуцдаг)-аа ажиллуулдаг. Тиймээс хоёрдогч ба дараа дараагийн хэлэндээ эх хэлнээсээ илүү рациональ сэтгэлгээгээр ханддаг гэдгийг олон судалгаа баталжээ. Харин хүүхдүүд шинэ хэлийг сурахдаа тархиныхаа хоёр талыг зэрэг ашигладаг тул сэтгэл хөдлөл, мэдрэмжийг илүүтэй тусган авч суралцдаг нь батлагдсан байна.

Сонирхуулахад, бид эх хэлээрээ бусадтай харилцахдаа илүү мэдрэмтгий, сэтгэл хөдлөлөө бүрэн төгс илэрхийлэхийн зэрэгцээ “сэтгэлийн торгон утас”-тай байж чаддаг нь дан ганц үгийн баялгаас гадна анх хэлд орж байх үед бидний танин мэдэхүйн хөгжил сэтгэл хөдлөл, мэдрэмж дээр түлхүү тулгуурлан хөгждөгтэй холбоотой.

3. Хэл сурах нь эрүүл мэндэд тустай байх боломжтой юу?  

Тийм ээ, боломжтой. Ялангуяа насанд хүрсэн хойно шинэ хэл сурах нь хүний тархины эрүүл мэндэд маш ач тустай байдаг. Бага насандаа хэд хэдэн хэл сурсан хүүхдүүд тархины зөвхөн нэг хэсэгтээ бүх хэлийг боловсруулдаг бол насанд хүрсэн хүмүүс шинэ хэл сурахдаа тухайн хэл тус бүрийг тархины өөр өөр хэсэгт боловсруулдаг болохыг судалгаагаар тогтоосон байна.

Шинэ хэл сурах нь хөгжмийн зэмсэг тоглож сурах, судоку бөглөх, эсвэл тоо бодохтой адил, тархийг идэвхтэй ажиллуулж, зөнөгрөл, тэр дундаа Алцхаймерын өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж үздэг. Шотландын Эдинбургийн их сургуулийн судалгаагаар, хоёр хэлтэй хүмүүс зөнөгрөх өвчнөөр өвчлөх нь нэг хэлтэй хүмүүсээс дунджаар 4.5 жилээр хожуу байгааг баталжээ.

Энэхүү судалгаанаас сонирхолтой үр дүн ч гарсан байна. Боловсрол зөнөгрөх өвчнөөс сэргийлдэг гэдгийг бид хэдийн мэднэ. Гэтэл Энэтхэгийн Хайдерабад хотын иргэдийн дийлэнх нь бичиг үсэггүй, сургуульд сураагүй ч тэдний ихэнх нь хос хэлээр ярьдаг. Судалгааны үр дүнд, ямар ч боловсролгүй мөртөө хос хэлээр ярьдаг хүмүүс зөнөгрөх өвчнөөр өвчлөх магадлал нэг хэлээр ярьдаг боловсролгүй иргэдээс 6 жилээр хожуу байсан бол боловсролтой хос хэлтнүүдэд энэ тоо дунджаар 4 жилээр хожуу байсан нь тогтоогджээ.

Судалгааг хэрэгжүүлсэн Эдинбургийн Их сургуулийн профессор, тархи судлаач Томас Х. Бак хэлэхдээ “Тархины эрүүл мэндэд хожуу хэл сурах нь эрт сурахаас илүү үр өгөөжтэй байж болно. Учир нь бид хожуу сурах тусам илүү махарч, тархиа их ажиллуулах хэрэг гарна шүү дээ” хэмээн онцолсон байдаг.

4. Сул тал байгаа юу? 

Мэдээж хөгшрөхийн хэрээр бидний аливаа шинэ мэдээллийг хүлээж авах чадвар бага багаар буурдаг. Тиймээс хэл сурахад толгойн өвчин болж болох хамгийн том хүндрэл бол хэл зүйн дүрэм юм. Англи хэл сурахад хорь гаруй цагийн хувиралтай гэхээр л үстэй толгой арзайдаг шүү дээ. Энэ нь бидний тархи шинэ зүй тогтол, шинэ дүрэм, бүтцийг хүлээж авах чадвараа аажим алдаж буйг харуулж буй.

Энэ өгүүлбэрийг юу гэх билээ? “Энгийн одоо цаг”-аар хэлэх нь зөв үү эсвэл “Одоо үргэлжилж буй цаг”-аар хэлэх ёстой юу? гэхчлэн хэл зүйн дүрмийн асуултууд жил ирэх тусам бидний толгойг гашилгах нь олонтаа. Тиймдээ ч үүнээс зугтаан “дүрэмгүй хэл сурах арга” зэрэг сургалтын шинэ арга барил нэвтрээд буй. Аливаа хэлийг мэддэг байна гэдэг нь үндсэн хоёр төрлийн чадварыг эзэмшсэн гэсэн үг. Нэг нь идэвхтэй чадвар буюу ярих, бичих бол нөгөө нь идэвхгүй сонсох, унших чадвар юм.

Эдгээр чадваруудыг эзэмших хугацаа оройтох тусам харилцан ижил түвшинд хөгжих боломж нь багасдаг. Ийм учраас хэдийгээр бид хүүхдүүдээс илүү өргөн үгийн баялгаар тухайн хэлээр ярьж, бичих, илүү олон цагаар махарч суух, илүү зөв, цэгцтэй (насанд хүрсэн хойно бидний ихэнх нь Зүүн тархиараа шинэ хэлийг боловсруулдгаас үүдэж) байдлаар өөрийгөө илэрхийлэх боломжтой ч тэдэн шиг “цэвэр” дуудлагатай болох нь бараг л боломжгүй гэдгийг санаарай.

Учир нь хэл бол бидний биеийн хамгийн булчинлаг эрхтэн. Бид он жилийн явцад хэвлийн зургаан булчингаа хадгалж чаддаггүй шиг хэл ч он цаг өнгөрөх тусам шинэ булчин хөгжүүлэх чадвараа алддаг жамтай.

Тиймээс ч он жил өнгөрөх тусам бидний хэл булчинлаг байдлаа алдсаны улмаас “бохир дуудлага”-тай болдог байх нь.

5. Хэл сурахад хэр их хугацаа шаарддаг вэ? 

Ямар ч хэлийг хүн бүрэн дүүрэн сурна гэдэг боломжгүй. Судалгаагаар хүн эх хэлээ төгс эзэмшихэд хамгийн багадаа 30 жил зарцуулагддаг гэж дүгнэжээ. Пенсилваниагийн Их сургуулийн профессор Чарльз Янг “Бид өсвөр насандаа эх хэлнийхээ ч хэл зүйн дүрмийг сайн ойлгодоггүй. Он жилийн явцад л бидний хэлний хэрэглээ цэгцэрдэг шүү дээ” хэмээсэн байдаг.

Гэхдээ та санаа зовох хэрэггүй. Заавал төгс төгөлдөр ярьж сурах шаардлага хүн бүхэнд байхгүй учир та хэрэглээ, хэрэгцээндээ тохируулан хүссэн хэлээ суралцахад тийм ч урт хугацааг элээхгүй. Сонирхолтой баримт дурдахад, ямар ч хэлний хамгийн өргөн хэрэглээний 1000 үгийг цээжлэхэд тухайн хэлний бичвэр ба ярианы 80 хувийг ойлгодог гэдэг.

Ингээд бидний хамгийн өргөн суралцдаг таван хэлний тодорхой түвшинд хүрэхэд дундаж шаардагдах хугацааг сонирхуулъя (Долоо хоногт 10-20 цаг суралцахаар тооцов ).

- Англи хэл: 1-2 жил (B1-B2; IELTS 4.5-6)

- Хятад Мандарин: 2-3 жил (HSK 5-6)

- Орос: 1 жил (B2)

- Япон: 6 сараас 1 жил (JLPT N4)

- Солонгос: 1-1.5 жил (TOPIK 4)

Төгсгөлд нь, аливаа хэлийг сурахад нас оройтно гэж санаа зовох нь бага хөдөлмөрлөж, аль болох хичээхгүйхэн шиг хэл сурах хүслээс үүдэлтэй юм. Уг нь бид хичээл зүтгэл гаргаж чадвал ямар ч хэлийг хэдэн ч насандаа сурах боломжтой шүү. Хөтөлгөө морьтой бол газрын холыг туулдагтай адил хос хэлтэй хүн эрдмийн замыг хурдан хороох нь лавтай. Ингээд таны гадаад хэл сурах аянд амжилт хүсье.