Монгол Улсад дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүд нь залуусын боловсролд асар их ач холбогдолтой. 2023 оны байдлаар улсын болон хувийн их, дээд сургуулиудад 150 мянга гаруй оюутан суралцаж байгаа бөгөөд тэдний 30 орчим хувь нь санхүүгийн дэмжлэг авах шаардлагатай гэсэн судалгаа бий. Тэтгэлэг нь оюутнуудын сургалтын зардлыг хөнгөрүүлж, чанартай боловсрол эзэмших боломжийг тэлдэг төдийгүй карьераа амжилттай эхлүүлэх чухал дэмжлэг болдог билээ.

Энэ удаагийн нийтлэлээр дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүдээс онцлох хөтөлбөрүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр бэлдлээ.

1. голомт банкны оюутны тэтгэлэгт хөтөлбөр


ГОЛ ЗОРИЛГО

Дотоодын бизнесийн байгууллагууд дундаас “Сайн сайхныг санхүүжүүлэгч” уриатай Голомт банк хамгийн анх 2003 онд оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн билээ. Үе үеийн оюутнуудын дунд хамгийн нэр хүндтэй, тэр хэмжээгээрээ ширүүн өрсөлдөөнтэй энэхүү тэтгэлэг нь 20 жилийн ойн дээрээ “Ажилтай – Тэтгэлэгтэй оюутан” тодотголтойгоор хөтөлбөрөө шинэчлэн зарласан байна.

Улс эх орны тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах, боловсролыг дэмжих, оюутан залууст санхүүгийн болон тэдний хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор эхлүүлсэн уг тэтгэлгийн хүрээнд өнгөрсөн хугацаанд Монгол Улсын 50 гаруй их, дээд сургуулийн 1,800 гаруй оюутанд 1.1 тэрбум гаруй төгрөгийн сургалтын тэтгэлгийг олгоод байгаа юм.

Энэ жилийн онцлог:

Өмнө нь нэг оюутанд нэг сая төгрөгийн тэтгэлэг олгодог байсан бол энэ жилээс тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлж хоёр сая төгрөг олгохоор болсон

Тэтгэлэгт оюутан \мэргэжлийн чиглэлийн\ Голомт банканд бүтэн болон хагас цагаар шууд ажиллаж эхлэх боломжтой

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутанд суралцаж буй мэргэжлийн чиглэлийг харгалзахгүй, голч дүнгийн босго тавихгүй.


Би 2010 онд, гуравдугаар дамжааны оюутан байхдаа “Оюутны тэтгэлэгт хөтөлбөрт”-т шалгарч, улмаар сургуулиа төгсөөд Голомт банканд ажилд орох урилга хүлээн авч байлаа. Тухайн үед ч тэр, одоо ч тэр уг тэтгэлэг оюутнуудын дунд маш өндөр нэр хүндтэй байдаг. Тиймдээ ч тэтгэлэгт шалгарсны дараа энэхүү нэр хүндийг хадгалж явахын тулд голч дүнгээ бууруулахгүй байхаас эхлээд олон хариуцлага дагалдан ирдгээрээ Голомт банкны тэтгэлэгт хөтөлбөр ижил төрлийн тэтгэлгүүдээс ялгардаг.

Зөвхөн санхүүгийн дэмжлэг аваад зогсохгүй нэр хүнд болон карьераа зөв эхлүүлэх, салбарынхаа мэргэжилтнүүдтэй холбогдох боломжийн үүд хаалга нээгддэг хэмээн ойлгож болно.

Голомт банкны 2010-2011 оны "Оюутны тэтгэлэг хөтөлбөр"-ийн оролцогч А.Анхил /Голомт банкны Маркетингийн хэлтсийн захирал/

ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШАЛГУУР:

Тэтгэлэгт хөтөлбөрт давхар хамрагдаагүй байх

Тасралтгүй суралцах чадвартай, хариуцлагатай, манлайлагч оюутан байх

6 сараас доошгүй хугацаагаар ажлын 4-өөс доошгүй өдөр ажиллах боломжтой байх

ХАМРАХ ХҮРЭЭ:

Дотоодын их, дээд сургуулийн III болон түүнээс дээш дамжааны оюутан байх

ТЭТГЭЛГИЙН ХЭМЖЭЭ:

Жилийн хоёр сая төгрөг

БОЛОМЖИТ ОЮУТНЫ ТОО:

100

ОДОО ИДЭВХТЭЙ ЭСЭХ:

Идэвхтэй.

Тэтгэлгийн материал хүлээн авах сүүлийн хугацаа:

2024 оны аравдугаар сарын 13-ны 23:59 цаг

Материалаа энэ холбоосоор илгээгээрэй.

2. шинэ монгол-мабүчи тэтгэлэг


ГОЛ ЗОРИЛГО:

Шинэ Монгол-Мабүчи сан нь 2015 онд Олон улсын Мабүчи тэтгэлгийн сангийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан бөгөөд өдгөө жил бүр 40 оюутанд, оюутан тус бүр 1500 ам.долларын тэтгэлгийг хоёр эсвэл дөрвөн жилийн хугацаатайгаар олгодог билээ.

Өнгөрсөн есөн жилийн хугацаанд уг сан нь 21 аймаг, есөн дүүргээс дотоодын 30 гаруй их дээд сургуульд суралцаж буй нийт 316 оюутанд 1,138,000 ам.долларын тэтгэлгийг олгоод буй.

Тэтгэлэг авсан оюутнуудын хувьд их дээд сургуулиа төгссөнөөс нэг жилийн дараагаас тэтгэлгийн эргэн төлөлтийг сар бүр, аль болох өөртөө санхүүгийн дарамтгүйгээр эргэн төлөх учиртай. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн тэтгэлэг авсан оюутан дараа үеийнхээ тэтгэлэг олгогч буюу таны эргүүлж төлсөн тэтгэлэг өөр нэгэн оюутанд тусламж болон очдог гэсэн үг.

ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШАЛГУУР:

Дотоодын их, дээд сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн оюутан байх;

Бакалаврын хөтөлбөрөөр суралцагч суралцах нийт хугацаандаа 3.2 ба түүнээс дээш голч оноотой үнэлэгдсэн байх

ХАМРАХ ХҮРЭЭ:

Нийт 5 жилээр суралцдаг оюутнуудын хувьд II болон IV дамжааны оюутан (Жишээ нь: МУИС-Хууль зүйн сургуулийн оюутнууд 5 жилээр суралцдаг учир 2 болон 4 дүгээр түвшний оюутан тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой.)

Нийт 6 жилээр суралцдаг оюутнуудын хувьд III болон V дамжааны оюутан (Жишээ нь: АШУҮИС-ийн оюутнууд)

Бусад их дээд сургуулиудын хувьд I болон III дамжааны оюутан байх

Мэргэжил, салбар харгалзахгүй

ТЭТГЭЛГИЙН ХЭМЖЭЭ:

Оюутан байх хугацаандаа жил бүр 1 оюутан 1500 ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөгийн тэтгэлэг авна.

БОЛОМЖИТ ОЮУТНЫ ТОО:

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй дотоодын их, дээд сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн 30 оюутан

Kooсэн сургуулийн оюутан 10 оюутан

ОДОО ИДЭВХТЭЙ ЭСЭХ:

Идэвхгүй. Жил бүрийн наймдугаар сард сонгон шалгаруулалт эхэлдэг.

Эндээс дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

3.  шударга ёсыг бадраах сангийн тэтгэлэг 


ГОЛ ЗОРИЛГО:

“Шударга Ёсыг Бадраах Сан” ТББ нь "Санхүүгийн Зохицуулах Хороо"-ны анхны дарга Д.Бадраа агсны ажил үйлсийг үргэлжлүүлэх, ирээдүйн бизнес, санхүүгийн салбарт шударга залуусыг бэлтгэх зорилгоор 2006 оноос эхлэн оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож эхэлсэн юм.

Сүүлийн жилүүдэд санхүүгийн салбарт технологийн хэрэглээ хурдацтай нэмэгдэж буйн хэрээр санхүүгийн зах зээлд мэдээлэл, технологийн өндөр чадвар чухлаар тавигдаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор ШЁБС нь энэхүү хичээлийн жилд МУИС-ийн МТЭС-ийн сургууль болон ШУТИС-д мэдээлэл технологийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад нэмэлтээр тэтгэлэг олгохоор болжээ.

Хөтөлбөрт хамрагдсанаар:

Сургалтын төлбөрийн тэтгэлэг хүртэх

Бизнес, санхүүгийн салбарын туршлага бүхий манлайлагчидтай уулзаж, санал бодлоо солилцох

Найз нөхдийн хүрээгээ тэлэх

Нийгмийн оролцоо, манлайлал, хамтын ажиллагааны ур чадвараа сайжруулах

Санхүүгийн үйл ажиллагаанд сар бүр оролцох эрхтэй

ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШАЛГУУР:

Суралцсан хугацааны голч дүн 3.2 болон түүнээс дээш байх

Сангийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, найз нөхдийн хамт сурч хөгжих чин хүсэл эрмэлзэлтэй байх

ХАМРАХ ХҮРЭЭ:

МУИС-ийн Бизнесийн сургууль, МТЭС, Нийгмийн ухааны салбарын Эдийн засаг, мэдээлэл технологийн анги, ШУТИС-ийн мэдээлэл технологийн анги болон СЭЗИС-ийн өдрийн ангийн II, III дамжааны оюутан байх

ТЭТГЭЛГИЙН ХЭМЖЭЭ:

Нэг сая төгрөг

БОЛОМЖИТ ОЮУТНЫ ТОО:

Хамгийн багадаа 30 оюутан. Өнгөрсөн жил 42 оюутан тэнцсэн.

ОДОО ИДЭВХТЭЙ ЭСЭХ:

Идэвхтэй.

Тэтгэлгийн материал хүлээн авах сүүлийн хугацаа:

2024 оны аравдугаар сарын 13-ны 23:59 цаг

Материалаа энэ холбоосоор илгээгээрэй.

4. конрад-аденауэр сангийн тэтгэлэг 


ГОЛ ЗОРИЛГО:

ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сан нь дотоодын шилдэг оюутнуудад зориулсан үндэсний тэтгэлгээ 2015 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй.Энэхүү тэтгэлгээр дамжуулан Монгол Улсад суралцаж буй үндэсний шилдэг оюутнуудад өөрийн хичээл сурлагадаа бүрэн төвлөрч, улс төр болон нийгмийн идэвхээ улам сайжруулах боломжийг олгож буйгаараа давуу талтай. Хэрэв та улс төрд сонирхолтой, нийгмийн үүрэг хариуцлагад суралцах эрмэлзэлтэй, улмаар хөгжиж дэвших хүсэлтэй бол уг тэтгэлгийг заавал сонирхоод үзээрэй.

ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШАЛГУУР:

Монгол Улсын иргэн

25 хүртэлх насны

Нийгмийн идэвхтэй (улс төр, урлаг соёлын эсвэл сайн дурын үйл ажиллагаанд оролцдог)

Монголын их, дээд сургуулийн бакалавр эсвэл магистрын оюутан

Нэгдүгээр дамжаагаа бүрэн төгссөн

Дүнгийн голч 3.0 ба түүнээс дээш

Герман эсвэл англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй (B1 түвшнээс дээш)

Конрад-Аденауэр-Сангийн зохион байгуулж байгаа хурал, сургалт, үйл ажиллагаанд тусалж ажиллах боломжтой байх

ХАМРАХ ХҮРЭЭ:

Тэтгэлгийг улс төр, эрхзүй, эдийн засаг, олон улсын харилцаа, нийтийн удирдлага, түүх, сэтгүүл зүй, философи, шашин судлал зэрэг нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр суралцагч оюутнуудад голчлон олгодог хэдий ч технологи, хэл шинжлэл, анагаах ухааны чиглэлээр суралцагчдад онцгой тохиолдолд олгох боломжтой. Докторын оюутанд тэтгэлэг олгохгүй.

ТЭТГЭЛГИЙН ХЭМЖЭЭ:

Сар бүр 550 мянган төгрөг

Конрад-Аденауэр-Сангийн семинар, хурлуудад оролцох, дадлага хийх эрх зэрэг оюуны дэмжлэг мөн багтана.

ОДОО ИДЭВХТЭЙ ЭСЭХ:

Идэвхгүй. Жил бүрийн долодугаар сард сонгон шалгаруулалт эхэлдэг.

Эндээс дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

 5. ажиа гэгээний нэрэмжит "зөв" тэтгэлэгт хөтөлбөр 


ГОЛ ЗОРИЛГО:

Ажиа Гэгээн бол Төвдийн Хөх нуур аймгаас гаралтай, Америкийн Индиана мужийн “Буддист соёлын төв”-ийн хамба лам билээ. Тэрээр 2006 оноос Монголчуудад зориулсан, сайн үйлсийн ажлыг хийж эхэлсэн юм. Тухайлбал, цусны хавдартай хүүхдүүдэд зориулсан эмнэлэг барьж, 2014 онд “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-д хүлээлгэн өгч байсныг та бүхэн мэдэх нь лавтай. Харин 2019 оноос эхлэн тэрээр олон жилийн турш бодож, төлөвлөсөн хүүхэд, залуучуудад чиглэсэн сайн үйлсээ хэрэгжүүлж, “Зөв” гэх тэтгэлгийг зарласан юм.

“Зөв Тэтгэлэг Сан” нь cурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэл, бусдыг хайрлан эх орон, амьдарч байгаа орон нутаг, олон нийтэд, соёл, өв уламжлалд чиглэсэн аливаа ажилд тэргүүлж буй хэдий ч ар гэрийн санхүүгийн тодорхой бэрхшээлийн улмаас их дээд сургуульд суралцахад хүндрэлтэй байгаа төгсөх ангийн сурагчдад боломж олгож, тэднийг эх орныхоо соёл, уламжлал, байгаль орчин, ард иргэдийн төлөө ажиллаж хувь нэмэр оруулах зүрх сэтгэлтэй иргэн болоход нь дэм болох гол зорилготой.

ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШАЛГУУР:

Монгол улсын 17-18 настай иргэн

Сурлагын дүн 70 ба түүнээс дээш байх,

Ямар нэгэн төрлийн урлаг, спортоор хичээллэдэг байх

ХАМРАХ ХҮРЭЭ:

Монгол улсын их, дээд сургуулийн үндсэн ангид бакалаврын зэргээр суралцахаар эрхээ/батламжаа авсан байх

ТЭТГЭЛГИЙН ХЭМЖЭЭ:

4 жилийн сургалтын төлбөр

БОЛОМЖИТ ОЮУТНЫ ТОО:

10. Энэ жилийн хувьд 16 оюутан тэнцсэн.

ОДОО ИДЭВХТЭЙ ЭСЭХ:

Идэвхгүй. Жил бүрийн долоодугаар сард сонгон шалгаруулалт эхэлдэг.

Эндээс дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

6. ok bae&jung сангийн нэрэмжит тэтгэлэг 


ГОЛ ЗОРИЛГО:

МУИС болон БНСУ-ын Апру Эф Жи сангийн 2012 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу OK BAE & JUNG сангийн нэрэмжит тэтгэлгийг жил бүр зарладаг уламжлалтай.

Энэхүү тэтгэлгийн гол зорилго нь Монгол, Солонгос хоёр орны харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хөгжүүлэх хүрээнд МУИС-д идэвхтэй суралцаж буй, эдийн засгийн хүндрэлээс үл шалтгаалан мөрөөдөлдөө хүрэх чин хүсэл эрмэлзэлтэй нийгмийн идэвхтэй, авьяаслаг, сурлага сайтай суралцагчид дэмжлэг үзүүлэх явдал юм.

ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШАЛГУУР:

Сүүлийн улирлын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх

Өмнө нь сургалтын төлбөрийн 12 багц цагтай тэнцэх хэмжээний тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд тэтгэлгийг давхардуулж олгохгүй.

ХАМРАХ ХҮРЭЭ:

МУИС-ийн Солонгос хэл судлалын хөтөлбөрөөр суралцаж буй бакалаврын II, III, IV түвшний суралцагч болон магистр, докторын түвшний идэвхтэй төлөвийн суралцагч байх /Жич: ХЗС нь энэ тэтгэлэгт оюутнуудаа бие даан хамруулдаг учир хууль, эрх зүйн хөтөлбөрт суралцаж буй суралцагчдын материал хүлээн авахгүй/

МУИС-д идэвхтэй суралцаж буй Солонгос иргэншилтэй суралцагч /хөтөлбөр хамаарахгүй/

ТЭТГЭЛГИЙН ХЭМЖЭЭ:

Тухайн жилийн сургалтын төлбөр

БОЛОМЖИТ ОЮУТНЫ ТОО:

30 оюутан

ОДОО ИДЭВХТЭЙ ЭСЭХ:

Идэвхгүй. Жил бүрийн есдүгээр сард сонгон шалгаруулалт эхэлдэг.

Эндээс дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.