Бидний хамтарч ажилласан, Mind Alert 2023 арга хэмжээ Австрали улсад ажиллаж амьдарч буй залуусыг урам зоригоор цэнэглэх, өөрийгөө хөгжүүлж, өсөн дэвших боломжийг таниулах, хоорондын харилцаа, холбоог нэмэгдүүлэх зорилгын дор өнгөрсөн долоо хоногт амжилттай зохион байгуулагдав.
Арга хэмжээний тухай товчхоноор
Австрали улсад болж буй анхны боловсролын арга хэмжээ болох Mind Alert-д оролцохоор 200 гаруй залуус 1874 онд үүсгэн байгуулагдсан, Сиднейн их сургуулийн Home Building-ийн Refectory танхимд цугласан юм. Энэ танхим нь энгийн нэг танхим биш бөгөөд нэрт уран бүтээлч Virgil Lo Schiavo-ийн бүтээсэн тансаг засал чимэглэл бүхий түүхэн газар билээ. Оролцогчид илтгэгчдийн яриаг сонсож оюун санаандаа хөрөнгө оруулалт хийгээд зогсохгүй, уг түүхэн танхимд бие биетэйгээ танилцаж, шинэ боломжуудын талаар ярилцсан нь арга хэмжээний зорилго биеллээ олсны баталгаа байлаа.
Илтгэлүүдийн агуулга
Арга хэмжээний илтгэгчдээр философич, реппэр Сексцагаанбогд, Олон улсын сэтгүүлч, продюсер Э.Анударь, Unlock подкастын хамтран үүсгэн байгуулагч, хөтлөгч О.Батнайрамдал нар оролцсон бөгөөд хөрөнгө оруулалт, оюун санааны амар тайван байдал, Австрали болон Монгол улс дахь бодит боломжууд гэсэн сэдвүүдээр мэдлэг, туршлагаа хуваалцсан юм.
О.Батнайрамдал
О.Батнайрамдал нь Дэлхийн шилдэг их сургууль болох Harvard-ийн төгсөгч бөгөөд Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд, Bank of America-ийн Сидней салбарт Уул уурхайн хөрөнгө оруулалтын банкираар ажиллаж байсан туршлагатай. Тэрээр Сидней хотод ажиллаж, амьдарч байх үеийн туршлагаасаа болон Монголд байгаа бодит боломжуудын талаар хүрэлцэн ирсэн оролцогчидтой хуваалцав. Гадаадад суралцаж байгаа оюутнууд сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллахад гарах хүндрэлүүд болон тэдгээрт анхаарах ёстой зүйлсийн талаар ярьж, цаашлаад Монголд ажиллах сонголт хийвэл ямар нөхцөл байдал хүлээж буйг ч дурдсан юм.
Э.Анударь
Илтгэгч Э.Анударь тархиндаа хөрөнгө оруулах нь сэдвийн хүрээнд шинэ төрлийн мэдээлэлд нээлттэй, мөнгө, санхүүгийн тухай мэдлэгтэй байх нь ямар ач холбогдолтой талаар хуваалцсан юм. Дэлхийн эдийн засгийн хямрал, Монгол Улсын инфляцын өсөлт зэргээс шалтгаалж санхүүгээ үр өгөөжтэй удирдах нь улам бүр төвөгтэй болсон энэ үед ямар төрлийн хөрөнгө оруулалт хийх, энэ төрлийн мэдээллийг ямар сувгаас авах талаар мэдээлэл өгч, цаашлаад бодит үйлдэлд уриалсан нь цаг үеэ олсон илтгэл байлаа. Мөн тэрээр зөвхөн санхүүгийн бус тархиндаа оруулж буй хөрөнгө оруулалтын үнэ цэнийг ч дурдахаа мартсангүй.
Б.Гантулга
Артист, философич Sekstsagaanbogd залуус нийгмийн хэм хэмжээнд хэт баригдаж, бүх зүйлийг сайн хийх хэрэгтэй гэсэн дарамт мэдэрч байгаагийн сул талыг онцолсон бөгөөд өөрийнхөө жинхэнэ хүсэл дээр төвлөрч, ажил, амьдралын тэнцвэрээ алдахгүй байх талаар хуваалцав. Тэрээр философич Byung Chul Han-ийн Burnout Society номын иш татан, асар их өрсөлдөөн бүхий нийгмийн амьдрал биднийг бодол, урам зоригийн дарангуйлал гэх зүйлд өртүүлсэн бөгөөд ихэнх хүмүүс олон зүйлд сатаарч, нэг зүйлд төвлөрч чадахгүй байгаагаас шалтгаалж сэтгэл зүйн олон асуудалтай болж буйг сануулсан юм.