Өнгөрсөн долоо хоногт бүтээлч салбарын Оскар хэмээн тодорхойлж болох Cannes Lions 2025 Францын Канн хотноо болж өндөрлөв. Энэ жилийн хувьд уг арга хэмжээнд Монгол шүүгч анх удаа ажилласнаас гадна залуу маркетеруудын Young Lions-д монгол баг оролцож буй гэдгээрээ онцлог.
Манай редакцын баг өнгөрсөн хавар болсон Young Lions Competitions Mongolia-д оролцож 3-р байр эзэлснээс хойш энэхүү наадмыг ихэд сонирхох болсон юм. Энэ жилийн ялагчдыг зөвхөн өөрсдөө харж, шинэ санаа сэдлээр тархиа цэнэглээд зогсолгүй уншигч та бүхэнтэй ч гэсэн дэлхийн нийтэд нөлөөлж байгаа, хамгийн энгийн атлаа нөлөөтэй, галзуу атлаа сонирхолтой бүтээлч ажлуудыг тоймлон хүргэж байна.
Энэ жилийн Cannes Lions-д дэлхийн өнцөг булан бүрээс 26,900 бүтээлч ажил 30 гаруй төрөлд иржээ. Төрөл тус бүрд хэд хэдэн бүтээлд алтан, мөнгөн, хүрэл арслан гэсэн шагналууд олгодгоос гадна шилдгийн шилдэг нэг бүтээлч ажилд Grand Prix буюу Гранпри шагналыг олгодог билээ. Иймд манай редакц хамгийн сонирхолтой 12 Гранпри шагналыг онцлон хүргэе.
Нийтлэлээс та маркетинг гэдэг зөвхөн бараа бүтээгдэхүүн зарж борлуулах бус бодит өөрчлөлт авчрах хэрэгсэл, хүч гэдгийг ойлгоно гэдэгт итгэлтэй байна.
Холбоотой нийтлэл: KMG Creative Group-ийн Гүйцэтгэх захирал Т.Энхбаясгалан
Music: Ганц секунд
Олон нийтийн сүлжээнд видео сурталчилгаа гарч ирэхээр бид ихэвчлэн өнждөг. Иймд Budweiser шар айраг сонирхолтой нэгэн сурталчилгаа бүтээжээ. Энэ бол ганц секундийн урттай сурталчилгаа. Тус брэнд “дуу хөгжим бүрийн ард байдаг шар айраг” хэмээх үзэл санаагаа улам түгээхээр хамгийн алдартай дуунуудын эхний нэг секундийг тоглуулаад хэрэглэгчдийг тааж чадах эсэхийг сорьжээ. Ингээд хэрэглэгчид дууг таан сэтгэгдэл бичиж, цааш түгээж, найз нөхөд рүүгээ илгээх зэргээр “жинхэнэ фен” гэдгээ баталж, сошиал орчинд давлагаа үүсгэсэн байна. Нэмээд алдартай дууны ганц л секундийг ашигласан тул оюуны өмчийн төлбөр ч төлөх шаардлагагүй байж.
Outdoor: Дэлгэцээс завсарлага ав
KitKat брэнд 65 жилийн түүхтэй “Завсарлага ав” үзэл санаагаа орчин цагтай уялдуулж чадлаа. Тэд орчин цагийн хамгийн том асуудал болсон дэлгэцийн хамаарлаас завсарлага авахыг сануулсан зураг авалтууд хийж, олон нийтийн хамгийн их утсаа оролддог байршлуудад хэвлэжээ. Ингэхдээ бүтээгдэхүүнээ байршуулсан тул ямар ч лого, нэмэлт текст байрлуулаагүй аж.
Print & Publishing: Үнээ бич!
Хямд үнэтэй бараа, бүтээгдэхүүнээрээ алдартай Германы Penny сүлжээ дэлгүүр гэнэтийн үнийн өсөлт, инфляц, худалдан авагчдад тулгарч буй санхүүгийн ойлгомжгүй байдал зэрэгтэй уялдуулж, нэрийн бүтээгдэхүүнүүдийнхээ үнийг савлагаа дээр нь томоор хэвлэжээ. Үүний ачаар сүлжээ дэлгүүрийн борлуулалт үлэмж нэмэгдэж, хэрэглэгчдээс сайшаал магтаал ихэд хүртсэн байна.
Design, Digital Craft, Brand Experience & Activation: “Сонсогддог” хадмал
Дэлхий дахинаа 430 гаруй сая хүн сонсголын бэрхшээлтэй байдаг аж. Тэд кино үзэхдээ хадмал (subtitle) ашигладаг ч хар хүрээтэй, цагаанаар бичсэн хадмал тухайн киноны уур амьсгал, дүрийн сэтгэл хөдлөл, харилцан ярианы мэдрэмжийг бүрэн илэрхийлж чаддаггүй байна. Иймээс хадмалын шинэ стандартыг боловсруулжээ. Уг стандарт нь хадмалын үг бүрийг цаг хугацааны дарааллаар харагдах, дүрийн сэтгэл хөдлөлөөс хамаарч фонтын хэмжээ өөрчлөгдөх, ярьж байгаа хүнийг ялгахын тулд олон өөр өнгөтэй болох зэрэг боломжийг бүрдүүлсэн байна.
Film Craft: Нутгийн индианууд
Film Craft: Нутгийн индианууд
Австралийн хамгийн том үүрэн сүлжээний компани Telstra орон даяар сүлжээтэй гэдгээ харуулах үүднээс 26 богино хэмжээний видео сурталчилгаа бүтээжээ. Эдгээр хөгжилтэй сурталчилгаа нь Австралийн хамгийн буйдхан хэсгүүдийн ан амьтад, байгаль орчин, соёл уламжлалыг харуулна. Түүнээс гадна дуу оруулсан жүжигчид нь ч тухайн бус нутгийн оршин суугчид гэнэ.
Creative Data: Жинхэнэ хэмнэлт
Эрчим хүчний хэмнэлтгүй, хуучирсан цахилгаан бараа ашиглах нь тогийн зардлыг ихэсгэж, Бразилын бага дунд орлоготой иргэдэд санхүүгийн дарамт болдог аж. Үүнийг шийдэхийн тулд Consul брэнд эрчим хүчний хэмнэлттэй, хамгийн сүүлийн үеийн гэр ахуйн цахилгаан бараануудаа урьдчилгаа төлбөр худалдаж эхэлжээ. Харин хэрэглэгчид шинэ төхөөрөмжийнхөө тусламжтай хэмнэсэн тогийн төлбөрөө сар бүр төлөх юм. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч ямар ч нэмэлт зардал гарахгүй, хэмнэсэн мөнгөө төлсөөр хэсэг хугацааны дараа шинэ, хэмнэлттэй цахилгаан бараатай болж чадсан байна.
Media, Glass: The Lion for Change & Creative Strategy: Жинхэнэ гоо үзэсгэлэн
Media, Glass: The Lion for Change & Creative Strategy: Жинхэнэ гоо үзэсгэлэн
Dove брэнд 20 жилийн өмнөөс брэндийн сурталчилгаандаа зөвхөн супер моделиуд биш бүх төрлийн эмэгтэйчүүдийг оруулахаа танилцуулж байв. Тэгвэл тэд энэ жил Pinterest-тэй хамтран хэрэглэгчид өөрсдийн хувьд юуг гоо үзэсгэлэн гэж боддогоо сонгож, өөрийн feed-ээ өөрчлөх боломжийг бүрдүүлжээ. Түүнээс гадна уг мэдээлэл дээр үндэслэн гоо үзэсгэлэнг явцуу утгаар биш өргөн хүрээнд харж чаддаг хиймэл оюуны загварыг ч сургасан байна.
PR: Азын тасалбар
Энэтхэгчүүдийн 41 хувь нь галт тэргээр зорчихдоо тасалбар авдаггүй гэнэ. Үүнийг шийдэхийн тулд жилдээ 8.7 тэрбум зорчигчид үйлчилдэг Indian Railways компани тасалбар бүрээ сугалаатай болгожээ. Учир нь энэтхэгчүүд цаасан сугалааг олноор худалдан авдаг байна. Үр дүнд нь тасалбарын борлуулалт 24 хувиар өсөж, 700 орчим сая долларын орлогыг нэмэлтээр олж чаджээ.
Health & Wellness, Social & Creator: Баталгаатай арга
Health & Wellness, Social & Creator: Баталгаатай арга
150 гаруй жилийн түүхтэй Vaseline-ийг төрөл бүрийн байдлаар ашиглах нууц аргуудыг олон нийтийн сүлжээнд ихэд тарах болжээ. Үүнийг Vaseline маш ухаалгаар ашиглаж “Vaseline Verified” ажлыг эхлүүлжээ. Энэхүү ажлын хүрээнд контент бүтээгчдийн хуваалцсан элдэв аргыг албан ёсоор туршиж, үнэхээр ажиллаж байвал баталгаажуулаад зогсохгүй, тухайн бүтээгчид нь борлуулалтын хувь ч олгож эхэлсэн байна.
Sustainable Development Goals: Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй
Амазоны ширэнгэн ойг хамгаалахын зэрэгцээ уг ой модноос амьжиргаа нь хамааралтай нутгийн иргэдийг ч бодсон шийдлийг Natura гоо сайхны брэнд эхлүүлжээ. Ингэхдээ тэд 400 м.кв талбайд ургаж буй 30,000 гаруй модыг дрон болон хиймэл оюуны тусламжтай ердөө 6 сарын дотор бүртгэсэн байна. Уламжлалт аргаар бол энэ ажилд 25 жил шаардлагатай гэнэ. Энэхүү мэдээллээ нутгийн иргэдтэй хуваалцсанаар тэд гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд шаардлагатай жимсний модыг хялбар олж тогтоох, цаашилбал байгалийн зүй тогтлыг алдуулахгүй жимс хураах боломжтой болсон байна.
Entertainment Lions For Sport: Өшөөгөө ав
Clash of Clans тоглоом Норвегийн алдарт хөл бөмбөгчин Эрлинг Хааландтай хамтран спортын фенүүдэд зориулсан нэгэн сонирхолтой ажлыг хийж, ганцхан долоо хоногийн дотор 2,8 сая шинэ тоглогчтой болжээ. Тэд хүссэн тоглогч нь Хааландын Clash of Clans тоглоомын баазыг сүйтгэх боломж бүрдүүлсэн юм. Ингэснээр Хааландын фенүүд гэлтгүй үзэн ядагч нар нь ч түүнээс өшөөгөө авах боломжтой болсон хэрэг.
Монголоос Арслан төрөх болтугай!