Бизнес гэдэг бол зөвхөн ашиг орлого олохын нэр биш. Энэ бол зорилго, эрмэлзэл, шинэчлэл, хариуцлага, хамгийн гол нь итгэлийн үйл хэрэг. Яг л ийм сэтгэл, итгэл, хөдөлмөрийн үр дүнд “Maya” брэнд Монголын ундааны зах зээлд төрөн гарч, шинэлэг бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхээр зорьжээ.

Тус брэндийн үүсгэн байгуулагч Э.Одбаяр хүмүүсийн амны цангааг тайлаад зогсохгүй, эрүүл мэндэд ашиг тустай, дэлхийд түгээмэл хэрэглэгддэг электролиттэй усыг нутагтаа үйлдвэрлэхийн тулд багаараа судалгаа, хөгжүүлэлт, туршилт хийсээр, олон бэрхшээлийг даван туулсаар өдийг хүрсэн байна.

Монголын ундааны зах зээлд шинэ төрлийн ус болон гарч ирж буй “Maya” брэнд хэрхэн бүтсэн, үүсгэн байгуулагчийн туулсан замнал, бизнес эхлүүлэх хүсэлтэй залууст урам зориг өгөх түүний туршлагын талаар энэхүү нийтлэлээс дэлгэрүүлж уншаарай. 


Энхбатын Одбаяр 2005 онд хуульч мэргэжлээр төгсөж үргэлжлүүлэн АНУ-ын Эксетерийн Их сургуульд маркетинг менежментийн чиглэлээр суралцсан байна. Залуу хүн суралцахын хажуугаар Америк, Европын орнуудаар аялж нүд хужирлах олон зүйлсийг харан сэтгэл ханах нь лавтай. Гэвч тэрээр Монгол эх орныхоо уудам тал, горхины хоржигнох чимээг санагалзан цэнгэг сайхан усаар нь амны цангаагаа тайлах юмсан гэж боддог байжээ. Яг л энэ үед гадны оронд анх электролиттэй ус уужээ. Түүний амсаж үзсэн электролиттэй ус өмнөх эрдэсжүүлсэн, хийжүүлсэн, содатой уснаас ангид уухад их тааламжтай, амны цангаа тайлсан мэт мэдрэмжийг төрүүлсэн байна.

Энэ үеэс л Одбаярын хувьд электролиттэй ус өдөр тутмын хэрэглээ болжээ.

Э.Одбаяр: Би эх орондоо буцаж ирээд электролиттэй усны зах зээл байхгүйг мэдсэн. Гэхдээ энэ ус зөвхөн амны цангаа тайлахаас гадна хүний эрүүл мэндэд их тустай учраас импортоор оруулж ирье гээд хөөцөлдөж үзэхэд өртөг өндөр учраас үнэтэй зарагдахаар байв. Ингээд эцэстээ ханьтайгаа ярилцаж байгаад Монголдоо үйлдвэрлэе гэж шийдээд суурь судалгааг эхлүүлж 2022 оны аравдугаар сард дуусгасан.

Дараа нь ХБНГУ-ын компанитай хамтран, жижигхэн лаборатори байгуулан технологич, химичдийн баг бүрдүүлэн усны амт гаргах олон удаагийн туршилтыг хийж эхэлсэн юм. Олон ч удаа бүтэлгүйтэж байж л эцэст нь нөгөө Европод аялж явахдаа уусан усны амтыг гаргаж чадсан. Энэ үед л “Үйлдвэр нээх чадна” гэсэн урам зориг, хүсэл тэмүүлэл улам ундарсан гэж хэлж болно.


“Уулын оргил бүү бод. Оргил бэлээс эхэлдэг юм
Урагшлах зам ганц л бий. Одоо эсвэл хэзээ ч үгүй”


Хүн бол сэтгэлийн амьтан. Урам сэтгэл хоёр хаана байна тэнд аливаа ажил урган цэцэглэж өсөж өндийж, бүтээн байгуулж байдаг хойно доо. Ухаант өвөг дээдсийн минь “Бурмаар тэжээхээр урмаар тэжээ...” гэх мэргэн үг бий. Энэ үг анх бизнесээ эхлүүлж байгаа залууст ус агаар лугаа хэрэгтэй, оносон таарсан сургаал гэлтэй.

Одбаярын судалгаанаас харахад Монголын цэвэр усны зах зээлд дөрвөн төрлийн ус байдаг. Энгийн цэвэршүүлсэн ус, эрдэст ус буюу эрдэсжүүлсэн ус, найрлагат ус, дөрөв дэх нь амтат ус харин түүний эх орондоо үйлдвэрлэх ус энэ зах зээлд тав дахь сигмент болж байгаа юм. Мэдээж брэнд хөгжүүлэлтэд бүтээгдэхүүний нэр хамгийн чухал учраас УС гэсэн утгатай “Maya” нэрийг брэнд хөгжүүлэлтэнд ашиглажээ. Бүтээгдэхүүн гараад л олон хүмүүст “Maya” таалагдаж электролиттэй усыг ууж хэвшээд байна.



Э.Одбаяр: Электролит гэдгийг хамгийн энгийн үгээр тайлбарлавал хросол. Бид нарших, хоолны болон архины хордлого зэргийг хросол ууж дардаг. Манай “Maya” брэндийн уснаас бага зэргийн далайн давс амтагдах бөгөөд сахаргүй хэрнээчихэр амтагдах бүтээгдэхүүн нэмснээр өвөрмөц хийгээд хордлого, амны цангаа тайлах бүтээгдэхүүн юм. Бүтээгдэхүүнээ хөгжүүлэхийн тулд их олон газар төсөл хөтөлбөр танилцуулна. Бас зээл хөөцөлдөнө. Заримдаа зээл бүтэхгүй хоосон хаалга мөргөх үе зөндөө тохиолдоно.

Харин “Инвескор ББСБ” ХК –аас зарласан жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж зээл авч чадсан. Авсан мөнгөөрөө эргэлтийн хөрөнгө хийж, үйлдвэрийн дээж болох бэлдэц авсан. Үнэхээр хэрэгтэй мөнгийг маш бага хүүтэйгээр хэрэгтэй цагт олгосон болохоор үнэхээр талархаж байна.


Итгэл бол... хүний сэтгэлийг булаах зэвсэг
Итгэл бол... Сул дорой байдлаас салах боломж
Итгэл бол... Бэрхшээлийг даван туулах зориг тэвчээр


Энэ л итгэлийг тээсээр Одбаяр хамт олонтойгоо эхлүүлсэн ажлаа илүү амжилттай ахиулан дэвшүүлэхийн тулд олон ч ажлыг санаачлан хийжээ. Дараагийн алсын харааг хамт олноороо тодорхойлжээ. Тэд олон улсад өргөн ашигладаг электролитыг хуурай хэлбэрээр савласан бүтээгдэхүүн.

Э.Одбаяр: Задлаад л тэр дороо усанд найруулаад ууж болдог технологи гэсэн үг. Жимсний амттай эссенц нэмэлтээр хийж ч болдог. Бид электролиттэй ус болох хросолыг гэрийн нөхцөлд найруулахад долоон халбага элсэн чихэр, нэг халбага давс гэдэг тунгаар найруулдаг. Гэтэл энэ элсэн чихрийн агууламж өндөртэй болохоор чихрийн шижин, диатезтай хүмүүст тохиромжгүй шүү дээ. Харин шинэ уусгаж усанд найруулдаг шинэ бүтээгдэхүүн яг хросолшиг үйлчилгээтэй ч чихрийн агууламжгүй юм.



Амжилт бол алдаа гаргахгүй гэсэн үг биш.
Гэхдээ нэг алдааг хэзээ ч давтаж болохгүй.

Хүний биеийн 70-80 хувь уснаас бүрддэг. Өнөөдөр дэлхийн олон оронд усны хомсдол үүсээд байна. Иймээс электролиттэй усыг, усны дутагдалд орсон Африкийн орнууд маш ихээр хэрэглэдэг болсон. Учир нь 500 граммын савлагаатай ус уухад нэг литр уснаас авах хэрэгцээгээ хангаж чадаж байгаа юм.

Э.Одбаяр: Дэлхий даяар усны хомсдол нүүрлэж буй өнөө үед тог, цахилгаанаа хэмнэдэг шигээ усны хэрэглээгээ ухаалгаар шийдэх цаг нь болсон. Энэ брэндийг Монголд бий болгож, үйлдвэр байгуулсан нь орлого, мөнгө олохоосоо илүү шингэн хүнсний салбарт хувьсгал хийе, шинэ бүтээгдэхүүнтэй танилцуулъя гэдэг томоос том зорилго тээж хийсэн ажил юм. Дэлхийн түвшний чанарын ISO стандарт шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж хичээж, энэ эрмэлзэлдээ хүрнэ гэдэгт итгэл дүүрэн байгаа. Бидний уриа “Балга бүрээс эрч хүч” эрүүл мэндэд тустай электролиттэй усыг илүү олон сонголтоор үйлдвэрлэнэ гэж бодож явна.

Бид эрсдэл хийж, туршиж үзээгүй байж уулга алдах хэрэггүй. Харин азаа үзэж, эрсдэл хийж байж л жинхэнэ мөн чанарыг нь ойлгох болно.