Уншигч та бүхэндээ монгол түмний бахархан тэмдэглэдэг Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлье. 

Та хэзээ нэгэн цагт морьдын нийт уралдсан зайг тооцвол Монголоос хаа хүрэх, нийт харвасан сумыг нийлүүлэн бариваас хэдэн монгол гэр болох, нэг удаа барилдахад шатаасан калори хэчнээн шоколадтай дүйцэх гээд хөгжилтэй харьцуулалт хийж байсан уу? Мэдээж үгүй л болов уу. Тэгвэл баярын уур амьсгал орж буй эдгээр өдрүүдэд манай редакц ДДэш компанитай хамтран “Өв соёлоороо бахархан наадъя” уриан дор наадам тойрсон сонирхолтой тоонуудыг танилцуулахаар бэлдлээ. 

ХАРВАСАН СУМЫН ТООГ ХАМЖ НЭГТГЭВЭЛ…

Эрийн гурван наадмын хамгийн эхэнд эхэлдэг төрөл бол үндэсний сурын харваа. Энэ жил долдугаар сарын 7-ны өдрөөс Урианхай харваа албан ёсоор эхэлсэн бөгөөд үргэлжлүүлэн Буриад болон Үндэсний сурын хана харваагаар мэргэн харваачид маань цэц булаалдаж буй.

Уг спортын төрлийн түүхийг товчхон танилцуулбаас, Чулуун зэвсгийн үед ан ав хийх гол хэрэгслүүдийн нэг байсан хавчаахай нум нь он цагийн эрхэнд хэлбэрээ өөрчилж, Монголын анхны төрт улс буюу Хүннү гүрний үеийн гар урчуудын ур ухаан шингэсэн модон голч, эвэр элэг, шөрмөсөн аралтай болж хөгжсөөр өнөө цагийн үндсэн төрхөө олсон гэдэг. Ан ав, цэрэг дайны зориулалтаар ашиглагддаг байсан нум сум нь Үндэсний их баяр наадмын нэг төрөл болтлоо ард түмний дунд алдаршжээ.



Тэгвэл 1921 оноос буюу Ардын хувьсгалаас хойших бүх наадамд харвасан сумны модоор 16 ширхэг таван ханатай монгол гэр барих боломжтой. Бид Үндэсний сурын холбоотой хамтран жил бүрийн нийт харваачдын тоо болон тавьсан сумыг тооцож, 620,172 ширхэг сум харвасан гэх тооцоо гаргасан бөгөөд таван ханатай нэг гэрийн унь, тооно, багана, хаалгыг хийхэд дунджаар 6.5 м.куб мод ашигладаг. Өөрөөр хэлбэл, нэг гэрийг бүтээхэд ойролцоогоор 36,480 сум ордог ажээ.

МОРИН УРАЛДААНЫГ ӨРТӨӨЛЧЛӨН ТООЦООЛБОЛ…

Монголчууд эртнээс таван хошуу мал, тэр дундаа морийг эрхэмлэн дээдлэн, шүтэж ирсэн ард түмэн билээ. Учир нь өдөр тутмын уналга ачлагаас эхлээд дэлхийг байлдан дагуулсан бүхий л үеийг монгол морьгүйгээр төсөөлшгүй. Эрдэмтэн судлаачдын үзэж буйгаар 5000-6000 жилийн тэртээ адууг анх гаршуулан унаж эхэлсэн бөгөөд тэр цагаас найр наадамд уралдуулдаг уламжлал бий болсон түүхтэй.



Бидний гаргасан сонирхолтой тооцооллын дагуу 2023 оны Үндэсний их баяр наадмаар уралдсан бүх насны морьдын нийт зай 16,545 км бөгөөд энэ нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос Бразилийн нийслэл Рио де Жанейро орох зайтай тэнцэнэ. Илүү тодруулбал, дааганаас эхлээд их насны морьдын уралдах зайг нас тус бүрд уралдсан морьдын тоогоор үржүүлж, мөн ижил насны дарааллаар өртөөлчлөн хэмжиж, дээрх тооцооллыг гаргалаа.

ХУУШУУРААР ТОГЛООМЫН ПАРКИЙГ БҮРХВЭЛ…

Үндэсний их баяр наадмыг хуушуургүйгээр төсөөлж үл болно. Наадмын уур амьсгалыг мэдэрч, уламжлалт ёсоо дагахад хуушуур хэмээх амтат хоол чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгвэл та дунджаар наадмын үеэр хэдэн хуушуур иддэг вэ?

Бид арваас дээш насны 3,396,000 монгол хүнийг ойролцоогоор наадмын өдрүүдэд зургаан хуушуур иддэг хэмээн тооцсон бөгөөд нэг дугуй хуушуурын диаметрийг 20 см хэмээн үзэж, эгнүүлэн тавибаас 70 га газар буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнг хоёр удаа бүрхэх хэмжээтэй тэнцэнэ. Сонирхолтой байгаа биз?



АРВАН УДААГИЙН БАРИЛДААНААР ШАТААСАН ИЛЧЛЭГИЙГ ТООЦВОЛ…

Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Дэл уул хэмээх газраас илэрсэн хоёр эрэгтэй хүн өөд өөдөөсөө хоёр гараараа тулан зогсож буй дүрслэлтэй хадны зургийг судлаачид бөхийн барилдааныг харуулсан дүрслэл хэмээн таамагласан байдаг. Энэхүү хадны зураг нь он цагийн хувьд 7-11 мянган жилийн өмнө буюу Хүрэл зэвсгийн үед холбогдох бөгөөд энэ үеэс бөхийн барилдаан үүссэн хэмээн үзэж болох чухал баримт юм.

Уран мэхийг уралдуулан, авхаалж самбаа, арга чадлаа сорин барилддаг үндэсний бөх нь үнэлж баршгүй соёлын өв, өнө мөнхөд өвлүүлэн үлдээх учиртай уламжлалт спорт гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ. Тэгвэл өдгөө Үндэсний их баяр наадмаар болон онцгой тэмдэглэлт өдрүүдээр зохион байгуулдаг хүчит бөхийн барилдааныг 2011 оны есдүгээр сард үндэсний бөхийн тусгай арга хэмжээ болгон зохион байгуулж, 6016 бөх барилдсанаар “Хамгийн олон оролцогчтой барилдаан” хэмээн Гиннесийн номд бүртгүүлээд буй.



Бид үндэсний бөхийн барилдаантай холбоотой сонирхолтой тоог гаргахдаа 2022 онд аваргалсан О.Хангай бөхийн арван давааны турш шатаасан илчлэгийг тооцсон юм. Тэрээр нийт 176 орчим минут барилдсан бөгөөд ойролцоогоор 3500 калори шатаажээ. Ингээд нэг шоколадыг дунджаар 350 калоритай гэж тооцвол арван давааны турш арван шоколадтай тэнцэх калорийг шатаасан байгаа юм.

Уншигч таны санаанд оромгүй тооцооллууд байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Та бүхэн өв соёлоороо бахархан сайхан наадаарай.