Намрын дунд сарын эдгээр өдрүүдэд таны зам дагуу, таван алхам тутамд “Хүүхдэд ээлтэй хот, “Хотын сэргэлт-Шинэ Улаанбаатар”, “Мэргэжилтнүүд өөрчилнө” тэргүүтэй уриа үгс, нэр дэвшигчдийн сурталчилгааны самбарууд жирийтэл эгнэснийг та анзаарч харсан нь лавтай.

УИХ-ын сонгуулийн дуулианы улмаас “золиосонд” нь явчихдаг, иргэд тоохгүй өнгөрчихдөг сул талтай ч угтаа орон нутгийн сонгууль бол та бидний алхам тутамд тохиолддог, хамгийн ойрын асуудлуудыг шийдэхийн төлөө ажиллах хүмүүсийг сонгох сонгууль. Утаа, үер, түгжрэл гээд өдөр тутамд бидний бухимдлыг барж, бүтээмжийг унагаж байдаг олон асуудалд эдгээр хүмүүс л гарц боловсруулж, шийдвэр гаргадаг билээ.

Тиймдээ ч сурталчилгаа ид дундаа орж, санал хураалт болоход ердөө найман хоногийн хугацаа үлдээд буй энэ цаг үед бид сонгогч таны цагийг хэмнэх, сонголтоо хийхэд туслах мэдээллүүдийг нэгтгэн хүргэж байна.

яагаад итх-ын сонгуульд оролцох хэрэгтэй гэж? 

Их хурлын сонгууль гээд зунжин бужигнаж байтал намар залгаж, эргээд сонгууль, саналаа өг болоод явчихлаа хэмээн төвөгшөөн бодож буй хүмүүс цөөнгүй байж мэдэх юм. Гэвч эдгээр сонгууль дөрвөн жилдээ нэг л удаа болдгийг санаж, хийх ёстой зүйлээ бид хийх л ёстой.

Хот, суурин газар луу шилжилт хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр орон нутгийн сонгуулийн ач холбогдол ч жил ирэх бүр нэмэгдэж буй. Хөдөө, орон нутгаас төв суурин газрыг зоригсод нэмэгдэж байгаа нь зөвхөн манай улсын ч биш, дэлхий нийтийн хандлага. "Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ" гэх үг зах зээл тэлнэ гэдэг утгаараа онож мэдэх ч бас зарим талаараа хүн нэмэгдвэл асуудал нэмэгдэхийг илтгэнэ.

Ялангуяа нийслэлийн иргэд бид үүнийг дэндүү сайн мэддэг болж. Гэхдээ орон нутгийн сонгууль бол зөвхөн хот, суурин газарт суурьшигчдад зориулсан сонгууль биш гэдгийг дурдах нь зүйтэй.

Улаанбаатарчуудын хувьд тухайн өдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгч болон дүүргийн иргэдийн хуралд төлөөлөгчөө сонгох бол орон нутгийн иргэдийн тухайд аймгийн болон сумын иргэдийн хуралд төлөөлөгчөө сонгоно.

Энэ удаагийн сонгуульд 8031 мандатын төлөө:

  • Аймаг нийслэлд-1992
  • Сум, дүүрэгт-15285
  • Бие даагч-267 буюу нийтдээ 17544 нэр дэвшигч, 12 нам эвслээс оролцож байна.


ЭНЭ ЖИЛИЙН ОНЦЛОГ 

Улаанбаатар хотын хувьд өнгөрсөн 30 жилийн хугацаанд төсвийн хувьд Засгийн газраас хамааралтай байсан бол өнгөрсөн жил шинэ хууль батлагдаж, нийслэл өөрсдийн орлогоо бие даан захиран зарцуулах болсон билээ. Энэхүү зохицуулалтын дагуу хууль зүйн хүрээнд гацаад байсан Сэлбэ дэд төв, Бөөрөлжүүтийн цахилгаан станц зэрэг томоохон төслүүд хэрэгжиж эхлэх боломжтой болсон юм.

Түүнчлэн энэ онд нийслэл хот анх удаа дотоодын зах зээлээс 500 тэрбум төгрөгийн бонд амжилттай босгосны сацуу ирэх жилүүдэд гаднын зах зээлээс дахин хөрөнгө босгох ажил хэдийн эхлээд буй. Энэхүү хөрөнгө оруулалтаар олон жилийн турш үлгэр домог мэт яригдсаар ирсэн метро, усан сан, хурдны зам зэрэг мега төслүүдийг хөдөлгөнө хэмээн нийслэлийн одоогийн удирдлагууд мэдэгдэж байгаа.

Товчхондоо, өмнөх 30 жилтэй харьцуулахад хэдэн арав дахин их төсвийг ойрын жилүүдэд НИТХ-ын 45 төлөөлөгч ямар төсөлд захиран зарцуулах эцсийн шийдвэрийг гаргана гэсэн үг.

ЗААВАЛ САНАЛАА ӨГӨХ ЁСТОЙ ЮУ?

Энэ удаагийн сонгууль 2020 онд шинэчлэн найруулагдсан "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль"-ийн дагуу явагдах болно. Энэ шинэчлэлээр 25 бус 18 хүрсэн хүн нэр дэвших боломжтой хэмээн залуучуудын оролцоог дэмжсэн, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно хэмээн хариуцлагын тогтолцоог чангатгасан нь дэвшил болсон. Гэвч нөгөө талдаа ИТХ-ын сонгууль ирцийн босгогүй болсон буюу ирц хэд ч байсан сонгуулийн үр дүнд хүчинтэйд тооцох болсон нь иргэдийн идэвхийг багагүй сулруулсан заалт юм.

СЕХ-ийн хувьд уг заалтаар дамжуулан сонгууль дахин зарлах, ихээхэн зардал гаргахаас сэргийлсэн хэрэг биз ээ. Гэхдээ ардчилсан улсын хариуцлагатай, оролцоотой иргэн байхаа бодсон ч, амралтын өдрөөр шагнаж буйг бодсон ч саналаа өгөх хэрэгтэйг ахин дахин сануулъя.

2020 оны сонгуулиар хамгийн өндөр ирцтэй аймаг Баян-Өлгий (80.36 хувь) байсан бол хамгийн идэвх муутай аймгаар Дархан (41.52 хувь) тодорч, Улаанбаатар хотын тухайд 47.94 буюу ирц 50 хувьд ч хүрч чадаагүй байна.

Харин насны ангиллын хувьд 26-40 насныхан (34.34 хувь) маань сонгуульд хамгийн идэвхтэй оролцсон бол 18-25 буюу Genz үеийн 10 сонгогч тутмын нэг нь л (11.52 хувь) саналаа өгчээ.

СОНГУУЛИЙН ӨДӨР АНХААРАХ ЗҮЙЛС:

  • Санал хураалт 07:00-20:00 цагийн хооронд үргэлжлэх тул цагаа зөв тооцоолж, саналаа эрт өгөөрэй.
  • Election.burtgel.gov.mn хаягаар орж, санал өгөх байраа шалгаарай.
  • Саналын хуудсаа бөглөх үед алдаа гаргаж, буруу тэмдэглэл хийсэн бол дахин нэг удаа хуудас авч, саналаа өгөх боломжтой.
  • Ноогдсон мандатын тооноос илүү нэр дэвшигчид саналаа өгвөл таны санал хүчингүй болохыг анхаарна уу.
  • Их хурлын сонгуулиас ялгаатай нь та тойрогт хуваарилагдсан мандатын тооноос цөөн нэр дэвшигчийг ч сонгож болно. Жишээлбэл, танай тойрогт таван мандаттай байлаа гэж бодоход та заавал таван нэр дэвшигчийг сонгох албагүй бөгөөд нэг хүнийг ч дугуйлах боломжтой.

Election.burtgel.gov.mn

ЯМАР ҮҮРЭГТЭЙ ХҮМҮҮС ЮМ БЭ? 

Манай улсад Ерөнхийлөгчийн сонгууль, Улсын их хурлын сонгууль, Орон нутгийн сонгууль болон Ард нийтийн санал асуулга гэсэн Үндсэн хуульд заасан дөрвөн үндсэн сонгуультай. Харин энэ удаагийн сонгууль бол бидний өмнөөс нийслэл, дүүрэг, аймаг, суманд шийдвэр гаргаж, төлөвлөлт хийж, төсөв мөнгийг захиран зарцуулах нэгнийг сонгох үндсэн зорилготой.

Энгийнээр хэлэхэд, бид өөрсдийн амьдарч байгаа нийслэл, дүүрэг, аймаг, суманд миний өмнөөс шийдвэр гаргаж, хүрээлэн буй орчны өнгө төрхийг тодорхойлох, өдөр тутмын амьдралыг өөд нь татах, төлөвлөлт хийж, төсөв мөнгө захиран зарцуулах төлөөлөгчдийг сонгох юм.

Алдарт бродьюрын асуудлаас эхлээд зам засвар, шахмал түлш, нийтийн тээвэр, цэцэрлэг сургууль, цахилгаан дулаан гээд нийслэлийн иргэдийн өдөр тутмын толгойн өвчин болсон олон асуудлыг шийдэх чадалтай, чадвартай, мэдлэгтэй төлөөлөгчдийг бид сонгох учиртай гэсэн үг.

Дахин хэлэхэд, энэ удаагийн сонгуулийн онцлог нь таныг саналаа өгөөч хэмээн хэн ч гуйж гувшихгүй. Гэхдээ танай тойрогт цөөн хүн саналаа өгөх тусам тэдгээр хүмүүсийн санал, үзэл бодлоор таны амьдрах орчны асуудал шийдэгдэнэ гэдгийг санууштай.


ХЭН, ХЭНИЙГ ДУГУЙЛАХ БИЛЭЭ?

Өнгөрсөн сонгуулиас эхлэн ИТХ-ын сонгууль томсгосон тойргоор явагдаж эхэлсэн. Тодруулбал, нийслэлийн ИТХ-ын 2024 оны сонгууль нь 12 тойрогтойгоор явагдах бөгөөд харьцангуй хүн ам ихтэй Баянзүрх дүүрэг гурав, Сонгинохайрхан хоёр тойрогт хуваагдаж байгаа юм.

Саналын хуудасны дээд хэсэгт Нийслэлийн ИТХ-ын хуралд нэр дэвшигчид, доод хэсэгт Дүүргийн ИТХ-ын хуралд нэр дэвшигчид бий. Жишээлбэл, миний хувьд БЗД-ийн 26 хорооны оршин суугч бөгөөд НИТХ-д 3 төлөөлөгч, ДИТХ-д 1 төлөөлөгчийг тус тус сонгоно.

Бүх нэр дэвшигчтэй танилцах:
Санал өгөх байртай танилцах:

СОНГОЛТОО ЗӨВ ХИЙХ НЬ

Эргэн сануулахад, өнгөрөгч сонгуульд Монгол Ардын Нам Нийслэлийн ИТХ-д 2016 онтой адил 34 суудал авч, нийслэлийн засаг даргыг сонгох эрхтэй болж байсан билээ. Харин Ардчилсан нам нийслэлд ялагдсан ч орон нутагт амжилттай оролцсон гэж хэлж болно.

2016 онд ердөө 2 аймаг, 3 дүүрэгт л олонх болж байсан АН 2020 онд Сүхбаатар, Увс, Өмнөговь тэргүүтэй 10 аймагт ялалт байгуулсан юм. Харин ХҮН нам Нийслэлийн ИТХ-д 3 төлөөлөгчтэй болсноос гадна 5 дүүрэгт суудалтай болж байжээ.

Сонгуулийн өдөр саналаа очоод өгөх нэг хэрэг. Харин судалж, бодож байж саналаа өгөх өөр хэрэг гэдгийг сануулах юун билээ. Сурталчилгаа ид өрнөж буй эдгээр өдрүүдэд нэр дэвшигчдийн оруулж ирсэн материалыг гүйлгэж харах, нэрийг нь Google-дээд сонжиход та амьдралынхаа хэдхэн минутыг зориулаарай.

Ташрамд дурдахад, сонгогчдод сонгуульд саналаа өгөхөд дэмжлэг үзүүлж, нэр дэвшигчидтэй танилцан, нам эвслүүдийн мөрийн хөтөлбөрийг мэдэх боломж олгодог TenGer TV-ийн “Мэтгэлцээн 2024”-ийн шинэ улирал НИТХ-ын сонгуулийг тохиолдуулан 09/28-ийн өдрөөс эхэлсэн билээ. Энэ удаад нам, эвслийн төлөөлөл болсон нэр дэвшигчид нийслэл хотын тулгамдсан асуудлуудын хүрээнд орой бүр 21:00 цагаас мэтгэлцэж байна.

Алдалгүй сонго

Алдалгүй сонго