Хэл сурах гэдэг зөвхөн энэ цагийн толгойн өвчин уу? Эрт дээр үед хүмүүс хэл сурах шаардлагагүй байсан юм болов уу? Англи хэл сурахаас цааргалсан хүмүүс бүр “Чингис хаан эзэнт гүрнийхээ иргэдэд монгол хэл сурахыг тулгасан бол өдийд монгол хэл дэлхийн хэл болчихсон бид ингэж зовохгүй сэн” гэж хошигнож басхүү халаглаж байхыг цахим сүлжээний хаа нэгтээ уншиж байсан уу? 

Хүн төрөлхтөнд цаг ямагт нэг нэгэнтэйгээ харилцах, худалдаа наймаа хийх, гэрээ хэлэлцээр байгуулахын тулд эх хэлнээсээ өөр нэгэн хэл сурах хэрэгцээ шаардлага байсаар ирсэн нь мэдээж. Тэгвэл тэдгээр хүмүүс ямар ч Google Translate, Busuu, Duolingo-гүй хэрхэн хэл сурч байсан бол? Тэдний хэрэглэж байсан аргыг өнөө цагт ашиглаж болох уу? 

Эрт үеийн хэл “солилцоо” 

Эртний Грекчүүд өөрсдийн эх хэлээ л дээдлэн гадаад хэл сурахыг төдийлөн таашаадаггүй байсан ч тэдний цор ганц эх хэлнээсээ гадуур сурахыг эрмэлздэг асан хэл нь Латин хэл буюу тухайн үеийн хүчирхэг гүрэн болох Ромын эзэнт гүрний хэл байжээ. Харин Ромчууд Грек хэлийг сурахыг тун их хичээдэг байсан гэдэг. Гэхдээ энэхүү хоёр талын иргэдэд аль алинд нь нэг нь нөгөөгийнхөө хэлийг мэдэх нь бахархууштай зүйлд тооцогддог байв. Эртний Ромын их сэтгэгч, улс төрчид болох Цицеро, Цезарь, Агустус нар Грек хэлээр чөлөөтэй ярьж, бичдэг байжээ.



Харин эртний дорно дахинд хятад хэлийг Япон, Солонгос зэрэг улс суралцан, шашин, урлаг, философи, архитектур зэрэг бүхий л мэдлэг, гүн ухааныг өөрсдөдөө нэвтрүүлж байсан гэнэ. Түүнээс гадна тэд хятад бичиг үсгийг авч хэрэглэж эхэлсэн бөгөөд Япон улс өдгөө ч ханз үсгээр өөрсдийн хэлээ тэмдэглэн буулгадаг. Зүүн өмнөд Азийн мөн олон орноос хятад бичгээр тэмдэглэн үлдээсэн олон арван “үл таних” буюу устаж үгүй болсон хэлний эд өлгийн дурсгалууд олдсоор буй. Тэдгээрийн ерөнхий утгыг ханз үсгээр хөөн тайлах боломжтой ч тэрхүү хэл хаанаас үүссэн, ямар авиа дуудлагатай байсныг мэдэх боломжгүй юм. Ямартаа ч дорно дахинд ч мөн нэг нэгнийхээ хэлийг сурах үйл олон мянганы өмнөөс эхтэй бололтой.


Эрт үед хүмүүс хэрхэн хэл сурч байсан бэ? 


1. Эх хэлтэйгээ харьцуулан цээжлэх 

Эртний хүмүүсийн гадаад хэл сурах арга тун энгийн бөгөөд басхүү үр дүнтэй байж. Анхлан суралцагч нар тухайн сурч буй хэл дээрээ өдөр тутам хэрэг болох сэдвүүдээр бичигдсэн энгийн амархан эх бичгүүдийг (сургуулийн дүрэм журам, ажил эрхлэх гарын авлага) давтан уншин, цээжилж нэг ёсны амны уншлагаа болгодог байсан аж. Мөн өрнийн орнуудад сурч буй хэлээ эх хэлтэйгээ зэрэгцүүлэх буюу нэг талд нь гадаад хэлээрээ нөгөө талд нь эх хэлээрээ орчуулгыг нь бичээд тулган уншиж нүдэлдэг байв. Одоо цагт энэ аргыг хэрэглэсэн шинэ үгийн номууд мөн олширсон байдаг.

2. Дүрэм нүдэх 

Түүнээс гадна хэл зүйн дүрмийг маш их чухалчлан суралцдаг байсан гэнэ. Өдгөө хэл сурах аргуудад хэл зүйн дүрмийг төдийлөн хайхрахгүй байх буюу шууд шинээр хэлд орж буй мэт суралцах зэрэг аргуудыг өндөр үр дүнтэй хэмээж байгаа бол эртний хүмүүс хэл зүйн дүрэм болон тухайн хэлнийхээ зүй тогтлыг нарийн ажиглан, шинжилж сурахыг тун үр дүнтэй арга хэмээн боддог байсан аж. Угаас бид нас бие гүйцэх тусам аливааг уялдаа холбоогоор нь, зүй тогтлоор нь, логик учраар нь тайлж, ойлгож, суралцах хандлагатай болдог билээ.


НТӨ I мянганд хамаарах Финики бичиг


3. Шууд цээжлэх 

Энэхүү аргыг сүм хийдийн лам нар өргөн ашигладаг байжээ. Урт бичвэрийг тухайн хэлний ямар ч мэдлэггүй ч бүтнээр нь цээжлэнэ гэсэн үг. Сурах гэж буй хэлнийхээ цагаан толгойг нүдэлсний дараанаас шууд л хэдэн зуун хуудас ном бүтнээр нь тогтооно гэсэн үг. Тухайн номынхоо хуудас нэг бүрийн яг цав тогтоосны дараа түүнийгээ эх хэл рүүгээ орчуулж эхлэх, эсвэл бэлэн орчуулгатай нь танилцан, гадаад эхтэй нь тулгадаг аж. Ингэснээр аль хэдийн цээж, ой тойнд буучихсан хэдэн мянган үгийн сантай болчихдог байсан гэдэг.

Өрнийн лам хуврагууд Хомерын туульсаас эхлээд Виргиль зэрэг нэр хүндтэй яруу найрагчдын бүтээлийг түлхүү тогтоодог байсан нь яруу найраг давтамж өндөртэй, хэмнэл ихтэй байдаг тул урт уртаар нь цээжилж тогтооход амар байдгаас үүдэлтэй гэсэн таамаг бий.


XIII зуунд хамаарах гар бичвэр

4. Утга зүйгээр нь үг цээжлэх 

Өдгөө бид сурахыг хүсэж буй хэлнийхээ хамгийн өргөн хэрэглээний үгсийн жагсаалтыг харж байгаад л арав хориор нь цээжилж гардаг шүү дээ. Үнэхээр тухайн хэлний хамгийн өргөн хэрэглээний 1000 үгийг мэдчихэд өдөр тутмын яриа, бичвэрийн 80 хувийг нь ойлгодог болдог гэсэн баримт бий. Жишээ нь, япон хэлний хамгийн өргөн хэрэглээний 1000 ханзыг цээжлэхэд бараг л сонин унших хэмжээнд буюу 70 орчим хувьтай бүрэн бичиг үсэг тайлагдана гэдэг.

Харин эртний хүмүүс үг цээжлэхдээ утга зүйгээр нь ангилан цээжилдэг байжээ. Энэ арга ч гэсэн өнөөдөр өргөн хэрэглэгддэг. Үг цээжлэхдээ сургуультай холбоотой үг, гал тогооны үг, гэрийн тавилгатай холбоотой үгс гэх зэргээр утгаар нь ангилах нь богино хугацаанд үгийн баялгаа нэмэгдүүлэх үр дүнтэй арга гэж эртний хүмүүс үздэг байсан аж.

5. Бодит туршлагаасаа 

Тухайн үеийн хэлний мэргэжилтнүүд бусдад зааж буй хэлээ төгс төгөлдөр мэддэг байсан гэх боломжгүй бөгөөд сурагчид нь ч академик аргаар ямар нэгэн хэлийг бүрэн төгс эзэмших боломжгүй байсан нь лавтай. Мөн тухайн үед ямар нэгэн хэлийг эрдмийн зэргийн түвшинд сурч судлах сонирхол, хэрэгцээ шаардлага бага байсан бөгөөд хэл сурах үндсэн шаардлага нь арилжаа наймаа эрхлэх байсан гэж хэлж болох юм.

Тиймээс худалдаачид гарын арван хуруунд багтах үгнүүдийг цээжлэх нь тун хялбар бөгөөд ухаалаг үйлдэл болдог байж. Сууриа тавьсан байхад гүнзгийрүүлэн сурах хавьгүй дөхөм болно. Энэ нь мэдээж бодит туршлага буюу бидний хэлж заншсанаар “практик” арга барил юм. Ер нь хүн төрөлхтний түүхэнд үндэстэн хоорондын хэл, соёлын солилцоонд худалдаачид хамгийн өндөр үүрэг гавьяаг байгуулсан байдаг. Бид өдгөө энэхүү аргыг “орчинд нь очиж сурах” гэдэг билээ.


Төгсгөлд нь Монгол Улсын хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн, доктор профессор, Монгол Улсын Гавьяат багш Ч.Лувсанжавын “Герман хэл өөрөө сурах бичиг” (1975) бүтээлийн доторх гадаад хэл сурах хүсэлтэй хүмүүст зориулсан зөвлөгөөнөөс гурвыг нь онцлон хуваалцаж байна. Таны хэл сурах алсын аянд амжилт хүсье.

Монгол Улсын хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн, доктор профессор, Монгол Улсын Гавьяат багш Ч.Лувсанжав

1. Гадаад хэлийг нэг л суръя хэмээн бариваас өдөр алгасалгүй тогтмол үзвэл таарна. Учир иймд гадаад хэлийг зорилготой, зоригдохуунтай бас зоригтой үзвээс зохилтой.

Наран ээвэр, гэдэс цатгалан цагт, хүн үзэхээр бас л тэгдэг юм байх хэмээн сайн саваагүйн хүчээр нэг өдөр бариад, муу залхуугийн эрхээр нэг өдөр хаядаг сорьж сонгож байгаа юм шиг аястай чиг баггүй хүн гадаад хэлийг түм наславч сурахгүй. Нэгэн өдөр нэг хичээлийг нэг амиар эс барав гэхэд хооронд нь хоног алгасалгүй үзсээр байгаад номынхоо цаад талд нь гарвал зохино.

2. Гадаад хэл нэг барьсан хүн амралт, чөлөө томилолтын хугацаанд ч тавьж орхилгүй үзвэл л сурч чадна. Олон өдөр нэгэнт үзсэн гадаад хэлээ үзэлгүй алгасарвал юутай гэмшилтэй болохыг өгүүлэхээн больё гэхэд ганц хоёрхон өдөр үзэлгүй өнжихөд түрүүчийн үзэж байсан нь бараг хуу алга болчихдог номтой юм шүү. Тиймээс хэл, юу ч сурсан мөрний урсгал шиг үргэлжийн нөр хичээнгүй нэн хэрэгтэй.

3. Хичээл дасгал унших зүйлийг үзэхдээн үг өгүүлбэр бүрийг нэгд нэгэнгүй ухааран мэдээд цааш явах нь тун эрхэм. Бүдүүн тоймоор болж л байх шиг байна хэмээн гүжирдэн үзэж хий яаран "норм” хөөж үл болно.

Урьд үзсэнээ ахин дахин үзэх бас сайн. Урьдахиан мэдэхгүй бол гэнэт хойтохи шинэ хичээлтэйгээн тулгарах нь нүүдлээрээ нутаг үзэж яваа айл дов сондуулаан тойрч чадахгүй лүгээ адил болно.

4. Гадаад хэлийг яаж сурваас амар буй, ямар хэл сурахад ямар вэ гэдэг. Чингэж асуусан улсын ихэнх нь зовлонгүй амар сурах арга юу байна хэмээн эрэлхийлэн асуудаг шиг янзтай. Хариу нь: Ихээхэн зовоод түргэн сурсан нь дээр шиг байлтай.

Амрын нь хувьд хэмээвээс сурахад тийм амархан амарчлуулчихан элэг барихад амттай хэл гэж байхгүй байх. Гагцхүү сурагч эзний арга нь зөв байгаад сурдаг цагтаан хичээнгүй нь бат аваас амар хэмээн тэр буйзаа.