“Хүн төрөлхтөн бид 1850 оноос өдийг хүртэл 170 гаруй жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлтийг түргэсгэж, агаар мандалд хатуу түлш шаталтаас үүдэлтэй 2,600 тэрбум тонн нүүрстөрөгчийн давхар исэл (GtCO₂) ялгаруулжээ. Улс орнуудын хэмжээнд авч үзвэл дээрх тооны бохирдол үүсгэгчдийн тэргүүн эгнээнд АНУ 22 хувь буюу 554.8 GtCO₂, дараа нь БНХАУ 322.7 GtCO₂ ялгаруулж, нийт дүнгээр хоёрдугаарт жагсаж буй. Харин хүлэмжийн хий ялгаруулалтаар нь харвал 1850-2021 оны хугацаанд дэлхийн агаар мандалд 54.59 тэрбум тонн хүлэмжийн хий үйлдвэрлэгдсэн бөгөөд үүнээс БНХАУ-ын хувьд 13.71 тэрбум тонноор тэргүүлж байгаа юм.”

Магад эдгээр тоо таны хувьд АНУ, БНХАУ тэргүүтэй улс орнуудын асуудал мэт сонстож болох. Гэхдээ сайтар бодоод үзвэл хүлэмжийн хийн ялгарлаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд Монгол Улс хамгийн ихээр өртөж буй гэдгийг санууштай. Тиймээс хүн нэг бүр эл асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай төдийгүй дэлхийн эдийн засгийн 70 хувийг бүрдүүлэгч 105 улс COP26 хурлын үеэр 2030 он гэхэд метан хийн ялгарлыг 30 хувиар бууруулах амлалтад нэгдсэн. Үүнээс манай улс ч хоцролгүй эл хурлын үеэр МУ-ын Ерөнхийлөгч хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулах амлалт өгсөн билээ.

Манай орны хувьд хүлэмжийн хийн ялгаралтад үлэмж нөлөө үзүүлж буй хүчин зүйл бол хатуу түлшнээс үүдэлтэй утаа. Агаарт хөвөх хэдэн сая хорт бодисын хоруу чанарыг эх дэлхийгээс гадна бидний эрүүл мэнд шууд хүлээн авч байгаа нь гарцаагүй үнэн. Тиймээс бид энэ удаагийн нийтлэлдээ М-Си-Эс Кока Кола компанийн шингэрүүлсэн хийгээр уур болон халаалт үйлдвэрлэж буй сайн жишгийг танилцуулахын сацуу хийн түлшээр ажилладаг утаагүй уурын зуухыг яагаад ашиглах хэрэгтэйг тайлбарлалаа.



ЭХЛЭХИЙН ӨМНӨ: УТААТ УУРЫН ЗУУХНЫ ТАЛААР УЧИРЛАХУЙ

Нийтлэлийн эхэнд дурдсанчлан хүлэмжийн хийн ялгарлаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд Монгол Улс хамгийн ихээр өртөж байгаа боловч өөрсдийн бий болгосон хүлэмжийн хийн тухай ярихгүй өнгөрч үл болно. Товчхондоо дэлхийн хэмжээнд бий болсон 54.59 тэрбум тонн хүлэмжийн хийн 0.1 хувьтай тэнцэх буюу 93.27 сая тонн хүлэмжийн хийг манай улс үйлдвэрлэжээ.

Хамгийн ихээр хүлэмжийн хий ялгаруулж буй салбаруудыг авч үзвэл нэгдүгээрт эрчим хүч, дулаан үйлдвэрлэл (15.18 тэрбум тонн), хоёрдугаарт тээвэрлэлт (7.29 тэрбум тонн), гуравдугаарт үйлдвэрлэл, барилгын (6.22 тэрбум тонн) салбар тус тус бичигдсэн байна.



Үргэлжлүүлэн Монголын ялгаруулсан 93 сая тонн хүлэмжийн хийд эрчим хүч, дулаан үйлдвэрлэлийн салбар ямар хувь нэмэр оруулсан талаар ярилцъя. 2022 оны байдлаар нийслэлийн хэмжээнд 101 кВт-аас дээших хүчин чадалтай 381 уурын зуух жилдээ 95.4 мянган тн нүүрс хэрэглэж буй гэх тооцоо гарчээ. Энэ бол зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд гэдгийг дахин онцлох нь зүйтэй. Чухамхүү манай улсын үүсгэж байгаа хүлэмжийн хийн 50 орчим хувийг нүүрсэнд суурилсан эрчим хүчний салбар, үлдсэнийг нь хөдөө аж ахуйн салбар бий болгож байгаа аж. Гэтэл нүүрс гэдэг чинь өөрөө агаар мандалд нүүрстөрөгчийн давхар исэл (CO₂) ялгаруулдаг эд шүү дээ.

“Монгол Улс цахилгаан ба дулааны эрчим хүчний 95 орчим хувийг зөвхөн нүүрсээр үйлдвэрлэдэг. Улсын хүлэмжийн хийн нийт ялгарал (ХХЯ)-ын 50 хувь эрчим хүчний салбарт ногддог.”

Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын 2020 оны судалгаа

Засгийн газраас гаргасан “Түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай” тогтоолоор 2019 оны тавдугаар сараас эхлэн эрчим хүч, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй ААНБ-аас бусад гэр хорооллын айл өрх, иргэн, байгууллага түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Товчхондоо ЗГ-ын тогтоолын дагуу бусад үйлдвэрлэгч байгууллага, компаниуд үйл ажиллагаа явуулахдаа түүхий нүүрснээс татгалзах ёстой болж таарч байна. Энэ чиглэлд манай улсад хэрэгжиж буй нэгэн жишиг төсөл нь М-Си-Эс Кока Кола компанийн үйлдвэр юм.

М-Си-Эс Кока Кола компани бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ шингэрүүлсэн нефтийн хийн түлшээр ажилладаг зуухнуудыг ашиглаж эхэлжээ. Тодруулбал, Японы NTEC компанийн найман ус халаах зуух, БНСУ-ын DAEYEOL компанийн хийн түлшээр ажилладаг дөрвөн уурын зуухыг 4.5 сая ам.долларын хөрөнгө оруулалттайгаар ашиглалтад оруулаад буй. Эл шийдлийн үр дүнд 1200 айлын нэг жилийн нүүрсний хэрэглээтэй тэнцэхүйц буюу 4783 кг хүлэмжийн хийг бууруулж байгаа ба цаашлаад нэг жилд 65 мянган кг хүлэмжийн хий ялгарахаас сэргийлэх боломжтой аж.



Энэ ташрамд байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхлэх хариуцлагаа ухамсарлаж, 2022 онд М-Си-Эс Кока Кола компаниас Тогтвортой хөгжлийн тайлангаа танилцуулжээ. Тэдгээрээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаатай холбоотой онцлох тоонуудаас дурдвал:

- Жилд 180 мянган тонн үйлдвэрийн хаягдал усыг цэвэршүүлсэн.

- 10,703 тонн цэвэршүүлсэн хаягдал усыг хотын ногоон байгууламжийн усалгаанд зориулж, үнэ төлбөргүй нийлүүлсэн.

- Монгол Улс даяар "Хуванцрын хаягдалгүй Дэлхий" кампанит ажлыг хэрэгжүүлж, 4,983 тонн хуванцрыг дахин боловсруулсан.

- Үйлдвэрийн үйл ажиллагаанд 100 хувь цахилгаан сэрээт ачигч ашигладаг ба харилцагч дээр байрлуулсан нийт хөргөгчний 72 хувь нь байгальд ээлтэй хөргөлтийн бодистой.

- Хийн түлшээр ажилладаг уурын зуухыг ашиглалтад оруулснаар хүлэмжийн хийн ялгаруулалтыг жилд 4,800 тонноор бууруулсан.


ЯАГААД ХИЙН ТҮЛШЭЭР АЖИЛЛАДАГ УУРЫН ЗУУХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ?

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр Монгол болон Япон улсын Засгийн газар хооронд “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл” байгуулж, Хамтарсан Кредит Олгох Механизм (ХКОМ) нэвтрүүлж эхэлсэн. Үүний хүрээнд хүлэмжийн хийг бууруулах, байгаль орчинд ээлтэй техник, технологи үйлчилгээ нэвтрүүлэх, хэмжиж тайлагнах, нотлох аргаар бодитоор тооцоолол хийсэн төслүүдэд кредит олгож, ХКОМ загвар төслөөр бүртгэн авдаг бөгөөд М-Си-Эс Кока-Кола компанийн хийн түлшний зуухтай монголын анхны хүнсний үйлдвэр нь амжилттай хэрэгжиж буй загвар төсөлд багтаж чаджээ.

Тэгвэл жилд 7,000 орчим тонн түүхий нүүрсийг хэрэглээнээс халах боломжтой энэхүү уурын зууханд зайлшгүй шилжих ёстой гурван шалтгаан юу вэ?



1. LPG БУЮУ ШИНГЭРҮҮЛСЭН НЕФТИЙН ХИЙ АШИГЛАДАГ

Нүүрстэй харьцуулахад хийн түлшээр ажилладаг зуухны яндангаас гарч буй утаанд нарийн ширхэгтэй тоосонцор болон хүхрийн исэл, нүүрстөрөгчийн давхар исэл зэрэг хорт бодис агуулагдаггүй тул “Emission free” буюу агаарт хаягдах хорт бодисын хэмжээг үлэмж бууруулдаг. Тэр тусмаа LPG буюу шингэрүүлсэн нефтийн хий ашиглаж буй нь эдийн засгийн хувьд ашигтай бөгөөд бүтээмж өндөртэй сонголт юм.

Өдгөө шингэрүүлсэн нефтийн хийн түлшийг олон салбарт өргөн хэрэглэдэг. Жишээ нь олон улсад газар тариалангийн салбарт ургацад эвгүй үнэр, амт үлдээхгүйн тулд ашигладаг байна. Түүнчлэн дэлхий дахинаа шингэрүүлсэн хийг нэг өдөрт ашиглах хэмжээгээр БНХАУ 2258.97 баррель буюу 359 мянга гаруй литрээр тэргүүн байранд бичигдэж байгаа бол Монгол, Афганистан, Гвиней тэргүүтэй орнууд 0 хэмээн зааж буй.



2. ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨГ БАГАСГАНА

Хатуу түлшний шаталтаас үүдэлтэй агаар мандалд тархаж буй хорт бодисууд зөвхөн нүүрстөрөгчийн давхар ислээр тогтохгүй. Тухайлбал, агаар хэр их бохирдсон бэ гэдгийг хэмждэг Particulate Matter 2.5 micron буюу P.M2.5 тоосонцрууд нь шатах урвалаас задралгүй үлдэж, агаарт дэгдсэн маш жижиг хэмжээтэй бодисууд бөгөөд хүний биед амьсгалын замаар хялбар нэвчдэг. Ийнхүү нэвчсэнийхээ дараа хүний эд эсэд нягт шингэн химийн нэгдлүүдээрээ задардаг байна.

ДЭМБ-аас гаргасан Дэлхийн агаарын чанарын удирдамжид (Global air quality guidelines) зааснаар хүний 24 цагийн хугацаанд өртөж болох PM2.5-ийн дундаж хэмжээ нь 15 мкг/м3-аас хэтрэхгүй байх ёстой. Гэвч Улаанбаатар хотын агаарын чанарын индексийн хэмжээ ДЭМБ-аас заасан хүлцэх хэмжээнээс даруй 10 дахин өндөр байгаа юм.



3. УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ ДОРВИТОЙ ҮЙЛДЭЛ 

Манай улс COP27 хурлын индэр дээрээс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22 хувь хүртэл бууруулах зорилтод бодитой хувь нэмрээ оруулахаа дахин амласан. Гэвч гэр хорооллын галлагаа, дулааны болон цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх нүүрсний технологид суурилсан станцуудаас гарах утааг бууруулаагүй цагт дээрх зорилт цагаан дээр хараар бичигдсэн хэвээр үлдэнэ. Жишээлбэл, COP26 уулзалтын үеэр үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч АНУ, БНХАУ 2030 он хүртэл дэлхийн агаар мандлын дундаж температурыг 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байх тал дээр хамтран ажиллах тохиролцоонд хүрч, гарын үсэг зурсан юм. Нэг ёсондоо үйлдвэрлэлийн үр дүнд ялгаруулж буй хүлэмжийн хийг бууруулах хариуцлагаа хамтран ухамсарлаж байгаа хэрэг.

Зөвхөн нэг уурын зуух хийн түлшид шилжсэнээр асуудал шийдэгдэхгүй. Харин Улаанбаатар хотод байгаа 95.4 мянган тонн нүүрс хэрэглэж буй 381 уурын зуух ийм технологид шилжвэл манай улсын гол асуудлуудын нэг болсон агаарын бохирдол, цаашлаад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодитой үйлдэл болох нь дамжиггүй.



ЭЦЭСТ НЬ

Дэлхийн улс орнууд 2050 он гэхэд урдаа тавьсан зорилгодоо хүрлээ ч агаар мандалд нэгэнтээ дэгдсэн хүлэмжийн хийн тавны нэг нь ирэх 10 мянган жилд арилахгүй нь харамсалтай. Гэхдээ юу ч хийхгүй байх нь үүнээс ч дор үр дүнд хүргэх тул улс орон бүр, салбар бүр, хувь хүн бүр байгаль орчинд ээлтэй сонголтыг хийх нь зүй. Энэ бол бидний ирээдүйнхээ өмнө хүлээж байгаа үүрэг хариуцлага билээ.