Та нэг минутын дотор юу хийж амжих вэ? Бусдын бодлыг өөрчилж, тэдэнд итгэл найдвар өгч дөнгөх үү? Боломжгүй мэт санагдах ч яг үүнийг Nas Daily бодитоор бүтээж чаддаг юм.
Улс орны өвөрмөц соёлоос эхлээд хувь хүний онцлог түүхийг нэг минутад өгүүлдэг Nas Daily нь бусад сошиал контент бүтээгчдийн хамт манай улсыг зорин ирсэн талаар уншигч та хэдийн мэдсэн болов уу. Тиймээс Nas Daily-ийн тухай таны зайлшгүй мэдэх ёстой зүйлс болон Монголд анх удаа зохион байгуулагдах гэж буй дижитал контент бүтээгчдийн хамгийн том цугларалт “Nas Summit Mongolia” арга хэмжээг танилцуулъя.
NAS DAILY ГЭЖ ХЭН БЭ?
ХАРВАРДЫН ТӨГСӨГЧ
Өдгөө 31 настай, сошиал контент бүтээгч Нусейр Яссин нь Израилын Арабба хотод гэр бүлийнхээ хоёр дахь хүүхэд болон мэндэлжээ. Тэрээр 19 насандаа Харвардын их сургуульд Агаар, сансрын инженер (Aerospace engineering) мэргэжлээр суралцах хүсэлт гарган тэтгэлэгтэй тэнцсэн ба тэтгэлгийн эсээндээ Израилд төрсөн Араб хүний хувьд хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хэрхэн тэмцэж буй талаараа дэлгэрэнгүй өгүүлсэн гэдэг. Тийнхүү 2014 онд Харвардын их сургуулийг Эдийн засаг болон компьютерын шинжлэх ухаан чиглэлээр төгсөж, Нью-Йорк дахь PayPal-ийн эзэмшдэг гар утасны төлбөрийн үйлчилгээний компани болох Venmo-д программ хангамж хөгжүүлэгчээр ажлын гараагаа эхлүүлжээ.
269 ОРОЛДЛОГЫН ДАРААХ АМЖИЛТ
2016 он. Дэлхийгээр тойрон аялж, олон зүйлийг таньж мэдэх хүсэлдээ хөтлөгдсөн тэрээр Venmo дахь ажлаа орхив. Жилд авдаг цалин нь 100 мянган ам.доллар байсан ч дэлхийтэй танилцаж буйгаа нэг минутын бичлэгээр бусдад хуваалцах нь түүний хүсэл мөрөөдлөө сонсон гаргасан шийдвэр байлаа. Ингээд 60 секундийн урттай бичлэгүүдийг Фэйсбүүкт байршуулж эхэлсэн юм.
Мэдээж эхний бичлэгээсээ олны анхаарлыг татаж, шууд л амжилтад хүрнэ гэдэг тун хэцүү. Гэвч тууштай хүн хийж буй зүйлийнхээ үр дүнг ямар нэг байдлаар хүртдэг нь ертөнцийн бичигдээгүй хууль гэлтэй. Үүний дагуу Нусейрын эхний 269 бичлэг гоц амжилт гаргаагүй ч, “How Cheap Is Thailand?!” нэртэй 270 дахь бичлэг нь асар богино хугацаанд 25 сая үзэлт авч, түүний дагагчийн тоог 250 мянгаар нэмжээ. Сонирхуулахад, тэрээр 2019 онд 1000 дахь богино бичлэгээ дуусгаж, Daily one minute? цувралаа өндөрлөсөн ба үүний тулд 64 орноор 1000 өдрийн турш аялжээ.
60 СЕКУНДЭД ЮУ ХИЙЖ БОЛОХ ВЭ?
Асар хурдтай өрнөдөг дижитал эрин зуунд амжилттай контент бүтээгч болоход өөрийн гэсэн ялгарлыг бий болгох нь хамгаас чухал. Нусейрын онцлог нь ердөө нэг минутад багтаан хувь хүний амьдралаас эхлээд улс орны түүх, соёлыг өгүүлдэгт оршино. “Миний амжилт гэвэл би жирийн нэг блог хөтлөгч биш байсантай холбоотой” хэмээн нэгэнтээ хэлж байсан тэрээр үзэгчдэдээ хорвоо ертөнцийг илүү өргөн цар хүрээтэй харуулахын тулд Руанда, Танзани, Мальта зэрэг аялал жуулчлал бага хөгжсөн улсуудыг зорин очиж байсан юм.
“Бид бүгд л завгүй амьдардаг.
Гэвч хүн бүрд чөлөөт цаг бий.”
– Нусейр Яссин
БИЧЛЭГЭЭС ГАДНА ЮУ ХИЙДЭГ ВЭ?
Бидэнд хүрч буй контентууд түүний үүсгэн байгуулсан Nas Studios-д бий болдог бөгөөд уг компанид одоогоор найман улсын 40 гаруй залуу ажиллаж буй. Гэхдээ Нусейр болон түүнийг баг дан ганц видео контент хийдэг гэвэл ташаа ойлголт болно.
Nas Academy: Сошиал контентоор орлого олох боломж асар их бий. Гагцхүү ямар арга барилаар ажиллаж, хүссэн үр дүндээ хүрэх вэ гэдэг нь гол асуудал. Үүнийг хөнгөвчлөхөөр Нусейр болон түүний баг Nas Academy-ийг байгуулж, таван сарын хугацаатай хурдасгуур хөтөлбөрийг эхлүүлжээ. Жилд ердөө гурван удаа зохион байгуулагдах уг цахим хөтөлбөрийн дараагийн элсэлтийн талаар ЭНД дарж мэдээрэй.
Nas Talks: Нэг минутын бичлэгт төдийлөн багтдаггүй санаагаа тэрээр 2020 оны долдугаар сараас подкаст болгон хүргэж эхэлжээ. “The Hidden Story of Nas Daily” сэдвээр түүний подкаст эхлэх ба ихэвчлэн сонирхолтой түүхтэй хүмүүсийг урьж оролцуулан олон талт сэдвээр ярилцдаг.
Nas Summit: Энэ бол оргүйгээс оргилд хүрсэн “галзуу” хүмүүсийн цугларалт. Арван хотод зохион байгуулахаар төлөвлөсөн энэхүү арга хэмжээ АНЭУ-ын Дубай хотоос эхэлжээ. Одоогоор Индонезийн Жакарта, Израилын Тел-Авив хотод амжилттай зохион байгуулсан бөгөөд дараагийн хотоор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот сонгогдсон юм.
“NAS SUMMIT MONGOLIA” АРГА ХЭМЖЭЭНИЙ ЭРГЭН ТОЙРОНД
Монгол Улсын Засгийн газартай хамтран зохион байгуулж буй “Nas Summit Mongolia” арга хэмжээ энэ сарын 19-ний өдөр The Corporate Hotel & Convention Centre-т зохион байгуулагдана. Үнэ төлбөргүй, найман цагийн хөтөлбөр бүхий тус арга хэмжээний бүртгэл долдугаар сарын 25-наас эхэлсэн ба нийт 1000 контент бүтээгч залуус оролцох боломжтой. Мэдээж тэр цор ганцаар ирээгүй. Дижитал ертөнцөд амжилтад хүрсэн 20 контент бүтээгч биеэр хүрэлцэн ирж туршлагаасаа хуваалцах болно. Арга хэмжээ болон илтгэгчдийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.
Nas Daily-ийн Монголд ирээд хийсэн эхний үйл ажиллагаа бол наймдугаар сарын 13-ны Сүхбаатарын талбай дахь уулзалт. Монгол Улсыг эмэгтэйчүүдийн эх орон хэмээн тодорхойлж, манай улсын эмэгтэйчүүдийн манлайллыг харуулах 60 секундын бичлэгийг монгол үзэгчдийнхээ хамт хийсэн юм. Түүнчлэн “Nas Summit Mongolia” арга хэмжээнээс өмнө тэд гурван багт хуваагдаж, Монгол орноор аялан түүх соёл, нүүдэлчдийн амьдралын тухай контент бүтээх гэж буй.